Урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарч, алдагдал нь 106 хувиар буурчээ. Мөн хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 9.3 хувь хүрч, Төв банкны зорилтот түвшин найман хувь руу ойртов. Эдийн засгийн эдгээр суурь үзүүлэлт нааштай гарсан нь ханшийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, төгрөгийн ханш бага зэрэг чангарч эхэллээ. Монгол банкны зарласан ханшаар өчигдөр ам.доллар 1954 төгрөгтэй тэнцэж, нэг сарын хугацаанд ам.долларын ханш 50 төгрөгөөр буув.
Нааштай хүлээлт эерэг нөлөө үзүүлэв
Ам.долларын эсрэг төгрөгийн ханш зугуухан чангарах эл үзэгдэл ингээд зогсохгүй, цааш үргэлжлэх нь. Жил хагас буюу 18 сарын туршид 12.3 хувиар суларсан төгрөгийн ам.доллартой харьцах ханш эргэж, чигээ өөрчилжээ. Төв банк өнгөрсөн сард валютын захад 8.6 сая ам.доллар нийлүүлсэн бөгөөд дуудлага худалдаанд арилжааны банкнууд ам.доллар худалдах саналаар оролцох нь эрс давамгайлсан байна. Монгол банк өмнө нь дуудлага худалдаагаар сард дунджаар 110 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн статистик бий.
Тус банкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаа “Валютын зах дахь эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ Монгол банкны интервенцийн оролцоогүйгээр тэнцвэржиж байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш тогтвортой байх нөхцөл бүрдсэн” гэж мэдэгдлээ. Өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкнууд 1958-1963 гэсэн төгрөгийн ханшаар 1.2 сая ам.доллар худалдан авах санал Монголбанкинд ирүүлсэн ч энэ удаагийн арилжаанд тэд оролцсонгүй.
Төв банк урсгал тэнцлийн алдагдлыг бууруулж, инфляцыг нам, тогтвортой түвшинд байлгахын тулд бодлогын хүүгээ 13 хувь хүртэл нэмсэн. Өнгөрсөн сард тэд дахин хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээсэн билээ.
Мөн Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрүүдийг зах зээлийн нөхцөлд үе шаттайгаар шилжүүлэх болсон. Уг арга хэмжээ нь мөнгөний зах дахь төгрөгийн илүүдэл нөөцийг бууруулж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлснээр валютын ханш тогтворжих нөхцөлийг бүрдүүлжээ.
Хүлээлтийн горимд шилжсэн хөрөнгө оруулагчид Таван толгой болон “Оюутолгой” төслийн хоёр дахь шатыг ажиж суугаа нь илт. Эдгээр томоохон төслүүдийн “хувь заяа” хэрхэн шийдэгдэхээс манай эдийн засгийн “эрүүл мэнд” хамаарах нь дамжиггүй. Үүнийг тодорхойлох “толь” болсон ханшийн зах зээлд ам.долларын ханш уруудаж, төгрөг сэргэж эхэллээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч Б.Эрдэнэбат “Ханш зах зээлийн амьд организм. Тиймээс ханшийг нэг түвшинд тогтмол барих ямар ч боломжгүй” хэмээсэн. Гэхдээ зах зээлд найдаад зүгээр үлдээж болохгүйг тэрбээр дурдсан юм. Ам.доллар ноёлох эдийн засагт төгрөгийн уналт бодит тусгал болж, бидний өрсөлдөх чадвар хаана явааг илчилсэн удаатай.
Б.Тулгат