БНХАУ Пакистан улсад 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь БНХАУ-ын Кашгар хотыг өмнөд Пакистаны боомт хот Гвадартай холбох эдийн засгийн коридорыг байгуулахад зарцуулагдана. Бид XIII зуунаа дурсах дуртай шиг Хятадуудын хувьд алтан үеийнхээ хөгжил цэцэглэлтийн нэг үндэс Торгоны замаа дахин байгуулах мөрөөдөлтэй. Шинэ зүйл ч биш. Эртнээс яригдсаар буй төсөл.
Биднээс ялгаатай нь XIII зууны дурсамж маань мөнгө бүтээхгүй бол Хятадын шинэ Торгоны замын тухай мөрөөдлийн гол зорилго нь эдийн засгийн үр ашиг. Хэт аварга бүтээн байгуулалт болохоор шинэ Торгоны замыг ойрын ирээдүйд биелэх боломжтой эсэхэд олон хүн эргэлздэг. Харин энэ гэрээ зурагдсанаар XXI зууны торгоны замын эхний хэсэг шангаа татах нь эргэлзээгүй боллоо. Хэдийгээр дэд бүтцийн томоохон төслүүд нь урт хугацааг шаарддаг ч хоёр талын мэдэгдэж буйгаар төслийн ихэнх шат ойрын 1-3 жилд бэлэн болох гэнэ.
Учир нь өмнө нь 2010 онд байгуулсан гэрээгээр төслийн эхний шатны ажил аль эрт хэрэгжээд эхэлжээ. Жишээ нь бүтээн байгуулалтын ажил нь дуусаад байгаа Гвадарын усан боомтыг нэрлэж болно. Тус боомтыг 2015 оноос хойш дараагийн 40 жилд Хятадын төрийн өмчит “Хятадын хилийн чанад дахь боомт” компани эзэмших юм. Дэлхийн газрын тосны нөөцийн гуравны нэг байгаа бүс нутагт байрлаж буй энэ боомт нь Хятадыг Персийн булангийн орнууд ба хөрөнгө оруулалтынх нь гол чиглэл болоод байгаа хар тивтэй хамгийн дөтөөр холбохоос гадна Төв Азийн далайд гарцгүй улс орнуудад байгалийн баялгаа олон улсын зах зээлд хүргэх маш том боломжийг нээнэ.
Одоо Персийн булангийн орнуудад хүрэхийн тулд Малайз, Энэтхэгийн өмнүүр тойрч хүрдэг чиглэлтэй харьцуулахад Гвадарын боомт нь зардал ба цаг хугацааг хоёр дахин хожно хэмээн Пакистаны тал тооцоолжээ. Чөлөөт худалдааны бүс хэлбэрээр ажиллах энэ боомтын худалдааны эргэлт нь ирээдүйд хэдэн тэрбумаар хэмжигдэж, хоёр сая ажлын байрыг бий болгоно хэмээн таамаглаж байна. Шинэ гэрээний хүрээнд Гвадарт олон улсын нисэх буудал нэмж баригдах юм.
Пакистаны Төлөвлөлтийн яамны сайд Ахсан Икбал “Энэ гэрээ Пакистаны ирээдүйг өөрчилнө. Бид дэлхийн хүн амын тал нь буюу гурван тэрбум хүний өмнө байгаа эдийн засгийн хаалтыг авах гэж байна” хэмээн төслийн цар хүрээг тодорхойлсон. 46 тэрбум ам.доллар гэдэг Пакистаны ДНБ-ийн 20 хувьтай тэнцэх бол 2008 оноос авсан нийт гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг хоёр нугална. Эдүгээг хүртэлх Пакистаны хамгийн том хөрөнгө оруулагч АНУ-ын энэ улс руу 2002 оноос хойш оруулсан хөрөнгө ч энэ дүнд хүрэхгүй.
“Хятад- Пакистаны тэнхлэг: Азийн шинэ геополитик” номын зохиогч Эндрью Смалл “Барууны улсуудын зээл тусламж нь хэзээ ч хангалттай их байдаггүй учраас үр дүнд хүрдэггүй. Хэрвээ үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол Хятад шиг том хөдлөх ёстой” хэмээн сануулжээ. Эдийн засгийн коридорын хүрээнд Кашгараас Гвадарыг холбосон авто зам, төмөр зам, хийн хоолой тавигдахаас гадна нийт хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь Пакистаны эрчим хүчний салбарт хийгдэнэ. 182 сая хүн амтай энэ улс нь эрчим хүчний ихээхэн хомсдолтой байгаа.
