Японы Фүкүока хотноо болсон мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёд их аварга Хакүхо түрүүлж, Наран улсын домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг 43 жилийн дараа давтан, түүхэн амжилт тогтоолоо.
Хэн ч эвдэхгүй, мөнхийн амжилт хэмээн тооцогдож байсан энэ амжилтыг талын Монгол орны залуу хүү давтах хувь зохиолтой байжээ. Одоо Хакүхо ганцхан түрүүлэхэд л мэргэжлийн сүмогийн урт удаан түүхэнд нэгт бичигдэх болно. Тайхо аварга 32 түрүүлэх гэж 11 жил зарцуулсан бол Хакүхо найман жилийн дотор түүнийг гүйцсэн байна. Түрүү бөхийн цом авах үедээ Хакүхо тэсэлгүй нулимс унагаж байсан нь түүхэнд нэрээ мөнхөлснөөс гадна Тайхо аваргыг дурсан санаснаас болсон биз ээ.
Хакүхо “Надад гурван аав бий. Төрсөн аав Ж.Мөнхбат, өсгөн хүмүүжүүлсэн аав Миягино ояката, Япон аав Тайхо аварга” гэж үргэлж ярьж, хэлж ирсэн. Тайхо аварга ч Хакүхог хүү шигээ үзэн, хүнд хэцүү үед тусламж зөвлөгөө өгдөг байлаа. Магадгүй домогт аварга өөрийн түүхэн амжилтыг энэ залуу л эвдэнэ гэдгийг мэдэрч, мэдэж байсан биз. Тайхо аварга 2013 оны нэгдүгээр сард 72 настайдаа тэнгэрийн оронд одсон. Түүнийг нас барахаас нь хоёрхон хоногийн өмнө Хакүхо эмнэлэгт эргэн очиж, удаан гэгч нь ярилцан суусан байдаг.
Энэ үед Тайхо аварга Хакүход өөрийн түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой хэмээн захисан гэдэг. Хакүхогийн дэвжээний нэрний Хо хэмээх ханзыг ояката нь Тайхо аваргын нэрнээс авч түүнд өгсөн нь одоо бодоход бас билэгдэлтэй зүйл байжээ.
Кюүшюү башёгийн өмнө Хакүхо сэтгүүлчдэд “Энэ тэмцээнд би Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилттай зэрэгцэхийн төлөө барилдана. Их аварга Тайхо ч тэнгэрийн орноос намайг харан, “Хүү минь, 32 дахь удаагаа түрүүлнэ шүү” гэж дэмжиж байгаа нь гарцаагүй” хэмээн ярьж байсан юм.
Сүмогийн ертөнцөд тусалж дэмжиж явсан бөхөө ялах, эс бөгөөс амжилтыг нь даван гарахад ачийг нь хариулж байна гэж үздэг. Ийнхүү Хакүхо Япон аавынхаа ачийг хариулж, амжилтыг нь давтлаа. NHK телевизийн түрүүлсэн бөхийн ярилцлагад Хакүхо Монголоор “Монголд байгаа аав ээж, ард түмэндээ зориулан үг хэлье. Бөртө чоно, Гоо маралын хүү би хүндэлж, хайрлаж явдаг их аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг давтаж, ач тусыг нь хариулсандаа баяртай байна. Монголын ард түмэн хүчтэй шүү, эвтэй байхдаа юунд ч дийлэгдэхгүй гэдгийг харуулж чадсандаа баяртай байна” гэж мэндчилсэн.
Хакүхо цаашдаа хэд түрүүлэх бол гэдэг талаар Сүмогийн холбооны Ерөнхийлөгч Китаноүми “Хакүхо бэлтгэл сайн хийдэг болохоор гэмтдэггүй. Ёкозүна болсноосоо хойш ганц ч тэмцээн өнжиж байгаагүй болохоор 40 удаа бол түрүүлэх байх. Харүмафүжи, Какүрюү гэсэн хоёр аварга гарч ирсэн ч Хакүхогийн үе үргэлжилсээр л байна” гэж хэлсэн бол ёкозүна асан Китаноүми “Доод тал нь 40 түрүүлнэ. Түүнийг зогсоох бөх аварга, арслангууд дунд алга. Харин Ичиножёо, Тэрүнофүжи гэсэн шинэ Монгол залуучууд магадгүй юм” гэж ярьсан байна.
Монголын бусад бөхчүүд ч энэ тэмцээнд сайн барилдсан. Монголын сүмогийн алтан хараацай Кёкүтэнхо Кюүшюү башёд 10 ялж, дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлсэн хамгийн “хөгшин” бөхийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. 40 нас хоёр сар дөрөв хоногтойдоо дээд зиндаанд 50 хувийн амжилтаа хийсэн Кёкүтэнхо өнгөрсөн зуунд барилдаж байсан Ноширогатагийн 1935 оны зуны тэмцээнд дээд зиндаанд 40 нас нэг сар 15 хоногтойдоо 50 хувийн амжилт гаргасан түүнийг эвдсэн. Мөн энэ тэмцээний Кантошёо буюу дайчин барилдааны шагнал хүртлээ.
40 настайдаа тусгай шагнал авч байгаа нь бас нэгэн дээд амжилт юм. Шинэ сэкивакэ Ичиножёо 50 хувийн амжилтаа үзүүлж, ирэх жилээс озэки болох шинэ зорилттой болсон бол жюүрёо зиндаанд Токитэнкү 12 ялж, түрүүллээ.
М.Сугар-Эрдэнэ