БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх байгууллага болох ТИКА-гийн Улаанбаатар дахь зохицуулагч Экрэм Каланыг энэ удаагийн GoGo Café буланд урьж ярилцлаа. Тэрээр “Монголын нууц товчоо”-г Монгол хэлнээс Турк хэл рүү орчуулсан, монгол судлаач түүхч хүн. Иймд түүнтэй монголчуудын тэр бүр мэддэггүй атлаа бидний түүхтэй салшгүй холбоотой Их Монгол Улс болон Алтан Ордын улсын талаар ярилцсан юм.
ГАЛТ ТЭРЭГНЭЭС БУУГААД ХАРТАЛ ХӨХ ТЭНГЭР НАМАЙГ ТЭВРЭЭД АВАХ ШИГ БОЛСОН
-Та Монголын түүхтэй анх яаж холбогдсон юм бэ?
-Их сургуулийн түүхийн ангийн гуравдугаар дамжаанд сурч байхад Монголын түүх гэж хоёр семестр хичээл орсон юм. Монголын их сургуулиудад Туркийн түүхийг заадаггүй юм билээ. Харин манайд Монголын түүх бол заавал үзэх ёстой хичээл. Энэ хичээлээр Ил хаадын улс, Алтан Ордын улс болон Монголын Эзэнт гүрний түүх зэргийг заадаг.
1206 онд Чингис хаан Баруун Монгол дахь Найман аймгийг эзлэн авсан. Энэ үеэр Найманы ханы ордонд Тататунгаатай таарчээ. Түүний гар дахь тамгыг хараад Чингис хаан “Энэ юу вэ” гэж асуусан байдаг.
1948 онд миний багш Ахмед Тэмир Монголын нууц товчоог Турк хэл рүү орчуулсан. Энэ номыг уншаад Чингис хааны бага нас, туулж өнгөрүүлсэн амьдрал, залуу нас нь миний анхаарлыг маш их татсан. Чингис хаан юу ч байхгүй хоосон талд маш том улс байгуулж чадсан. Энэ хүний зан чанар, шударга ёсны талаарх ойлголт, цэргийн ур чадвар, улсаа удирдах ухаан нь миний анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм.
Би түүний шүтэн бишрэгч болчихсон. Иймд “Монголын түүх” хичээлийн шалгалтаа 100 оноогоор хаасан. Энэ бол миний 100 авсан ганц хичээл. Багшийн зааснаас илүү ихийг мэдэхийг хүсч, Монголын түүхийн талаар байнга өөр номууд уншдаг байлаа. Тэгээд ч Монголын түүхийг Туркийн түүхээс ялгаж салгах боломжгүй. Монголчуудын өнөөдрийн амьдрал 1200-1300 жилийн өмнө энэ газар дээр амьдарч байсан Түрэгүүдийн амьдралыг надад санагдуулдаг. Турк болон Монголчуудын шашны зан үйл, зүйр цэцэн үг, зарим уламжлалууд хоорондоо их адилхан.
Төр улсаа бэхжүүлэх үүднээс Туркуудын төрийн уламжлал монголчуудад их нөлөө үзүүлжээ. 1206 онд Чингис хаан Баруун Монгол дахь Найман аймгийг эзлэн авсан. Энэ үеэр Найманы ханы ордонд Тататунгаатай таарчээ. Түүний гар дахь тамгыг хараад Чингис хаан “Энэ юу вэ” гэж асуусан байдаг. Уг нь энэ хүний нэр Татаар Тунгаа. Тэрээр Чингис хаанд энэ тамгаар хаад зарлигаа баталгаажуулдаг хэмээн тайлбарлаж өгчээ. Эрдэмтэй хүн болохыг нь мэдсэн Чингис хаан түүнийг зөвлөхөөрөө ажиллуулсан байдаг. Түүний ачаар Чингис хаан бичиг үсгийн ач холбогдлыг ч мэддэг болж, төрийн хэрэгтээ захидал зэргийг өргөн ашигладаг болсон. Мөн Татаатунгаа Алтан ургийн хангуудад монгол бичиг зааж байв.
Их засаг хуулийн тухайд бид Чингис хааныг баталсан хууль гэж ойлгодог. Харин энэ хуулийн олон заалтыг Чингис хаанаас ч өмнө нүүдэлчид мөрддөг байсан. Харин Чингис хаан тэр бүхнийг нэгтгэсэн гавьяатай. Энэ бол нүүдэлчдийн хууль. Монголын тал нутагт хэн амьдарч байна тэр бүхэн энэ хуулийг дагах учиртай байв.
-Та Монгол хэл хаана сурсан бэ?
-Би дөрөвдүгээр дамжаанд байхдаа Монголын Боловсролын яамнаас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрт Туркээс их цөөн оюутан бүртгүүлсэн юм. Тийм болохоор би сургууль төгсөөгүй байсан ч тэтгэлэг авчихсан. Ингээд 2002-2003 онд МУИС-ийн Монгол хэлний ангид суралцлаа. Үдээс өмнө хичээлдээ суучихаад үдээс хойш нь Турк судлалын Монгол оюутнуудад хичээл заасан. Ингэж ажлын гараагаа Монголд эхэлсэн.
Надад өмнө нь тэнгэр тийм ойрхон санагдаж байгаагүй. Бас Монголын хөх тэнгэрийн өнгө арай л өөр.
-Гэрийнхэн чинь яаж хүлээж авав?
