-Айл болгон нь хуураа хөглөөд, уртын дуугаа дуулчихдаг, хангай дэлхийгээ шүтэж тууль магтаалаа хайлчихдаг Монголоос өөр орон дэлхийн хаана ч байхгүй-
“Хөсөгтөн” нэрийн дор нэгдсэн морин хуурч, хөөмийч В.Батзоригт, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийч Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар зэрэг авьяаслаг уран бүтээлчдийн цогц нэгдэл саяхан дэлхийн сая сая үзэгчдийг “Авьяаслаг азичууд” шоунд хэрхэн байлдан дагуулсныг та бүхэн дээрх бичлэгээс нэхэн үзэж байна. Тэд монголчууд төдийгүй харийнхны зүрх сэтгэлийг хөдөлгөж Монголын нүүдэлчин соёл, урлагийг дэлхийд сурталчилж чадсан. Энэ хамтлагийг байгуулан, өнөөдрийг хүртэл оршин тогтнож, амжилт гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бол хамтлагийн ахлагч Д.Ариунболд байж таарна. Түүнийг “GoGo Cafe” буландаа урьж ярилцлаа.
МОНГОЛ ХӨӨМИЙНД ОЛОН ХООЛОЙН ХЭЛБЭРИЙГ ОРУУЛАХ ХҮСЛИЙГ МИНЬ МЭДЭРСЭН ЮМ ШИГ ХАМТЛАГ БАЙГУУЛАХ САНАЛЫГ ТАВЬЖ БАЙЛАА
-Юуны өмнө “Хөсөгтөн” хамтлагтаа баяр хүргэе. Өнөөдрийг хүртэл үзүүлсээр ирсэн амжилтуудаа та бүхэн хэрхэн үнэлэв?
-Авьяас гэдэг бол амжилтын үндэс. Дээр нь сэтгэл нэгдэж хийж байгаадаа дурлаж хөдөлмөрлөж байна гэдэг амжилтын үндэс. Миний хувьд энэ бүхэн цогцолсон учраас “Хөсөгтөн” хамтлаг байгуулагдсан цагаасаа оролцсон уралдаан, наадам болгонд тэргүүлсэн байх.
Анх удаагаа л “Авьяаслаг Азичууд” наадамд удааллаа. Бидний хувьд уран бүтээлээ мах цусаараа мэдэрч туурвихын сацуу үргэлж шинийг эрэлхийлдэг. Хоёрдугаарт манай хамтлагийн гайхамшиг нь Монголын авьяаслаг уран бүтээлчид нэг дор цугласан явдал юм. Энэ бүхэн нь биднийг өдий болтол оршин тогтноход нөлөөлж байна.
-Ер нь хамтлаг байгуулагдах сэдэл хэрхэн төрсөн бэ. Авьяаслаг гишүүдтэй баг бүрдүүлнэ гэдэг амаргүй зүйл байх?
-Анх 2008 оны арванхоёрдугаар сард Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад “Хөөмийн түрлэгтэй эх орон” гэж цоо шинэ уран бүтээл тавьсан. Найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан, чуулгын ерөнхий найруулагч Ганболд ажилласан. Тухайн үед тэрбээр хөөмийн хамтлаг хэрэгтэй байна.
Чи нэг бодож үзээч гэж хэлсэн. Харин миний сэтгэлийн цаана Монгол хөөмийд олон хоолойн хэлбэрийг оруулах хүсэл эрмэлзэл нуугддаг байв. Харин үүнийг нь олж харж мэдэрсэн юм шиг тэрхүү саналыг тавьсан. Хөөмийг олон хоолой хэлбэрт оруулахын хажуугаар шинэлэг дуугаралтыг бий болгоно гэдэг миний хамгийн их бодож, эрэлхийлж явдаг зүйлийн нэг. Тухайн үед Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Их найрал хөгжмийн хөөмийлдөг уран бүтээлчдийг цуглуулахыг хүсч байсан. Улмаар хамтлагийн хөгжимчдөө олж харсан, цуглуулсан.
