Та бүхэндээ шинэ оны анхны тэмдэглэлээ хүргэж байгаадаа баяртай байна.
Нарны хурц гэрэл цавцайсан цагаан цасанд ойгоод, уулын жавартай салхинд нүд бүрэлзээд камерны шагайвчаар юм олж харахад бэрх. Гэтэл нэг жижигхэн хар нүд гялс хийхэд цав цагаан шувууг цасан дээрээс арайхийн ялгаж харлаа. Тас хар нүд, жижиг хар хошуунаас өөр нүд торох зүйлгүй түүнийг олж харахад хэцүү. Энэ бол эмэгчин Цэвдгийн ахууна (Lagopus muta).
Сүрэглэн суух 15 орчим шувуу руу ойртох санаатай мөлхлөө. Гэтэл сүргийн цэц нь хүний бараа харагдмагц дуугараад, бусад нь дэрхийгээд нисчих нь тэр...
“Ахууна” гэдэг нэрийг Архангайн Цахирын уугуул, шувуу зурагчин найз П.Жаргалбатаас анх сонсоод гайхаж, интернэтээс хайтал Монголч эрдэмтэн Симуковын 1930-аад онд хийсэн Монгол орны амьтан шувууны бүртгэлийн хуулбар санаандгүй олдож үнэмшиж билээ. Төдөлгүй 2012 оны цагаан сарын амралтын ая таарч, манай анд газарчилснаар хотоос энэ уулыг зорьж ирсэн юм.
Хэдэн цаг ингэж алгуурхан мөлхсөөр дуранд харагдах зайд дөхөж, хэдэн зураг авснаар Цэвдгийн ахууны сургаар холын замд гарч, уулын оргил өөд, хунгар цасанд түүртэн мацсан дөрвөн өдрийн аялал маань төгссөн юм.
Хойд туйлыг тойрсон хүйтний бүсэд гайхалтай зохицсон энэ сонин шувууны өд нь өвөлдөө ийнхүү цав цагаан болж, дулааны улиралд бор болдог учраас махчин шувуунд баригдах аюул бага ажээ. Бие нь нягт дулаан өд сөдтэйгээс гадна хөл сарвуу хүртлээ сагсайсан дулаан сөдтэй нь сонин.
Өвлийн урт шөнө цасан хунгар дор шургаж, оромж хийгээд хоноглочихдог. Жавартай цасан шуурга шамарга болж, гадаа агаарын хэм -50 хүрч байхад тэр оромжинд нь - 4 хэмээс доошгүй дулаахан байдаг гэнэ.
Хус, нүргэс, бургасны молцог үр, алирсны нахиагаар хооллоод өвлийн хахир улирлыг өнтэй давчихдаг. Нас бие гүйцсэн эрэгчин нь гоё улаан хөмсөгтэй.
Харин ахууны мах нь элдэв өвчнөөс анагаадаг гэх явган ярианаас болж энэ шувуу хууль бус агнуур, наймааны “хар салхинд“ аанай л өртсөнийг сонсоход харамсмаар. Саяхан анд маань нутаг явахдаа асууж сурсан боловч харсан хүн олдоогүй гэнэ.
Ихэмсэг хээнцэр төрхтэй, үзэсгэлэн төгөлдөр энэ шувуу Монгол орны өндөр улсын өмөг түшиг дор амгалан орших болтугай.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.