Цагийг эзэгнэсэн дуучин, Монголын дуурийн урлагийн хатан хаан гэж түүнийг л хэлнэ. Зууны манлай дуурийн дуучин хэмээн хүндэлсэн нь ч ийм учиртай. Москвагийн Их театр, Кремлийн танхим, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театрын тайзнаа Монголын сонгодог урлагийг төлөөлөн гарч, жирийн саальчны охины яндашгүй авьяасыг гайхуулж явсан нэгэн.
Төрийн шагналт, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан гуайн 70 насны ой энэ онд тохиож, үе үеийн шавь нар нь нийлж энэ сарын 19-нд "Их яруу дуун" цэнгүүн хийхээр болсон юм. Энгүй авьяастай дуучин, чадварлаг багш, хичээнгүй найруулагч гээд алдрын сайхнаар өөрийгөө чимсэн эрхэм хүнтэй ярилцахаар явахдаа ямар их догдлов оо. Харин өрөөнд нь оронгуут л нүд рүү минь цоо ширтээд "Би хүнд аль болох сэтгэлээ нээчих юмсан, доторхоо харуулчих юмсан гэж боддог юм. Юу ярих билээ хоёулаа" гэж дотночилоход нь өөрийн эрхгүй тайвширлаа.
Багшийнхаа тоглолтын гоёлыг зэхэж суугаа хэдэн охиндоо "Аядуухан шуугилдаарай" гэж захичхаад нүүрээ будангаа надтай ярилцсан юм. Ярилцлагын эхэнд "Өнөөдөр" сонины гуравдугаар сарын 30-нь дугаарт түүнд зориулан төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсэн "Нэр шигээ урт наслаарай" нийтлэлийг харуултал "Ямар гоё юм бэ, чи үүнийг бичсэн үү? Цэцэг гэсэн байсан даа. Манай хөршүүдийн хэн нэг нь яг энэ хуудсыг нь гаргаж байгаад хаалганд хавчуулж орхисон байсан. Баярлалаа" гэв. Төрсөн өдрийн мэнд хүргэхээр шавь нартай нь холбогдож, сониноор дамжуулсан хүн бол манай сонины ЧЦТМА-нь, дарга Ж.Эрдэнэцэцэг билээ. Энэ тухай Х.Уртнасан гуайд ярьж суухдаа энэ нийтлэл түүнд гэнэтийн бэлэг болон хүрч дээ гээд баярласан шүү.
-Хүмүүсээс гэнэтийн бэлэг хүлээн авах сайхан шүү. Танд зориулсан "Их яруу дуун" цэнгүүнийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай найруулж байгаа юм билээ. бас таны шавь нар, ДБЭТ, ХБК хамтран зохион байгуулж байгаа. Энэ цэнгүүн танд барьсан гэнэтийн бэлэг байсан уу?
-Гэнэтийн бэлэг гэж хэлж болно оо. Эрдэнэбулган бид хоёр нэг үеийнхэн, насаараа л хамт ажилласан. Төрөлх театр, одоо ажиллаж байгаа сургууль, шавь нар маань санаачлан ийм цэнгүүн хийхээр болжээ. Хийхгүй байсан ч баярлахаар санаачилга шүү.
-Өмнө нь насны ой тохиолоо гэж тоглолт хийж байгаагүй байх аа?
-Үгүй ээ, анх удаа л болж байна.
-ДБЭТ-ын тайзнаа 40 жил гол дүрд дуулсан гэхэд бие даасан тоглолт арай л цөөн хийсэн юм уу даа.