Тэгээд тухайн тоглолтод “Тоорой банди” Монгол ардын дууны үгийг авч, аяыг нь шинээр зохиосон бүтээлээрээ оролцсон. Мөн залуу хөгжмийн зохиолч Бярваагийн бүтээлээс тоглож анх Үндэсний эрдмийн дуу бүжгийн тайзнаа анх гарч байлаа. Энэ үед “Хөсөгтөн” хамтлагийн нэр байгаагүй. Би Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хөгжимчин байсан үе. Харин 2009 онд хамтлагийнхаа гишүүн Батзоригтод санал тавьснаар хамтлагаа байгуулсан.
-“Хөсөгтөн” нэрийг яагаад сонгосон бэ?
-Гэр бүлийн хүн маань энэ нэрийг санал болгож манай хамтлагийнхан хүлээн зөвшөөрснөөр 2009 оны гуравдугаар сард тайзан дээр “Хөсөгтөн” нэрийнхээ дор уран бүтээлээ анх үзэгчдэд толилуулсан. Энэ үг Монголын үндэсний уламжлалыг хадгалсан маш гоё үг шүү дээ. Бид чинь хөсөг тэргээрээ нүүдэллэж ирсэн олон жилийн түүхтэй ард түмэн. Нэг талаараа техникийн хөгжил, дэвшил уламжлалыг дандаа баллуурдаж байдаг.
Яагаад би энийг тодотгож байна гэхээр өнөө үед машин, тэрэг, мотоцикл бий болоод ирэхээр хүмүүс мал хариулахдаа техник ашигладаг болж байна. Адуугаа хариулахдаа хүртэл мотоцикл унадаг болчихож. Уламжлалыг баллуурдсан яг ийм хөгжлийн эрин үед бол Монгол үгсийн сангаас маш олон үг гээгдэх аюулд учирсан. Тэр дотроо “Хөсөгтөн”, “Хөсөг” гэдэг үг гээгдэх ирмэг дээр ирсэн байв.
Монголчууд уналга, ачлагад хэрэглэдэг хөсөг тэрэгнийхээ эд анги бүрийг өөрсдөө хийдэг байсан ард түмэн шүү дээ. Уналга ачлагад ч хэрэглэхээ больсон. Хөгжлийн шаардлагаар амьдралынхаа хэв маягаас шахагдсан гэх үү дээ. Бид “Хөсөгтөн” нэрээр овоглох болсноор энэ үг дахин “амьдрах” Монголын ард түмний чихэнд хоногших бололцоо нээгдсэн.
УЛАМЖЛАЛАА АЛДААГҮЙ ХЭВ МАЯГ МААНЬ ӨНӨӨДӨР ДЭЛХИЙД ШИНЭ, СОНИРХОЛТОЙ ХЭВЭЭР БАЙГАА ЮМ
-Ардын хөгжмийн олон ч хамтлаг байна. Танай хамтлагийн хувьд ардын хөгжмийг орчин үетэй хослуулах эрмэлзэл нь бүтээлүүдүүдээрээ илэрч байдгаараа онцлогтой юм болов уу гэж хардаг. Жишээ нь, уламжлалт хөгжмийн зэмсгийг гитартай хослуулан тоглодог шүү дээ.
-Энэ ийм учиртай. “Хөсөгтөн” хамтлагийн анхны зорилго бол Монголын үндэстэн ястнуудын мартагдаж буй ардын дуунуудыг сэргээн дуулах байсан. Ер нь ардын урлагийн сонсогчдын насжилт нь 45-аас дээш насныхан байдаг шүү дээ. Тэгвэл энэ нь заавал настай хүмүүст зориулсан урлаг биш гэдгийг мэдрүүлэхийг зорьсон.
Тийм ч учраас бид гитарын оруулж ирж, жимбээ гэгч хөгжмийг уран бүтээлдээ түлхүү ашиглаж ирсэн. Анхны уран бүтээлүүдийн нэг болох “Алтаргана” хэмээх буриад ардын дуунд энэ оролдлогыг хийж амжилт олсон. Ятга, гитар хөгжмийн нийлэмж маш таатай байдгийг мэдрүүлсэн гэж боддог. Үүнийгээ дагаад Монголын ардын урлагийн сонсогчдын насжилт маш залуужсан.
