-“Солонгос орноор” цуврал 4-
Арлын Чэжү хотод Монгол морьтны гайхамшгийг мэдрүүлсэн тоглолтуудыг 10 гаруй жил найруулан тавьж буй “Хан монгол морьтны холбоо”-ны морин дээрх акробатын мэргэжлийн жүжигчин, хамтлагийн ахлагч Соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр 26-хан настай хэдий ч багшийнхаа зохиосон Монгол эрсийн эд хавыг гайхуулсан "Эзэн Чингис хааны догшин хар сүлд" хэмээх түүхэн тоглолтыг шавь нарынхаа хамтаар 2008 оноос өдийг хүртэл гадаадын жуулчдад толилуулсаар байгаа юм.
ЧЭЖҮД ТОГЛОГДОЖ БУЙ ҮЗҮҮЛБЭРҮҮДЭЭС МАНАЙ ТОГЛОЛТ ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН
-Та өмнө нь Монгол циркчид Чэжүд хөл тавьж тэнд ажиллах болсноор 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа гэсэн. Ер нь энэ ажлыг хэрхэн эхлүүлэх болсон талаар яриагаа эхлэх үү?
- Энэ бүх амжилтыг бий болгож замыг татсан хүн бол Идэрбаатар бид хоёрын багш болох "Хан Монгол морьтны холбоо"-ны тэргүүн Ш.Цогтхүү юм. 1997 онд манай багш Чэжүгийн шар цэцгийн баярт оролцохоор анх эмээлтэйгээ ирснээр монголчууд энд циркийн урлагаа сурталчлах боломж бүрдсэн билээ. Энэ хүний хүч хөдөлмөр, моринд хайртай сэтгэлгээгээр Монголын залуус хийх ажилтай, хүсэл мөрөөдөл, зорилготой болсон байна. Багшдаа үргэлж баярлаж явдгаа илэрхийлье.
-Мэдээж харь нутагт мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа хүмүүст ажиллах орчин, хангамж чухал учраас Солонгосын талтай гэрээтэй ажилладаг байх. Хэр удаан хамтарч ажиллах бол?
-Манай холбоо 2008 оноос “Raon” хэмээх компанитай хамтарч ажиллах болсон. Тус компани ажлын байраа бэлдэх үүрэгтэй бол бид урлагийн тоглолтуудаа бүрэн хариуцдаг. Саяхан нэгэн баяртай үйл явдал болсон нь Чэжүд тоглогдож буй үзүүлбэрүүдээс манайхан баг хамт олноороо шилдгээр шалгарсан явдал юм.
-Баяр хүргэе! Та бүхний тоглолтыг үзээд бүгд л мэргэжлийн циркчид юм болов уу гэж бодсон. Гэтэл хүүхдүүдтэй уулзахад зарим нь энд ирээд 1-2 жил болж байгаа төдийгүй морь унаж сурсан гэсэн. Тэр үед өөрийн эрхгүй монгол охид хөвгүүдээрээ бахархах сэтгэл төрсөн?
-Манайх жүжигчдэдээ сонгон шалгаруулалт хийхдээ тухайн хүүхдийн хөдөлгөөний эвсэл, моринд хэр элэгтэйг нь илүүтэй харгалзан үздэг. Багш Монголоос хүүхдүүдээ сонгон явуулж бид энд тосон авч акробат үсрэлт зэрэг циркийн техникүүд зааж сургадаг. Багаасаа энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор хүүхдүүдтэй ажиллахад илүү хялбар байдаг.
ЭНД ИРЭЭД МЭРГЭЖЛИЙН АКРОБАТЧИН ҮНЭМЛЭХ ГАРДСАН 10 ГАРУЙ ХҮҮХЭД БИЙ
-Хүүхдүүдийн дийлэнх нь циркчний мэргэжлийн талаар ямар бодолтой байдаг бол. Цаашдаа үргэлжлүүлэн ажиллах сонирхол байдаг болов уу?
-Янз бүр. Энд ирээд мэргэжилдээ дурлаж, мэргэжлийн жүжигчин болоод олон жил ажиллаж ажлын голыг нугалдаг чадварлаг залуучууд олон. Манай залуус өдөр бүр үзэгчдийнхээ алга ташилт, сэтгэл ханамжид урамшиж ажилладаг даа.
-Та яриандаа хүүхэд, залуучуудад мэргэжил эзэмшүүлдэг гэлээ. Хэчнээн жил суралцаж байж мэргэжлийн үнэмлэхээ гарддаг вэ?
