Монгол Улсад Ардчилсан хувьсгал болсны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Нэг ч хүний хамраас цус гаргалгүй, улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтийг нэг дор амжилттай эхлүүлсэн гэдгээрээ Монголын ардчилал бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд талархал хүлээдэг. Харин он цаг улирах тусам 25 жилийн өмнө болж өрнөсөн түүхэн үйл явдлын талаарх бидний ойлголт, мэдлэг нимгэрэн, төсөөлөл маань ондоошиж байна. Иймд тэр өдрүүдийг гэрчлэх нэгнийг энэ удаагийн Gogo Café буландаа урьсан юм.
-Та бид хоёр өнөөдөр энд Ардчилсан хувьсгалын тухай ярих болохоор та энэ хувьсгалд хэрхэн татагдан орсноос яриагаа эхэлье.
-Би 1989 оны наймдугаар сард Украинд Хөнгөн үйлдвэрийн сургууль төсч ирээд Хөнгөн үйлдвэрийн яамнаас Савхин гутлын үйлдвэрт хуваарилагдсан юм. Тэр үед гадаадад сургууль төгссөн байсан ч үйлдвэрийн бүх дамжлагаар явуулдаг байлаа. Би подволиос нь эхлээд гутлын үйлдвэрийн долоон давхар хүртэл ажилласан. Агуулах дотор хэв шалгагчаас эхлээд ажлын бүх л байранд ажиллуулдаг байсан юм. Ингэж зовлон мэддэг дарга болж гарч ирдэг байв. Бүх дамжлагаар дамжуулсны дараа намайг Эсгүүрийн цехийн мастераар тавив.
Би Увсад арван жилийн сургууль төгсөөд, Украин явсан болохоор Улаанбаатарт таних хүнгүй. Ажилд авсан байгууллага нь шинэ боловсон хүчнийхээ орон байрыг зохицуулах үүрэг хүлээдэг байв. Арьс ширний үйлдвэрийн харьяа, нэгдүгээр хорооллын Залуус байранд шинэ төгсөгчидтэй амьдарч байсан юм.
Бидний араас НАХЯ-ны дугаартай хар машин дагалаа. Зураг аваад л, эвгүй л юм байна лээ.
Ингэж байтал арван хоёрдугаар сарын 10-нд Ардчилсан холбооны эсэргүүцлийн жагсаал болсон. Би 10-ны цуглааныг мэдээгүй юм. Харин өрөөний маань нөхөр очиж оролцжээ. Тэр шөнө бид хоёр дундаа нэг данх цай тавиад, шөнөжин ярьж хоносон. Өглөө нь ажил руугаа их сайн ойлголттой хүн иртэл үйлдвэрээр нэг яриа болж байна. Харин дарга нар “Та нар элдэв юманд гүйгээд, орооцолдож болохгүй шүү” гээд л.
Гутлын үйлдвэр инженер, мастер олонтой газар. Тэднийг Чех явуулж, мэргэжлийг нь дээшлүүлнэ. Тэгэхээр өнөөдүүл нь Зүүн Европт хүмүүс яаж амьдардгийг нүдээр үзчихсэн. Үйлдвэрийн 3000 ажилтнаас 2000 нь Чех явсан байсан.
Бид 11-ний орой энд тэнд булагнаад баахан ярьцгаалаа. Манай н.Түмэнцогт гэдэг инженер яваад их сайн мэдээлэл цуглуулжээ. Ирээд бидэнд “Одоо цаашид зохион байгуулалтад орно” гэлээ. Үүнээс хойш би хэрэгт дурлаад Түмээг дагаж явах болсон. Их сургуулийн хоёрдугаар байрны, хоёр давхарт хэнийх нь билээ дээ, Малыш Энхтүвшин юм уу С.Зоригийн өрөөнд энд тэндхийн хүмүүс цуглана. Тэгээд байгууллага бүрт Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулъя гэж тохирсон юм. Манай Түмээ их шуурхай хүн болохоор “Хоёулаа очиж байгуулъя” гэлээ. Баахан инженерүүд цуглуулаад бүх мэдээллээ өглөө, “Болохгүй юм юу байх вэ” гэцгээлээ. Эхлээд ажилчдаас нэг ч хүн салбар зөвлөлд ороогүй. Анх 22 инженер салбар зөвлөлөө байгууллаа.
БИД САМБАР ГАРГААД, БААБАРЫН “БҮҮ МАРТ, МАРТВАЛ СӨНӨНӨ” НОМЫН ГАР БИЧМЭЛИЙГ ДАМЖУУЛАН УНШИНА
Ардчилсан холбоо байргүй, их сурууульд хуралдахыг нь зөвшөөрөхөө болив, хөөж туудаг болов. Санал солилцсон, маргалдсан л хүмүүс байдаг байсан. Байр олдохгүй болонгуут Их дэлгүүрийн арын байрны, давчуу подвольд цуглах боллоо. Ямар ч агааржуулалтгүй орчинд хөлс нь гоожсон хүмүүс зогсоогоороо хуралдана. Гэтэл хоёр удаа уулзсаны дараа дахиад л хөөсөн. Хүн маш их цугласан өдөр хурлаа дуусгамаар байдаг. н.Түмэнцогт бид хоёр тэр хүмүүсийг дагуулаад үйлдвэртээ авчирч, манаачаа аргалаад хурлаа хийлгэчихлээ.