Түүнээс гадна бид хөгжимгүй өрнийн акапель төрлийг хөөмийнд оруулж бугын урам, шувуудын жиргээ гэх мэт байгалийн эффектүүдийг хөгжмийн зэмсэг хэрэглэхгүйгээр өөрсдөө гаргахыг хичээж байна. Энэ оролдлогууд минь бүгд л амжилттай болж байгаа. Ийм ч учраас ард түмэн маань “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай байдаг байх.
-“Авьяаслаг Азичууд” нэвтрүүлгийн шүүгчид “Та бүхний уран бүтээлийг сонсоод Монголд очсон юм шиг л боллоо. Бүр очиж үзэх тэр хүсэл мэдрэмжийг төрүүллээ” гэж хэлсэн?
-Монгол үндэстний хэв маяг, өсөж өндийсөн орчин, эзэмшсэн урлаг нь дэлхий дахины анхаарлыг татсаар ирсэн юм байна л даа. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл дэлхий нийтэд нүүдэлчин монголчуудын соёл, уламжлал шинэ, сонирхолтой хэвээр байгаа юм.
-Тухайлбал?
-Бидний дээл гэхэд л асар их соёл, учгийг агуулдаг. Монголчууд бие засахдаа, унтахдаа ч дээлээ нөмөрдөг. Энэ нь өөрөө нүүдэлчдийн хэв маягийг агуулдаг учраас техникийн эрин зуунд амьдарч байгаа гадны үзэгчдэд содон байдаг.
Хоёрдугаарт, Монгол хүн бие сэтгэлээрээ мэдэрч байж тэрхүү хөөмийн гайхамшигтай өнгүүдийг гаргадаг. Тэгэхээр нэг хүний хоолойноос зэрэг авиа гардгаараа хосгүй л дээ. Манай морин хуур байна. Өнөөдөр төгс шинжээ олж чадаагүй ч уламжлалынхаа хэлбэрийг алдаагүй.
Яагаад өнөөдөр морин хуурын аялгуу хүний зүрхэнд хүрч уйлуулж уярааж чадаад байна? Бодоод үзээрэй. Тэгэхээр энэ бүх уламжлалаа алдаагүй хэв маяг маань өнөөдөр дэлхийд цоо шинэ зүйл болон харагдаж байгаа юм. Энэ бол бидний бахархах хамгийн үнэт зүйл.
-Хөгжмийн зохиолч Жанцанноров гуай "Морин хуур амьтай юм аа" гэж хэлсэн байдаг.
-Ер нь амьгүй зүйл гэж байдаггүй. Сандал, ширээ ч амьтай. Бурхны философи бол ямарваа нэгэн зүйл өөрөө өөртөө тохирсон амьтай байдаг. Дан ялангуяа үндэс угсаа ялгахгүйгээр хүмүүсийг баясан цэнгүүлж байгаа урлаг бол амьтай зүйл.
Тийм ч учраас Монголын урлагийг сүнслэг гэж ярьдаг. Яагаад үүнийг хэлж байна гэхээр Англид биднийг тоглох үед монголчууд сүнслэг урлагтай ард түмэн юм гэж урлагийн нөлөө бүхий хүмүүс тодорхойлж хэлсэн нь сэтгэлд үлджээ.
ШОУНЫ ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ ТАЙЗАН ДЭЭР МОНГОЛООР ЯРИХ ШААРДЛАГЫГ БИДЭНД ТАВЬСАН
-“Авьяаслаг Азичууд” шоуны үеэр “Хөсөгтөн” хамтлаг тайзнаа гарч ирээд өөрсдийгөө Монголоор танилцуулсан. Англиар ярьчихаж болоогүй юм уу?
-Энэ бол шоу. “Авьяаслаг хятадууд”, “Авьяаслаг сингапурчууд” гээгүй “Авьяаслаг Азичууд” гэж нэрлэсэн байгаа биз. Өмнө нь зөвхөн улс үндэстэнд зориулж байсан бол анх удаагаа тив хамарч хүрээгээ тэлжээ.