-Ихэнх оюутан магистраа хамгаалахаар АНУ, Европ руу явдаг болохоор жаахан гайхацгаасан. Монгол судлаач болохын тулд Монголд л ажиллах ёстой, Монгол хэл мэдэхгүй бол Монгол судлаач болж чадахгүй гэдгээ хэлсэн. Ингээд Москвагаар дамжин Улаанбаатарт ирсэн юм.
Сибирийг харах боломж олдсон. Туркт сурдаг дөрвөн монгол оюутантай хамт явсан болохоор замдаа олон зүйл мэдэж авсан даа. Би тэр үед Монголоор муухан ярьдаг байсан юм. Истанбул дахь Галатайсарай их сургуулийн Олон улсын сургуульд сурдаг А.Уламбаяртай танилцаад, Монгол хэл сурмаар байна гэлээ. Яагаад гэвэл би дипломын ажлаа “1206 оныг хүртэлх Монголчууд” гэсэн сэдвээр хамгаалах гэж байсан юм. А.Уламбаяр ч зөвшөөрч, надад 6 сарын турш долоо хоногт 2 удаа Монгол хэл заасан.
-Монголд ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй байсан бэ?
-Хөх тэнгэрийн орон, нарлаг Монгол гэж дуулсан. Галт тэрэгнээс буугаад хартал нээрээ л хөх тэнгэр намайг тэврээд авах шиг л болсон. Надад өмнө нь тэнгэр тийм ойрхон санагдаж байгаагүй. Яагаад гэвэл би далайн түвшнээс нам дор газар болох Анталиа хотод өссөн юм. Бас Монголын хөх тэнгэрийн өнгө арай л өөр.
Сүүлийн 14 жилийн турш би Монголд ирж очин ажиллаж байна. Эхнэртэйгээ энд танилцсан. Хүү маань энд төрсөн болохоор Монгол орон миний хувьд онцгой байр суурьтай. Би танай улсад их хайртай.
Одоо ТИКА-гийн Улаанбаатар дахь зохицуулагчаар ажиллаж байгаа болохоор түүхч хүний хувьд хийх юмсан гэж бодсоноо ч хийж байна. Саяхан бид Ховд аймгаас Түрэгийн хаант улсын хоёр цоо шинэ бичээс оллоо. Удахгүй энэ талаар нийтлэл бичин, шинжлэх ухааны салбарынханд дуулгана. МУИС-ийн Турк судлалын тэнхимийн багштай хамт Ховд явж, хэмжилт хийгээд ирсэн. Хамгийн сонирхолтой нь бид эдгээр бичээсээс цоо шинэ хоёр үсэг нээсэн. Улаанбаатарт байх хугацаандаа төрийн ажлаа ч хийж, судалгааны ажлуудаа ч амжууллаа. Ирэх жилээс нутаг буцна. Очоод аль болох олон оюутныг нааш нь Монгол руу явуулахыг бодно доо. Монгол бол бидний өвөг дээдсийн орон.
-Та Монголын түүхтэй холбоотой хэдэн ном хэвлүүлсэн бэ?
-Дөрвөн ном хэвлүүлсэн. Олон арван нийтлэл бичсэн байна. Туркт Монгол хэлтэй хүн цөөн тул намайг ТИКА-гийн Улаанбаатар дахь зохицуулагчаар томилсон.
“МОНГОЛЫН НУУЦ ТҮҮХ” ГЭЖ БУРУУ ОРЧУУЛСАН. УЧИР НЬ АНГЛИ ХЭЛЭНД ТОВЧОО ГЭДЭГТЭЙ ДҮЙХ ҮГ БАЙХГҮЙ
-Туркт Монголын түүхийн талаар хангалттай эх сурвалжууд бий юу?
-Бий. Гэхдээ цөөн. “Алтан ордын эдийн засаг”, “Ил хаадын улсын хангууд”, “Чингис хааны байлдан дагуулал” гэх мэт судалгааны ажлууд байдаг. Харин Монголын түүхийг бүхэлд нь нэгтгэсэн, томоохон бүтээл байдаггүй.
“Монголын нууц товчоо”-г миний багш их эрт буюу 1948 онд Герман, Орос хэлнээс харьцуулан Турк хэл рүү хөрвүүлсэн.
Германд энэ бүтээлийг 1942 онд хэвлүүлсэн юм.
Хамгийн сүүлд 2011 онд 4 дэх хэвлэл нь гарсан.
Гэхдээ номын нэрийг “Монголын нууц түүх” гэж буруу орчуулсан.
Учир нь Англи хэлэнд товчоо гэдэгтэй дүйх үг байхгүй. Угтаа товчоо гэдэг нь товч, тоймлосон гэсэн үг. Иймд би Монгол судлаач нэг найзынхаа хамт “Монголын нууц товчоо”-г шууд Монгол хэлнээс орчуулсан.
“Монголын нууц товчоо”-г уншихад үнэхээр ч нэг бүхэл зохиолын хураангуй болох нь харагддаг. Бүлэг тус бүрийг өөр хүн бичсэн учраас харилцан адилгүй хэв маягтай. Мөн болсон үйл явдлын талаар өгүүлэхдээ алгассан байдаг. Бидний одоогийн мэдэх "Монголын нууц товчоо" илүү том бүтээл байх учиртай. Энэ бүтээлийг Цэнгүүн Манж хэлнээ хөрвүүлэн, 5 боть болгон хэвлэсэн гэж дуулсан. Илүү тодорхой мэдээлэл алга байна. Цэнгүүн бол Богд хааны шадар туслах. Тэрээр нэг Монгол, нэг Өвөрмонгол хоёр хатантай байсан юм. Одоо өндөр настай хөвгүүд нь Манжид амьдардаг гэж дуулсан. Хэрэв дээрх ботиудыг үнэхээр Өвөрмонголд хадгалж байгаа бол номын сангуудад нь хайх хэрэгтэй.