Их дэлгүүрээс Энхтайвны гүүр даваад алхаж байхад бидний араас НАХЯ-ны дугаартай хар машин дагалаа. Зураг аваад л байна. Эвгүй л юм байна лээ. Сүүлдээ цайрсаан. Манайхан дотор ч тагнуул оруулсан байгаа даа гээд л хурлын үеэр орилдог болсон. Тэр хурлын маргааш дарга дуудаад, ажлаас хална гэлээ. н.Түмэнцогт надаас ах хүн болохоор над рүү л их гал ирлээ. Үйлдвэрийн дараагийн даргад бэлтгэх боломжтой гэж үзсэн хүн маань ийм хэрэг хийлээ, эрэгтэй инженер гадаадад төгсөөгүй их удсан, гэтэл одоо балай юманд холбогдоод, нэрээ баастчихлаа, ирээдүй чинь харлалаа гээд дарга нарын загнаж байгаа нь тоймгүй. Арга хэмжээ авах болсон ч намжсан.
Тухайн үед Гутлын үйлдвэрийн дарга нь н.Чимэдрэгзэн гэж хүн байлаа. Түүний доод тушаалтнууд их шахаж байсан ч их прагматик хүн болохоор шууд хөдлөөгүй. Залуус өөрсдөө санаачилгаараа яваад л, Орост өөрчлөн байгуулалт нэгэнт эхэлчихсэн болохоор Ардчилсан Холбооныхныг (АХ) халж, шуугиан тарихыг хүсээгүй байх.
Арьс ширний нэгдэл гэдэг тэр том хашаан доторх үйлдвэрүүдээс хамгийн түрүүнд манай үйлдвэрт салбар зөвлөл байгуулагдсан. Удалгүй савхины үйлдвэр гээд л маш хурдан халдварлаж эхэлсэн болохоор манай удирдлагыг нэлээн бангадсан сураг байдаг.
Манай салбар зөвлөлийнхөн цайны цагаар ажилчдадаа олон зүйл ярьдаг байв. Хүмүүс ч ирж асууна. Гутлынхан чинь шулуухан, ширүүхэн улсууд болохоор дороо л элсч, эхний бүртгэлээр 500 гишүүнтэй болов. Саяхан манай эсгүүрийн цехийн ажилчид надад тухайн үед хандив цуглуулж байсан баримтыг бэлэглэсэн юм. Мөнгийг нь би хурааж авсан юм билээ. “Ардчилсан холбооны салбар зөвлөлд хандив өргөсөн гишүүд” гэж гарчиглаад нэг, таван төгрөг гээд бичсэн байна лээ. Манай зөвлөлийнхөн самбар гаргаад, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” номын гар бичмэлийг дамжуулан уншдаг байлаа. Манай хоёр эмэгтэй шөнөжин суугаад тэр номыг хуулсан юм. Канон гэж байсан биш. Информатикийн төвд нэг байсныг нь сүүлд мэдээд, тэнд хулгайгаар хэвлүүлэн, үйлдвэрт авчран тараадаг байлаа.
Яаж ажил хаядгийг мэддэггүй. “Ажлын байрандаа хүн бүр ирнэ. Гэхдээ ажлаа хийлгүй, суурь машиныхаа ард зогсоно шүү” гэж билээ.
-Тухайн үед мэдээлэл дамжуулах гол хэрэгсэл нь самбар байсан уу?
-Тэгэлгүй яахав. Манай самбарыг хэдэн ч удаа авч хаян, хэдэн ч удаа бид буцаан хадав бүү мэд. Ажилчдын анхаарлыг татахын тулд харь гаригтай холбоотой материалыг ч самбартаа байршуулна. Ингээд дарга нартай байлдаад эхэлсэн. Манай салбар зөвлөл маш хурдан хүрээгээ тэлж, 1000 гишүүнтэй болсноор тухайн үедээ Ардчилсан холбооны хамгийн том салбар зөвлөл болсон юм. 100 хүнтэй салбар зөвлөл байгаагүй дээ. Одоогийн хотын орлогч Н.Гантөмөр хоёр эмэгтэйтэй гурвуулаа оёдлын үйлдвэрээс ирж байсан юм. Савхинаас мөн гурван хүн байв. Телефон радио ашиглалтын хороо олуулаа байсан. Эмнэлгүүдээс баахан хүүхнүүд ирнэ. Бусад нь дийлэнх нь эрчүүд. Ардчилсан холбооныхон эвлэлийн төв хорооны харьяа байсан “Идэр” зоогийн газрын урдах дугуй зааланд уулздаг байв.
Би яахав, эхнэр ч аваагүй, чөлөөтэй хүн. Орой болтол хуралд нь сууна. Өглөө зургаан цагт ажилдаа улаан нүдтэй хүн ирдэг байв. Өдөр хоёр цагт ээлжээсээ буугаад л хуралд ирдэг байлаа.
-Хурал дээр юу ярьдаг вэ?
-Сүртэй сүртэй юм ярина. Тагнуулын мэдээ гээд л уншина. Ер нь түмэн янзын хүн байсан даа. Бөөн маргаан мэтгэлцээн болно. 1990 он гараад ажил хаях тухай ярьж эхэлсэн. Тэмцлийн ямар л хэлбэр байна, тэр рүү орно гээд эхэлсэн. Хамгийн том салбар зөвлөл танайх юм чинь Гутлын үйлдвэрийнхэн ажил хаях нь зөв гэлээ. Гэтэл яаж ажил хаядгийг мэддэггүй. Бидэнд “Ажлын байрандаа хүн бүр ирнэ. Гэхдээ ажлаа хийлгүй, суурь машиныхаа ард зогсоно шүү” гэж билээ. Тэгэхээр нь болох юм байна гэж бодсон. Бид ажил хаялаа гэхэд та нар дагаад хаях уу гэхээр бусад үйлдвэрийнхэн цөөхүүлээ болохоор хариулж чадахгүй байсан. Ирээд ажилчидтайгаа ярилцтал тэгье гэлээ. Цөөн хүн л улс хохироосон хэрэгт орно гээд татгалзсан. Удалгүй энэ яриа сарнин, оронд нь суулт хийх, өлсгөлөн зарлах тухай ярьж эхэлсэн юм.
-Салбар зөвлөл гэхээр ямар ажил хийдэг байсан бэ?