-Хамгийн багадаа гурван жил буюу мэргэжлийн түвшинд морин дээрх акробатаа хийж сурсны дараа үнэмлэхээ авна. Морьтны амьдрал хэр баргийн аавын хүү хийгээд байх ажил биш шүү дээ.
-50 гаруй хүүхэд, залуус энд ажиллаж байгаа гэсэн. Хэчнээн хүүхэд Чэжүд ирээд мэргэжлийн үнэмлэх гардсан бэ?
-Энд ирээд мэргэжлийн үнэмлэх гардсан 10 гаруй хүүхэд бий. Тэдний хувьд ирээдүйтэй мундаг циркчид болно гэж бодож байгаа.
БИД ЧИНЬ ХАР АЖИЛЧИД БИШ ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙ НУТАГТ ЗОВЖ БАЙСАН БОЛ ЮУ ГЭЖ АЖИЛЛАХ БИЛЭЭ
-Олны ам сонсох нь ээ Чэжү дэх морьтон хүүхдүүд маш бага цалинтай хэцүү нөхцөлд ажилладаг гэх юм билээ. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Цалин хангамжийн хувьд мэдээж Монголд байдгаас хамаагүй илүү. Цалингаас гадна залуусын байр хоол зэрэг тав тухтай байлгах бүхий л боломж бололцоог бүрдүүлдэг.
-Тэгэхээр хүүхдүүд хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг гэж ойлгож болох уу?
-Бид чинь зүгээр нэг хар ажилчид биш жүжигчин улс. Хүний нутагт зовж байсан бол юу гэж ажиллах билээ. Хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байж, эх орныхоо түүх соёлыг харийн оронд сурталчлан таниулж явна. Тиймдээ ч хийж буй ажлаараа их бахархдаг. Бавуугийн Лхагвасүрэн гуай манай тоглолтыг үзээд “Миний Монголын хүүхдүүд хүний нутагт гуйж биш гуядаж хоолоо олж идэж байгаад би омогшиж байна. Энэ бол соёлын дарангуйлал юм” гэж маш сайхан урмын үгээр биднийг мялаасан. Илүү ихийг хийх хүч хайрласан.
-Үнэхээр гайхалтай хэлжээ. Хүний нутагт явахдаа та бүхний тоглолтыг үзээд бахархах сэтгэл төрснөө илэрхийлэх нь зүйтэй байх. Солонгост олон жил ажиллалаа. Бидний хувьд тэднээс ялгарах давуу тал юу байна?
-Монголчуудын давуу тал бол хаа ч явсан орчиндоо дасан зохицож, өөриймсөг хандаж чаддагаараа онцлогтой юм болов уу.
-Солонгосын талаас манай жүжигчдэд элдэв дарамт шахалт ирдэг болов уу?
-Гэрээгээр харилцан тохиролцож ажиллаж байхад юуных нь дарамт шахалт ирэх билээ дээ.
-Уяхан турьхан морьтон охид их мундаг санагдсан?
- Манайд морь унадаг найман охин бий. Моринд эрэмгий охид ховордсон өнөө үед тэд маань мундаг байлгүй яах вэ. Муухан эр хүнээс хавь илүү шүү дээ. Давхиж яваад морин дэлэн дээрээс нум сумаар харвах, бүжиглэх, акробат үсрэлт хийх гээд эмэгтэй хүнээс гарамгүй техник тэвчээр шаардсан олон үзүүлбэрийг толилуулдаг. Ер нь морины охид маань циркийнхэн дундаа хамгийн эрэмгийд тооцогддог шүү.
ЭЗЭН НЬ ЯМАР ЗАН ТӨРХТЭЙ БАЙНА ХӨЛӨГ НЬ ЯГ Л ТИЙМ АРАНШИНТАЙ БАЙДАГ
-Хэдий үеэс циркийн урлагтай холбогдов, анх энэ мэргэжлийг сонгох болсон талаараа ярихгүй юу?
-Одоогоос 12 жилийн өмнө багшийнхаа гараас хөтлөн морины жүжигчин болох замдаа гарсан. 2006 онд Монголд байх хугацаандаа багшийн найруулсан “Их шүтээний домог” нэртэй морьтон хүүхдүүдийн тоглолтыг зуны гурван сар тоглодог байлаа. Ер нь эх орондоо байхаас илүүтэй гадаад улс орнуудад тоглож явсан.
-Олон хүүхдэд ур ухаан, авьяас чадвараа зориулж буй залуу циркчний хэтийн зорилго юу болохыг сонирхмоор байна?
