ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Ялалтын баярын уур амьсгал хэдийнээ оржээ. Хаа сайгүй “70 лет-Победи” гэсэн бичигтэй зурагт хуудас, лого, сурталчилгааны самбар харагдаж байлаа. Оросуудын нэрлэснээр Кяхта, монголчуудын мэдэх Хиагт буюу хилийн жижиг боомт тосгоны босгыг алхахад л “День победи” дуу тасралтгүй эгшиглэх нь содон бас дотно сонсогдож байв.
Улаан-Үд тун удахгүй өнгө засаж, өөдлөх аятай зураг бууж байгаа юм
ОХУ болон Монгол Улс харилцан визгүй болсноор зорчигч тээврийн ачаалал эрс нэмэгджээ. Улаан-Үдийг зорих монголчуудын цуваа өдөр шөнөгүй тасралтгүй үргэлжлэх болсноор зорчигч тээвэртэй холбоотой олон асуудал гарч эхэлжээ. Чухам үүнтэй холбоотойгоор Авто тээврийн үндэсний төвийн санаачилга, Монголын “Зэлтэрийн зам” болон Оросын “Восток Транс” компанийн дэмжлэгтэйгээр сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжлага хийх боломж олдсон юм.
Дээрх хоёр компани нь Монгол болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлцлийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага аж.
“Зорчигч тээврийн ачаалал эхний улирлын байдлаар гэхэд 30 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд 20-иод хувийг монгол зорчигчид эзэлж байгаа. Бид ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор автобус нэмж гаргахаас гадна тасалбарыг нэг сарын өмнө цахим хэлбэрээр захиалах, ая тухтай аялуулах талаар чамгүй ажлууд хийж эхлээд байна” хэмээн “Восток Транс” компанийн захирал А.С.Мадасов ярилаа.
Улаан-Үдийн Авто вокзалын төвийн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотойгоор шинэ байранд төвхнөөд удаагүй байгаа аж. Энэ ч утгаараа тохижилт, тав тух талаас нь муугаас арай дээр “дунд” дүн тавьчхаж болохоор харагдсан. Гэхдээ тун удахгүй өнгө засаж, өөдлөх аятай зураг бууж байгаа юм. Учир нь Монголын аялагч зорчигч, “ганзагын наймаачдын” оруулж буй хөрөнгө оруулалт тус хотын Авто вокзал байтугайг нь өөд татахаар хэмжээнд хүрэх төлөв бүрдчихэж.
Ганц жишээнээс нэг тооцоо хийгээд үзье. Биднийг хойд хөршийн хилийн дээс алхдаг тэр өдөр буюу пүрэв гарагт гэхэд 40 хүний суудалтай 10 автобус Монголоос Улаан-Үдэд буудалласан мэдээлэл байсан. Нэг хүн хамгийн багадаа 500 мянган төгрөгтэй гарсан гээд бодъё. Тэгвэл дээрх 400 хүн нийлээд дор хаяж 200 сая төгрөгийн худалдаа хийсэн тоо гарч байна. Мэдээж үүнд буудал, хоол гээд ямар ч жуулчны халааснаас гарах ёстой зардлууд бий. Ингээд бодохоор эртний гэж нэрлэхэд арай боломгүй хуучны хот Улаан-Үд хэдхэн жилийн дотор томрон торойх төлөв байгаа юм.
ОХУ болон Монголын хооронд зорчигч тээврийн ачаалал эхний улирлын байдлаар 30 хувь нэмэгджээ
Тус хотын хүн ам одоо 430-аад мянгад хүрсэн бөгөөд бараг 70 хувийг орос үндэстнүүд эзэлдэг юм билээ. Үеийн үед энэ харьцаа алдагдаагүй хэмээн нутгийн буриад өгүүлж байсан нь бас л учиртай гэх. Эндхийн уур амьсгал Монголтой л ижил, эрс тэс. Биднийг очих үе жаахан сэрүүн өдрүүд таарсан бөгөөд Ялалтын баярын өмнөх их амралт эхэлжээ. Тиймдээ ч тэр үү, хорь буриадаар овоглосон хот бүхэлдээ нам гүм, ажин түжин, амар жимэр. Төв талбайд олноос онцгойрох Ленин багшийн хөшөө жуулчдын сонирхлыг яах аргагүй татах нэг цэг. 1970 онд Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулж босгосон уг хөшөө дэлхийд хамгийн том хүний толгойн хөшөө гэдгээрээ алдартай. 42 тонн жинтэй, дөрвөн метрийн өргөнтэй уг хөшөөг хотын төв хэсгээр явахдаа хаанаас нь ч харах боломжтой нүсэр аж.
Хоол ундны хувьд хэлэх өө алга. Амттай, чанартай, жинхэнэ орос зоогийг Улаан-Үдийн аль ч дүүрэг, захын тосгон, буйдхан газрын жижигхэн цайны газарт амталж болно. Рублийн ханшийн уналт монголчуудад бас боломж олгожээ. Худалдааны гол төвүүдийн хүнс, бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс нэмэгдсэн нь илт. Цүнх, тор дүүрэн юмаа дааж ядан зөрөх хүмүүс ерөнхийдөө л монголчууд байх аж. Наранцэцгийн тос, хиам, алим жимс, чихэр бурам, будаа, элчин чихэр гээд хэрэгцээний бүхий л барааг бүтээгдэхүүнээс манайхан боломж, чадлынхаа хэрээр зөөдөг болсон харагдсан. Тэрчлэн нарийн боов, амтлаг талхыг хүртэл хэд гурваар нь авдаг юм билээ. Ингэхээс ч аргагүй. Хорхой хүргэм амттай харагдах орос талхнаас ар гэрийнхэндээ ч бас амсуулчихмаар л санагдсан.
Аяллын багийнхны бас нэг зорилго нь Байгал нуурыг үзэх байв. Монголчуудын аяллын маршрутад заавал ордог чухал цэгийн нэг энэ. Дэлхийн хамгийн эртний гүнзгий энэ нуур нь Сибирийн төв дунд оршдог бөгөөд 1.5 км гүн. Эрдэмтэд нуурын насыг 20-25 сая жил хэмээн үздэг. Тэрчлэн нуур биш тэнгис хэмээн нэрлэдэг нь ч учиртай. 23 мянган шоо метр устай Байгал нуур уртаашаа 636 км үргэлжилдэг. Байгаль дэлхийн нэгэн үзэсгэлэн бүрдсэн тус нууранд 300 орчим төрлийн нүүдлийн шувуу өндөглөн зусдаг гэх судалгаа бий. Түүнчлэн энэ нуурын загас, амьтан ургамал, экосистемийнх нь бүрдэл, тогтолцоо зэргээс нь шалтгаалан олон улсын хэмжээнд онцгойлон үзэж, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн түүхтэй. Ийм онцгой газрын захад нь ч болов очиж, нүдээр харах нь бидний хувьд чухал байсан. Байгал нууртай сайтар танилцаж, ядаж л жигүүртэн шувуу, амьтад, байгалийн сайхныг нь биеэр мэдэрнэ гэвэл нэг сар ч багадахаар санагдсан. Ер нь бол жуулчид амрахад хамгийн аятай үе нь долдугаар сарын дундаас эхэлдэг гэсэн.
Ц.Хэрлэн