Н.Баярдэлгэр: Ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа бол одоо л эх орондоо ирэх цаг

Сэтгүүлч О.Ариунбилэг

2014-10-30 11:51 GMT+8

GoGo.Cafe буланд маань энэ удаад Германы Баден-Вуртемберг мужийн нийслэл Штуттгарт хотын эмнэлэгийн Радиологийн тасгийн дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч (шпециалист) Н. Баярдэлгэр уригдан оролцлоо. Тэрээр монголдоо сар шахмын хугацаанд хүмүүнлэгийн ажил хийх зорилготой ирээд байхтай нь бид таарсан юм.

“MОНГОЛЫН АНАГААХЫН ИХ СУРГУУЛЬД ЗУРГААН ЖИЛ СУРСАН БОЛОВСРОЛЫГ МААНЬ ДӨРӨВХӨН СЕМИСТЕРЭЭР ҮНЭЛЖ БАЙЛАА ”

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Нямдаваа овогтой Баярдэлгэр гэдэг. Mиний Аав хүүхдийн зөвлөх их эмч бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн төлөө 50 жил ажиллаж байгаа буянтай буурал бий. Аавынхаа мэргэжлийг эзэмшиж эмч болох гараа маань Дарьсүрэн багштай 33-р сургуулийн химийн сонгонд oрсноор эхэлсэн юм. Манай ангиас найман хүүхэд Анагаахад aмжилттай орж байсан нь тухайн үед өндөр үзүүлэлт байсан юм. 1998 онд Монголын Анагаах Ухааны Их сургуулийг aмжилттай төгсчихөөд 23 настай залуухан эмч Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр жил ажилласан.

Тухайн үед залуус гадагшаа явж сурч ажиллах маш их хүсэл тэмүүлэлтэй байлаа. Би ч адилхан залуу хүн болохоор гарах арга зам хайсан. Сайн эцэг эх болон германд олон жил aжиллаж сурч байсан гурван ахынхаа буянаар герман явахаар болсон. “Гүдeн Таг”-аас өөр хэлгүй л анх Берлиний онгоцны буудал дээр бууж байлаа. Берлинд очоод Хартник гээд монголчуудын сурдаг aнхан шатны хэлний бэлтгэлийг хагас жил сурсныхаа дараа Подстдамын их сургуулийн дэргэдэх гүнзгийрүүлсэн хэлний бэлтгэлд орсон.

Дараа нь Лайпциг хотын ойролцоох Халле хотын хими биологи, эрүүл мэндийн чиглэлээр дагнасан их сургуульд шалгалт өгч, орох болзлыг хангасан. Германд анагаахын их сургуульд орохын тулд арван жилийнх нь голч дүн 95-100 хувийн үнэлгээтэй байх ёстой байдаг. Tийм өндөр шалгуур давсан хүүхдүүдтэй хамт 27-той хөгшин оюутан суралцах хэцүүхэн л байлаа. Багш профессорууд нь орж ирээд шууд лекц уншиж уншиж гараад явчихна. Энийг давахгүй нь дээ л гэж бодож байсан. Эхний зургаан сар өдөр шөнөгүй номын санд сууж өөрийгөө дайчилсны хүчинд зэрэгцсэн дээ.

Тухайн үед бас олон монгол оюутан санхүүгийн бэрхшээлээс болж сургуулиа төгсөлгүй дутуу хаяж амьдралаа хөөсөн. Улс орон маань тухайн үед сурч байсан, ядаж төгсөх жилдээ явж байгаа оюутнуудад санхүүгийн тэтгэлэг өгч байсан бол олон сайхан боловсон хүчинтэй болох байлаа.

-Германд анагаахын сургууль хэр их байдаг бол?

-Германд анагаахын сургууль 35 байдаг. Миний сурсан Халле хотын Мартин-Лутерийн нэрэмжит Анагаахын Их Сургууль эхний тавд ордог том сургуулийн нэг. Энэ хотын их сургуулийг сонгосон учир нь оюутан сурагчид сурахад маш боломжтой, орчин үеийн сайхан том номын сантай, хот нь амьдрахад өртөг багатай. Санхүүгийн ямар ч тусламж дэмжлэг авалгүй бор зүрхээрээ сурсан болохоор маш их хатуужил тэвчээр шаардаж, санхүүгийн бэрхшээлтэй байнга тулгарч байлаа. Сурахын хажуугаар бас байрныхаа мөнгийг олох нь том асуудал байсан. Тухайн үед бас олон монгол оюутан санхүүгийн бэрхшээлээс болж сургуулиа төгсөлгүй дутуу хаяж амьдралаа хөөсөн. Улс орон маань тухайн үед сурч байсан, ядаж төгсөх жилдээ явж байгаа оюутнуудад санхүүгийн тэтгэлэг өгч байсан бол олон сайхан боловсон хүчинтэй болох байлаа. Одоо ч гэсэн энэ бодлого үгүйлэгддэг.

-Та тэгэхээр хоёр удаа анагаахын их сургууль төгссөн гэсэн үг үү?

-Тийм. Би Монголын АУИС-г зургаан жил, Германы Халле хотын АУИС-г дөрвөн жил сурч төгсөөд нийт 10 жил анагаах ухааны сургуульд суралцаж өндөр боловсрол эзэмшсэн. Монголд Анагаах ухааны их сургуульд сурсан зургаан жилийн маань хөдөлмөрийг Германд зөвхөн дөрвөн семистерээр л үнэлсэн дээ. Хэтэрхий бага үнэлсэн нь бас гомдмоор юм шүү. Гэхдээ огт үнэлээгүй байснаас дээр л гэж өөрийгөө тайвшруулдаг.

Tухайн үед оюутны ажлын виз авахын тулд Азиас монголчууд, Африкаас Камерунчууд сургуулийн дипломoо хуурамчаар үйлддэг байсан нь ямар ч нэр хүндгүй, диплом нь үнэ цэнэгүй болоход нөлөөлдөг байсан болохоор Камерун, Монгол хоёр тусдаа давхар шалгуулдаг байлаа. Түүнд нь яг жинхэнээр сургуулиа төгсөөд очсон монголчууд нь давхар хэлмэгдэж, шалгуулж их хугацаа алддаг байсан. Сургуульд орсон хойноо бол Монголд сурсан тухайн үеийн анагаахын мэдлэг маань маш их хэрэг болсон.

-Сургуулиа ч төгсчихдөг юм байж. Харин харийн нутагт ажлын байр олоход хэр хүндрэлтэй байв?

