Тэтгэврийн зээлийг есөн хувь болгон бууруулах саналыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасныг дуулсан байх. Үндэслэл нь үнэхээр бодитой учир энэ саналыг дэмжүүштэй санагдав. Ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцдэггүй. Ялангуяа бага цалинтай ажиллаж байсан хөгшид амь зогоох төдий л тэтгэвэртэй гэхэд хилсдэхгүй.
Өндөр хөгжилтэй орны ахмадууд хуримтлуулсан мөнгөөрөө тэтгэвэрт гарсан хойноо дэлхийгээр тойрон аялж, насны буянаа эдэлдэг бол Монголд энэ байдал тэс ондоо. Тэтгэврийн хэдэн бор төгрөгөөс өөр орлогогүй ахмадууд зүдрүүхэн амьдардаг. Идэх уухаасаа илүү гаргаж чаддаггүй тэд эм тариагаа хүүхдүүдийнхээ ачаар л залгуулдаг жаягтай. Хүүхдүүд нь дэмгүй бол хөгшдийн амьдрал тун бэрх. Энэ бол Монголын хүн амын олонхийг хүрээлэн буй бодит байдал юм.
Өндөр настны тэтгэврийн дундаж 230 мянган төгрөгт хүрснийг Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээлжээ. Гэтэл Улаанбаатарын төвд байрлах тохилог зоогийн газарт үхрийн давтсан мах 100 мянган төгрөгийн үнэтэй байх тохиолдол бий. Хүнсний барааны үнэ 30 гаруй хувиар өсчхөөд байгаа өнөө үед хөгшдийн амьжиргаа сульдаж буй нь гарцаагүй. Зээлийн хүүг есөн хувь болгож бууруулах нь ахмадуудаа тойлох, амьдралд нь нэмэр болох нэг арга зам.
Манай улс 210 мянга гаруй өндөр настны тэтгэвэр авагчтай. Гэтэл өнөөдрийн байдлаар 190 мянган нь тэтгэврийн зээлтэй байна. Ахмадууд санхүүгийн байнгын дутагдалтай байдгийг үүнээс харж болно. Сумын төвийн дэлгүүрийн худалдагч тэтгэврийн 20-30 дэвтэр давхарлаад барьчихсан банкны дараалалд зогсож байхыг хараад гайхах хэрэггүй. Хөгшид маань тэтгэврийн дэвтрээ барьцаалаад зээл авчихдаг болсон. Худалдагч зээлүүлсэн барааныхаа мөнгийг авахаар зогсож буй нь тэр.
Өндөр настнууд нийт 355 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Хүү нь дунджаар 18 хувь. Тэгвэл нийгмийн даатгалын сангийн 522 тэрбум төгрөгийг найман банканд дунджаар 10.7 хувийн хүүтэй байршуулж байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэврийн зээл олгох арилжааны банкнуудад 6.3 хувийн хүүтэй байршуулахад хүүг нь есөн хувь хүртэл бууруулах боломж бий гэж Н.Номтойбаяр гишүүн тайлбарласан. Зарим банк ч зардлаа нөхөх 2.7 хувийн хүү нэмээд есөн хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгджээ.
Энгийнээр тайлбарлавал “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг танайд 6.3 хувийн хүүтэй байршуулъя, та нар цааш есөн хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгооч” гэсэн саналыг банкууд зөвшөөрсөн хэрэг.
Нэгэн өндөр настан гурван сая төгрөгийг арван сарын хугацаа, жилийн 18 хувийн хүүтэй зээлье гэж бодоход хүүнд нь 255 мянган төгрөг төлнө. Харин жилийн есөн хувийн хүүтэй зээлбэл 126 мянган төгрөг төлөх юм. Ингэхээр зээлийн хүүнээс 129 мянган төгрөг хэмнэнэ гэсэн үг. Нэг настнаар жишээлэхэд бага хэмнэлт гарч буй мэт харагдаж магадгүй. Тэтгэврийн зээл авсан 190 мянган ахмад ийм хэмнэлт хийнэ гэж тооцвол 24.5 тэрбум төгрөг тэдний халаасанд үлдэнэ.
Банкнуудад байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө тэтгэврийн зээлийн хэмжээнээс даруй 167 тэрбум төгрөгөөр давж байна. Энэ нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хөшүүрэг бэлэн байгааг харуулсан хэрэг. Одоо харин тэтгэврийн зээл олгох банканд энэ хөрөнгийг 6.3 хувийн хүүтэй байршуулах нь зээлийн хүүг бууруулах гол шийдэл болох учиртай.
Нийгмийн даатгалын сангийн 522 тэрбум төгрөгийн 36 хувийг “Капитал”, 29-ийг Улаанбаатар хотын, 17-г Төрийн, хоёрыг ХААН, нэгийг “Капитрон”, гурвыг Үндэсний хөрөнгө оруулалтын, дөрвийг “Голомт”, наймыг “Чингис хаан” банканд байршуулжээ. Эдгээрээс “Голомт”, “Капитрон”, Үндэсний хөрөнгө оруулалтын банк тэтгэврийн зээл олгодоггүй. Судалгаанаас харахад Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн талаас илүүг хадгалж буй “Капитал”, Улаанбаатар хотын банк нийт 18-хан тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгожээ. Гэтэл 268 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгосон ХААН, Төрийн банканд дээрх сангаас 102 тэрбумыг байршуулсан байв.
Хоёр банк иргэдээс 15.3 хувийн хүү амлаж татсан 166 тэрбум төгрөгөө ахмадуудад зээлсэн хэрэг. Тиймээс зардлаа нэмээд 18 хувийн хүүтэй зээлэхээс өөр аргагүй. Нийгмийн даатгалын сангаас ХААН банканд 12-хон тэрбум төгрөг байршуулсан байх юм. Гэтэл тус банк 124 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгожээ. Ийм тохиолдолд хүүгээ бууруулах ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Харин тус сангаас 124 тэрбум төгрөгийг ХААН банканд бага хүүтэй байршуулсан бол тэтгэврийн зээлийн хүү буурах нөхцөл бүрдэхээр байв.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүлдэг. Тус зөвлөлийнхөн тэтгэврийн зээл их хэмжээгээр олгодог банканд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бага хүүтэй байршуулах шийдвэр гаргавал намраас ахмадуудад есөн хувийн хүүтэй зээл өгч эхлэх аж. Учир нь сангийн хөрөнгийг банкнуудад байршуулсан гэрээний сүүлч ирэх наймдугаар сард дуусгавар болох гэнэ. Иймээс Н.Номтойбаяр гишүүн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулж, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэврийн зээл олгодог банкнуудад бага хүүтэй байршуулах шийдвэр гаргахыг С.Эрдэнэ сайдаас хүсэж байгаа юм.
Хэрэв Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл үүнийг хэлэлцэн шийдвэрлэхгүй бол сангийн хөрөнгийг ашиглан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоол гаргуулах төсөл бэлтгэсэн байна. Н.Номтойбаяр үүгээр зогсохгүй Засгийн газрын 30 гаруй тусгай сангийн банкнуудад байршуулсан хөрөнгийг дайчилж, цалингийн зээлийн хүүг бууруулах боломжийг ч эрэлхийлэхээр шийджээ. Одоогоор 240 мянган ажилтан 1.4 их наяд төгрөгийн цалингийн зээл авсан тооцоо гарчээ. Тэтгэвэр болон цалингийн зээлийн хүүг бууруулбал олон айл өрхийн санхүүгийн дарамт хөнгөрөх нь дамжиггүй.
Т.Энхбат