-Хийж байсаан, гэхдээ одоогийн дуучид шиг олон хийгээгүй. Чухал үед л хийж байсан. 2000 онд Зууны манлай дуурийн дуучин өргөмжлөл авахад "Их яруу дуун" гэдэг цэнгүүн хийсэн юм. Энэ нэрийг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров өгсөн. Тэгэхэд нэг өдөр концерт, дараагийн өдөр "Тоска", гурав дахь өдөр нь "Чио Чио сан" дуурь тоглосон. Түүнээс хойш юм хийгээгүй ээ. ДБЭТ-т ажиллаж байгаа, миний дараагийн үеийн залуу дуучид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бас л намайг баярлуулж, хүндэтгэл үзүүлэхээр "Примадонна" гэдэг тоглолт хийж байсан юм байна.
-Хүн хүсэл тэмүүллээрээ урагшилдаг. Магадгүй залуу байхад хүсэл тэмүүллийн тухай илүү их яриад, дараа нь нас ахиад, хийсэн, бүтээсэн зүйл арвижихаар үүрэг хариуцлага, урам дэмийн тухай боддог юм болов уу. Хийж, бүтээх ундаргыг чухам юу тэжээдэг юм бол?
-Их өргөн ойлголт. Товчхон хэлье гэвэл, би хэзээ ч хүссэн бүхнээ гүйцээчихлээ, болчихлоо гэж бодож байгаагүй. Хүрчихлээ, болчихлоо гэж бодсон бол өдийд гэртээ л сууж байгаа. Нэгэнт санасан, бодсондоо хүрсэн гэж бодоогүй учраас надад хүсэл тэмүүлэл бий. Урлагийн залуу боловсон чин буюу маргаашийг бэлтгэлцэж байна. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй.
-Та урмын үг олонтаа сонсож, хайранд өлгийдүүлж явсан эрхэмсэг бүсгүй. Харин одоо Та хүмүүст хэр их урам хайрладаг вэ?
-Урамшуулах үедээ урамшуулна. Урлагийн хүнд цагийг нь тохируулж, нүдээ олж урам өгөх учиртай. Нүдээ олсныг нь >урамшуулал, хэтийдсэнийг нь магтаал гэж үзэх байх. Магтаал, урамшуулал хоёр өөр шүү. Би магтаалыг юман чинээ боддоггүй. Тийм ч учраас хүнд магтаал хэлдэггүй. Харин миний ухаан хүрвэл хэрэгтэй цагт нь урамшуулъя гэж боддог юм.
-Цаг хугацааны шалгуур танд хэр их зүйл өгч, хэнийг холдуулж, ойртуулав?
-Цаг хугацааны шалгуур шиг үнэн юм байхгүй. Үнэн байдаг шигээ хатуу. Цаг хугацааны шалгуурын хатууг би үзсэн. Миний хүндэлдэг лам багш "Би ч зовлон үзсэн хүн шүү дээ гэж битгий ярь. Харин би хорвоог таньж л байна гэж яриарай" гэж захисан. Тэр үнэн юм шиг ээ. Би хорвоог таньж л байна. Би багш нарынхаа энд хүрэхгүй ч, өдий хүртэл явсан замаа харвал өндөр уулын хярд нь гарчээ дээ. Хайдав, Цогзолмаа багш маань тээр дээр, орой дээр нь байгаа юм. Эндээс туулж өнгөрүүлсэн урт зам, даваа нугачаатайгаа тодхон харагддаг юм аа.
-Ингээд харж зогсохдоо "би яах гэж төрлөө, юуны төлөө энэ хорвоод ирлээ. Тэр зорилгоо хэрхэн биелүүлж байгаа билээ" гэж бодох уу?
-Хүн болгон "Би яах гэж төрсөн бэ" гэдэг асуултыг өөртөө тавьдаг бол их сайн. Энэ бол маргаашаа бодож байгаа эргэцүүлэл юм. Бурхны сургаалд үхэхийг үргэлж бодож бай, тэгвэл өглөө болгон нэг нүгэл нимгэрнэ гэсэн байдаг. Түүнтэй адил хэзээ ч мартаж болохгүй л зүйл. Энэ цаг хугацаа бол үхэх төрөхийн хоорондох зай. Энэ зайг их сайн ухаарч туулбал махан биеэ орхиод сүнсээ аваад нөгөө ертөнцөд очиход арай нэг өөр...