“Монголын нууц товчоо”-г уншихад үнэхээр ч нэг бүхэл зохиолын хураангуй болох нь харагддаг. Бүлэг тус бүрийг өөр хүн бичсэн учраас харилцан адилгүй хэв маягтай.
Хятадуудад Монгол хэл заах зорилгоор “Монголын нууц товчоо”-г Хятад хэл рүү хөрвүүлсэн юм билээ. Тэгэхээр “Монголын нууц товчоо”-ны эх нь хаа нэгтээ байх ёстой. Хэрэв устаж үгүй болсон бол дэлхийн түүхийн маш том гарз болно. Гэхдээ ийм зүйл болоогүй гэж би найддаг. Нэг л өдөр энэ бүтээл ил болно гэдэгт итгэдэг. Тэр цагт Монголын түүхийг шинээр бичнэ. Тэгэхээр “Монголын нууц товчоо”-г илүү гүнзгийрүүлэн судлах шаардлагатай.
-Та Монголын түүхийн чухам аль үеийг судалдаг юм бэ?
-Алтан ордны улсыг судалдаг. Үүний тулд Орос хэл сурах шаардлагатай. Би докторын ажлаа ОХУ-ны Казан хотод хийсэн.
-Яагаад Алтан ордын улсыг судалгааныхаа сэдэв болгон сонгосон юм бэ?
-Алтан Ордын Улс Монголчуудын байгуулсан улсуудаас ихээхэн онцлогтой. Бусад улсуудаас энэ улс илүү удаан оршин тогтносон. 1502 онд Алтан Ордын улс мөхсөн гэж үздэг. Мөн энэ улс Турк Улс бүрэлдэн бий болоход ихээхэн дөхөм үзүүлсэн. Алтан Ордынхон Оросуудыг хүчирхэгжихээс сэргийлж байсан нь Оттоманы эзэнт гүрэнд эергээр нөлөөлсөн. Энэ завшааныг ашиглан Оттоманчууд Балканы хойг хүртэл тэлж чадсан. Оросын хангууд тухайн үед князь буюу ханхүү болохын тулд Алтан Ордоос заавал дэмжлэг авах ёстой. Орост тухайн үед хот-улсууд олон байв. Оросууд Москваг “3 дахь Ром” гэж нэрлэдэг үе. Эхнийх нь Италийн Ром хот. Хоёр дахь Истанбул, гурав дахь нь Москва байсан. Тэд үргэлж Ромчуудыг даган дуурайж ирсэн. Иймд цезарь гэдэг хэргэм явсаар орос хэлэнд царь болсон. Мөн Оросууд Алтан ордын хааныг л Цезарь хэмээн дууддаг байв.
Алтан ордын улс олон овог аймгаас бүрддэг. 14 дүгээр зууны үед энэ улсын 1 монгол иргэнд 10 турк хүн ноогдож байсан. Монголчууд тэр газрыг эзлэн авсан ч удирдлагын баг нь монгол, иргэд нь Турк, Оросууд байсан. Бидний Ерөнхийлөгчийн логонд 16 морь байдаг. Энэ нь Туркийн 16 улсыг бэлгэддэг. Эдгээрийн нэг нь Алтан Ордын улс. Туркийн түүхчид энэ улсыг Турк-Монголчуудын улс гэж үздэг. Учир нь 14 дүгээр зуунд Алтан Ордын төрийн хэл нь Турк хэл болсон. Энэ үед Туркжих, исламын шашинд жилжих үйл явц зэрэг өрнөсөн.
Би Алтан Ордын хаадын мөнгөн дэвсгэртдээ хэрэглэж байсан нэрийг судалж үзэхэд 14 дүгээр зуунаас эхлэн Монгол үг болох Ханы оронд Хаан гэж бичин, араб үсгүүд хэрэглэж эхэлсэн байна. Төрийн бичиг хэргийг Монгол, Турк, Араб хэлээр зэрэг хөтөлж байсан. Алтан Ордын улс Зүүн Европын түүхэнд байр сууриа үлдээсэн улс. Иймд бид заавал энэ улсыг судлах ёстой. БНТУ-ын ерөнхийлөгчийн эмблем дээр 16 ширхэг од бий. Эдгээр нь дэлхийн түүхэн дэх Турк улсуудыг бэлгэддэгийн нэг нь Алтан Ордын улс.
Харамсалтай нь Монгол, Оросоор ярьдаг надаас өөр Монголч эрдэмтэн Туркт байхгүй. Мөн Алтан ордын улсын түүхийг судалдаг судлаач алга. Ахмад эрдэмтэд маань тэтгэвэрт гарч байна. Монголд ч гэсэн энэ сэдвээр судалгаа хийдэг ганц л түүхч бий. Ил хаадын улсыг судалдаг 2, Цагаадайн улсыг судалдаг нэг эрдэмтэн бий. Харамсалтай нь Монгол эрдэмтэд ч энэ чиглэлийг орхигдуулсан. Их Монгол улс болон Юан гүрнийг судлах нь их байна. Засгийн газраас залуу эрдэмтдээ гадаадад сурган, эр сурвалжийн хэл сургах хэрэгтэй. Жишээ нь Алтан ордыг судлах бол Орос, Араб хэлтэй байх ёстой. Ил хаадын улсыг судлах бол Перс, Араб хэл шаардлагатай.
