Хүчирхэг доллар ба хямд газрын тос. Энэ хоёр бол дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг өөрчилж буй шинэ хүчин зүйлс болохыг ОУВС-гийн эдийн засгийн зөвлөх, судалгааны хэлтсийн захирал Оливиер Бланчард тэмдэглэлээ. “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал-2015” тайлангийн шинэчлэгдсэн хувилбараас харахад, өнгөрсөн онд 3.4 хувиар өссөн дэлхийн эдийн засаг энэ жил 3.5 хувиар тэлэхээр байна. Нэг нь хожиж байхад нөгөө нь хожигддог жамтайг О.Бланчард сануулсан юм.
Энэ нь ОУВС-гаас гурван сарын өмнө гаргасан таамаглал хэвээр үлдсэнийг илтгэх тоо боловч шинэ хүчин зүйлс улс орон бүрт өөр өөрөөр нөлөөлж эхэлжээ.
ХҮЧИРХЭГ ДОЛЛАР
Өнгөрсөн жил 11 хувиар чангарсан ам.долларын спот индекс энэ онд дахиад 6.8 хувиар өсөөд буй. АНУ-ын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл сэргэж, Холбооны нөөцийн банк энэ ондоо бодлогын хүүгээ нэмэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь “ногоон”- ы ханш өсөх гол шалтгаан болж байгаа юм. Харамсалтай нь, хүчирхэг доллараас болж Америкийн экспортлогчдын өрсөлдөх чадвар буурах төлөвтэй. Тиймээс ч АНУ-ын эдийн засаг энэ онд 3.6 хувиар өснө хэмээн тооцож байсныгаа эргэн харж, 3.1 хувь болгожээ.
Харин Европын орнууд, Японы өсөлтийн таамгийг дээшлүүлсэн байна. Европын Төв банк болон Японы Төв банк эдийн засагтаа их хэмжээний мөнгө нийлүүлж буйгаас евро, иенийн ханш ам.долларын эсрэг суларч буй. Энэ нь үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд евро бүсийн эдийн засаг 1.5 хувиар (өмнөх таамаглалаас 0.3 хувиар өссөн), Японых нэг хувиар (0.4 хувиар дээшилсэн) нэмэгдэхээр байна. Валютын ханшийн өнөөгийн хөдөлгөөн АНУ-д сөргөөр нөлөөлж байгаа ч Европ, Японд эдийн засгаа тэлэх боломж бүрдүүлснийг О.Бланчард тайлбарлав.
ХЯМД ГАЗРЫН ТОС
Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ ганц жилийн дотор 50 хувиар уначихаад буй. Ингэснээр газрын тосны экспортлогчид хохирч, импортлогчид хожиж байгааг О.Бланчард онцоллоо. Тухайлбал, АНУ, Европ, Хятад, Энэтхэг зэрэг томоохон импортлогчийн хувьд хямд газрын тос “алтан боломж” нээж байгааг тэрбээр сануулсан. Нефть, нефтийн бүтээгдэхүүн хямдарснаар эдгээр улс хэмнэсэн мөнгөө илүү үр ашигтай зүйлд зарцуулах нөхцөл бүрджээ. Энэ боломжийг ухаалгаар ашиглаж эхэлсэн Энэтхэгийн ДНБ 7.5 хувиар өсөж, Хятадын өмнө гишгэхээр байна.
Нөгөө талд, нефть экспортлогч орнууд хүнд байдалд орж, зарлагаа танахад хүрээд буй. Тиймээс ч газрын тосны үнийн уналтаас гадна АНУ, Европын хоригт орсон ОХУ-ын эдийн засаг энэ онд 3.8 хувиар агшина гэж ОУВС үзэж байна. Гэхдээ нефть экспортлогч орнуудын олонх нь их хэмжээний валютын нөөцтэй учир санаа зовох хэрэггүйг О.Бланчард тэмдэглээд, “Дэлхийн эдийн засгийг бүхлээр нь харвал хямд газрын тос сайнаар нөлөөлж байгаа” гэсэн юм.
ШАРХ, СУЛЬДАА
Хүчирхэг доллар, хямд газрын тосноос гадна дэлхийн эдийн засгийг хөдөлгөж буй хоёр хүчин зүйл бийг О.Бланчард онцолсон. Эхнийх нь, 2008 оны санхүүгийн хямралаас үлдсэн шарх. Үүнээс болж олон орон одоог хүртэл өрийн дарамтаас гарч чадахгүй, банкны систем нь “ядаргаагаа тайлж” амжихгүй яваа аж. Дараагийнх нь, эдийн засгийн сульдаа. Үнэндээ хөгжингүй орнуудын хүн ам хөгширч, бүтээмж буурч эхэлснээс эдийн засаг нь 2008 оны хямралаас ч өмнө сульдаанд орсон байна. Тэгвэл санхүүгийн хямрал хөгжингүй орнуудыг илүү хүнд байдал руу түлхэж, хөгжиж буй орнуудын эдийн засгийг ч сульдаанд оруулж дөнгөжээ.
Дэлхийн эдийн засгийн төлөв байдал дээрх дөрвөн хүчин зүйлээс шалтгаалж байгааг О.Бланчард хэлэв. Үүнээс гадна, геополитикийн эрсдэл нэмэгдсэнийг анхаарах шаардлагатайг онцоллоо.
МОНГОЛ БА БУСАД ХӨГЖИЖ БУЙ УЛС
2008 оны санхүүгийн хямралаас дэлхийн эдийн засгийг чирч гаргасан хөгжиж буй орнууд хэтэрхий амархан сульджээ. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт дөрвөн жил дараалан өсөж байхад хөгжиж буй орнуудынх таван жил дараалан саарч байна. Тодруулбал, хөгжингүй орнуудын эдийн засаг 2009 онд огт өсөөгүй бол өнгөрсөн жил 1.8 хувиар тэлж, энэ онд бүр 2.4 хувиар өсөх тооцоо бий аж. Харин 2009 онд 3.1,2010 онд 7.4 хувьд хүрэн гайхуулж байсан хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт түүнээс хойш байнга саарсаар өнгөрсөн онд 4.6 хувь болсон. Тэгвэл энэ жил 4.3 хувь болох төлөвтэй.
Мэдээж Хятадын ДНБ-ий өсөлт удааширч байгаа нь үүнд гол нөлөө үзүүлж буй. Өнгөрсөн жил 7.4 хувиар өсөж, сүүлийн 24 жилийн доод цэгтээ хүрсэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ жил долоон хувь байна хэмээн эрх баригчид нь амласан. Тэгвэл ОУВС-гийн шинжээчид урд хөршийн эдийн засгийг энэ онд 6.8, ирэх жил 6.3 хувиар тэлнэ гэсэн бүр ч муу таамаг гаргажээ. Манай экспортын ганц худалдан авагч болох тус улсын ДНБ хэзээ ч өмнөх шигээ хоёр оронтой тоогоор өсөхгүй нь нэгэнт тодорхой болсон. “Өндөр өсөлт биш, тогтвортой өсөлт” гэх Хятад бодлогоос болж Монголын эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй. ДНБ маань энэ онд 4.4, ирэх жил 4.2 хувиар тэлнэ гэж ОУВС үзэж байгаа юм.
Д.Мөнхчимэг