- Халле хотын их сургуулийг 2007 онд төгсөөд, Берлин, Халле болон Фрайберг хотуудаас ажлын санал авч байсан. Манай эхнэр бас эмч бөгөөд Штуттгарт хотын Роберт Бош хувийн эмнэлэгт ажилд орсон. Гэр бүл маань болон найз нөхөд энэ хотод байдаг болохоор Штуттгарт хотод би эхлээд ажилд орохоор хайсан. Германчууд өөрсдөө биед амар, стресс багатай ажил хийх дуртай байдаг болохоор энэ Дүрс оношлогооны чиглэлээр ажил олоход их хэцүү, эрэлт ихтэй байдаг. Өрсөлдөөн ихтэй болохоор хэдийгээр адилхан сургуулийг нь төгссөн өөр орны эмч байсан ч германчууд өөрийн орны эмч нараа л авaх сонирхолтой. Tухайн үед Штуттгарт хотын эмнэлэгт өрсөлдөөн ихтэй байсан болохоор 60 км-ийн зайд байдаг Наголд хотод ажилд түр oрсон юм. Мэдээж ажилд оронгуутаа итгэлийг нь олох гэж их хичээсэн. Ажилд орсон өдөр ерөнхий эмч нь надад нэг зураг үзүүлж, би тэндээс өөрийнх нь олж хараагүй гол судасны цүлхэн байсныг хэлтэл намайг “нүдтэй байна шүү” гэж хэлсэн. Дүрс оношлогоонд яалт ч үгүй эмчийн мэргэжлийн ур чадвараас гадна “нүд”-ний мэдрэмж гэж юм байдаг.

Tухайн үед оюутны ажлын виз авахын тулд Азиас монголчууд, Африкаас Камерунчууд сургуулийн дипломoо хуурамчаар үйлддэг байсан нь ямар ч нэр хүндгүй, диплом нь үнэ цэнэгүй болоход нөлөөлдөг байсан болохоор Камерун, Монгол хоёр тусдаа давхар шалгуулдаг байлаа

Мониторт байгаа дүрсийг хурдан гүйлгэж ажиглаж харахдаа бусдын хараагүйг олж хардаг “төрөлх авьяас”. Aав ээжээс заяасан тэр авьяас болон өөрийн мэдлэг хатуужлаараа сайн ажиллаж, итгэлийг нь олж авсан. Тэгээд удалгүй би Штуттгарт хот руу гэр бүлтэйгээ ойрхон ажилламаар байна гэхэд дарга явуулах тун дургуй байсан л даа. Удалгүй Штуттгарт хотын ойролцоох гурван том эмнэлэгээс надад ажиллах урилга ирсэн. Яагаад гэхээр миний ажиллаж байсан эмнэлэгийн дарга өөр эмнэлэгийн дарга нарт намайг их магтаж, энэ хүнийг авахгүй бол бараг алдас болно шүү гэж хэлсэн байсан.

-Германчууд баргийн хүнийг магтаад байдаггүй л байх. Та тэгж магтахаас аргагүйд хүргэсэн байж бас болох юм.

-Германчууд хувийн болон хөдөлмөрийн сахилга бат, ёс зүй маш сайтай, шаардлага өндөртэй ч магтаалын үгэндээ харамч хүмүүс. Ялангуяа эмнэлэгийн удирдлага, профессороос магтаалын үг сонсох, ажилдаа үлдэх санал авна гэдэг том үзүүлэлт. Тэгээд урилга авсан гурван газраасаа яг өөртөө таарсныг сонгож одоог хүртэл ажиллаж байна. Штутгартаас 20 км-ийн зайд байрлах Синделфинген хотын нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн нарийн мэргэжлийн эмч хийдэг. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн монголоос төрсөн анхны дүрс оношилгооны нарийн мэргэжлийн клиникийн эмч. Би эрдэм шинжилгээний ажилтан эсвэл судлаач биш. Энд тэнд сураг сонсоход дүрс оношилгооны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачид бол байдаг юм билээ.

“АЖЛЫН БАЙРАА ӨӨРӨӨ ОЛ, БИДЭНД ХАМААГҮЙ” ГЭХ ХАРГИС СИСТЕМ МАНАЙ УЛСАД ХЭРЭГЖИЖ БАЙНА

-Манайд бол эхоны эмч, рентген эмч гэж тус тусдаа бий. Харин германд?

-Монголд 1,5 жилээр резиденс хийдэг бөгөөд энэ богино хугацаанд харин ч их юм сурсан эмч нар байдаг.  Mонголд эхоны эмч, рентгений эмч гэж тусдаа байдаг нь үнэн, гэхдээ сурч ажиллаж байгаа эмнэлэгийн тоног төхөөрөмжөөс хамаарч сургалт нь хязгаарлагдмал байдаг ба сургалтын программ нь богино болохоор арга байхгүй. Их сургуулийн дэргэдэх бүрэн тоноглогдсон бааз эмнэлэг байхгүйтэй холбоотой. Саяхан Ерөнхийлөгч маань бааз эмнэлэг бариулах зорилготой гадаадын орнуудтай ярьж тохирсон нь сайшаалтай хэрэг. Германд бол нарийн мэргэжлээр таван жил суралцдаг, ажиллаж байгаа нөхцөл нь өөр болохоор бүтэн биеийн oношилгоог бүх шаардлагатай дүрс оношилгоогоор оношилж сурдаг ба гарсан зурагнуудаа уншиж олон улсын түвшинд дүгнэж сурдаг. Eрөнхийдөө бүх эрхтэн системийг оношилдог байж радиологч, дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч гэдэг цолыг авдаг гэж ойлгож болно.

-Анагаахын сургалтын ялгааг хэлэхгүй юу?

Дээд мэргэжилтэй эмч хүн, хүний эрүүл мэндийн төлөө санаа тавьж ажиллаж байх атал, лангууны ард зогсож гутал хувцасны төлөө санаа зовж байна гэдэг харамсалтай.