Одоо Туркт докторын ажлаа хийж байгаа Анхбаяр Ил хаадын улсыг судалж байна. Турк, Араб хэл нь маш сайн. Оросоор бага зэрэг ярина, ойлгоно.
V ДУГААР ЗУУНД БАРУУН РОМ АТИЛЛА ХААНЫ ДОВТОЛГООНД ӨРТСӨН. 800 ЖИЛ ӨНГӨРСӨН Ч ЕВРОПЧУУД МОНГОЛЧУУДЫН ТҮРЭМГИЙЛЛИЙГ МАРТААГҮЙ
-Их Монгол улсын байлдан дагууллын талаар хилийн чанадад өдгөө ч сөрөг өнцгөөс нь ярьж тайлбарласаар байна.
-Энэ үнэн. Түүхч хүний нүдээр харахад Хятадад монголчуудын талаар ихээхэн сөрөг бодолтой байдаг. Учир нь монголчууд 100 орчим жил Хятадыг удирдсан. Мин улс засгийн эрхэнд гарч ирсэн нь Монголчуудын Юан гүрний эсрэг хийсэн бослогын үр дүн. Казахстан, Киргизд ч мөн адил 17 дугаар зуунд Ойрадуудын байгуулсан Зүүн гарын хаант улс казах, киргизүүдийн нутаг руу халдан довтолдог байж. Энэ байдал 200 жил үргэлжилсэн тул Казах, Уйгар, Киргизүүдийн хэл, соёл, уран зохиолд монголчуудын довтолгооны талаар олонтаа дүрсэлсэн байдаг. Одоо ч Алматы хотын зүүн уулуудыг Зүүн гарын уулууд гэж нэрлэдэг. Учир нь Ойрадууд энэ уулыг даван довтолдог байж л дээ. Оросуудын хувьд Монгол-татааруудын түрэмгийлэл гэх нэр томъёо ч бий. Оросын олон хотыг Монголчууд шатаан, иргэдээс татвар авдаг байсан.
Урагшаа Иран руу ирэхэд тэдний хамгийн дургүй хүмүүс нь монголчууд. Тэд одоо ч нүүдэлчдийн учруулсан хор хохирлын талаар ярьцгаадаг. Арабын орнуудад байдал яг адилхан. Ибни Нэсирийн “Дэлхийн түүх” номонд зохиолч өөрийнх нь амьдарч байсан үе болох 13 дугаар зууны үеийн монголчуудын эзлэн түрэмгийллийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тухайн үед Арабууд монголчуудыг нийтэд нь Татаар гэж нэрлэдэг байж.
Одоо ч Алматы хотын зүүн уулуудыг Зүүн гарын уулууд гэж нэрлэдэг. Учир нь Ойрадууд энэ уулыг даван довтолдог байж л дээ.
-Яагаад тэр билээ?
-1202 онд Чингис хаан Далан нөмрөгийн тулалдаанаар татаруудыг хүйс тэмтэрсэн. Үлдсэн татар эрчүүдийг дайны хамгийн эхний эгнээнд зогсоодог болжээ. Учир нь эхний эгнээнийхэн осолдох нь их. Монголчуудтай хамгийн анх нүүүр тулсан үндэстнүүд эхлээд татаруудыг хардаг тул нийт монголчуудыг Татарууд гэж нэрлэдэг байв. Ибни Нэсирийн номонд “Татаруудын удирдагч нь Чингис хаан. Аллах бурхан түүнийг гэсгээг” гэсэн байдаг.
Үнэхээр ч Чингис хааны үед Исламын олон хотыг газартай нь тэгшилсэн. Сэмэркант, Бухар, Нишабур, Мэр, Багдад хотуудыг монгол цэргүүд шатаасан. Эдгээр хотуудад шинжлэх ухаан, соёлын төвүүд, номын сангууд байв. Олон мянган хүн амиа алдсан учраас монголчуудын талаар их сөрөг бодолтой болсон.
1204 оныг хүртэлх хугацаанд Европчууд 4 удаагийн Загалмайтны дайн хийсэн байдаг. Тэдний зорилго нь исламын шашинтнуудыг Төв Ази руу буцаах, ариун газар болох Иерусалим хотыг эзлэх байв. 4 дэх дайралтаа тэд 1204 онд Истанбул хот руу хийсэн байдаг. Гэтэл Монгол цэргүүд Зүүн Европыг дайран гарч, Хорват хүртэл нэвтэрсэн. Гэвч Өгөөдэй хаан нас эцэслэсэн тул Хуралдайд оролцох зорилгоор дайнд явж байсан Монгол ноёд нутаг руугаа эргэн дуудагдсан байдаг. Монгол төрийн ёсонд хаан нас эцэслэхэд дараагийн хааныг Их Хуралдайгаар сонгон, бүх хан Их Хуралдайд оролцдог. Тэд Унгарын газар нутгаас эргэн буцсан.