-Түвшинд гэж үү?
-Тийм. Гэхдээ том түвшингээр ч ярихгүй л дээ. Нүгэл л нимгэрэх байх.
-Туулсан амьдралынхаа буян, нүглийг дэнслэх эрхийг Танд өгвөл юу гэхсэн бол?
-Нүгэл, буян гэдэг бол хүний зөв, буруу үйлдлийг хэлсэн үг. Зөв санаатай, зөөлөн сэтгэлтэй явбал буян дагах болов уу. Тэгж л явахсан гэж мөрөөдөж, хичээдэг. Явсан ч байх гэж горьдож байна. Харин нүгэл гэдэг бол муу санаатай явах, төрсөн энэ биеэрээ юу ч бүтээлгүй энэ орчлонгоос хоосон буцахыг хэлэх байх аа. Энэ хоёрын дундах савслагад олон юм багтана аа.
-Та хэр зэрэг ууч сэтгэлтэй вэ. Хэчнээн удсан ч уучилж чаддаггүй зүйл байдаг уу?
-Уучлахсан л гэж бодож байна. Ер нь ч би уучилдаг юм байна. Уучилмааргүй юм олон л тохиолдож байлаа. Өршөөл гуймаар ч үе зөндөө. Хүнд ууч сэтгэл заавал байх ёсгой. Сэтгэлээсээ түүнийг уудалж олоод уучилж, өршөөх юмсан гэж бодсоор өдий хүрлээ. Урлагийн буянаар би хүний сэтгэлийг хэлж байгаа үг, харж байгаа харцнаас нь ойлгодог болсон байна. Тийм болохоор би ч бас болж өгвөл хүний нүд рүү харж байгаад ярья, бүх сэтгэлээ нээе гэж боддог.
Ийн ярилцаж суутал утас дуугарлаа. Хэн нэгнийг тоглолтдоо урьж, хэд хэд залгасан бололтой юм. Дуудлагад хүлээж авсан хүн нь эргээд холбогдож байгаа нь энэ. Урлаг, соёлын салбарыг хүндэтгэн дэмждэг, сэтгэлтэй нэгэн бүсгүйтэй ярилцаж байхдаа "Үеэ өнгөрөөсөн хүн гэдэг хэцүү юм аа. Одоо үед дурсамж нь бүгд үлддэг бололтой" гэж хэлэхийг нь сонсоод хачин их тавгүйтэв. Яагаад бүтээсэн түүхтэй, Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон авхай ийн ярих гэж. Хатуу ч цаг үе юм даа.
Өмнө нь ч бас нэгэн нэвтрүүлгийн үеэр таксины жолооч "Чи хаана буух юм бэ" гэж асуухад нь жигтэйхэн их эмзэглэснээ Уртнасан гуай ярьж байсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй байж болох ч насыг нь хүндэтгэж болно шүү дээ. Ундаа (гэр бүл, ойр дотныхон нь түүнийг Унд хэмээн дууддаг юм билээ) маань "Хүүхдүүддээ хөгширлөө, 70 хүрлээ гэж битгий хэл гэх мөртлөө бас ийм юм болох гэж байгаад дуртай байх шиг байгаа юм аа" гэсээр дүнсгэр бодлыг минь үргээж орхив.
-Хөөрхий дөө, хүүхдүүд минь гүйцгээгээд л байна. Гэхдээ бас миний нүүр гэж байдаг юм шиг байгаа юм аа. Бас надаас урилга хүлээж байгаа ч хүмүүс бий болохоор жаахан оролцоод л байна.
-Та энэ цаг үед хэнийг хажуудаа байлгамаар байна вэ. Болдогсон бол хажуудаа суулгачхаад ярилцмаар, үргэлж үгүйлэгддэг хүмүүс байдаг шүү дээ.