-Ялгааг нь ярихын тулд тухайн үед миний сурч байсан монголын их сургуулийг ярья. Тухайн үед монголын анагаах ухааны их сургууль оросын сургалтын системээр явж байсан болохоор харьцангуй өндөр чанартай байсан. Багш нарын заах чадвар, хүүхдүүдийн хичээлдээ бие дааж оролцох идэвхи сайн, шалгуур өндөртэй болохоор оюутнуудын тоо ч харьцангуй цөөн байсан. Тийм сайн сургуулийг төгсөж очсон болохоор герман сургуульд суралцах суурь бүрдсэн гэж боддог. Одоо бол сайн мэдэхгүй юм. Сонсоход мөнгө олох талдаа илүү анхаараад байгаа юм болов уу. Дэндүү их оюутан авчихаар багш нарынх нь ачаалал их, их сургуулийн дэргэдэх бааз эмнэлэг байхгүй болохоор оюутнуудад дадлага хийх боломж муутай байна. Асар олон хүүхэд сургачихаад “ажлын байраа өөрөө ол, бидэнд хамаагүй” гэх харгис систем бий болoод байна. Дээд мэргэжилтэй эмч хүн, хүний эрүүл мэндийн төлөө санаа тавьж ажиллаж байх атал, лангууны ард зогсож гутал хувцасны төлөө санаа зовж байна гэдэг харамсалтай. Сургууль нь Хөдөлмөрийн яамтайгаа хамтарч уялдаа холбоотой oлон жилийн ирээдүйг харж ажиллах ёстой. Tөгсөгчид нь шаардлагатай ажлын байрнаас их байвал шалгуурыг нь өндөр болгон оюутны тоогоо цөөлөх, цөөхөн бол ихэсгэх гэх мэтээр зохицуулалтыг хийх ёстой. Гэхдээ яваандаа сайжрах байх. Сургалт нь чанартай байвал өртөг нь өндөр байж болно. Эмч болсон хойно нь ажлын байр, амьдралд нь хангалттай өндөр цалин, хариуцлагатай  гол нь хүний амь нас, монгол хүний эрүүл мэндийн манаанд зогсох сайн, мэдлэгтэй эмч нартай болохын тулд ерөнхий боловсролын сургуулиас элсэж орох шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй л гэж бодож байна. Германд шалгуур маш өндөр байдаг учир цөөхөн оюутан төгсдөг эмч нар эрэлт ихтэй байдаг.

ГЕРМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛДАА ЦАЛИНГИЙНХАА 14-15 ХУВИЙГ ТӨЛДӨГ БОЛ МОНГОЛД 4 ХУВИЙГ Л ТӨЛДӨГ

-Германд өөрийнх нь харьяанд байдаг иргэн хоёр, гуравдугаар шатлал руугаа шилжихээр болсон бол нэгдүгээр шатлалын эмч нь хариуцлага үүрдэг гэж сонссон үнэн худлыг мэдэхгүй юм. Харин манайд бол нэгдүгээр шатлал буюу өрхийн эмнэлэг хамгийн муу нь байна. Германд аль шатлалдаа илүү ач холбогдол өгч ажилладаг вэ?

-Нэг, хоёр, гуравдугаар шатлал гээд энэ систем eр нь хаана ч адил. Германд нэгдүгээр шатлал буюу мянган хүн амд нэг өрхийн эмнэлэг ноогддог. Анхан шатны үйлчилгээ, эхо, рентген гээд үндсэн оношилгоо эмчилгээг хийнэ. Хамгийн туршлагатай нарийн мэргэжлийн өрхийн эмч нар ажиллана. Нэгдүгээр шатлалын эмнэлэг хувьчлагдсан байдаг ба эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг өрсөлдөх чадвартай, зах зээлийн шалгуурыг давж гарсан сайн эмнэлэгүүд байдаг. Өвчтөнөө алдахгүйн тулд өрсөлдөөн ч ихтэй. Нэгдүгээр шатлалаас нарийн оношлогоо шаардлагатай бол хоёрдугаар шатлалдаа ирнэ. Гуравдугаар шатлалын эмнэлэг нь судалгаа, шинжилгээ болон туршилт хийгдэж эрүүл мэндийн салбарын хөгжлийг авч явдаг.

Миний бодлоор монголд эхлээд өрхийн эмнэлэгээ хувьчлаад, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгээ улс өөрийн мэдэлдээ хэвээр нь байлгасан нь дээр байх.

Миний бодлоор монголд эхлээд өрхийн эмнэлэгээ хувьчлаад, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгээ улс өөрийн мэдэлдээ хэвээр нь байлгасан нь дээр байх. Яагаад гэвэл улсдаа ганц байдаг эмнэлэгийг хувьчилвал нийгмийн дундаж болон дунджаас доош давхаргын хүмүүс санхүүгийн бэрхшээлээс болж хэлмэгдэнэ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй хохирно. Хувьчлалын системийг зөвхөн нэгдүгээр шатлалд эхлээд тавьчих юм бол өрхийн эмч нарын өрсөлдөх чадвар сайжрах бөгөөд 2, 3-р шатлалын эмнэлэгүүдийн ачаалал маш их багасна гэж бодож байна. Улсын 2, 3-р шатлалын эмнэлэгийн эмч ажилчдын цалинг хангалттай болгож, хяналт, хариуцлагын системийг сайн болгож чадвал эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирна.

-Германы эрүүл мэндийн салбарын төлбөрийн систем нь ямар байдаг бол?

-Бүх эмчилгээ, эмнэлэгийн үйлчилгээ төлбөргүй. Та ажлаа хийгээд цалингийнхаа тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалд төлсөн л бол хаана ч очсон үнэ төлбөргүй үйлчилгээ авах эрхтэй. Эрхтэн шилжүүлэх хагалгааг хүртэл үнэгүй хийлгэх боломжтой.

-Германчууд эрүүл мэндийнхээ даатгалд тийм их мөнгө төлдөг хэрэг үү?

-Германчууд эрүүл мэнддээ их мөнгө төлдөг. Германы ажлын хөлсний доод хэмжээ нь 1300 орчим евро болон түүнээс дээш. Албан хаагч орлогынхоо 7,3 хувийг, aжил олгогч нь бас 7,3 хувь, нийлээд 14,6 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Дээр нь улсын төсвөөс ДНБ-ийхээ 10 -11 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын санд багагүй мөнгө цуглардаг гэсэн үг. Ингэхээр эрүүл мэндийн үйлчилгээгээ төлбөргүй явуулах болон эмч ажилчдынхаа цалинг хангалттай тавих, тоног төхөөрөмжөө шинэчлэх боломж нь бүрдэж байгаа юм.

Mонголд хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, малчин биш бол таны цалингаас төр заавал нийгмийн даатгалын шимтгэл авна. Цалингийн чинь 10 хувийг таниас, ажил олгогчоос чинь 10 хувийг авна. Ингээд таны цалингийн 20 хувь нийгмийн даатгалд төвлөрдөг. Нийгмийн даатгалын сан цаашаа тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан гэж задарна.

Цалингаас чинь шимтгэсэн 20 хувийн 14 нь тэтгэврийн, нэг нь тэтгэмжийн, дөрөв нь эрүүл мэндийн, нэг нь ажилгүйдлийн санд төвлөрдөг.