Энэ үед Европт Пап ламын ноёрхол их хүчтэй байв. Түүний зарлиг хаадынхаас илүү нөлөөтэй. Тэд хаадыг шашнаас гаргах эрхтэй байв. Энэ тохиолдолд хааны титэм ч түүнийг аврахгүй. Иймд хэн ч Папыг эсэргүүцэхгүй. 1242 онд Дөрөвдүгээр Пап лам Инносент Францын лам Карпинид захидал өгөн, Монгол руу илгээжээ. Тэд Монголчуудтай тохиролцоо хийн, дундын дайсан болох Исламын шашинтнуудын эсрэг хамт хөдлөх зорилго агуулсан юм. Дараа нь 1253 онд Франц лам Рубрук Бат хаан, Алтан ордын газар нутгаар дайран, Мөнх хаанд ирж бараалхсан.
Харамсалтай нь Хархоринд хэсэг хугацаанд амьдарсан тэдгээр лам нар аян замын тэмдэглэлдээ Монголын талаар таагүй бодол, сэтгэгдэл үлдээсэн байдаг.
Монголчууд Киев хотыг шатаахад тэнд амьдарч байсан Герман овог аймгууд баруун зүг рүү нүүдэллэсэн юм. Иймд Европ даяар хүмүүс айж сандарч эхэлсэн. Учир нь 5 дугаар зуунд Баруун Ромын эзэнт гүрэн Атилла хааны довтолгоонд өртсөн шүү дээ. Атилла хаан Ром хотыг эзэлсэн ч Пап ламын хүсэлтээр энэ хотынхныг өршөөсөн байдаг. Хэдийгээр 800 жил өнгөрсөн ч Европчууд монголчуудын түрэмгийллийг мартаагүй байв. Хүмүүсийн сэтгэл зүйн айдас, түгшүр хэдэн үеэр давтагддаг юм байна.
Пап лам Монгол руу дахин дахин элч илгээж байсан нь Монголчуудыг Христийн шашинд оруулах гэсэн санаатай нь ч холбоотой. Гүюг хааны эх энэ шашны хүн байсан тул Гүюг хаан ч мөн адил итгэл үнэмшилтэй хэмээн буруу тооцоолсон байдаг. Харин Их Монгол улсад шашны бүхий л урсгал хэлбэрийг хүлээн зөвшөөрч, энэ асуудалд ихээхэн хүлээцтэй хандсан байдаг. Иймд зүүн талаас нь Монголчууд дайрч, баруун талаас нь Европчууд дайрснаар Исламын шашинтнуудыг хүйс тэмтрэх Пап ламын стратеги биелээгүй юм.
ХЭЭР ТАЛД ӨССӨН БОЛООД ТЭР ҮҮ ЧИНГИС ХААН ЭХЭНДЭЭ ХОТУУДЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ТӨДИЙЛӨН САЙН ОЙЛГООГҮЙ
Хэрэв нэг хотынхон Монголчуудад бууж өглөө гэхэд эхлээд эрдэмтэд, уран бүтээлчид, төмөрчин дархан гэх мэт гарын ур дүйтэй, чадварлаг хүмүүсийг нь ялгаж аван, Хархорин руу илгээдэг. Ингэж Хархорин хотыг Дундад Азийн урчууд бүтээсэн. Тэд хот барихын сацуу шавар ваар, зуух зэргийг ч бүтээсэн байдаг.
Харин үлдсэн иргэдээс эрчүүлийг нь дайны эхнийн эгнээнд зогсооно. Хэрэгцээгүй гэж үзсэн үлдсэн хүмүүсийг нь хөнөөдөг байсан. Нэг удаа Чингис хаан эзэлж авсан хотынхондоо амлалт өгч, хэний ч цусыг урсгахгүй гэжээ. Хотынхон бууж өгсний дараа бүх эрчүүдийг нь хотын гадна аваачин, нүх ухуулаад хүүгээр нь аавыг нь амьдаар нь булуулж, бүгдийг нь хороосон байдаг. Тэр хэлсэндээ хүрсэн. Яагаад эвэл хэний ч цусыг урсгаагүй. Энэ мэтээс үүдэн барууны иргэд Чингис хаанаас маш их айж балмагдаж эхэлсэн. Монголчуудын хийсэн бүхэн тэдний чихэнд амнаас ам дамжин хүрэхдээ ихээхэн давсалсан байдалтай буюу хэтрүүлэгтэй хүрдэг байсан. Монгол гэхээр бараг л мангас гэж ойлгон, төсөөлж байв.
Нэг удаа Чингис хаан эзэлж авсан хотынхондоо амлалт өгч, хэний ч цусыг урсгахгүй гэжээ. Тэд бууж өгсний дараа бүх эрчүүдийг нь хотын гадна аваачин, нүх ухуулаад хүүгээр нь аавыг нь амьдаар нь булуулж, бүгдийг нь хороосон байдаг.
Миний бодлоор Чингис хаан эхэндээ хотуудын ач холбогдлыг төдийлөн сайн ойлгоогүй. Тэр хүн хээр талд өссөн учраас тэр байх. Гэхдээ Бээжинг эзэлсний дараа Елүй Чуцай гэх шинэ зөвлөхтэй болсон. Энэ хүн төр улсыг хэрхэн зохион байгуулахыг маш сайн мэддэг байсан байна. Тэгээд Чингис хаанд хотын ач холбогдлыг тайлбарлан, татвар хураахын тулд хүмүүс хотдоо амьдран, шинэ зүйл бүтээх ёстойг ойлгуулжээ.