-Дандаа хамт байж болдог бол... Болдоггүй л болохоор мөрөөддөг байх даа. Ээж, аав хоёрыгоо л хамт байсан ч болоосой гэж боддог байхгүй юү. 70 нас хүрсэн хэрнээ ээж, аавтайгаа байгаа хүн байх юм аа. Миний сайн сайхан явах үеийг тэд минь харсан л даа. Гэхдээ үр, ач нарынхаа сайн сайхныг бас харуулмаар л байх юм. Би атаач хүн биш хэрнээ л ээж, аавтайгаа байгаа хүмүүсийг хараад тийм гэнэн мөрөөдөл тээх юм даа. Миний ээж Хайдав багштай нас чацуу. Хөдөөний хүн юм болохоор багшийн чалхыг яаж гүйцэхэв, гэхдээ л байсан бол...
-Ээжтэйгээ хамт байсан дурсамжийг тодруулдаг газар байдаг уу?
-Ядарсан, өвдсөн үедээ ээжийгээ их дурсана аа. Би ч бас өвдөөд л байдаг болж. Ээж минь өдий насандаа гайгүй л байсан юм шиг санагдах юм. Өвчин хэлж ч байсан юм болов уу. Би тэнэг юм болоод тоогоогүй байх.
Гараа шалбалсан ч нэг долоогоод л "За, зүгээр зүгээр" гэхэд нь санаа амарчихна, ээжтэйгээ байх сайхан шүү. Хүн ч бас муухай юм аа. Үгүйлж уйлаад байгаа юм уу гэхээр ядрахаараа л ээжийгээ илүү бодоод байх шиг ээ. Муухай, муухай.
Ээж минь миний гурван хүүхдийг гурвууланг нь өсгөж өгсөн. Түрүүчийн ач нараа гарахад ч хүүхэд яаж угааж, арчилдгийг хэлж өгөөд л байж байсан. Манай өвгөн бид хоёр хүүхдээ хуурайлж байгаа нь энэ гээд солих даавуугаа индүүдэж байгаад хуучин даавуунаас нь юм асгаж байгаа юм шиг л хүүхдээ гоожуулж тавьчхаад, дөрвөн буланг нь дараад сууж байдаг байлаа. Нэг өглөө босоод иртэл хүүхдийн хүзүү нь улайгаад цус гараад эхэллээ. "Яана аа, миний хүүхдийн толгой уналаа. Ээж ээ, ирээч" гээд уйлаад дуудсан. Ээж минь саальчин хүн шүү дээ. Хөдөөнөөс ирэнгүүтээ л нөгөө муу жаахан амьтныг гар дээрээ барьж байгаад амандаа давстай хар цай балгаад угаачихсан. Дараа нь ясны шөлөнд оруулаад л зүв зүгээр болгочхож байгаа юм. Ээжийн тусыг яриад дуусахгүй ээ. Чи ч бас мэдэж л байгаа байлгүй.
-Хүүгээ төрүүлснийхээ дараа ээжийнхээ чанасан цайг л уумаар санагддаг юм билээ.
-Том хүүгээ би аавынхаа гэрт, ээжийнхээ дэргэд төрүүлсэн болохоор юу ч мэдэхгүй байгаа юм. Хүүхдээ гаргаад л ээждээ өгчихсөн. Ээж минь намайг гэдсээ тэгж боогоорой гэж зааж өгөөд, бүх юмыг маань бэлдэж, хүүг минь өлгийдөөд жин тан болгочихдог байсан. Хоёр дахь хүүхдээ эмнэлэгт төрүүлээд тэгж хөглөж байхгүй юү.
-Одоо танайх хэр өнөр олуулаа болсон бэ?