Цалингаас чинь шимтгэсэн 20 хувийн 14 нь тэтгэврийн, нэг нь тэтгэмжийн, дөрөв нь эрүүл мэндийн, нэг нь ажилгүйдлийн санд төвлөрдөг. Ингээд таны цалингаас шимтгэсэн 20 хувь таван санд төвлөрдөг байх нь. Үүнээс харахад эрүүл мэндийн даатгалд угаасаа цалин багатай aлбан хаагч цалингаасаа хоёр хувь, ажил олгогч нь хоёр хувь гээд нийлээд дөрөвхөн хувийг л эрүүл мэндийн даатгалд төлдөг. Дээрээс нь ДНБ-ний дөнгөж 3-4 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байна. Tийм болохоор эрүүл мэндийн даатгалд мөнгө муу цуглардаг, мөнгөнийх нь хэмжээ бага учраас үндсэн үйлчилгээг үзүүлээд л дуусчихдаг байх. Эрүүл мэндийн систем, даатгалыг сайжруулахын тулд хүн бүр ажилтай өндөр орлоготой, ЭМ-н даатгалд төлөх хувь болон ДНБ-ний ЭМ-н салбарт зарцуулах хэмжээг ихэсгэх, улсын эрүүл мэндийн даатгалын системээс гадна тодорхой хэмжээгээр хувийн ЭМ-н даатгалын системийг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Автомашины даатгал сайн байдаг шиг эрүүл мэндийн даатгалыг хувийн даатгалтай зэрэгцээ байдлаар хөгжүүлж болох юм.

Одоо явагдаж байгаа нь эв санааны зарчимд тулгуурласан эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой. Энэ нь орлого сайтай болон баян чинээлэг хэсэг нь орлогогүй, орлого багатай хэсгээ даах зарчимд үндэслэсэн тогтолцоо. Анх 1800-гаад онд ХБНГУ-д бий болгосон энэ тогтолцоо эрүүл мэндийн даатгалын систем хөгжсөн бүх оронд хэрэгжиж байна. Даатгал төлдөг атлаа үйлчилгээ авч чадахгүй байгаагаас манай улсад эрүүл мэндийн даатгалын нэр хүнд унасан. Он удаан жил үргэлжилсэн энэ гажуудлыг залруулах зайлшгүй шаардлага бий. Тиймээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгад даатгалтай хувь хүн халааснаасаа төлөх төлбөрийн хэмжээг бууруулах гол зорилго тавьж байгаа. Тухайлбал, MRI, компьютер томограф зэрэг сүүлийн үеийн өндөр өртөгтэй оношлогоо хийлгэхэд төлбөрийн 50 хувийг даатгалаас даадаг болох заалт байна. Мөн даатгал төлдөг хэрнээ үр ашгийг нь хүртэж чадахгүй байгаа хүмүүсийг урамшуулах ёстой юм.

TУХАЙН ЭМЧИЙН ЁС ЗҮЙ АЛГА БАЙНА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ НИЙГЭМ НЬ, СИСТЕМ НЬ ӨВЧИЛЧИХСӨН БАЙНА

-Эмч нарын хариуцлагын тогтолцоо германд ямар байдаг вэ?

-Сургууль төгсөөд ажил дээр гарах үед эмч бүр хариуцлага хүлээх нь өөр өөр. Нарийн мэргэжлийн эмчид бэлдэж байх хугацаандаа тухайн эмч бие дааж хариуцлага үүрдэггүй, ахлах зэрэгтэй эмч нартай зөвлөж байх ёстой. Харин дараа нь нарийн мэргэжлийн эмч болсныхоо дараа бие дааж хариуцлага үүрдэг. Эмч нарыг бас хариуцлагаас хамгаалсан даатгалын систем байдаг. Хэрвээ эмч алдаа гаргасан бол даатгалын системээс нь хохирлыг барагдуулж байдаг. Хүн алдаа гаргахгүй байна гэж байхгүй. Ямар ч сайн эмч байлаа гээд хүн л юм чинь алдаа гаргаж болно. Гэхдээ үүний зэрэгцээ эмчийн ёс зүй гэж зүйл байх ёстой. Германд “өвчтөн бол хаан” гэсэн зарчимтай. Өвчтөн орж ирэхэд бүгдээрээ ёсолж хүлээж аваад л, илж таалах нь холгүй дээ. Тэгэхээр өвчтөн сэтгэл санаагаар хүртэл эдгэрээд гардаг. Монголд нэгдүгээрт ачаалал нь их байх шиг байна. Хоёрдугаарт угаасаа эрүүл мэндийн систем нь гажуудалтай учраас эмч нарын ёс зүй алдагдaад байх шиг. Би эмч хүн энэ хүнд туслах, эмчлэх ёстой гэдэг нэн тэргүүний бодол нь алдагдаж. Гэхдээ aрчаагүй бага цалин нь бас эмч нарыг ийм байдалд түлхэж байгаа юм. Маш хүнд нөхцөлд, тийм бага цалингаар ажиллахаар аргагүй л дээ. Өөрөөр хэлбэл хүн ёсны наад захын хэрэгцээг нь бүрэн хангаж чадаагүй байж, эмч хүнд байх ёстой ёс зүй, зарчмыг нэхэж шаардана гэдэг хэцүү. Эмчийн ёс зүй алга байна гэхээсээ илүү нийгэм нь, тухайн салбарын систем нь өвчилчихсөн, ёс зүйгүй байна.

Хүн алдаа гаргахгүй байна гэж байхгүй. Ямар ч сайн эмч байлаа гээд хүн л юм чинь алдаа гаргаж болно. Гэхдээ үүний зэрэгцээ эмчийн ёс зүй гэж зүйл байх ёстой.

-Манай зарим нэр хүндтэй эмч нар олон нийтийн сүлжээнд үйлчлүүлэгчдийнхээ зургийг шэйрэлсэн байгаа харагддаг юм. Германд энэ тохиолдолд яах вэ?

-Яалаа гэж. Өвчтөний мэдээллийг бараг л өөрөөсөө нуух нь холгүй чандлана. Ажлаас ямар ч нууц алдагдах ёсгүй. Хэрвээ өвчтөний нэр хаяг зэрэг мэдээлэл устгах бол тусгай төхөөрөмжөөр устгалд оруулна. Тэр байтугай хүүхдийнхээ цэцэрлэгийн найзуудтайгаа хамт авахуулсан зургийг ч фэйсбүүктээ эцэг эхчүүдийнх нь зөвшөөрөлгүйгээр оруулж болдоггүй. Хүний нууцыг маш өндөр зэрэглэлтэйгээр нууцлана.

ХЭРВЭЭ БИ МОНГОЛД ИРЖ АЖИЛЛАВАЛ ДҮРС ОНОШЛОГООНЫ АППАРАТНУУД ДЭЭР АЖИЛЛАДАГ ЭМЧ НАРТ ХИЧЭЭЛ ЗААХАД БЭЛЭН

-Герман руу монголчууд хэр их эмчилгээнд очиж байна?

-Солонгос, хятад азийн орнуудыг бодвол их цөөн шүү. Германд эмчилгээ оношилгоо хийлгэх сонирхолтой хүн байвал надтай холбогдож болно.  

-Гадагшаа явж эмчлүүлж байгаа олон шалтгааны голлох байрт оношоо буруу тавих эзэлж байх шиг. Эмч хүн ер нь яагаад оношоо буруу тавьдаг вэ?

