УИХ-ын намрын чуулган завсарлаад долоо хонож байна. Цагаан сарын баярт олон нийтийн анхаарал чиглэж, бууз баншаа чимхэх, бэлэг сэлтээ зэхэх гээд завгүй явах өдрүүдэд УИХ-ын эрхэм гишүүд баахан хууль бөөндөж орхилоо.
Тэр тусмаа битүүний өдрийн хуралдаанаар юу юу ч болчихов. Нөгөө талаар УИХ байнга ийм эрч хүчтэй ажилладаг бол төлөвлөсөн асуудлаа цаг хугацаанд нь багтаахад ядах юмгүй. Гэвч ийм “гэрлийн хурдтай” өдрүүд тун ховор тохиодог. Сайд огцруулах, томилох, төсөв хэлэлцэх үеэр л чуулганы танхимд цуглах гишүүдийн тоо 50-иас дээш гардаг юм. Бусад үед 40 гаруйхан хүн л орон, гаран суудаг. Баяр тохиохоор бөөндөж батлаад байдаг хуулиуд нь Үндсэн хуулийн цэц дээр очоод унах нь хэвийн үзэгдэл болсон.
Энэ мэтээр назгай хэмнэлтэй УИХ-ын гишүүд намрын чуулганаар ямар ажил хийв. Үр дүнг нь сонирхоод үзье.
ҮНДСЭН АЖИЛДАА 60, ХОР НАЙРУУЛАХДАА 40 ХУВИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ
Намрын чуулганаар нэр зааж 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Гэвч үр дүн нь 60 хувь байсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ярьсан байна лээ. Жагсаалтад багтсан асуудлуудаас хэлэлцэж эхлээ ч үгүй хууль цөөнгүй. Гишүүд “завгүй” байсан, нөгөө талаас хэлэлцэх гээд байгаа төслүүдийг нь УИХ-д өргөн бариагүй гэсэн хоёр шалтгаан бий. Сонгуулийн нэгдсэн, Улс төрийн намуудын болон санхүүжилтийн тухай хуулийн төслийг бараг л энэ УИХ бүрдсэн цагаас чуулган бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Гэвч батлах нь байтугай, эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй, бүрэн боловсруулаа ч үгүй байгаа юм. 2016 он гарахаас өмнө Сонгуулийн хуулийг батлах ёстой учраас ирэх хаврын чуулганд л найдлага тавихаас аргагүй нь.
Өргөн барьчихсан атал зарим төслийг хэлэлцээгүй, нээж ч харах “завгүй” явсан шалтгаан нь тун энгийн. Түшээд намаараа талцаж, нэг хэсэг нь Засгийн газрыг унагах хор найруулж, нөгөө хэсэг нь хамгаалах тактик боловсруулаад амжаагүй юм. А.Бакей гишүүний дүгнэснээр 60 хувийн үр дүн гаргаж, үндсэн ажлаа хийсэн бол үлдсэн 40 хувийг “сандал суудлын хэрүүлд” зориулсан байх нь.
Намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд олон хүлээлттэйгээр нээсэн. “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжүүлж, 100 хоногт эдийн засгаа сэхээнэ гэсэн амлалтдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ороогдох болсон үе байлаа. Үнэндээ энэ өдрүүдэд эдийн засаг ид шидийн мэт сайжраагүй. Тийм боломж ч үгүй байсан биз. “100 хоногийн дараа үр дүн гарахгүй бол олонх өөрөө Засгийн газрыг яахаа шийднэ” гэсэн Бүлгийн даргынх нь мэдэгдлийг сөрөг хүчнийхэн сануулж эхэлсэн нь мэдээж.
АН-ын зүгээс ямар нэг алхам хийхээс аргагүйд хүрэв. Ингээд Н.Алтанхуяг өөрөө түрүүлж алхам хийсэн. Нөгөө талаар Засгийн газраа аварч үлдэх сүүлчийн аргаа хэрэглэсэн юм. Тэр Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, цомхон чадварлаг багтай ажиллая гэлээ. Долоон сайдаа чөлөөлж, дөрвийг шинээр томилохоор болж, 13 яам, 17 сайдтай ажиллах бүтцийг УИХ-аар батлуулсан. Ч.Улаан, Н.Батбаяр, Д.Ганхуяг, Л.Болд тэргүүтэй долоон сайдыг ажлаас чөлөөлж, орны хүмүүсийг тодруулах марафон өрнөж, нэрс бараг бэлэн болсон байв.