Иймд Ираныг эзлээд Монголчууд өмнөхөөсөөө арай өөр бодлого явуулсан. Гэвч Дундад Азид хийсэн эхний байлдан дагуулалтдаа олон хотыг нураасан. Нэг удаа хотын бүслэлтийн үеэр хотын цамхгаас харвасан суманд Цагаадайн хүү Мүтэгин өртөж, амиа алдсан байдаг. Үүнд маш их хилэгнэсэн Чингис хаан тэр хотыг газартай нь тэгшилсэн гэх баримт бий. Хотын цамхгийн 3 талыг нурааж, 1 л ханыг бүтэн үлдээгээд “Дахин энд шинэ хот босох учиргүй. Гэхдээ энэ ханыг хараад энд хот байсныг санацгааг” гэж зарлигдсан байдаг.
Мөн Чингис хаан Бухар хотыг эзлээд хотын сүмд сэхээтнүүдтэй уулзсан байдаг. “Хэрэв та нар зөв хүмүүс байсан бол та нарт ийм зүйл тохиолдохгүй байсан юм. Бурхан та нарыг цээрлүүл хэмээн намайг илгээлээ” гэсэн байдаг.
-Гэхдээ түүний эзлэн түрэмгийлэл дандаа сөрөг үр дагавар авчраагүй байх.
-Тийм ээ. Мэдээж сөрөг талууд бий. Сайн тал ч бий. Гэхдээ Чингис хааны дараагийн хаадын үеэс эерэг талуудыг харж болно. Миний бодлоор Чингис хааны гаргасан хамгийн зөв шийдвэр нь Өгөөдэйг хаанаар өргөмжилсөн явдал. Олон үндэстнээс бүрдсэн, том улсыг захирахад Цагаадай тохиромжгүй байсан. Яагаад гэвэл тэр нүүдэлчдэд байдаг хатуу ширүүн ааштай хүн байв. Харин Өгөөдэй олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, зөөлөн, аливаад уужуу ханддаг байжээ. Иймд түүнийг Их Монгол Улсыг тогтоон барьж чадна гэж үзсэн.
БАГДАД ХОТЫГ МОНГОЛЧУУД ЭЗЭЛСНИЙ ДАРАА САЯ САЯ ХҮН ҮХСЭН ГЭДЭГТЭЙ БИ САНАЛ НИЙЛЭХГҮЙ
Би нэг түүх ярья. 13 дугаар зуунд Перс хэлээр бичсэн Ата Малик Жувэйнигийн бүтээлд энэ түүхийг өгүүлдэг. Цагаадай, Өгөөдэй хоёр анд явсан байна. Гэтэл Исламын шашинтай нэг хүн мөргөлдөө бэлтгэн, голд угаалга үйлдэж байжээ. Энэ нь хориотой үйлдэл. Түүнийг харсан Цагаадай маш их уурлан, цэргүүддээ түүнийг баривчлах тушаал өгчээ. Гэхдээ чи буруутай гээд шууд дүүжлэхгүй. Эхлээд тэр хүнийг шүүдэг сайхан зан үйлийн дагуу шүүх болов. Гэтэл Өгөөдэй нэг алтан зоос гол руу хаяад, өнөө хүнд үг заан, “Голд угаалга үйлдсэн гэж болохгүй. Би ядуу хүн. Голд зоосоо унагаад хайж байсан” гэж хэлэхийг зөвлөсөн байдаг.
Шүүх хуралдааныг Цагаадай даргалж, өнөө хүн ч зааж өгсөн үгийг хэлсэн байна. Үнэхээр ч цэргүүд голоос алтан зоос олсон тул амь өнөө хүн аврагдсан түүх бий. Эндээс Цагаадай,Өгөөдэй хоёрын ялгааг харж болно. Өгөөдэй хаанд ганц л дутагдал байсан нь бор дарсанд автсан явдал. Гэхдээ тэрээр эзэлж авсан улсуудаа нэг гарт зангидан, алдалгүй барьж чадсан. Түүний үед хотжилт явагдан, Хахорин хотыг барьсан. Дундад зуунд хотуудыг сэргээж эхэлсэн. Хэрэв Цагаадай хаан болсон бол Их Монгол улс илүү их гаар нутаг эзлэх байсхн ч хурдан задрах байсан.
Харин Их Монгол Улсын үед Торгоны замыг нэг улс хянах болсноор нэг татвар төлж эхэлсэн. Энэ нь худалдаа өсөхөд нөлөөлж, Торгоны замын алтан үе эхэлсэн.
Энэ үед амьдарч байсан Исламын шашинтай түүхчид сэргэн мандал эргэн ирсэн талаар олонтаа бичсэн. Багдад хоттой холбоотой нэгэн түүх байдаг. Дэлхийн өөр хаана ч байхгүй их номын арвин сантай энэ хотыг эзэлсний дараа Тигрис болон Евфрат мөрний нэг нь улаан, нөгөө нь цэнхэр өнгөтэй урсч байсан гэцгээдэг. Өөрөөр хэлбэл нэг голоор нь хүний цус, нөгөө голоор нь номын бэх урссан гэсэн санаа.
Үүнд хэтрүүлэг бий. Багдад хотыг Монголчууд эзэлсний дараа сая сая хүн үхсэн гэдэгтэй би санал нийлэхгүй. Тэр үед нэг сая хүнтэй хот хаа ч байгаагүй. Хэдэн мянгаар тоологдож болох юм. Гэхдээ нэг саяд хүрэх боломжгүй. Учир нь 14 дүгээр зуунд Хятадын хүн ам ойролцоогоор 15 сая байсан юм.