-Миний зорилго гэвэл багшаасаа өвлөж авсан энэ гайхалтай урлагийг өөрийн чадах чинээнд хүртлээ авч явж, өөрийн түүхийг монголын морьтны түүхэнд үлдээх явдал. Мөн энэ мэргэжлийн дараагийн үе болох дүү нартаа өөрийн авьяас чадвараа зориулж тэдэнд чадах бүхний зааж сургахыг хүсдэг. Миний нэг ийм бодол байдаг. Хүн олон зүйлийг хагас дутуу хийдэг байснаас нэг зүйлийг маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тийм болохоор заавал бизнесмен, дарга болох албагүй өөрийн дур сонирхолтой зүйлээ хийж амжилт гаргаж эцсийг нь үзэх нь чухал.
-Таны мэргэжлийн хувьд бусад мэргэжлээс их онцлог гэж бодож байна. Амьтныг хайрлаж, харилцаж, сургана... Их нарийн ур чадвар, мэдрэмж шаардлагатай байх. Тэгж бодохоор амаргүй мэт...
-Хүн адгуустай ойлголцож, нэгэн бие болж хамтдаа ажиллана гэдэг амаргүй. Гэлээ ч морь маш ухаантай. Унаж эдэлж байгаа эзэн нь ямар зан төрхтэй байна хүлэг нь яг л тийм араншинтай байдаг. Морь болгон хүнтэй адилхан өөр өөрийн араншинтай байдаг. Тэр болгоныг мэдэрч сургана гэдэг амаргүй. Миний хувьд багаасаа олон сайхан ах, эгч нарын дэргэд өссөнийх их зүйл сурч мэдсэн.
МАХ ТАСАРЧ, ЯС ХУГАРААГҮЙ ЦАГТ ӨӨРИЙНХӨӨ ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА ХИЙСЭЭР БАЙХ БОЛНО
- Морьдыг сургахад хэр хугацаа шаардах бол. Унах эзэд нь сургах уу?
-Ерөнхийдөө унаа хөлгүүдээ 2008 оноос хойш сургачихсан. Тийм учраас шинэ хүүхдүүд ирэхэд асуудалгүй гэсэн үг. Тоглолтыг тухайн морь нь аваад явчих жишээтэй. Шинэ морьдыг Идэрээ бид хоёр юм уу олон жил ажилласан чадварлаг жүжигчид сургадаг.
-Ер нь өөрийн чинь хувьд яаж яваад энэ мэргэжилтэй холбогдчихов оо?
-Би багаасаа л эмээ өвөө дээрээ өссөн. Тийм ч учраас малд элэгтэй, зуны амралт болов уу үгүй юу хөдөө морь унахаас тэсч ядан яардаг хүүхэд байлаа. Намайг 12 настай байхад ах маань моринд элэгтэй энэ чанарыг минь олж хараад багштай уулзуулснаар миний циркчин болох гараа эхэлсэн юм уу даа.
-Энэ мэргэжлийг эзэмшиж энэ замаар замнах хүн ямар ур чадвартай байх хэрэгтэй вэ?
-Ур чадвар гэхээсээ илүү энэ мэргэжлийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж тууштай ажиллаж чадах хүн л амжилтад хүрэх байх. Мэдээж бүхий л мэргэжилд уйгагүй байх нь амжилтыг авчирна. Дургүйд хүчгүй гэгчээр хүсээгүй зүйлээ хүчээр хийгээд байж болохгүй шүү дээ.
-Олон хүүхдэд багшилж тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгоно гэдэг сайхан юм. Мэдээж өдийг хүртэл ажиллахдаа гэмтэж бэртэхээс авахуулаад олон бэрхшээлтэй тулгарсан байх?
-Өөрийн биеэр туулж ирсэн амьдралынхаа туршлагаар энэ олон хүүхдийг сургаж, авч явдаг даа. Би үргэлж хүүхдүүдтэйгээ хамт тоглолтод орж зовох үедээ зовж жаргах үедээ жаргадаг болохоор хүүхдүүдтэйгээ их ойлголцож чаддаг. Олон бэрхшээл шантралтай тулгарч өдий хүрсэн морьтон бидний хувьд мах тасарч, яс хугараагүй цагт өөрийнхөө хийх ёстой үүргээ гүйцэтгэсээр байхыг ах эгч нараасаа сурсан даа.
-Мэдээж морьгүйгээр энэ ажлыг төсөөлшгүй. Энэ хугацаанд хэчнээн морьтой байв. Морь хүн хоёр бие биедээ дасалцдаг гэдэг?