Ази бол дэлхийд хамгийн олон хүн амтай тив. Тэр дунд маш их авьяастан бий. Тэгэхээр улс болгоны онцлогийг харуулах гэж тив хамарсан гэдэг утгаараа та бүхэн өөрсдийн хэлээр ярих ёстой гэсэн шаардлагыг бидэнд тавьсан. Энэ ч утгаараа үнэ цэнэтэй байсан байх.
-Олон улсын чанартай тэмцээнүүдэд түрүүг нь авсаар ирсэн танай хамтлаг энэ удаад сэтгэл гонсгор байв уу?
-Тэгэлгүй яахав дээ. “Хөсөгтөн” хамтлаг гэж ярьж байгаа боловч түүний ард хөсөг тэргээр нүүдэллэсээр ирсэн Монголын ард түмэн байгаа байхгүй юу. Тэрхүү гурван сая хүн бид бүхнийг сэтгэл санаагаар дэмжээд сүүлийн шат хүртэл нь хамт байж бүр хоёрт үлдэх хүртэл саналаа өгсөн.
Тэгэхээр эднийхээ итгэлийг алдаж нэгдүгээр байр аваагүй гэхээр харамсах сэтгэл төрнө шүү дээ. Энэ бол чамлалт биш. Гэхдээ Монголчууд XIII зуунаас эхлэн дэлхийг байлдан дагуулалтаараа хоёр гурван зуун дамнан туулсан учраас энэ бодол сэтгэгдэл нь шуналын нэг хэлбэр байж болох талтай. Энэ гэхдээ зөв шунал шүү.
-Танай хамтлагийн хувьд хөгжимдөх, хөөмийлөх, дуулах гээд л нэг хүнд багтахааргүй чадварыг цогцлоодгоороо ижил төрлийн хамтлагуудаас ялгардаг юм болов уу гэж харж байна?
-Маш сайхан асуулт. Гэхдээ зөвхөн “Хөсөгтөн” хамтлагт тавих асуулт биш гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол хүнд өөрт нь учир байна. Хөгжмөө дараад дуулдаг, хөөмийлдөг, бас уйлж, инээж чаддаг ард түмэн зөвхөн Монголд бий.
Яагаад би тэгж боддог гэхээр хөдөөний ямар ч айлд ороход хуураа хөглөөд, уртын дуугаа дуулчихдаг, тууль магтаалаа хайлчихдаг, хангай дэлхийгээ магтчихдаг Монголоос өөр орон байхгүй. Тийм ч учраас Монгол хүнд л учир байна. Монголын ардын урлагт хүчин зүтгэж, мөн өөрсдөөрөө дамжуулж өв соёлоо хойч үедээ уламжлан үлдээж байгаа бүх уран бүтээлчид агуу. Энэ бол үнэхээр гоё асуулт.
МЭДЭЭЖ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ТУУЛСАН “ХӨСӨГТӨН” ХАМТЛАГИЙН ЗАМНАЛ НАДТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ
-Дэлхийн долоон том театрын нэг Английн хатан хааны “Royal Albert” гээд л олон улсын тайзан дээр та бүхэн Монголын язгуур урлагийг сурталчилсан. Тэгвэл өнөөдрийг хүртэл тоглож байсан тайзуудаас хамгийн сэтгэлд үлдсэн, үнэ цэнэтэй нь аль вэ?
-Анхны зүйл хүнд хамгийн сайхан сэтгэгдэл, дурсамжийг үлдээдэг. Англи, Малайзын тэр том наадмуудын хүндтэй тайзнаа тоглоно гэдэг мэдээж сайхан. Гэхдээ миний хувьд хамтлагаа байгуулсныхаа дараа эрч хүчтэйгээр 2010 оны долдугаар сарын 9-нд хийсэн анхны бие даасан тоглолт бол сэтгэл зүрхэнд тодхон үлджээ.
Тэрхүү тоглолт бидний амжилтыг эхлүүлэх гараа болсон. Тэр хамгийн үнэ цэнэтэй тайз бол Үндэсний дуу бүжгийн чуулгын тайз байлаа.
-Хамтлаг байгуулагдаад зургаан жил болж байна. Таны хувьд энэ хугацаанд хамтлагийн ахлагч гэдэг утгаараа “Хөсөгтөн”-г байгуулж, уран бүтээлээ олонд таниулах, оршин тогтнох бүхий л үүргийг илүүтэй хүлээсэн гэж ойлгож байна?