-Бид ээжээсээ долуулаа. Цагаан сараар нэг удаа бүгдийнх нь нэрсийг бичдэг гэж байгаа. Жилдээ л арваад хүн нэмэгдэнэ. Төрөөд, гэрлээд, тусдаа гараад л. Одоо 90 дөхсөн байна аа. Би яах вэ, урлагийн хүн гэж гайхуулж яваад цөөхөн хүүхэд төрүүлсэн. Гурван хүүхэд, хоёр гуч, хоёр ачтай. Би аав, ээждээ л их баярладаг юм. Ядарч зүдрэхэд ханьтай байг гээд долууланг маань болгож өгөөд явж дээ. Дүү нар маань аав, ээжийн оронд бүх юманд л тус болно шүү дээ. Хэрэв одоо аав, ээж минь байсан бол "Хөөе, эгч чинь ядарч байгаа шөл дөхүүлж өг, ажилд нь тусал" гэх байсан даа. Дахиад л утасны хонх яриа тасалдуулав. "Үгүй ээ, эмнэлгээс гарлаа хө. Чамдаа хүрдэг юм уу гэж бодож байтал, зохион байгуулж байгаа хүүхдүүд түрүүлээд уулзчихаж. Давгүй дээ хө. Хөгшиндөө баярлалаа" гээд л хэн нэгэнтэй дотно ярилцав. Дээхнэ биднийг утсаар холбогдоход ч бас эмнэлэгт хэвтэж байгаа гэж байсан юм.
-Та эмнэлгээс саяхан гарав уу. Ер нь жаахан чилээрхүү байна уу?
-Ойр, ойрхон эмнэлэгт хэвтээд байдаг болжээ. Нэг мэдэхэд л даралт ихсэх юм. Нэг мэдэхэд... Сониноор өвчнөө тоочилтой биш больё. Энэ чинь суугаагийн өвчин шүү дээ. Тэгэхэд миний Хайдав багш орж ирж хичээлээ заачхаад л алхаад явна. "Багш аа, та такси барьчих" гэхээр "Үгүй ээ, хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг юм" гээд л гараад явчихна. Шатаар ч түүртэхгүй гарчихна. Гэтэл би яаж байна. Багш намайг загнаад "Битгий ингэж бай" гэдэг юм. Загнуулах хүнтэй байх сайхан шүү. Зөв буруугаа хэлүүлж, бас тэдэндээ эрхэлж байх шиг жаргал үгүй. Хөгшин авгай эрхэлнэ гэж ярихаар хүн гайхаад зөнөглөж байна гэх байх даа.
-Гэхдээ та багшдаа жаахан охин шиг байгаа.
-Багш намайг хүү минь, охин минь л гэдэг юм.
-Та ч гэсэн шавь нараа өөрийнхөө хүүхдүүд шиг дотночлох юм аа.
-Тэтгэвэртээ гарснаас хойших 15 жилийг энэ сургуульд, шавь нартаа зориулж явна. Өмнө нь залуугаасаа багшилж байсан болохоор олон шавьтай. Эхнээсээ гавьяат жүжигчин болсон нь ч байна. Увсын Жавзмаа, Сэлэнгийн Дагийсүрэн, Дорнодын Нарантуяа, ДБЭЧ-ын Туул, ДБЭТ-т ажиллаж байсан Одонтунгалаг гээд томчууд нь байна. Сүүлийн үед ид дуулж байгаагаас Энхнаран, Дэлгэрбаяр, Мөнхжаргал, Отгон гээд бий. Сайн дуучин төгсөлт бүрээс гардаггүй. Сонгодог урлаг, дуулаачийн урлаг гэдэг бол дэлхийтэй ярьж байгаа нэг ёсны хэл юм.
Дэлхийн урлагийн тавцанд нэвтрэх хэлтэй хүн өдрийн од шиг ховор төрдөг. Гэхдээ монгол хүүхдүүд яасан ч сайхан хоолойтой юм, яасан сайн багш нартай юм бэ дээ. Шавийн эрдэм багшаас гэдэг. Намайг анх Хайдав багшийн байгуулсан сургуульд орох гэж байхад Цоцо багш "За Хайдав чамайг авъя л гэж байна. Явбал яв. Хэрээг гургалдай болгодог багш ч бий, гургалдайг хэрээ болгодог ч багш байдаг. Чи багшийгаа олж, сайтар ойлголцож байж л сайн дуучин болно шүү" гэсэн. Ээ, бас үнэн үг шүү.