-Өгөөдэй хааны үеийг яагаад сэргэн мандлын үе гэж үздэг юм бэ?
-Хамгийн тод жишээ нь Торгоны зам. Монголчууд Дундад Азийг эзлэхээс өмнө Торгоны зам дагуу нийтдээ 56 тусдаа ханлиг байв. Тэгэхээр Торгоны замаар жин тээх наймаачид 56 удаа татвар төлнө. Иймд Шанхайгаас ачсан бараа Европт хүрэхдээ үнэ нь хэд дахин өсдөг байж.Үүгээр зогсохгүй жинчдийн урт аялал их аюултай байв. Дээрэмчид, тонуулчид их. Харин Их Монгол Улсын үед Торгоны замыг нэг улс л хянах болсноор нэг л татвар төлж эхэлсэн. Энэ нь худалдаа өсөхөд нөлөөлж, Торгоны замын алтан үе эхэлсэн. Монгол ноёд үнэхээр талархахуйц, худалдааны маш зөв бодлого баримталж байсан. Тэд эхлээд зам дагуух аюулгүй байдлыг хангадаг.
Энэ нь худалдааачдын замыг нээж өгсөн. Торгоны зам дагуу олон тооны хамгаалалтын цэг байгуулснаар шуудан харилцаанд хэрэглэхийн сацуу одоогийн зочид буудлуудын эхлэлийг тавьсан байдаг. Энд худалдаачид хоноглон, малаа ч амраана. Анхны гадаад паспорт болох пайзыг худалдаачдад олгосноор тэд Монголчуудын хяналтаа тогтоосон газарт чөлөөтэй нэвтэрч, бараа нь аюулгүй болж, их эрх мэдэлтэй болсон. Энэ үед л Евро Азийн худалдаа дээд цэгтээ хүрч хөгжсөн. Ингэж мөнгө хуримтлуулна гэдэг нь шинжлэх ухаан, соёл урлагийг хөхиүлэн тэтгэнэ гэсэн үг. Сэмэркант, Бухар хотууд Монголчууд ирэхээс өмнө өндөр хөгжилд хүрсэн ч 15 дугаар зуунд л хамгийн баян хотууд болсон. Энэ бол Их Монгол Улсын тэдэнд авчирсан баялаг.
Төмөр хааны үед энэ хотууд хамгийн өндөр хөгжилдөө хүрсэн. Нутгийн зүүн хэсэгт ч байдал адилхан байв. Хубилай хааны байгуулсан Бээжин хот өргөжин тэлсэн. Энд дэлхийн хамгийн том одон орон судлалын төвийг байгуулсан юм. Хойд зүг рүү харвал Алтан Ордны улс 2 хоттой байсан. Шинэ ордон, Хуучин ордон гэж нэрлэсэн эдгээр хотуудад шинжлэх ухааны төвүүд нээгдэж байв. Узбек хааны үед байгуулсан Шинэ ордонд хийсэн малтлагаар одон орон судлалын тоног төхөөрөмжүүд олсон.
КОПЕРНИКООС 140 ЖИЛИЙН ӨМНӨ ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ ГЭДГИЙГ АЗИУД МЭДДЭГ БАЙСАН
-Тэгвэл энэ үед шинэ шинэ нээлтүүд хийсэн болов уу?
-Бид дэлхий бөөрөнхий гэдгийг анх Европт нээсэн гэж боддог. Гэтэл Коперникаас 140 жилийн өмнө дэлхий бөөрөнхий гэдгийг Азиуд мэддэг байсан. Алтан ордын хотод төрж өссөн яруу найрагч Сэйф Сараи гэдэг нэртэй яруу найрагч нэгэн шүлгэндээ дэлхий бөөрөнхий гэсэн байдаг. Энэ хүн Исламын шашинтай хүн байсан ч монгол хүн байх магадлал өндөр. Баруун зүг рүү явсан, Ил хаадын үеийн монголчууд дараа нь Исламын шашинтай болцгоосон.
Тэгэхээр Монголчууд Дундад Азийн хотжилтын түүхэнд томоохон гарз авчирсан ч Ижил мөрний эргэн тойрны хотуудаас олж авсан хотын соёлыг нэг шат ахиулсан. Жишээ нь Шинэ Ордон хотын хүн ам 70 мянга байхад тухайн үеийн Парис хотын хүн ам 50 мянга байжээ. Хэдий залуу хот ч гэлээ олон хүн Шинэ хотод төвлөрсөн. 19 дүгээр зууны дунд үе хүртэл Лондон гэх мэт Европын том хотуудад усны суваг нь замын хажуугаар ил урсдаг байсан байна. Энэ систем 14 дүгээр зуунд баригдсан Алтан Ордны улсад байхын сацуу тэд байшингаа халаадаг байсан нь ч батлагдсан. Энэ нь явсаар улам сайжран, одоогийн бидний гэртээ тавьсан паар болж хувирсан юм.
Шинэ ордон хотод олон үндэстэн ястан зэрэгцэн оршиж байсан. Тэд бүгд өндөр ханаар тусгаарласан өөр өөрсдийн дүүрэгт нам гүм амьдардаг байсан. Ингэснээр эх нутагтаа байгаа юм шиг л амгалан тайван, өөр өөрсдийн амьдралын хэв маягаа хадгалан амьдарсан. Жүүд иргэд ч энд ирсэн байдаг.