-Бид Малыш Энхтүвшингээс эхлээд тухайн үед Ардчилсан холбоонд манлайлж байсан хүмүүсээ үйлдвэртээ урьж, яриа хийлгэнэ. Манай дарга нар ч уулзсан. Ер нь өдөр бүр л нэг юм болдог байлаа. Амралтын өдрөөр манай салбар зөвлөлийхөн явган аялалд явна. Ингэж их дотноссон.
ТАЛХ, БУДАА, АРХИ ГЭЭД БҮХ Л ЮМАНД ДАРААЛАЛ ҮҮСНЭ, ШАХАЛДАЖ, ДАЙРЧ Л АВДАГ БАЙЛАА
Ингэсээр гуравдугаар сарын 4 болж, Ялалтын талбайд анхны том жагсаал боллоо. Манай үйлдвэрийнхэн энэ үеэр хамгаалалтад дайчлагдлаа. Их хүнд өдөр байсан. Салбар зөвлөлийн гишүүд дундаасаа том биетэй залуусаа шигшээд авав. Бид хамгийн урд эгнээнд зогсохоос гадна цугласан хүмүүсийн дундуур бас давхар хамгаалалтын цуваа үүсгэсэн юм. Тэгээгүй бол тэр олон хүний шахалтыг ганц эгнээнийхэн дийлэхгүй юм билээ.
Одоогийн Ялалт кино театрын хажууд хүний чээж хүрэхээр бетонон, цэцгийн мандал байсан юм. Хамгаалалтад зогссон залуус маань яг тэр рүү шахагдаад, цугласан олны дунд давхар хамгаалалт гарган, сааруулаагүй бол урд эгнээнийхэн тэр бетонд шахагдан үхэх аюултай байсан. Тэр өдөр маш олон хүн цуглан, эсрэг талын өндөр яамны довжоон дээр гарцгаасан байсан. Олон хүн зэрэг шахахаар аймаар юм байна лээ. Бид үүнээс хойш жагсаал цуглааны үеэр яаж хамгаалахаа мэддэг болж, туршлагажсан. Жагсаал хийх үеэр хүмүүсийг зүлгэн дээгүүр явуулчихвал төлбөр тооцоо тавьдаг болохоор зөвхөн явган хүний замаар явуулна гээд л зохион байгуулалттай жагсдаг байлаа.
Жинхэнэ коммунист дарга нартай газрууд олон хүнийг халсан. Манай үйлдвэрийн хувьд салбар зөвлөл нь маш том болчихсон, мөн дарга нар нь прагматик хүмүүс байсан.
Нэг өдөр ажлаа тараад юу ч мэдээгүй хүн Сүхбаатарын талбай орлоо. Гэтэл манайхан сууж байна. “Өө Нямаа хүрээд ирлээ. Та нарыг дуудахаар хүн явсан шүү дээ” гэлээ. Манай үйлдвэрт хэн ч ирээгүй юм. Намайг хамгаалалтад гар гэлээ. Саяхан Ардчиллын 25 жилийн ойн гар зургийн үзэсгэлэн гаргасан зураач Хадаа бид хоёрыг хамгаалагчаар томиллоо. 17.00 цаг болоход салбар зөвлөлийнхөн ирцгээн, хүн бүрт хөх тууз уян, гинжин хэлхээнд оруулж эхэлсэн.
Хүмүүс тэр үед шахалдаан дайралдаанд мэргэшсэн байв. Талх, будаа, архи гээд бүх л юманд дараалал үүснэ, шахалдаж, дайрч л авдаг байлаа шүү дээ. Киноны тасалбарыг хүртэл бүтээд үхэх шахан авна. Автобусанд суухад ч хэн хамгийн сайн дайрна, тэр хүн л сууж чаддаг. Гуравдугаар сарын 7-нд Сүхбаатарын талбайд ирсэн хүмүүс ч хэрэгт дурлан, урагшаа л түрээд байсан. Манай өглөөний ээлжийн ажилчид бүгд Сүхбаатарын талбайд хамгаалалтад гарцгаасан.
-Өлсгөлөн зарлаж эхэлсэн өдөр байх аа?
-Өлсгөлөнгийн хамгийн хэцүү өдөр нь гуравдугаар сарын 7-ны шөнө байсан юм. Маргааш нь Мартын 8 байсан болоод тэр үү согтуу хүн хаа сайгүй. Тэднийг зохион байгуулалттайгаар явуулсан юм уу гэмээр үе үе гэнэт л бөөн бөөнөөрөө туг бариад л жагсаад ороод ирнэ. Хаанаас вэ гэхээр “Оюутны хоёрдугаар байрнаас ирлээ, дэмжигчид байна” гэнэ. Талбайгаар дүүрэн хүн болчихсон.
Д.Сосорбарам хүрч ирээд, нэг юм бодохгүй бол болохгүй нь гээд нөгөө хүмүүсийг тал тал руу сарниахаар боллоо. Хэд хэдэн туг бэлдээд, талбай тойруулан нэлээн алхуулж, Д.Сосорбарам өөрөө заримыг нь авч, ордны машин гардаг налуу руу явж, баахан л үг хэллээ. Сонсож хашгирч байсан хүмүүс удалгүй уйдаад буцаад л талбай руу ирнэ. Тэгэхээр нь Ж.Батмөнхийн ордон руу, Төв шуудангийн урд талын 30 дугаар байр уруу авч явлаа. Арай л хашаа давалгүй буцаж ирцгээлээ.