-Олон талаас хамааралтай. Оношлогоо бол хэцүү л дээ. Tухайн эмчийн мэдлэг, ур чадвар, клиник оношоос гадна лаборотори болон дүрс оношлогоог эцсийн онош тавихад илүү хэрэглэдэг. Дээр нь бас эмч хүн мэдлэг мэдээллээ байнга шинэчилж байх ёстой. Монголын одоогийн сургалт бол оросын 60, 70-аад оны системээр явагдаж байна. Германд ололт амжилт, судалгааны шинэ үр дүн хаана гарсан гээд өдөр бүр л мэдээллээ шинэчилж, эрэл хайгуул хийж байдаг. Дээрээс нь байнга ном уншина. Эмч хүн сургууль төгслөө гээд л өөрийгөө хаячихаж болдоггүй. Насан туршдаа л сурч боловсрох зайлшгүй шаардлагатай мэргэжил. Монголд оношлогооны эмч нар их алдаа гаргадаг гэж сонссон л доо. Гурван эмч дээр очиход гурван өөр онош хэлдэг зэргээр. Герман болон хөгжилтэй оронд оношлогоо тавих ерөнхий олон улсын стандарт гэж байдаг, түүнийг бид дагаж мөрддөг. Бид чинь байнга л зузаан зузаан ном уншдаг ба том эрдэмтэн профессоруудын сургалтaнд байнга сууж өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлдэг. Tухайн өвчтөний оношийг радиологч эмч гаргаж ямар эмчилгээ тохирох талаар бусад мэргэжлийн болон эмчлэх эмчтэй нь ярилцaж зөвлөдөг.

Дээрээс нь байнга ном уншина. Эмч хүн сургууль төгслөө гээд л өөрийгөө хаячихаж болдоггүй. Насан туршдаа л сурч боловсрох зайлшгүй шаардлагатай мэргэжил.

-Таныг энд ирэх үеэр хүмүүс сураг дуулчихаад их үзэж харуулсан гэсэн. Манайхны ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн хувьд ямар байна?

-Өчигдөр гэхэд л нэг хүн тархины MRI-ний онош тодруулахаар харууллаа. Mонголд тавьсан оношноос миний тавьсан онош зөрж байна. Тэр хүүхдийн оношийг зөв тавьснаар эмчилгээ нь зөв явагдаж эхэлнэ гэж бодож байна. Сонгдо, Интермед, Грандмед гээд хувийн эмнэлэгүүд харьцангуй сайн тоног төхөөрөмжтэй байна. Нэг MRI гэхэд л сая америк доллараар үнэлэгдэх өртөг өндөртэй аппаратууд болохоор улсын эмнэлэгүүд шууд аваад тавихад хэцүү байх шиг байна.

-Сайн аппарат байлаа гээд түүн дээр ажиллах боловсон хүчингүй бол нэмэргүй. Манай улсад ер нь сайн аппаратууд дээр ажиллах боловсон хүчин хэр байдаг бол?

-Жишээ нь MRI, компьютер томографи гэсэн дэлхийн хамгийн дэвшилтэт дүрс оношлогооны аппаратууд монголд харьцангуй сүүлд орж ирсэн. Яг энэ дээр ажилладаг эмнэлгийн техникч рентгений туслагч гэдэг мэргэжлийн сургалт монголд аль ч сургуульд байхгүй. Сувилахуйн ухааны дээд сургуульд жишээ нь ийм анги байх ёстой. Германд бол ийм аппаратнууд дээр ажилладаг дээд мэргэжлийн сувилагч нар байдаг. Монголд чухам ямар хүмүүс ажиллуулдагийг мэдэхгүй байна.

-Жишээ нь та яаж ажилладаг вэ?

-Радиологч эмч нар бүх дүрс оношилгооны аппаратаа ажиллуулж тохируулж чаддаг. Техникчдийн над руу явуулсан зургийг нь би зөв буруу aвсан, тохируулсан байгааг давхар харж хянаж байдаг. Tехникч нарт зааж сургадаг ба өвчтөнтэй би биш сувилагч, техникчид харьцана. Хэрвээ би монголд ирж ажиллавал энэ аппаратнууд дээр ажилладаг эмч, техникч нарт хичээл сургалт явуулах боломжтой.  

ГЕРМАНД БАЙГАА САЙХАН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЧУУД МААНЬ КОНТЕЙНЕР ДҮҮРЭН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН БАРАА ЦУГЛУУЛСНЫГ АВЧИРЛАА

-Та ямар зорилгоор хэдий хугацаатай ирэв?

-Зорилго маань хүмүүнлэгийн шугамаар ирсэн олон үйлдлийн чадвартай эмнэлэгийн ор болон шүүгээг шаардлагатай газрыг нь судалж үзээд буцалтгүй тусламжаар хандивлах явдал юм. Германд 8-10 жил болоод тоног төхөөрөмж, аппарат хэрэгслээ сольдог. Эвдрээгүй байсан ч хамаагүй баталгаат хугацаа дууссан л бол заавал солино, засч сэлбэнэ. Хугацаа нь дууссан юмсаа зүүн европ болон африкийн орнууд гээд бусад хөгжиж буй улс орон руу илгээдэг. Миний ажилладаг эмнэлэг бүтцийн өөрчлөлт хийгээд oрнуудаа солисон юм. Олон хүмүүнлэгийн болон TББ бас тэндээс нь авчих санаатай. Дунд нь ажилладаг тулдаа би бас “манай орон бас хөгжиж буй орон” гээд л их ярьж хөөрч байж авчихаж байгаа юм /инээв/. Манайд чинь яаралтай хагалгаанд орсон хүнийг хүртэл зөөх тусгай ор цөөхөн, зориулалтын ор нь 4-5 сая гаруй төгрөгийн өртөгтэй байдаг гэнэ.

-Нэг төрөхөд ор байхгүйгээс төрсөн хоёр эх хүүхдүүдтэйгээ хамт унтаж байгаад хүүхэд нь эндсэн маш харамсалтай хэрэг гарсан. Байж боломгүй, өөр улсад бол бүр сонсохоос ч аймшигтай.

-Маш харамсалтай. Дөнгөж төрсөн нярай хүүхэд зөвхөн орны дутагдлаас болж эндсэн тохиолдол гарсан нь эрүүл мэндийн салбар ямар гамшгийн байдалтай байгааг харуулж байна. Mонгол хүн эрүүл явах эрхтэй гэж бид хуулиндаа заасан байдаг. Засгийн газар болон эрүүл мэндийн яам энэ салбартаа онцгой анхаарч хөрөнгө оруулалт хийхгүй бол бид бидний ирээдүй үр хүүхэд маань амьд явах баталгаа алга. Эрүүл биед саруул ухаан оршиж байж улс эх орон маань эрүүл хүний саруул ухаанаар монгол улсаа хөгжүүлнэ. Өвчтэй хүнээс саруул ухаан гарахгүй.