-ОХУ-д болсон олон улсын тэмцээнд монгол залуус өндөр амжилт үзүүлээд байхаар "Монголд очиж сургуульд сурахсан" гэдэг яриа хүртэл оросуудын дунд гарсан байна лээ.
-Энэ жил сургуулиа төгсөх миний шавь Бямба-Эрдэнэ саяхан Москвад очиж Гнесиний академид шалгалт өгөөд тэнцсэн. Шалгалт авсан багш нар нь "Монголоос яагаад ийм сайн дуучид төрөөд байна аа. Ямар сүрхий сайн багш нартай юм бэ" гэж ярьж байна гэсэн. Дуулаад эхлэнгүүт нь "Ойлгомжтой" гээд зогсоосон байна лээ. Монголоос дуучин төрдөг нь үнэн шүү.
Миний муусайн шавь нар зүтгэж л байна. Гэхдээ би шавь нартаа нэг их урмын үг хэлдэггүй гэж дээр хэлсэн. Болж байна, болох гэж байна л гэдэг юм. Надаас та нар болох гэж байна гэдэг үг сонсвол их юм гэж бодоорой гэчихдэг. Шаардлага өндөр байвал дараа нь урам өгөхөд их амархан шүү дээ. Болчихлоо гээд хэлчихвэл нас залуу, ухаан нь гүйцээгүй хүмүүс ханачихна. Ханачихаар тэгээд цаашаа явахгүй.
-Өөрөөрөө бахархах, өрөөлөөр бахархахын аль нь сайхан бэ?
-Өмнө нь сонин дээр гарах үг гэж бодоод ч тэр юм уу "Өрөөлөөр бахархалгүй яах вэ" гэдэг байсан. Одоо энэ үе дээр хүрээд ирсэн чинь, үгүй юм аа. Өөрөөрөө бахархдаггүй гэвэл зурсан зураг, заяа минь гомдох байлгүй дээ. Ээжийн минь төрүүлсэн эрүүл бие надад байна. Дуурийн театрт 40 жил ажиллахдаа би акт авч үзээгүй. Сүүлдээ ачаалал ихдээд эмнэлэгт хэвтдэг болсон. Гэсэн ч ноотоо бариастай л явдаг байсан. Энд ирээд ч гэсэн ажлаа орхиж, тэгж их холдсонгүй.
Түй, түй... тийм хүнд хэцүү өвчин тусчихаагүй байна. Энх саруул цагт, ийм сайхан онгон дагшин байгалийн дунд төрсөн би ямар их азтай юм бэ. Авьяас гэдэг ч их сонин. Энэ тухай судалдаг хүн байвал их л сонирхолтой юм гарах байх. Би мунхаг ухаандаа авьяас гэдэг бол бурхнаас өгсөн шүншиг гэж ойлгодог. Бурхныг амилуулахын тулд шүншиглэдэг дээ. Түүн шиг миний дотор ч бас торгонд боодолтой ямар нэг юм байгаа. Тэрийг зөв таньж бойжуулах хэрэгтэй. Үхүүлж болохгүй. Тийм л болохоор би өөрөөрөө бахархахгүй бол төрсөн төөрөг, төрүүлсэн ээж, аав минь гомдох байлгүй.
-Тайзан дээрээ гарахгүй болохоор аадрын дусал шиг шаагих алга ташилтыг үгүйлэх үү?