Тэгэнгүүт нь Куба элчингийн үүдэнд цуглаж байна гээд л аваад явлаа. Ингэсээр үүр цайхад жаахан сийрсэн юм. Маргаашнаас нь хэлэлцээ эхлэхэд тогтворжсон. Гэхдээ л талбай пиг хүнтэй. Бид гадаа нь хуушуур эргүүлэнгээ хүлээнэ. Ажлаа ч бараг хаясан. Харин дарга нар ойлгож байсан нь овоо юм. Жинхэнэ коммунист дарга нартай газрууд олон хүнийг халсан. Манай үйлдвэрийн хувьд салбар зөвлөл нь маш том болчихсон, мөн дарга нар нь прагматик хүмүүс байсан. Манай дарга надаас “Энэ хүмүүсийг ажил хаяулан бослого дэгдээвэл, та нар зогсоож чадах уу” гэж асуудаг байсан юм. Үйлдвэрийн ажилчид дандаа залуучууд болохоор н.Түмэнцогт бид хоёр ч эмээсэн.
-Гэхдээ Бошигт гуай билүү дээ нэг нь танай салбар зөвлөл ийм том байж яагаад удирдлагаа авч хаяхгүй байгаа юм гэлээ. Их том хатгаас шүү дээ. Түмэнцогт бид хоёр ч нээрээ тийм гэж бодоод, Гутлын үйлдвэрээс эхлээд хатуу коммунистуудыг буулгая гэж ярьцгаалаа.
ТЭР ҮЕД ДАРГА БОЛОХЫН ТУЛД ДОР ХАЯЖ 10 ЖИЛ АЖИЛЛАДАГ БАЙВ
-Дээрээс нь биш, доороос нь задлахаар шийдсэн хэрэг үү?
-Тийм. Оронд нь шинэ, залуу дарга нар томилъё гэж ярилцлаа. Их зөв санаа гээд л, хүмүүс ч их дэмжлээ. Их шийдэмгий байсан болохоор оронд нь нэр дэвшүүлэх хүмүүсээ товлолоо. Дарга нараас санал авалгүй, шууд тулгах боллоо. Инженер н.Орхоныг үйлдвэрийн даргад, ерөнхий инженерт намайг гээд л нэр жагсаалаа. Нөгөөдүүл ч загнаад их ширүүн байна.
Бид болохоор та нар хоцрогдсоноо мэдэхгүй байна гээд л их ширүүн хурал болсон. Манай салбар зөвлөл ажил хийж чадна гэдгээ харуулсан болохоор бардам байсан. Гутлын үйлдвэрийн хамгийн нэр хүндтэй 22 инженер манай гишүүд байв. Бүгд л ЗХУ, Герман, Чехэд сургууль төгссөн, дээд боловсролтой болохоор нөгөө тал хамаагүй ярихгүй. Үйлдвэрийг бужигнуулахгүй аваад явж чадах уу гэж биднээс асууж байна.
Гэтэл тэр жил Чех явах хүмүүсийн жагсаалтад орсон манай зарим инженер жагсаалтаас хасагдана гэж айсан уу санаанаасаа буцчихлаа. Доор нь ажиллаж байгаа хүмүүс цаг нь болохоор дээр нь ажилладаг хүнээ халж чаддаггүй юм билээ. Дөнгөж төгсч ирсэн би л гэнэн халуунаараа дайрлаа. Ийм түүх ганц манай үйлдвэрт л бий. Тэр үед дарга болохын тулд дор хаяж 10 жил ажилладаг байв. Тэр хурлаас хойш бид өөрсөддөө чадах юм байна гэдэг итгэлтэй болсон.
МАШИН ГАРЧ ИРВЭЛ ЗАМ ДЭЭР НЬ ХЭВТЭНЭ ГЭСЭН ЮМ. ДААЛГАВАР БОЛ ДААЛГАВАР ШҮҮ ГЭЛЭЭ
-Та түрүүн юу хийж чаддагаа баталсан гэсэн. Тэр нь юу юм бэ?
-Тэр үед танай Э.Бат-Үүл чинь хулигаан, Ардчилсан холбооныхон гэж архи уудаг, ажил хийдэггүй хүмүүс гээд л дайрдаг байв. Манай салбар зөвлөлийнхөн ярьж байгаад хог хаягдлыг дахин ашиглах санал гаргалаа. Тэр үед нэг том үхрийн ширнээс ганцхан бакаалны түрүү гаргаад, үлдсэнийг нь хаядаг байв. Тэр их сайхан арьс ширийг уул овоо шиг машинд ачаад, хогийн цэг рүү зөөнө.
-Тийм цамаан байсан гэж үү?
-Социализм гэж тийм л балай юм байсан юм даа. Бид тэр хаягдлыг ашиглан, хүүхдийн гутал хийх санал гаргасан юм. Радиогоор говийн аймгуудад хүүхдийн гутал их эрэлттэй байна, хүүхдүүд хөл нүцгэн гүйж байна гэсэн сурвалжлага сонсоод энэ санааг гаргасан юм. Эсгүүрээс 10 хүн, оёдлоос 10, гүйцэтгэх цехээс 10 хүн авч, ажлаа эхэлсэн. Дандаа л салбар зөвлөлийн гишүүдээс ажилчдаа сонголоо. 1000 хос гутал хийгээд, үйлдвэрийн агентад өгч заруулъя гэлээ. Дарга нар нэгэнт хог ашиглах бол ажлын цагаар хийхгүй гэлээ. Өөрсдөө зарвал дамын наймаа хийсэн хэрэгт унана шүү дээ. Ашгаа хоёр хуваах гэрээг үйлдвэрийн удирдлагатай хийгээд, долоо хоног хүрэлгүй 1000 хос гутал гаргасан. Цайны цагаараа л манайхан машиндчихсан. Агент аваад явсан чинь удалгүй мөнгөө аваад ирлээ. Сум нэгдлийн дарга нар гутал хэрэгтэй гээд дахин 1000 хосын гэрээ хийсэн юм. Олсон мөнгөнийхөө талыг үйлдвэрт талыг өөрсдөө авлаа. Тэр мөнгөө 30 ажилчиндаа хуваахад тэд сарын цалингаа авч, бөөн баяр болсон. Үлдсэнээр нь зун Хөвсгөл явж амрахаар болж, дансанд хадгалж байв.