Нэг жижигхэн өрөөнд зургаан өвчтөн, дээрээс нь сахиур, эргэлтийн хүмүүс нь нэмэгдээд 10-15 хүн байна. Өрөөний үнэр танар агааржуулалт байхгүй бүгчим гээд гамшгийн байдалд байна. Германы гайгүйхэн шоронгоос муу нөхцөлтэй юм байна.

-Эмнэлэгүүд өөрсдөө хүсэлт гаргасан юм уу, та нар сонгосон уу?

-Бид өөрсдөө сонгосон. Бид хотоос гадагш, орон нутгийн эмнэлэгүүдэд тэр дундаа Налайхын эмнэлэгт өгье гэж бодсон юм. Гэтэл хотын зарим хэдэн эмнэлэгүүдэд маань юу ч байдаггүй юм байна. Манай найз гэмтлийн эмнэлэгт ажилладаг юм. Тэгээд очсон чинь ямар аймаар юм бэ. Германы эмнэлэгтэй харьцуулахад ухаан алдаж унамаар л юм билээ. Нэг жижигхэн өрөөнд зургаан өвчтөн, дээрээс нь сахиур, эргэлтийн хүмүүс нь нэмэгдээд 10-15 хүн байна. Өрөөний үнэр танар агааржуулалт байхгүй бүгчим гээд гамшгийн байдалд байна. Германы гайгүйхэн шоронгоос муу нөхцөлтэй юм байна. Тийм хүнд нөхцөлтэй фронтын халуун шугаман дээр ажиллаж байгаа эмч эмнэлэгийн ажилчид маань харин их зүйлийг тэвчиж, байгаа бололцоо нөхцөлдөө тааруулж хичээж ажилладаг шиг санагдсан.

ГАДААДАД БАЙДАГ МОНГОЛЫН ТББ-УУД МОНГОЛДОО БУЯНЫ АЖИЛ ЗОХИОХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ НЬ НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

-Таньтай адилхан нэг хүнтэй ярилцаж байсан санагдлаа. Тэр хүн монголд эрүүл мэндийн чиглэлээр бас тусламжийн бүтээгдэхүүнүүүд оруулж ирэх гэсэн боловч дэндүү хүнд сурталтай юм билээ, тэгээд больсон гэж хэлж байсан. Тэр хүний сайхан сэтгэлийг бүр мохоочихсон харагдсан. Таньд ийм асуудал тулгарав уу?

- Би  гурван долоо хоногт бүх ажлаа амжуулаад буцах зорилготой ирсэн. Тэгсэн гаалийн бүрдүүлэлт хийх гэсээр амжсангүй. Oдоо ажлаасаа цалингүй чөлөө авч байж амжуулах байх.

Юуны өмнө  гаалийн бүрдүүлэлт хийх болон контэйнер хүлээн авахад Герман-Монгол-Гүүр ТББ-н Тэргүүн хатагтай Д. Сүнжидмаа болон түүний хамт олон гүн туслалцаа үзүүлсэн талаар дурьдах хэрэгтэй. “Өнөөдөр” сонинд өгсөн миний ярилцлаган дээр энэ ТББ-г хүлээж авахад чирэгдэл учирсан гэж буруу ташаа мэдээлэл гарсан байна лээ.

 Энэ гаалийн болон НӨАТ-өөс чөлөөлөх албан бичгийг авaхын тулд маш олон шат дамжлага дамжиж олон хоног цаг хугацаа алдсан. Зүгээр өгч байгаа бэлгийг дэмжээд авч сураагүй, сэтгэл зүрх гаргаад тусалчих хүн цөөхөн байгаа нь мэдрэгдлээ. Тэр бичгийг авахын тулд тухайн ор авах гэж байгаа эмнэлэг, ЭМЯ, Сангийн Яам, Гаалийн ерөнхий газар, Хотын гааль, Тээвэр зуучлалын газар гэх мэт олон шат дамжлага гарын үсэг цуглуулах хэрэгтэй болдог юм байна. Нэг дарга нь хуралд, гадуур ажилтай гээд байхгүй, хүлээнэ, хоног хугацаа алдана. Контэйнер нь ирчихээд байхад энэ мэт зүйлээс болоод талбайн хөлс олон хоног төлсөн дөө. Хариуцлагагүй, тухайн хариуцаж байгаа ажлаа мэдэхгүй, яг ямар бичиг бүрдүүлэх стандарт байхгүй, зөвхөн амаараа л буруу зөрүү хэлдэг.

Германд байсан бол гэртээ сууж байгаад л шуудангаар гурав хоногт зохицуулчих ажил л даа уг нь. Тэгэхэд би энд гурван долоо хоног явлаа.

Гэхдээ тухайн нэг албан хаагчийг хүнд сурталтай, ажлаа мэдэхгүй гэхээсээ илүү зарим талаараа бас хууль эрх зүйн орчин нь учир дутагдалтай байна. Тухайн ажлыг хийхэд зориулагдсан стандарт байхгүй, ойлгомжгүй байдаг учраас шаардлагагүй бичиг баримт, гарын үсэг цуглуулах шаардлагатай болж тухайн ажлаа хийж байгаа албан хаагч болон бусад хүмүүст онцын хэрэггүй олон шат дамжлага, ачаалал гардаг юм шиг санагдсан. Үүнийг хялбаршуулан зохион байгуулж, зарим зүйлийг цахимаар шийдвэрлэж гарын үсгийн тоог цөөрүүлэх хэрэгтэй шиг санагдсан.

Германд байсан бол гэртээ сууж байгаад л шуудангаар гурав хоногт зохицуулчих ажил л даа уг нь. Тэгэхэд би энд гурван долоо хоног явлаа. Тэгээд энэ их түгжрээн дунд олон дахин нааш цааш нь явуулаад бөөн бухимдал болоод л. Тэгж хүмүүсийг заавал стресстүүлж, энэ нийгэмд уур бухимдал нэмээд байх шаардлагагүй л дээ. Миний бодлоор нэг байгууллага шийдээд өгчихдөг байвал бидэнд ч амар, дараа дахин тусламжийн бараа явуулахад дуртай, хүсэл сонирхолтой байна.

-Гэхдээ юутай ч бүтээсэн танд баяр хүргэе.