Үүнийг хийхийн тулд МАН-аас бусад нам дотор бужигнаан үүсэж, фракц, бүлэглэлийн тохиролцоо, гомдол юу эс өрнөсөн гэх вэ. Гэвч сөрөг хүчинд энэ нь хангалттай байсангүй. Тэд аравдугаар сарын 16-нд Н.Алтанхуягийг огцруулах тогтоол өргөн барьсан. Ингээд сандал суудал тойрсон бүр томхон “хэлэлцүүлэг” өрнөсөн билээ.
МАН-ын бүлгийн 26 гишүүн дээр МАХН-ын Л.Цог, АН-ын Ж.Батзандан нэмэгдсэн байлаа. Засгийн газраа аварч үлдэх ээлжит оролдлогоо Н.Алтанхуяг хийж, МАХН-ын дарга Н.Энхбаяртай намын бүх шатны удирдлагадаа мэдэгдэлгүйгээр гэрээ байгуулж орхиод бүр буруудсан. Үүгээр нь далимдуулаад АН-ын “Шонхор”, МоАХ фракцынхан түүний эсрэг зогсож, сөрөг хүчинтэй нэгдэн эсрэг товчлуур дарсан юм.
Энэ өдөр арваннэгдүгээр сарын 5 байлаа. Дараагийн Ерөнхий сайдыг томилох гэж 20 орчим хонов. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх намыг Засгийн газарт урьж, түүнтэй холбоотой “бялуу” хуваах, хүнээ сойх гээд өрсөлдөөн, хор найруулга үргэлжлэв. Ингэсээр арванхоёрдугаар сар шувтарч ахуйд Засгийн газар сая нэг бүрдэж дууссан.
Үндсэндээ намрын чуулган нээсэн өдрөөс Засгийн газар бүрэн бүрдэх хүртэл бүтэн гурван сар УИХ хууль тогтоох ажлаа хийгээгүй гээд хэлчихэд буруудахгүй. Эрхбиш хуулиар тогтоосон хугацаатай учраас улсын төсөв, мөнгөний бодлогыг баталсан. Ингэхдээ түүхэндээ анх удаа Сангийн болон Ерөнхий сайдгүйгээр шийдвэрлэсэн юмдаг.
ЗАВСАРЛАГА, БАС ДАХИН ЗАВСАРЛАГА
Өмнө нь голдуу сөрөг хүчнийхэн завсарлага авдаг байлаа. Дараа нь маргах, барьцах зүйлгүйгээр бүгд “бялуу”-наас хүртсэн. Ярьсан шигээ хамтраад ажлыг гялалзуулаад өгөх болов уу гэсэн гэнэн хүлээлт олон нийтэд төрсөн нь нууц биш. Гэвч тэгсэнгүй. “Шударга ёс” эвсэл гэхэд долоо хоногт таван удаа завсарлага авч рекорд тогтоох шахлаа. “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслөөс авсан тэдний завсарлага битүүний өдөр сая нэг дууссан байх жишээтэй. Хамтраад ажиллана гээд байсан МАН-ынхан ч бас үе үе завсарлага авч, чуулганы танхимын нэг тал эзгүйрсэн өдрүүд бишгүй л байлаа.
З.ЭНХБОЛД: 165 ХУУЛЬ, 44 ТОГТООЛ БАТАЛСАН
Намрын чуулганыг хаахдаа УИХ-ын дарга ингэж хэлсэн юм. Нэр заасан 25 асуудлаас гадна “бусад” гэсэн ангиллаар цаг үеийн, чухал асуудлуудыг оруулж хэлэлцдэг. Бас хаврын чуулганаас шилжиж ирсэн асуудлууд ч бий. Энэ бүхнийг оруулахаар ийм сүрхий “ажилсаг” тоо гарч байгаа аж. Үнэндээ намрын чуулганаар томоохон ямар хууль баталсан бэ. Чуулганы хугацааг долоо хоногоор сунган байж хуралдсан шалтгаан болох Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төслийг баталжээ. Одоо үүний дагуу дунд болон урт хугацаанд эдийн засгаа сэргээх учиртай болж байна.
Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол, “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, Ашигт малтмалын, Чөлөөт бүсийн, Цөмийн энергийн, Өрийн удирдлагын тухай хуулийг битүүний өдөр гараас гаргасан. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Монгол хэлний тухай хуулийг баталсан.
Намрын чуулганаар баталсан хуулиудаас хоёр нь олны анхаарлыг ихэд татаж, багагүй шүүмжлэл өрнүүлээд авсан билээ. Иргэний хөдөлгөөний нэг эрхмийн шоронд хоригдох шалтгаан болсон “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг битүүний өдөр “гулгуулж” орхилоо. Мөн 2025 оноос төрийн бичиг баримтыг кирилл, монгол бичгээр хослон бичих тухай Монгол хэлний тухай хуулийн төсөл ч даваагаа давжээ. Сайшаал гэхээсээ шүүмжлэл түлхүү дагуулсан ийм хэдэн хууль баталсан байна. Хөрсөн дээр буусан уу, үгүй юү гэдгийг нь хэрэгжүүлж эхлээд мэдрэх болов уу.
Намрын чуулганы эхний гурван сар сандал, суудал ярьж, хор найруулсан түшээд үлдсэн хоёр сард л үндсэн ажлаа санасан байна. Тэр тусмаа чуулган завсарлах болсныг гэнэт ухаарч, сүүлийн хэдэн өдөр л шаргуу ажиллажээ. Уг нь тэд улстөржиж, тогтворгүй байдал үүсгэх, хор найруулах гэж биш, ард түмний амьдралд нийцсэн, болохгүй бүтэхгүйг зөвөөр зохицуулсан хууль батлах гэж л УИХ-д сонгогдсон. Харамсалтай нь үндсэн зорилгоо санадаг нь тун цөөн аж.
Хаврын чуулган намрынхаасаа дээрдсэн, ажилдаа анхаарч, улстөржихөө хойш тавьсан байгаасай гэж найдъя.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Намрын чуулганы үр дүнг та юу гэж харж байна вэ?
С.ДЭМБЭРЭЛ (УИХ-ын гишүүн):
Ээлжит чуулганаар төлөвлөсөн ажлаа зуун хувь хийсэн үү гэвэл үгүй. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хэрэгтэй гол хуулиудаа баталсан. Эдгээр хууль ерөнхийдөө дажгүй. Ялангуяа Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, олон жил гацсан Чөлөөт бүсийн хуулийг баталсан нь тодорхойгүй байсан асуудлуудын зүг чигийг олоход ихээхэн ач холбогдолтой.
Ер нь аливаа тодорхойгүй байдал л хамгийн хохиролтой байдаг шүү дээ. Гэвч бизнесийн орчныг сайжруулах, санхүүгийн боломж нээх, татварын реформ хийх, эдийн засгийн өршөөл үзүүлэх чиглэлийн хэд хэдэн чухал хуулиа батлалгүй үлдээсэн. Цаг алдаж байна. Эдгээрийг ирэх чуулганы эхээр батална гэж найдаж байна. Энэ хооронд Засгийн газар төслүүдээ маш сайн боловсруулан, хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэх асуудлын дараалал үл харгалзан, шууд оруулж ирэх хэрэгтэй.
Д.ЭНХБАТ (Баянгол дүүргийн V хорооны иргэн)
-Үр дүн гарсан юм уу. Давхар дээлээ тайлна, тайлахгүй гэж хэрэлдсээр байгаад иргэдийг Цагаан сардаа бэлтгэж байх үеэр хэдэн хууль хальт баталсан. Зарим нь уншиж ч үзээгүй зүйлээ баталсан байх шүү. Одоо дахиад л хуралдаж хуралдаж байгаад хүмүүсийн анхаарал өөр зүйлд хандсан үеэр буюу Наадмын өмнө бас хэдэн хууль халтуурдах биз. Манай төрд төлөвлөсөн, нэгдсэн бодлого гэж алга. Намчирхаж, хэдэн албан тушаалаа хувааж аваад чимээгүй болцгооно.
Улс төрд хэдэн том компанийн захирлууд суучихаад өөрсдөдөө ашигтай хууль баталж байгаа нь нууц биш болсон. Хууль батлахад байхгүй нэгнийхээ өмнөөс кноп дарна. Луйвар ил тод хийж байна. Ийм цөөхөн хүн амтай манайх шиг улсад Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэж бодож байна. Хоёр нам нэгдээд 2016 он болтол хамтарч идэхээр төлөвлөчихлөө. Монголын ард түмэн, татвар төлөгчид тэднийг тэжээж, байгалийн баялгаа ч барж дууслаа.