Хулгайч, дээрэмчин байна уу, сонин биш. Тэр хүн гоё үг хэлж чаддаг бол дээшээ явдаг үе байсан.
Надад санаачлагч гээд 1000 төгрөг өгнө гэлээ. Би авбал эдийн засгийн сонирхлоор ажилчдын хүчийг мөлжсөн хэрэгт унана гээд аваагүй. Самбар дээрээ Ардчилсан холбооны салбар зөвлөл шинэ санаачилга гаргалаа, гишүүдээ урамшуулан, дэмжлээ гээд л баахан рекламдав. Энэ нь үйлдвэрт тэсрэлт шахуу болж, дараагийн 1000 хосыг хийхэд хүн бүр л ажиллах юм болов. Би хүнээ сонгож чаддаггүй. Гэтэл үйлдвэрийн өглөөний шуурхайд энэ бол ажил хийхээс илүү хаягдал ашиглах сонирхлыг нь татчихлаа. Үүнийг зогсоо гээд л шүүмжилсэн. 3000 хос гутал үйлдвэрлээд, тэр ажил зогссон доо. Би ч удалгүй Гутлын үйлдвэрээс гарсан.
-Өлсгөлөнгийн дараах Ардчилсан холбооны төлөвлөгөө юу байсан бэ?
-Дугуй зааланд хэрэлдэж хэрэлдэж, дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын ордныг бүтэн өдөржин бүслэхээр болсон юм. Ордны хаалгуудыг тооцоолоод надад машин буудаг, налуу, хоёр хаалга болон бунхны нууц хаалгыг хамгаалах, хэнийг ч гаргахгүй байх үүрэг өглөө. Тэр хаалгаар л ордонд байсан дарга нар зугтана гэж тооцоолсон хэрэг. Гэтэл тэр өдөр нэг офицер “Цэргийнхэн том машинтайгаа ирнэ гэнэ” гэлээ. Бид болохоор ордон руу хүн оруулахгүйгээр сайн хамгаална гээд тохирчихсон байсан. Тэгсэн чинь хамгаалалтад гарах хүн олдохоо больчихлоо. Машин гарч ирвэл зам дээр нь хэвтэнэ гэсэн юм. Даалгавар бол даалгавар шүү гэлээ.
Цагаа тулахаар машин бууж ирэх зам дээр суух хүн олдоогүй. н.Түмэнцогт нэг талыг нь би нэг талыг нь аваад, өөрсдөө голд нь орж суусан. Хүмүүсээ тараахгүйн тулд сугадуулаад, хэд хэдэн эгнээ суулгасан юм. Эхлээд нам тайван байлаа. Хүмүүс нэмэгдсээр, “Огцор” гэж хашгиралдаад л. Д.Сосорбарам ч ирлээ. Цагаан хоолойгоо барьж, баахан хашгирч дотогшоо орох гэсэн, цөс нь хөөрсөн хүмүүсийг намжаасан юм.
Биднийг баривчилна гэж сүрдүүлээд л. Их баргар өдрүүд байсан. Нэг өдөр Сүхбаатарын талбайн эргэн тойронд баахан машинтай цагдаа авчирсан нь үнэн. Тэд тушаал хүлээгээд л байсан байх. Огт хөдлөөгүй юм. НАХЯ-ны дарга нар тушаал өгөөгүй байх.
ГОЛ УДИРДАМЖИЙГ БИДЭНД ӨГДӨГ БАЙСАН ХҮМҮҮС ХҮНИЙ ХАМРААС Ч ЦУС ГАРАХ ЁСГҮЙ ГЭДЭГ БАЙСАН
-Хамгаалалтад гарсан танай залуусаас баривчилж байв уу?
-Хамгийн анх “Шинэ үе” гэж бүлгэм байгуулагдан, Э.Бат-Үүл эд нар энд тэнд зурагт хуудас наадаг байсан юм. Тэднийг нэг удаа НАХЯ-д саатуулсан гэж ярьдаг. Үүнээс хойш АХ барих аргагүй хурдан томорсон. Арван хоёрдугаар сарын 10-наас хойш он гарч, нэгдүгээр сар хүртэл байдал их хүнд байсан. Хуралдах байр олдохгүй, цөөхүүлээ болохоор биднийг нэг бүрчлэн бүртгээд авчихаар. Заримдаа нэгнийхээ гэрт цуглана. Орж ирсэн хүн бүрийг алга ташин угтана. Тэр нь хулгайч, дээрэмчин байна уу, сонин биш. Тэр хүн гоё үг хэлж чаддаг бол дээшээ явдаг үе байсан.
Ардын хувьсгал анх гарсны дараа Гэндэн гээд малын хулгайч хүн сайн илтгэгч байсан учраас Ерөнхий сайд болтол дэвшсэнтэй яг адилхан. Ардчилсан холбоонд янз бүрийн л хүн байсан. Ухамсартайгаар сонголтоо хийсэн хэсэг ч бий, дарвисан хүмүүс ч бий. Ялгах аргагүй олон хүмүүсийн нэгдэл байсан юм.
-Цагдаа нар ямар байр сууринаас хандаж байв?
-Манай хамгааалтынхан хамгийн урд эгнээнд зогсдог болохоор цагдаа нартай яг нүүр тулж байгаа юм. Бие биедээ хатуу үг чулуудна. “Чи адилхан Монгол хүн, чи ч аав ээжтэй биз дээ” гээд л. Өнөөх нь “Би тушаал биелүүлж байна. Битгий солиор” гэнэ. Нэг хэрэлдээд л, нэг ёвролцоод л. Зарим шазруун цагдаа нар “Та нарыг алж өгнө өө” гэнэ. Хэрэв тэдэнд хүч хэрэглэх тушаал өгсөн бол биелүүлэх л байсан.
