Иргэдийн 56.1 хувь Оюутолгой болон томоохон төслүүдийг дэмжлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2015-02-04 10:55 GMT+8

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё хэмээн иргэдээс хоёр сонголтонд багтаж санал авсан.

Ерөнхий сайдын илгээсэн санал асуулгад нийт 365,841 иргэн санал өгчээ.

Үүнээс 63,830 саналыг хүчингүйд тооцсон байна. Хүчингүй болсон саналын тухайд гэвэл 1,2 гэсэн сонголтоос өөрөөр хариулт илгээсэн эсвэл хоосон мессеж ирүүлсэн байна.

Үлдсэн саналыг хувилж үзэхэд 169 230 иргэн буюу 56,1 хувь нь 1 буюу Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох гэсэн хувилбарыг дэмжжээ.

Үлдсэн 132 мянган иргэн буюу 43,9 хувь нь 2 гэсэн сонголтыг мессежээр илгээсэн байна.

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр энэ талаар "Иргэдийн хувьд санал асуулгад заавал оролцох үүрэг хүлээгүй. Засгийн газар зөвхөн энэ хариултанд үндэслэж дараагийн бодлогоо тодорхойлохгүй учраас хүмүүс буруу бодож болохгүй. Ард иргэдийнхээ хандлагыг тодорхойлох зорилгоор энэхүү санал асуулгыг авсан. Энэхүү санал асуулгад ямар нэгэн зардал мөнгө гаргаагүй. Үүрэн операторууд нийгмийн хариуцлагаа хүлээж, өөрсдөө бүх зардлаа гаргасан" гэв.

Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох гэсэн эхний хариултын том төслүүд гэдэгт өөр ямар төсөл багтсан талаар лавласан юм. Энэ асуултад хариулахдаа "Цахилгаан станц, хурдны авто зам зэрэг төслүүд" гэсэн юм. 

Дашрамд хэлэхэд манай улсад нийт 4.2 сая ширхэг сим картыг үүрэн утасны операторууд худалдсан байдаг юм байна. Эдгээрээс тодорхой шалгуурын дагуу танаад 3.3 сая дугаарт Ерөнхий сайдын санаачилсан асуултыг илгээжээ. Роуминг үйлчилгээгээ идэвхжүүлсэн болон манай улсад суугаа гадаад иргэдэд мессеж илгээгээгзй байна.      

Оператор компаниуд бүх зардлыг хариуцан иргэдээс санал авахдаа хэн ямар санал өгснийг бүрэн нууцлах саналыг Засгийн газарт тавьсны дагуу хувь хүний нууцлалыг өндөр сахих юм байна. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