-2014 оны төсвийн тодотголыг баталлаа-
УИХ-ын чуулганаар өчигдөр 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Засгийн газраас 2014 оны Төсвийн тухай, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан. Мөн Засгийн газрын 320 тэрбум төгрөгийн бонд дотоодын зах зээлд гаргах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Улсын төсөв энэ оны эцэст 320 тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоог сангийн яамныхан хийжээ. Ерөнхийдөө улсын төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр хасаж тодотгох, алдагдлыг 320 тэрбум төгрөгийн зээлээр нөхөх шийдвэр гаргах шаардлага УИХ-ын гишүүдэд тулгарсан юм.
Танах үзэл баримтлалтайгаар төсвийг тодотгож буй. Гэтэл Су.Батболд гишүүн Мал хамгаалах сангийн хөрөнгийг 38 тэрбум болгож, 10 тэрбум төгрөгөөр нэмэх санал оруулсан нь хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд, олонхийн дэмжлэг авсангүй. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Х.Болорчулуун, О.Баасанхүү, С.Ганбаатар нар Сангийн сайдад асуулт тавьсан. Х.Болорчулуун гишүүн “МАН өрийн хэмжээг нэмэхийг буруутгаж байсан. Гэтэл зээлийн хэмжээг өсгөхөөр санал оруулж ирж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаар давчихна биз дээ. Бид хуулиа зөрчиж болж байгаа юм уу” гэв.
Сангийн сайд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийн 115 сая ам.долларын өр, Хүний хөгжил сан хөрөнгөжүүлэхээр гаргасан бондын өрийг төлнө. Нэг газраас авсан зээлийг нөгөөгөөс мөнгө зээлж төлөх учраас өрийн хэмжээ өсөхгүй. Засгийн газрын өр 11 их наяд төгрөг хэвээр байна” гэж тайлбарлалаа.
С.Ганбаатар гишүүн “Өрийн хэмжээ нэмэгдэнэ, Сангийн сайд худлаа ярьж байна. Өр тавих тогтоолын төсөл оруулж ирэхээс өмнө таазыг нь өндөрсгөх хуулийн төсөл өргөн барих хэрэгтэй байсан” гэсэн юм. Сангийн сайд түүнд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүйтэй адил өрийн хэмжээ өсөхгүй гэж тайлбарласан. С.Ганбаатар мэтгэсээр байсан. Сангийн сайд дахин тайлбарласнаар арай гэж ойлгуулсан юм.
О.Баасанхүү гишүүн эдийн засаг хүндэрсэн энэ үед Засгийн газрын бондыг хэнд худалдахыг лавлалаа. Ж.Эрдэнэбат сайд “Бонд борлуулах ажил төвөгтэй байгаа. Худалдаж авах байгууллага цөөн байна. Хэд хэдэн байгууллагынхантай уулзсан. Эдийн засаг хүнд байгаа учраас өндөр хүүтэй л мөнгө олдох төлөвтэй байна” гэж хариулаад хэнтэй хэлэлцээр эхлүүлснээ хэлсэнгүй.
Д.Ганхуяг гишүүн сангийн яамныхнаас “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкийг дампуурахад төсвөөс санхүүжүүлсэн 100 гаруй тэрбум төгрөгийг төлүүлэх талаар ямар ажил хийж байгааг тодруулсан юм. Энэ асуултад сангийн яамныхан хариулаагүй. Д.Ганхуяг ажил хийхгүй манаж суух юм ямар ч хэрэг алга гэж эгдүүцлээ илэрхийлээд энэ асуудлыг анхааралдаа авахыг Сангийн сайдад сануулав.
Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын бондыг хэнд зарахаа хэлэхгүй байгаа учраас дэмжихгүй гэдгээ О.Баасанхүү гишүүн хэлэв. Тэгвэл Д.Ганхуяг гишүүн бонд гаргахыг дэмжихээ дурдаад “Оюутолгойн хөрөнгө оруулалтын удирдчилгаа төлбөр биш зээлийн төлбөр гэж ярих зөв. Бид нэлээд өндөр хүүтэй зээл авчихсан. Юмыг үнэн мөнөөр ярьж бай” гэж Сангийн сайдад зөвлөсөн. Ингээд бонд гаргах тогтоолыг хэлэлцэхийг дэмжээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөр нэртэй, таван жилийн хугацаатай 100 сая “ногоон”-ы зээлийг 15 сая ам.долларын хүүгийн хамт аравдугаар сард төлж барагдуулсан. Сангийн яамныхан төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр авах гэж буй зээлээ дээрх урьдчилгаа төлбөртэй холбон тайлбарлаж байгаа нь дэмжүүлэх улс төрийн тактик мэт харагдаж байв.
Үүний дараа залгуулаад Төсвийн байнгын хороо хуралдаж тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг зэрэг хийн төслүүдийг батлахыг дэмжлээ. Мөн төсвийн тодотголыг дагалдуулан өргөн барьсан Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ингэхэд санал хэлэх болон асуулт асуух гишүүн гарсангүй. Улмаар Б.Болор гишүүн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргаж дэмжүүлсэн.
Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Монгол Улсын 2014 оны Төсөв, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв. Гурав дахь хэлэлцүүлэгт асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлж, хуулиудын өөрчлөлт орсон зүйл, заалтуудыг уншин танилцуулснаар эцэслэн баталлаа. Үүний дараа Засгийн газрын бонд гаргах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав.
Т.Энхбат