Жагсагчид дунд ч цагдаа нарыг өдөх, элдвээр доромжлох хүн мундахгүй. Тийм болохоор шүд зуун, тушаал хүлээсэн цагдаа олон байсан. Бид ч дийлэнх нь 25-30 насны залуус, дайрах уу гээд л ярьдаг байсан. Ажилчид аюултай шүү дээ. Харин гол удирдамжийг бидэнд өгдөг байсан хүмүүс хүний хамраас ч цус гарах ёсгүй гэдэг байсан.
Тухайн үед Ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй оролцож явсан бидний бодол санаа цэгцрээд, гүн гүнзгий болчихсон юм байгаагүй.
Үүнээс өмнө буюу хоёрдугаар сарын 18-нд Ардчилсан нам байгуулагдан, хуралд нь манай үйлдвэрээс олон хүн очсон болохоор ойлголттой болчихсон, цэнэглэгдсэн байсан. Би ч тэр өдөр гишүүнээр элсэж байв. Одоо ч хэвээрээ л байна. Үүнээс хойш Ардчилсан намын бүх л шатанд ажилласан.
-Тэр үед таныг аав ээж чинь хориглож байв уу?
-Манай аав намын гишүүн байсан. Одоо ч хэвээрээ. Боловсон хүчнээр ажилладаг, жинхэнэ коммунист ч прагматик хүн. Надад юу ч хэлээгүй. Харин аймгийн намын хороонд аавыг маань их л шахаж, дарамталж “Хүүхдээ татаж авч чадахгүй бол чамд арга хэмжээ авна” гэж байсан гэсэн. Гэхдээ надад боль гээгүй юм. Бүр сүүлд л нэг удаа цухуйлгасан.
-Тухайн үед таныг зогсоохын тулд саад хориг тавьж байв уу?
-Нэг удаа л ажил дээрээ цоожлогдож байсан юм. Дөрөвдүгээр сар байсан. Ажил тарахаар бид хүмүүсээ Ардчилсан холбооны хурал руу явуулах үүрэг хүлээдэг байв. Ажил тараад гарах гэтэл намайг өрөөнд маань гаднаас цоожилчихсон байсан. Манай салбар зөвлөлийнхөн түлхүүр олж, гаргасан юм. Хэн цоожилсон нь мэдэгдэлгүй өнгөрсөн. Мөн АХ-ны гишүүн гээд нийтийн байрнаасаа хөөгдөж байлаа. Тэр нийтийн байрны давхар бүр нь харуултай, эрэгтэй эмэгтэй нь өөр өөр давхарт амьдарна. Бие биеэ танихгүй. Багштай. Тэр багш үзэл суртлын ажлаа хийдэг. Герман, Чех, Украин, Орост сургууль төгссөн, инженер залууст улс төрийн яриа хийдэг байлаа. Хойноос авчирсан пянзаа коридорт гаргаад, анх удаа бүжиг хийчихсэн чинь бөөн дуулиан болж байлаа. Ингэж л хөөгдсөн.
-Таныг тухайн үед хамгийн их хурцалсан зүйл юу вэ. Та нар юунд итгэж, найдаж байв. Учир нь ардчилсан хувьсгал ялалтаар өндөрлөх 100 хувийн баталгаа байгаагүй шүү дээ.
-Ленин нуурын эрэг дээр суугаад, өвсөн овоохойн үүдэнд сууж байхдаа гэнэт хувьсгалч болдог шиг юм хүмүүс ярьцгаадаг. Тухайн үед Ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй оролцож явсан бидний бодол санаа цэгцрээд, гүн гүнзгий болчихсон юм байгаагүй. Бид нийгмийн идэвхтэй, шинэ юм бүхний эхэнд явдаг, хэрэгт дуртай хүмүүс л байсан.
Биднийг тэр их Лениний зохиолууд залхаасан байх. Би оюутан байхдаа уран зохиолын номыг нэг шөнийн дотор уншаад дуусгадаг байсан ч Ленин, Марксын зохиолуудыг огт ойлгодоггүй, үзэн яддаг байсан. Тэр нь чээжилж байж л ярихаас аргагүй номнууд.
Нөгөөтэйгүүр ямар нэг бужигнаан хүнийг их татдаг юм байна. Тэнд очоод хүмүүсийн яриаг сонсоход надад хамгийн их нөлөөлсөн нь Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг зохиол. Энэ бүтээл АХ-ны тунхаг, үзэл санааны хөтөч байлаа. Бид өөрсдөө юу ярихаа мэддэггүй байсан болохоор ажилчдад тэр номыг уншуулдаг байлаа. Гар дамжсаар нэг сарын дараа өнөө ном чинь тос, хир, ус болчихсон, хэдэн хүн уншсан юм болоо гэж бодохоор болчихсон байсан. Би өөрөө ч хэд хэд уншсан. Түүнээс 25 настай, дандаа улс төрийн лекцэнд суудаг оюутан энд ирээд, шууд нүд нь нээгдэнэ гэж байхгүй. Тэр номноос л Монголд юу болоод байгааг ойлгосон. Би одоо ч Баабарыг уншдаг. Энэ хүн Ардчилсан хувьсгалын, ардчилсан нийгмийн үзэл суртлын түүчээ нь мөн.
АДАГЛААД ТУГ ЛООЗОН ХИЙХЭД Ч ХЭЦҮҮ, ӨӨРСДӨӨ САЙН ДУРААРАА Л ЭНД ТЭНДЭЭС ЮМ ЦУГЛУУЛДАГ БАЙСАН
-Та яагаад ажлаасаа гарсан юм бэ?