-Алга ташилт бидэнд маш их үнэ цэнэтэй. Манай үзэгчид уран нугаралт ч юм уу гайхам сайхан юм үзэхээр алга ташихаа мартаад алмайрчихдаг шүү дээ. Үзэгч алга ташилгүй, чимээгүй суусан ч тэр дундаас өөрийгөө хүнд хүрч байгаагаа мэдрэх агаарын долгион байдаг юм шиг ээ. Тийм сайхан мэдрэмж авахад л миний хэдэн сар жил зовсон юу ч биш юм шиг санагддаг. За тэгээд, надад ч цэцэг л байвал болчихдог хүн дээ.
-Таныг Ю.Цэдэнбал гуайн гэргий Анастасия Филатова гуайтай найз байсан гэх юм билээ.
-Социализмын үед, улсын тэргүүний гадаад эхнэртэй жирийн саальчны охин найз байна гэж байх уу? (Ингэж хэлэхдээ их гайхсан, бас залхсан байдалтай хариулсан болохоор энэ асуултад заавал хариулт авъя ч гэж бодсонгүй)
-Дуурийн урлагт хайртай байсан болохоороо таныг хайрлаж, дотночилсон юм болов уу?
-За тэгвэл чи тэрнийгээ өөрийнхөөрөө л бич дээ.
-Таныхаар?
-Асуултаар хариулж болно биз дээ. Би хариулчихсан.
-Хоёр хоногийн дараа тоглолт болох нь. Догдолж байна уу?
-Дуурийн нэрт найруулагч маань ажиллаж байгаа болохоор даатгаад хүлээж л байя.
-Энэ тоглолтыг үзэгчдийн суудлаас бүтэн үзэх үү?
-Тэгэх байх. Гэхдээ би тайзан дээр гармаар байна.
-Дуулмаар байна гэж үү?
-Тийм. Уг нь би одоо нэг их дуулъя гэж боддоггүй юм. Миний мэргэн багш Цогзолмаа "Хүн гялалзсан сайхан үеэ л өнгөрөх юм бол өөрийгөө хязгаарлах хэрэгтэй. Хүн дуулахыг чинь хараад "Үгүй энэ мөн сайхан дуучин байж билээ. Больж дээ, хөөрхий" гээд хүчлэн алга таших шиг гутамшиг байдаггүй шүү. Тэрэн дээр их ухаан зарах хэрэгтэй" гэж хэлж байлаа. Би өөрийнхөө залхуудаа тааруулдаг ч юм уу, энэ үнэн юм аа гэж боддог.
-Таны багш Г.Хайдав гуай одоо ч дуулдаг шүү дээ.
-Багш дуулдаг. Намайг дуулсангүй гээд загнаад л байдаг. "Багш аа, би дуулмааргүй байна" гэхээр "Их буруу даа" л гэдэг юм. Өдий насны хүнийг албадаж чадахгүй л дээ. Манай багш зөөлхөн, их соёлтой хүн шүү дээ. Харин би бол муусайн хүүхдүүдээ загнана аа.
Яг үнэндээ Х.Уртнасан гуай шавь нартаа айхтар хатуурхдаггүй юм шиг санагдсан. Даашинзны бүсэнд шигтгээ нааж суусан охинд хандан "Араар нь нааж яах гэсэн юм бэ, миний хүүхдээ" гээд л хошуу дэвсэнэ. "Яадаг юм бэ, багш аа. Араасаа гоё харагдана шүү дээ" гэж охин хариулаад хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа бололтой бүсээ дээш өргөн дахин харна.
Ундаа гэртээ байгаа чихэр, жимс, жүүсээ эдэндээ л зөөдөг гэсэн. Ач нар нь томорчихсон болохоор одоо шавь нараа л эрхлүүлж сууна. Даль жигүүр нь ургаж гүйцээд нисэх хүртлээ тэд багшийнхаа дулаан нөмөрт хоргодон, бүүвэйлэгдэж, түүний хэлдгээр "Эрхлүүлэх, загнуулах хүнтэй" сайхан явна аа.
Ж.Солонго