-Тэгэлгүй яахав. Дасдаг. Ажиллаж байсан газраасаа гэрээгээ дуусгаад буцах үедээ морио орхиод явах үнэхээр хэцүү байдаг байсан. Болдог бол морио Монгол руугаа аваад явмаар санагдаж билээ. Ер нь морьгүйгээр амьдралаа үнэхээр төсөөлж чаддаггүй.
-XIII зуунд Чэжү эзэн Чингисийн морьдыг торддог хот байсан гэх юм билээ. Энэ талаар?
-Миний сонссоноор бол Хувилай хааны үеэс үлдсэн морьдыг өнөөдрийг хүртэл энд үржүүлж "Чэжү адуу" гэж нэрлэсэн гэдэг юм билээ. Монгол адуутай их төстэй бие хаатай, уналга даах чадварын хувьд томск адуунаас илүү байдаг. Манай тоглолтын 40 хувийг Чэжү адуу "нугалдаг" юм.
-Тоглолтод ордог хэчнээн адуутай вэ?
-Нийт 60 гаруй адуу, 10 орчим пони унагатайгаа гэхээр нийт 80 гаруй адуутай юм уу даа.
"ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ДОГШИН ХАР СҮЛД" ХЭМЭЭХ БАГШИЙНХАА ЗОХИОЛЫГ ОДООГ ХҮРТЭЛ ТОГЛОЖ БАЙНА
-Үзүүлбэрийн сэдвийн хувьд та бүхэн өөрсдөө найруулж тавьдаг уу. Монгол түүх, ахуйн сэдэвтэй үзүүлбэр хэр бэлтгэдэг вэ?
-Бид 2008 оноос эхлэн "Эзэн Чингис хааны догшин хар сүлд" хэмээх багшийнхаа зохиолоор өдийг хүртэл тоглолт хийж байгаа. Сүүлийн үед харийн нутагт ажиллаж усыг нь ууж ёсыг нь дагахын учир энэ улсын түүхээс мөн тоглох хэрэгтэй гэж үзээд "junmun" хэмээх үзүүлбэрийг нэмэлтээр үзүүлж эхэлсэн.
-Хүний газар олон жил ажиллаж эх орныхоо нэрийг дуурсгаж байгаа хүний хувьд мэдээж илүүтэй эх оронч сэтгэлгээтэй болох байх. Эх оронч байна гэдэг өөрийн чинь хувьд юуг хэлэх вэ. Хожим Монголдоо хийж бүтээхээр төлөвлөсөн зорилго байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Хүний нутагт олон жилд болохоор их үндсэрхэг болдог юм байна. Интернэд холбогдож монголын талаар мэдээлэл авч толгой өвтгөмөөр олон асуудлын талаар олж мэдээд төрийн төлөө оготно боож үхэхийн үлгэрээр их л санаа зовж суудаг. Одоогоор миний хувьд Монголдоо хийж чадах зүйл бол гадны улс орнуудад Чингисийн XIII зууны морьтон баатрууд өнөөдрийг хүртэл байгаа гэдгийг тоглолтоороо харуулах явдал юм уу даа. Санаснаар болдог бол эх орныхоо олон сайхан үзэсгэлэнт газруудыг жуулчдын очихыг хүсдэг жуулчлалын бүс болгож тэдэнд тоглолтоо үзүүлэхийг хүсдэг.
-Хамгийн сүүлд Монголд хэзээ очив. Өвөл амарна биз дээ?
-Өнгөрөгч өвөл ажлаар очоод гэртээ ч тухалж чадахгүй буцсан даа. Үзэгч ихтэй болохоор манайх жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг.
-Өвлийн улиралд тоглолт хийнэ гэдэг мэдээж амаргүй байх?
-Надад бол зуны халууныг бодвол өвөл ажиллах нь илүү амар санагддаг.
-Залуу хүний хувьд үеийнхээ залуусын талаар ямар бодолтой явдаг вэ, уриалмаар зүйл байгаа болов уу?
-Миний бодлоор манай залуус биеийн амрыг харж, архи дарсанд их шунаад байх шиг санагддаг. Илүү ухаалаг, хөдөлмөрч байгаасай гэж хүсч байна.
-Олон жил морин дээрх акробатын мэргэжлийн жүжигчнээр ажиллалаа. Авсан гавьяа шагнал олон байх?
-Миний хувьд Спортын алдар алтан медаль, Тэргүүний залуу алтан медалиар тус тус шагнуулж байсан. Сүүлд Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасандаа их баяртай байгаа.
-Танд амжилт хүсье!