-Солонгос руу 500 инженер явуулж бэлтгэнэ гэхэд нь би явсан юм. Надад үйлдвэрээс савхин дээл бэлэглэн, их л дуртай явуулж билээ. Ардчилсан холбооны хамгийн том дайснаас саллаа гээд л баярлаж байсан байх.
-Та Украинд сургууль төгссөн. Тэнд 1989 онд байдал ямар байв?
-Би Баруун Украины Хмельницкий хотын Технологийн их сургууль төгссөн. Украин хоёр янз. Баруун Украин Польш, Чехийн хил дээр, Киевээс цааш байрладаг. Маш их баруунжсан, баян чинээлэг газар. Асар гүн хар шороон хөрстэй, түүнийх нь төлөө Польш, Оросууд олон жил дайтсан. Наашаа бол Оросууд голдуу орж ирээд суучихсан, коммунист талдаа. Баруун Украинд хөрөнгийг огт өөрөөр үздэг. Өөрчлөн байгуулалт хүчтэй мэдрэгдээгүй. Лекцүүд явдгаараа явж, Лениний ботиудыг уншдаг хэвээрээ л байсан. Харин дамын наймаа хийх нь хамаагүй чөлөөтэй болсон. Польшууд Львовоор дамжин, Польш бараа гэлтгүй барууны бараа авчран, маш олноор нь худалдаалдаг байв. Тийм болохор баруун тал нэлээд нүд тайлчихсан, үндсэндээ хөрөнгөжчихсөн байсан. Өөрчлөн байгуулалтын дараа 1984 оноос хоршоо маш их байгуулагдсан. Тэд Кубатай цэцгийн худалдаа зэргийг хийдэг байсан юм. Кавказаас жимс зөөнө. Энэ утгаараа манайхаас нэг алхам урд байсан. Манайд 1989 оноос л хоршоо үүссэн нь одоогийн ААН шүү дээ.
Тэнд очоод хүмүүсийн яриаг сонсоход надад хамгийн их нөлөөлсөн нь Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг зохиол.
-Хэрвээ та Ардчилсан хувьсгалд оролцоогүй байсан бол өдийд таны амьдрал ямар байх байсан бол?
-Би яг тэгж боддог. Ардчилсан хувьсгалд оролцоогүй бол надад хоёр зам байх байсан. Эхнийх нь Гутлын үйлдвэртээ ажилласаар, сайн инженер болоод, үйлдвэр хувьчлагдсан ч тэрийг нь мэдрэхгүй сууж байх байсан биз. Цалин горьдоод л явах байлаа.
Хоёр дахь хувилбар нь гэвэл намд элсээд, гайгүй албан тушаалд хүрчихсэн явж байгаа байх. АХ-нд элсээгүй бол би хувийн бизнес хөөх байсан уу гэдэгтээ хариулж чаддаггүй. АХ байгуулагдаад тулгарсан эхний бэрхшээл нь мөнгө байсан. Бид хаанаас, яаж мөнгө олох вэ гэж боддог байлаа. Адаглаад туг лоозон хийхэд ч хэцүү байсан. Өөрсдөө сайн дураараа л энд тэндээс юм цуглуулдаг байсан. Буян Жагаагийн машиныг хөлслөөд, дээр нь нэг газраас гуйсан цагаан хоолой суурилуулаад жагсаал зохион байгуулдаг байв.
Сонгуульд орно, мөнгө хэрэгтэй тул мөнгө босгох хэрэгтэй гэдэг яриа их хүчтэй явлаа. Тэгээд АХ-г санхүүжүүлэх зорилгоор дэргэдээ “Загал” пүүс байгуулан, н.Дорлигжавыг даргаар нь томилсон юм. Түр засгийн үеэс АХ-д туслахаар шийдэн, “Загал” пүүст 20 мянган ам.доллар өгсөн юм. Тухайн үедээ маш их мөнгө байсан. Гадна талтай яаж холбоо барих талаар ямар ч мэдээлэл байхгүй, харанхуй байлаа. Би Гутлын үйлдвэрт Германы оёдлын машин үйлдвэрлэдэг компаниас санал ирснийг хулгайгаар авчирч байсан юм. Олон талаас баахан санал цуглалаа. Одоо үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд Тамгын газрын даргаар ажилладаг О.Очиржав, Дорлигоо бид гурав гэр нэг зүгт болохоор замдаа алхангаа их ярина. Удалгүй засаг байгуулагдан, Дорлигжав дарга Шадар сайд болоод явсан. Би ч удалгүй хэсэг нөхөдтэйгээ пүүс байгуулаад, хувийн бизнес хөөсөн.
ХҮНИЙ ХАМАГ ЗАЛУУ НАСАА ТЭР ЧИГТ НЬ ҮРСЭН, НИЙГЭМД 100 ЖИЛД Л НЭГ УДАА ТОХИОДОГ ҮЗЭГДЭЛ БОЛ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ
-АХ анх их хүчтэй байгуулагдсан ч удалгүй олон салаа мөчирт хуваагдан, одоо ч АН олон фракцийн нэгдэл хэвээр байна.
-Тухайн үед над шиг 25 настай, үзэл санаа нь бүрэн төлөвшөөгүй, цаас шиг цагаан залуус АХ-нд олон байсан. Тэдний цаасан дээр хэн мөрөө гаргаж байна, тэр хүмүүсийг дагацгаасан. Зарим нь н.Бошигт гуайг, зарим нь Нэргүйг дагасан. АХ-нд нэгдээд, тэр хувьсгалд гар бие оролцох үед л олонхийнх нь байр суурь тогтсон юм. Ямар сайндаа л Э.Бат-Үүл Лениний сургаалиудыг зөв хэрэгжүүлбэл ардчилал болно гэж ярьж байсан юм. Уран бүтээлийг нээлттэй, чөлөөтэй болгоё гэсэн нь Д.Сосорбарам. Дамын панз наймаа хийн, хүний хөрөнгөжих эрхийг нээе гэсэн нь Буян Жагаа. Түүнээс бид бүгдээрээ капитализмыг бүрэн дүүрэн ойлгоогүй л байсан. Хичээл зааж байсны хувьд хамгийн цэгцтэй ойлголт нь С.Зориг агсанд байсан. Тийм учраас яах аргагүй удирдагч болохоор бусдынхаа хүндэтгэлийг хүлээсэн. Хамгийн ахмад нь 30-тай л байсан. Өнөөдөр тэднээс хэн яаж өөрчлөгдөн хувьсав гэдгийг би сайн мэднэ.