-Та турк хүн болохоор манай судлаачдын олж авч чадлаггүй эсвэл мэддэггүй өөр эх сурвалж ашигладаг байх.
-14 дүгээр зуунд Ибни Батута гэж аялагч Монголд ирсэн юм. Харамсалтай нь монголчууд түүнийг мэддэггүй. Уг нь тэр хүн л Марко Поло, Рубрук, Карпини нараас монголыг илүү сайхнаар дүрслэн бичсэн. Ибни Батута Перс хүн. Персээс Анатоли, Крымээр дамжин Алтан Ордын улсад ирсэн юм. Цааш нь Энэтхэг, Хятад, Явагийн арал хүртэл их урт аялал хийсэн байдаг. Тэр ингэж 33 жил аялахдаа Монголын эзэнт гүрний талаар их сайхан дурсамж үлдээсэн. Би энэ хүний аян замын тэмдэглэлээс судлагааны ажилдаа иш татах дуртай. Түүний тэмдэглэлийг Англи, Араб, Турк, Орос хэл рүү хөрвүүлсэн. Удахгүй Монгол хэлнээ орчуулна гэж найдаж байна. Монгол судлаачид түүний бүтээлийг заавал унших хэрэгтэй. Узбекийн хааны охин Византын эзэнт гүрний ханхүүтэй гэрлэхээр Истанбул хот руу явахад энэ хүн дагалдан явсан байдаг. Энэ мэт маш чухал мэдээллүүд түүний номд бий. Тэр хүн Монголыг гайхамшигтай улс гэж дүрсэлсэн.
Ил хаадын үед Иранд олон тооны зам, гүүр, сүм барьсан. Одоогийн Туркийн нутаг дэвсгэрт ч олон дурсгал бий. Энэ талаар Анкара дахь элчин сайд Батхишиг ном хэвлүүлсэн. Эндээс харахад Өгөөдэй, Мөнх, Бат хаан, Үзбек, Жанибек, Өлзийт хаадын үед бүтээн байгуулалтын ажил их хийсэн. Юан гүрнийг байгуулаад Хубилай хаан юу бүтээснийг бид бүгд сайн мэднэ. Харин Бээжинг улсын нийслэл болгосон нь буруу. Манжуурууд хожим буюу 17 дугаар зуунд Хятадыг эзэлчихээд энэ алдааг давтаагүй. Тэд өөрсдөө хотод амьдарсан ч армиа цаг үргэлж тал нутагт байлгасан. Энэ нь цэргүүдийг хотжин, хатуу сахилга батаа алдахаас болгоомжилсон хэрэг. Хятадыг 300 жил удирдахад энэ алхам нөлөөлсөн нь мэдээж.
Орхоны хөндий дэх Түрэгийн Билгэ хааны бичээст ингэж бичсэн байдаг. “Түрэгийн ард түмээн, чи сохор байна. Бурхан чамд хаан хайрласан. Харин чи хааныхаа үнэ цэнийг мэдээгүй. Хятадын сайхан үг, зөөлөн торго, хөөрхөн охидод чи хууртлаа”. Хятадууд гүнж нараа илгээн, төрийн дотор өөрийн хүнээ оруулж, тагнуул хийлгэдэг байсан. Түрэгийн их хаан хуралдайгаар Буддын шашинтай болж, цамхаг байгуулан, хотод амьдрахыг хүссэн байдаг. Харин хааны мэргэн зөвлөх Тонюкүк эрс эсэргүүцэн, “Бид байгалиас хүчээ авдаг. Тэд олуулаа, бас хүчтэй. Бидэн рүү довтлоход бид уул руу дутааж чадна. Харин цамхагт өөрсдийгөө хорьчихвол зугтаж чадахгүй. Буддын шашинд хүн хороох нь нүгэл. Иймд биднийг зөөлрүүлнэ” гэжээ. Иймд хуралдайгаар Билгэ хааны саналыг дэмжээгүй. Гэхдээ Түрэгийн хаант улс хоттой байсан. Хүннүчүүд ч өөрийн хоттой.
Монголчууд нүүдэлчид учраас Ромын эзэнт гүрэн шиг олон тооны цамхаг, задгай театр бариагүй.
Тал нутгаас шохой, олон тооны чулуу олоход хэцүү.
Гэхдээ Их Монгол Улс тийм том газар нутагтай байсан хэрнээ өнөөдөр бидэнд маш цөөн дурсгал үлдээжээ.
Тэд бичээс үлдээх хадыг ч арай гэж олдог байсан байна. Нүүдэлчид үнэхээр бүх л юмаа аваад л явцгаадаг.
Ардаа юу ч үлдээхгүй. Өөрөөр хэлбэл монгол гэрийн доторх болон тавилгууд, эмээл, ташуур, хэт хутга, гоёл зүүлт болон амьтны тамганаас нь тэдний түлхүү хэрэглэдэг хээ угалзыг харж болно. Харин энэ бүхнийг хөшөө дурсгалаас хайх шаардлагагүй юм.
-Түүхчид цаасны харшилтай болдог гэсэн. Та бас мэргэжлийн энэ өвчнийг тусчээ дээ.
-Одоогийн номнуудад тоос гэхээр зүйл байхгүй. Архивт суудаг түүхчид л цаасны харшилтай болчихдог.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.