Хятадын гадаад хэргийн сайд Ван И “Энэ эдийн засгийн коридор нь оролцогч орон бүрт ашиг тусаа өгөх “Нэг бүс нутаг, нэг зам” симфонын тэргүүн аялгуу нь байх болно” хэмээн бардамнасан. Аливаа үйл бүр эрсдэлийг дагуулдаг жам энэ төсөлд ч үйлчлэх нь дамжиггүй. Ялангуяа ихээхэн тогтворгүй бүс нутгийг дайран өнгөрч байгаагийн хувьд эрсдэл улам ч өндөр байх болно. Гвадар салан тусгаарлах үзэл хүчтэй Балочистан мужид байрладаг бол Кашгар нь Шинжаан Уйгарын муслим хүн ам олонх цорын ганц том хот юм.
Түүнчлэн энэхүү эдийн засгийн коридор нь зүүн хойд Пакистаны Афганистантай хиллэдэг Талибанчууд үзэгддэг хэсгийг дайран өнгөрөх болно. Энд Уйгарын салан тусгаарлагчид төвлөрдөг гэх мэдээ ч бий. Тийм болохоор энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Пакистан аюулгүй байдлын тал дээр онцгой анхаарч байна. Гурван мянган километр үргэлжлэх эдийн засгийн коридорын аюулгүй байдлыг хангахын тулд Пакистаны засгийн газар 200 гаруй сая ам.доллараар батлан хамгаалахын төсвөө нэмээд байгаа бөгөөд 12 мянган тусгай албан хаагч төслийн аюулгүй байдлыг хангана. Төслийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх олон мянган хятад ажилчнаас гадна эдийн засгийн коридорыг даган Хятадын олон арван компани Пакистанд үйл ажиллагаагаа явуулж эхлэх болохоор энэ нь гарцаагүй шийдвэр юм.
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф Си Зиньпиний айлчлалын үеэр хэлсэн үгэндээ “Хятадын аюулгүй байдал бол бидний аюулгүй байдал мөн” хэмээн онцолсон. Өмнө нь Камерунд Бока Харам бүлгийнхэн 10 хятад ажилчинг хулгайлж байсан гашуун түүх бий. Нөгөө талаараа энэхүү төсөл нь эдийн засгийн төвөөс тусгаарлагдмал байдалтай Шинжааныг дэлхийд нээн өгч, эрчимтэй хөгжилд хөтөлснөөр салан тусгаарлах үзлийг нь бууруулах, ирээдүйд Пакистан, Афганистанаас жихад дайчид Шинжаанд орж ирэх замыг хаах боломжтой. Энэхүү эдийн засгийн коридор нь шууд манай улсын эдийн засагт нөлөөгөө үзүүлэхгүй ч Шинжаан Уйгарын автономит мужийн эдийн засгийн хөгжил түргэсэх нь манайд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Пакистаны хувьд Хятадтай тогтоосон харилцаагаа Хималайгаас ч өндөр, далайн ёроолоос ч гүнзгий хэмээн тодотгодог. Хэн хэн нь Энэтхэгтэй хилийн маргаантай нь энэ хоёр улсыг дотносоход хүргэдэг. Нөгөө талаараа Пакистаны хувьд дотоод хэрэгт оролцох дуртай Америкчуудын хажууд Хятад илүү найдвартай зэвсэг нийлүүлэгч болдог. Хэдийгээр Энэтхэгийн тал энэ төслийг бүс нутгийн хөгжилд чухал нөлөөтэй хэмээн мэдэгдээд байгаа ч чин сэтгэлээсээ баярласан нь юу л бол. Нөгөө талд энэ бүс нутаг дахь гол холбоотноо гол өрсөлдөгчдөө алдаж буй АНУ ч гонсгор байгаа бизээ.
Өнгөрсөн жилээс эхлэн Хятадын эдийн засгийн өсөлт тогтворжиж эхэлсэн. Тийм ч учраас Хятадууд хөрш орнуудтайгаа холбогдсон дэд бүтцээ хөгжүүлэх замаар эдийн засгаа тэлж, эдийн засгийн шинэ нөөц бололцоог буй болгохоор оролдож байна. Пакистантай холбогдсон энэхүү эдийн засгийн коридор Хятадын энэ бодлогынх нь эхлэл юм. Хятадууд цаашид ийм корридор нэг бусыг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол, Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридорын тухай асуудал ч яригдаад байгаа.
А.Амармэнд