Ардчилсан холбоонд элсэх нь нэг хэсэг байр авах бололцоо байлаа.
-Энэ онд Монгол Улсад Ардчилсан хувьсгал гарсны 25 жилийн ой тохиож байна. Та бүхэн хүлээх ёстой хүндэтгэлээ хүлээсэн үү?
-Зарим нь бол чадсан. Бид саяхан “Дугуй заал” гээд клуб байгууллаа. 300 орчим хүнийг гишүүнээр элсүүлсэн. Бид зөвхөн түүх сэргээж байна. Орхон аймаг л гэхэд цөөхүүлээ болохоор Ардчиллын анхдагчдаа нэрлээд, түүхээ цэгцэлжээ. Гэтэл Улаанбаатар хот хамгийн том төв нь байсан, хамгийн хүндийг үүрсэн хэрнээ 1990 оны хоёрдугаар сард л нийслэлийн салбар зөвлөл байгуулагдсан байдаг юм. Анх 16 хүнийг удирдлагад нь оруулахад би нэгээр нь сонгогдсон. Бид бусад байгууллага дээрх салбар зөвлөлүүдээ удирддаг байсан. Гэтэл одоо хэн хаана явсан нь мэдэгдэхээ больсон. Энэ нь ч шалтгаантай.
Ардчилсан холбоонд элсэх нь нэг хэсэг байр авах бололцоо байлаа. Тухайн үед дүүргүүдээр салбар зөвлөл байгаагүй ч шинээр байгуулагдсан. Үүгээр дамжин, нам руу ороод, цаашаа төрийн том алба руу явдаг гишгүүр болчихсон. Ингээд Ардчилсан холбоо ашиг хайгчдын орогнох газар болсон. 25 жилийн өмнөх ардчилсан хувьсгалд оролцогсод гээд хэсэг хүн бие биедээ 8000 төгрөгийн цэнхэр тэмдэг хүртэл тараасан. Ардчилсан холбоо олон хүнд хоол залгадаг байгууллага болчихсон юм.
Одоо хотын тэн хагас нь ардчиллын партизан шүү дээ. Иймд бид анхны хүмүүсийнхээ түүхийг сэргээн засварлах зорилго тавьсан. Олон жил алга болсон хүмүүс эргээд уулзсан. Бид бүгд бие биеэ танина. Харин олон нийт мэдэхгүй. Анх явж байсан хүмүүс нь чимээгүй, даруухан холдчихсон. Одоо тэр хүмүүсээ бусад хүмүүсээр батламжлуулъя гэж байгаа юм. Харамсалтай нь АХ-ны архивын нэг хэсэг алга болсон сураг бий. Мөн архивыг засварласан гэж ярьдаг.
Хүний хамаг залуу насаа тэр чигт нь үрсэн, нийгэмд 100 жилд л нэг удаа тохиодог үзэгдэл бол Ардчилсан хувьсгал. Үүнд оролцсон хүмүүс их зориг гаргасан. Тэдний түүхийг сэргээх шаардлага бий. Тэдний үр хүүхэд болон цаашид манай түүхэнд хэрэгтэй.
Клубээ байгуултал улс төрийн дэмжлэг болон шахалт дарамт зэрэг зэрэг ирж байна. Санхүүгийн тусламж амлаж байна. Он жил өнгөрөх тусам ардчилсан хувьсгал улам үнэ цэнэтэй болж байна. Манай клубт шинэ гишүүн элсэх шаардлагагүй. Учир нь энэ бол түүхийн клуб. Сүүлчийн хүн нь үхэхэд энэ клуб хаагдана. Монголын хамгийн анхны өвөрмөц клуб. Учир нь АН, МАН-ын аль аль гишүүд ч бий. Одоогийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоёрдугаар сарын 18-ны хуралд илгээлт уншаад зогсож байсан юм. Харин одоо МАН-ын хүн. Буянгийн Жаргалсайхан өөрийн хэдэн төгрөгөө зарцуулаад явж байсан нь үнэн. ИН-ын Ж.Занаа байна. Тухайн үед хамт явсан хүмүүс өнөөдөр үзэл бодлоороо үхрийн бөөр шиг салцгаажээ. Тийм болохоор улс төрийн талаас нь клубээ огт ашиглуулахгүй.
АХ-НЫ АРХИВ ОДОО ХҮРТЭЛ ХААЛТТАЙ ГЭЭД БОД ДОО
-Харамсалтай нь Ардчилсан хувьсгалын гадуур үлдэх вий гэдэг болгомжлол олон хүнд байна. Тэр гавьяаг өөртөө нялзаах сонирхол их болжээ. Ардчилсан хувьсгалын анхдагчид нь хэн юм бэ. Хэн хамгийн их гавьяа байгуулсан юм бэ?
-Хэдхэн хүнээр тогтохгүй шүү дээ. Тэр үед хэдэн зуун хүн тэр хувьсгалд оролцсон шүү дээ. АХ-ны архив одоо хүртэл хаалттай гээд бод доо. Ийм учраас л эх захгүй олон хүн ардчиллын анхдагчид болчихсон юм.
-Манай кафед саатан, үнэтэй дурсамжаа хуваалцсанд баярлалаа. Танай клубт амжилт хүсье.