Я.ТАЙВАН (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн)
-УИХ-ын гишүүдэд ард түмэн итгэхээ больсон. Чуулганаар юу ярьж байгаа нь ч сонин биш болсон. Угаасаа л хоёр нам нийлээд идэж ууж, гадаадынханд газар шороогоо худалдаж байгаа нь ил байна шүү дээ. Тийм болохоор Монгол Улс ямар ч намгүй болбол яасан юм бэ гэж бодож байна.
Энэ 76 гишүүнийг бүгдийг нь солих хэрэгтэй. Хэчнээн тэрбум төгрөг нуун шамшигдуулсан С.Баярцогт гэхэд л гишүүний суудлаасаа мултралгүй үлдэж чадлаа. Энэ мэт бусармаг зүйлийн эсрэг монголчууд тэмцэх цаг болжээ. Ахмад настнууд бүгд л тэтгэврийн зээлтэй амьдарч байна. Тэтгэврийн зээлийн хүүг багасгах талаар яриад больчихлоо шүү дээ.
Ж.ОТГОНБАЯР (Баянзүрх дүүргийн XXIII хорооны иргэн)
-Амьдрал болоод л байна. Улс төрийн эрх мэдэлтнүүд чадлынхаа хэрээр ажлаа хийж байгаа гэж боддог. Бүтээн байгуулалт ч энд тэнд өрнөж байна. Сүүлийн үед уул уурхай, ашигт малтмал, Ноён уулын талаар их ярьж байна. Гадаадынханд уул уурхайн баялгаа зүгээр шахуу өгөөд баймааргүй байна. Болж л өгвөл өөрсдөө л хийж бүтээж байхгүй бол гадаадынхан алсуур холын бодлогоор манай улсыг эзлээд авчих вий гэж эмээх л юм.
Урд нь засаг барьж байсан нөхөд хөл толгойг нь алдагдуулсан болохоор одоогийн төр барьж байгаа хүмүүст хүндрэл учирч байна. Нэг нам амласнаа биелүүлээгүй байхад нь нөгөөх нь гарч ирээд бантан болгочих юм. Улс төрийн нарийн ширийн асуудлыг эгэл жирийн бид мэдэх биш. Гэхдээ харж байхад ганц компанид саймширч, хуулиа өөрчилж байгаа нь харамсалтай.
Ч.ӨЛЗИЙСАЙХАН (МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн багш, доктор, улс төр судлаач)
-Ашигт малтмалын тухай хуульд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан байдаг.
Энэ бол нийгмийн зүгээс шүүмжлэлд өртдөг заалт юм. Учир нь энэ заалтаар баялгаа үнэлэхгүй орхиж, зөвхөн хөрөнгө оруулсан хэмжээнээсээ л хамаарч 34 хүртэлх хувийг эзэмшинэ гэсэн үг. Нэгэнт байгалийн баялгаа гаргаж байгаа бол тэр нь хөрөнгө оруулалт болж үнэлэгдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл 34 хувиа үгүй болгоод оронд нь тавхан хувийн ашиг авна гэдэг хувь хүн бол хэзээ ч хийхээргүй бизнесийг манай төр засгийнхан хийчихлээ.
1996 оноос хойш батлагдсан Ашигт малтмалын тухай хууль болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүд нь Наадам, Цагаан сар, Шинэ жил зэрэг баяр ёслолын үеэр таарсан байдаг бөгөөд ард түмэнд ашигтай засварууд ерөөсөө орж ирээгүй юм. Ард түмнээс санал асуулга авах тухай заалт Үндсэн хуульд бий. Улс орны амин чухал асуудлыг шийдэхдээ мэдлэг чадвар нь хүрэхгүй бол ард түмнээс асууж хэлэлцүүлмээр байна.
Мөн ашигт малтмалын хуульд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан байдаг. Үүнийг огт хэрэгжүүлэхгүй байна. Хэрэгжүүлбэл манай улсад ашигтай.