-Баярлалаа. Mонголын нөхцөлийг сайн мэдэхгүй ч ангийн найз болон Герман-Монгол-Гүүр ТББ-н хамт олон тусалж зааж зааварлаж өгч байсан ба шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг л шантралгүй зүтгэлээ. Өөрийнхөө төлөө биш бусдын сайн сайхны төлөө ажиллаж нэг ч гэсэн өвчтэй хүн зориулалтын орон дээр, нуруу тэнэгэр хэвтээсэй гэж, мөн германд байгаа олон хүний итгэлийг алдахгүйн тулд зүтгэсэн.

-Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та хэллээ. Яг ямар хууль садаа болж байв?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасны дагуу зөвхөн "Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын болон буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа"-г нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Mонгол хүн л монголдоо тусална. Тийм учраас энэ хуулийн заалтанд нэмж “Гадаадад ажиллаж байгаа монголын төрийн бус байгууллага, хувь хүний оруулж ирэх гэж байгаа хүмүүнлэгийн барааг НӨАТ-аас чөлөөлнө” гэж нэмж оруулвал олон хүн, ТББ-ууд тусламжийн гараа сунгахад нээлттэй болно.

“Гадаадад ажиллаж байгаа монголын төрийн бус байгууллага, хувь хүний оруулж ирэх гэж байгаа хүмүүнлэгийн барааг НӨАТ-аас чөлөөлнө” гэж нэмж оруулвал олон хүн, ТББ-ууд тусламжийн гараа сунгахад нээлттэй болно.

Монголчууд анх ерээд оны үед гадаад руу гараад ажил төрөл олоход хэцүүхэн байсан. Харин одоо бол дийлэнх нь хөлөө олчихсон, тодорхой хэмжээний нэр нөлөөтэй болчихсон учраас хандивын үйл ажиллагаа зохион байгуулах боломж гарч байна. Тэр үед хүнд суртлын асуудлаас болоод халшраад, “өөртөө лай хураагаад яахав” гэж боддог. Тэгэхээр хуулиар энэ асуудлыг зохицуулчихвал орж ирэх асуудал нь шийдэгдэнэ. Биеэрээ үзсэн хүний хувьд юутай ч хүнд суртлыг даваад оруулаад ирж болдог юм байна гэдгийг мэдлээ. Хэрвээ хууль эрхзүйн зохицуулалт нь сайн хийгдчих юм бол дараа дараагийн ажиллагааг ч зохион байгуулахад бэлэн байна. Мөн гадаадад байгаа монголчууддаа элэг нэгтнүүддээ тусалж, шаардлагатай зүйлсийг нь хуулийн дагуу оруулж ирэх хэрэгтэй юм байна шүү гэж уриалмаар байна.

-Та бол их л өндөр өртгөөр буяны ажил хийж байгаа юм байна. Гэвч 23 хүн нуруу тэнэгэр хэвтэхээр болж байгаа нь таны ажлын амжилт байх.

-Бид замаа мэдчихсэн учраас дараагийн удаад ийм ажил хийхэд бас арай гайгүй байх болов уу. Гол нь Яам тамгын газар, байгууллагууд маань бас нааштай, хүнд сурталгүй, бидэнд сэтгэлийн дэм өгдөг байвал хамтарч ажиллахад сайхан байх болно. Манай нэг танил Халлед ажилладаг унтуулгын aхлах зэрэгтэй эмч бий. Тэр хүн эх орондоо германы унтуулгын аппарат авчираад нэг эмнэлэгт өгсөн юм байна. Тэгсэн нөгөөх нь хэдэн сарын дараа “нөгөө хуучин юм чинь эвдэрчихлээ, германаас хог авчирлаа” гэх мэтээр хүнийг гомдоосон харилцаа үүсгэсэн юм билээ. Тэр дараа нь Непаль руу явуулдаг, тэд нар нь өөрсдөө тосоод авчихдаг болчихсон. Непалийн эмч нар нь байнга баярлаж буйгаа илэрхийлээд, баяр бүрээр мэндчилгээ явуулдаг болохоор цаашид ч урамтай байдаг гэсэн.

-Монголын академичдын холбоо энэ үйл ажиллагааг зохион байгуулсан гэлээ. Энэ холбооныхоо талаар танилцуулахгүй юу?

-Штуттгарт хотод oдоо тав дахь жилдээ сайн дурын, сайн сайхны төлөө, ашгийн бус үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Aкадемичдийн Холбоо гэж байдаг. Холбооны хамт олон болон тэргүүн хатагтай Д. Гүнцэцэг болон үүсгэн байгуулагч С. Элбэгцэнгүүн, түүнчлэн удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Бат-Эрдэнэ, Г.Ганцэцэг Я.Уранчимэг нар энэ хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулах aжилд маш их хувь нэмэр, гар бие оруулсан гэдгийг энд онцолж хэлэх хэрэгтэй байна. Мөн холбооны дэргэдэх монгол хичээл заадаг Солонго сургуулийн эцэг эхчүүд болон хүүхдүүд бас монголд хүмүүжиж байгаа Амгалан дахь асрамжийн "Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай Цогцолбор“ -ын ахан дүүс найз нартаа өөрсдийн тоглоом, ном дэвтэр, гутал, хувцаснаасаа илүүчилж бэлэг илгээсэн болохыг дурдахад таатай байна.

Урьдчилан судалсны дагуу авчирсан орнуудаа Гэмтэл согогын Үндэсний Төвийн Хавсарсан гэмтлийн тасагт, Түлэнхийн Төвд, Шастиний нэрэмжит 3-р эмнэлэгийн тархи нуруу нугасны хагалгааны дараахь тасагт, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хагалгааны дараахь эрчимт эмчилгээний тасагт, Улсын II төрөхийн хагалгааны дараахь сэхээн амьдруулах тасагт гэсэн маш хэрэгцээтэй тасгуудад гардуулан хүлээлгэн өглөө.

Хэрвээ орнуудаа монголын зах зээлээр үнэлэх болон тээврийн гарсан зардлаа нэмж тооцохын бол нийт 80 гаруй сая төгрөгний тусламжийн барааг өгсөн байна.

Манай холбоо одоо таван жилийн ойтойгоо золгож байна. 50-60 гишүүнтэй холбоо маань монголоос германд шинээр очиж байгаа оюутан сурагч, залууст хаана ямар сургуульд орох вэ, хэрхэн өргөдөл гаргаж, ямар хэлний бэлтгэлд сурвал зүгээр вэ гэх зэргээр бүхий л хэрэгцээтэй заавар зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ зуны амралтаар aжиллах ажлын байрыг нь хүртэл олж өгдөг. Биднийг анх германд ирэхэд зааж зааварлах хүнгүй хэцүүхэн л байсан. Тийм болохоор монголоос очиж байгаа дүү нартаа туслахыг хичээдэг. Монголоо сурталчлах зорилгоор үндэсний хэмжээний том баяруудыг Германчуудaд болон нийтэд хүртээлтэйгээр зохион байгуулдаг.