Францын Үндсэн хуульд “Францын парламент нэг компанид зориулсан асуудал хэлэлцэхгүй” гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл, улсаас баримтлах төрийн бодлогоо л баримталж, засгийн газар нь хэрэгжүүлнэ гэсэн үг. Гэтэл манайхан ганц компанид зориулж татварын хууль гарган бусад компаниас өөр татвар авдаг байх жишээтэй. Чуулганаар шийдвэрлэж буй асуудлууд, хууль ард түмнийг бухимдуулж байна шүү дээ. Эрх мэдэлд байгаа хүмүүс хөгжсөн улсууд, хөгжөөгүй дампуурсан улсуудын түүхийг харьцуулж судлах хэрэгтэй.
ЭШЛЭЛ
- АН Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол, эв нэгдлийг эрхэмлэж, улс оронд тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор УИХ-д суудалтай улс төрийн бүх намтай хамтран ИХ ЭВСЛИЙН Засгийн газар байгууллаа.
- УИХ анх удаа олон жил алдагдалтай явж ирсэн, өөрсдийгөө хуурсан төсвөөс татгалзаж, сахилга бат тогтоосон төсөв баталлаа. Үүгээр эдийн засгийн бодит байдалд нийцсэн, үр ашигтай байх зарчим баримталж, олон жил дамжиж буй, хуучин объектуудыг дуусгах хариуцлага хүлээсэн шийдвэр гаргасан нь онцлог байлаа.
- Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний зарцуулалтыг төсөвт тусган, тодотгол хийж, улсын өрийн ДНБ-д эзлэх хэмжээг 2015 оны төсвийн жилд 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо. Гэхдээ улсын өрийн буцаан төлөх график, макро эдийн засгийн бусад тооцоо, үзүүлэлтийг харгалзаж үзэхгүйгээр дээд хэмжээг ийнхүү хуульчилсан нь эдийн засагт хүндрэл дагуулж болзошгүй байна.
- “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг УИХ 2010 онд бүрэн бүрдүүлж өгсөн бөгөөд амжилттай хэрэгжих ёстой. Засгийн газраас “Оюутолгой” төслийн хамтрагч талтай харилцан ашигтай, хамтын ажиллагааг зах зээлийн зарчимд нийцүүлэн үр дүнтэй үргэлжүүлнэ гэж найдаж байна.
- Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон холбогдох бусад гэрээг байгуулахдаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад хууль, тогтоомжид нийцүүлж, улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангаснаар төслийг амжилттай хэрэгжүүлэх, эдийн засгийн ирээдүйн үр өгөөжийг баталгаажуулах болно. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулж, үр ашгаа бодитой өгөх хэлбэрээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
- Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар УИХ шийдвэр гаргасан нь эдийн засагт эерэг дохио болно. Уг ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох замаар бус, харин ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тооцож авах хэлбэрээр ашиглуулахаар Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт орууллаа. Тус ордоос 10 жилийн хугацаанд олборлох 70 тонн алтыг Монголбанкинд худалдах зохицуулалт хийсэн нь чухал ач холбогдолтой шийдвэр боллоо.
УИХ-ын дарга З.Энхболд 2014 оны намрын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгээс
-Намрын чуулганы үр дүн их муу байна. Яагаад гэвэл, ээлжит чуулган эхлэнгүүт сандал, ширээний асуудал яригдаж, Засгийн газраа өөрчлөн байгуулсан. Дараа нь намууд бялуугаа булаацалдаж, ихээхэн цаг авсан.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол” телевизэд өгсөн ярилцлагаас
-Эх орны хувь заяанд эргэлт хийсэн, нэлээд ачаалалтай чуулган байлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол” телевизэд өгсөн ярилцлагаас
-Намрын чуулганы хугацаанд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг баталлаа. Үүнд манай Бүлгээс гаргасан тодорхой саналууд багтсан. Үүнээс гадна Өрийн удирдлагын тухай хууль баталсан гэхчилэн олон чухал асуудал шийдсэн чуулган болж өнгөрлөө. Шинэ Засгийн газраас УИХ-д оруулж ирэх төслүүдээс зөвийг нь МАН-ын бүлэг дэмжиж ажиллахаа анхнаасаа хэлж байсан. Харин бурууд нь хориг тавьж, шүүмжлэлтэй хандана гэсэн байр суурь маань хэвээрээ байх болно.
С.Туул