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД САНАА ЗОВЖ Л БАЙГАА БОЛ ОДОО Л ЭХ ОРОНДОО ИРЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

-Эрүүл мэндийн системд ямар өөрчлөлт оруулвал зохилтой гэж та боддог вэ?

-Энэ системийг бүхэлд нь өөрчилнө гэдэг их том асуудал. Монгол орныхоо ард түмний амьдралд таарсан, түүний зэрэгцээ гадны хөгжилтэй орны ололттой талуудыг тусгасан эрүүл мэндийн 5, 10, 20 жилийн хөгжлийн программыг гаргаж системтэй шат дараалсан арга хэмжээ авах хэрэгтэй байх. Яг өөрөө дотор нь орж ажиллаж байж нарийн өөрчлөлт хийх шаардлагыг илүү харах байх даа.

-Хүүхдүүд нь германаар ярьдаг уу, монгол хэлээ мэдэх үү?

-Хүүхдүүд маань ажлын таван өдөр герман сургуульд яваад бямба гарагт монгол сургалттай “Солонго” сургуульд явдаг. Бид тэр бүр хүүхдүүддээ анхаарал хандуулаад байж чаддаггүй учрaас монгол сургуульд яваад хэлээ сайн сурч байгаа. Одоо бага зэрэг герман аялгатай л болохоос монголоор дажгүй ярьж, бичдэг, уншдаг болсон. Ер нь хүүхдүүддээ багаас нь монгол хэлийг нь зааж байх хэрэгтэй. Эх орондоо эргэн очих үед монгол хэлээ мэддэг байх ёстой.

Миний тавьсан үндсэн оношоор дэлхийн аль ч эмнэлэгт эмчилгээ хийлгэж болно. Би монголд хийгддэг хийгддэггүй дүрс оношлогооны бүх оношилгоог олон улсын хэмжээнд шинэ түвшинд аваачиж, бусад эмнэлэгүүдийн эмч техникчдэд сургалт, семинар, зөвлөгөө өгч ажиллана гэж боддог.

-Та монголд ажиллах уу хэзээ нэгэн цагт?

-Ажиллана. Манай эхнэр бас нүдний эмч. Нөхцөл боломж нь бүрдвэл бид удахгүй ирж монголдоо герман eвро стандарт бүхий дүрс оношлогооны төв байгуулах мөрөөдөлтэй байгаа. Герман Швейцарийн эмнэлэгүүдээс эмч нар авчирч хамтарч ажиллах ба шаардлагатай онош тодруулах зүйл гарвал тухай бүрт нь германы томоохон эмч нартай шууд телемедицинээр харилцаа тогтоох боломжтой. Миний тавьсан үндсэн оношоор дэлхийн аль ч эмнэлэгт эмчилгээ хийлгэж болно. Би монголд хийгддэг хийгддэггүй дүрс оношлогооны бүх оношилгоог олон улсын хэмжээнд шинэ түвшинд аваачиж, бусад эмнэлэгүүдийн эмч техникчдэд сургалт, семинар, зөвлөгөө өгч ажиллана гэж боддог.

-Гадаадад байгаа монголчууд маань эх орноо гэсэн маш сайхан сэтгэлтэй байдаг. Нэг залуутай ярьж байхад монголдоо очмоор байна. Даанч хүүхэд маань нялх болохоор өвөл тэр утаанд яаж хүүхдээ амьдруулах билээ гэж байсан. Би хүртэл хүүхэддээ санаа зовж л байна.

-Яг үнэн. Наадах чинь л садаа болдог. Сургуулиа төгсчихсөн, ажлын байран дээрээ тодорхой байр суурьтай болчихсон бид юм яриад суухаараа яаж ийж байгаад л монголын талаарх ярианд шилжчихдэг. Тэгээд л бухимдал үүснэ. Яагаад монголдоо очихгүй вэ гэхээр өвөл нь утаатай, өдөр нь машины түгжээтэй. Тэгээд уур уцаартай, цалин хөлс багатай. Мэдээж хүн бүр ганцхан амьдрах юм чинь сайхан амьдралыг хүсэлгүй яахав. Гэхдээ бид монгол улсыг хэзээ сүйрэх, хөгжихийг хараад суухаасаа илүү гадаадад мэргэжил боловсрол эзэмшсэн бид л монгол улсдаа ирж, эх орноо хөгжүүлэх ажилд гар бие оролцох сэхээтний давхрага болох ёстой хүмүүс гэж боддог. Хэрвээ үр хүүхдийнхээ ирээдүйн талаар санаа тавьж л байгаа бол одоо л эх орондоо ирж ажиллах хэрэгтэй. Хэчнээн утаатай, түгжээтэй байсан ч монголдоо ирж ажиллах хэрэгтэй байна. Эс тэгвэл хожимдсон хойно нь бид хэчнээн эх орон гэж яриад ч нэмэргүй.

Одоо бидний бодоод байгаа үр хүүхдүүд маань хожмын өдөр биднээс “тухайн үед та эх орныхоо төлөө юу хийж байсан юм бэ” гэж асуухад хийсэн ажилтай, хэлэх үгтэй баймаар байна. “Би та нарыг бодоод германд насаараа суулаа ш дээ” гэж хэлэлтэй нь биш дээ тийм үү.

Одоо бидний бодоод байгаа үр хүүхдүүд маань хожмын өдөр биднээс “тухайн үед та эх орныхоо төлөө юу хийж байсан юм бэ” гэж асуухад хийсэн ажилтай, хэлэх үгтэй баймаар байна. “Би та нарыг бодоод германд насаараа суулаа ш дээ” гэж хэлэлтэй нь биш дээ тийм үү. Аав нь ч бас монголынхоо төлөө, та нарын ирээдүйн төлөө чадах бүхнээ хийсэн шүү гэж хэлэх үгтэй баймаар байна. Одоо бас ирээд нэг ажлын ард гарчихсан, өөрөөрөө бахархаж байна. Ямар нэгэн ажил зориод хийвэл бас болдог л юм байна.

-Ирсэн богинохон хугацаандаа бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөнд тань баярлалаа.

-Энэ жил ХБНГУ Монгол Улстай Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой давхцаж байгааг онцлох хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн бодлогыг зохицуулахад оролцдог Герман улсад суралцаж мэргэжил эзэмшиж ажиллаж амьдарч байгаадаа үргэлж баярлаж, талархаж байдаг. Усыг нь уувал ёсыг нь дагах хуулийн дагуу бид хэл усыг нь сайн сурч, дэлхийн хэмжээний боловсролыг хямдхан эзэмшиж чадвал сайхан амьдарч ажиллах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хангамжийг авах бүрэн боломжтой болдог.

Мөн танай Go Go Site-н хамт олонд ажлын амжилт хүсье!

-Баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 402 санал өгсөн байна.

Дээшээ