-Байхгүй юмыг бий болгоно гэдэг хамгийн хэцүү. Бий болгосон зүйлээ хамгаалж явна гэдэг бүр ч амаргүй. Хүмүүсийн тэр бүр гадарлаад байхгүй “Ethnic ballad” чиглэлээр уран бүтээл туурвихад их хөдөлмөр, цаг хугацаа ордог.
Мэдээж өнөөдрийг хүртэл туулсан замнал надтай салшгүй холбоотой гэж бардам хэлнэ. Урын болон уран сайхны бодлогоо барьж, хүмүүсийн сэтгэлзүйд хэр нийцэхийг тооцоолж, эдийн засгийн асуудлаа шийдэх гээд л над дээр буух хариуцлага өндөр. Үүнийг манайхан ч хүлээн зөвшөөрөх байх.
-“Ethnic ballad” урсгалын талаар дэлгэрүүлэн яривал?
-Яахав дээ. Дэлхийн нийт хөгжихийн хэрээр хүн бүр өдөр тутам стресст автаж байгаа. Үүнийг тайлах тайвшруулах аялгуу бол Монголын уртын дуу, хөөмий, морин хуурын аялгуу гэж би боддог.
Энийг ямар чиглэлээр авч явах вэ хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ гэдэг бол бидний оюунаа хэрхэн уралдуулахаас хамаарна. “Ethnic ballad”-ыг тайвшралын хөгжим гэж тодорхойлж болно. Хүний чихэнд тас няс гэж очоод байхгүй. Дэлхий нийтээр бол chillout гэж тодорхойлдог. Үүнтэй дүйцэхүйц тайвшралыг олох хөгжмийг бий болгох нь л чухал байна.
ЗЭВСЭГ БАРИАД ХИЛ ДЭЭР ЗОГСЧ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ЗЭМСГЭЭ БАРИАД ЭХ ОРНОО ДЭЛХИЙД ТАНИУЛАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ
-“Хөсөгтөн” хамтлаг тэгвэл энэхүү хүсэл, зорилгынхоо аль хавьд нь явж байна?
-Хүний хүсэл, шунал хязгааргүй. Бид хэд наслахаа мэдэхгүй. Магад 100 гараад явах ч юм бил үү, хэн мэдлээ. Сэрээд харахад өөр ертөнцөд очсон эсэхээ ч таашгүй. Гэхдээ байгаа хугацаандаа үнэ цэнэтэй байна гэдэг хувь хүнээс шалтгаалдаг. Тэгэхээр бидний үнэ цэнэтэй байх, амжилт гаргах үүд хаалга нээгдэж байна гэж хэлж болох юм.
-Та бүхний өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн бүхэн юуны төлөө, юунд зориулагдсаар ирэв?
-Монголд бол эдийн засаг гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс болж хүн бүр л өмнөх ажлаа хийж амьдарч байна. Тэр бол бидний эцэг юм уу ээж болсны үүрэг. Хоёрдугаарт, бид энэ мэргэжилд дурлаад суралцсан л хойно ардын урлагаараа олны сонорыг мялаан, түгээн дэлгэрүүлэх нь бидний хоёр дахь үүрэг.
Гуравдугаарт, бид эх орныхоо хөгжилд хүрз бариад шавар зуурч чадахгүйгээс хойш эх орноо сурталчлах, олон улсад таниулах зэргээр өөрсдийн чаддаг зүйлээр л хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Зэвсэг бариад хил дээр зогсч чадахгүйгээс хойш зэмсгээ бариад эх орноо дэлхийд таниулах нь бидний үүрэг болоод байна.
-Зургаан жилийн өмнө Олон улсын хөөмийчдийн наадмын түрүүг авчихаад өгсөн ярилцлагадаа та бүхний хамгийн хүчтэй өрсөлдөгч тува гэчихсэн байсан?
-Тува бол олон жилийн түүхтэй манай улсын л нэг ястан шүү дээ. Хөөмийний хувьд олон жилийн түүхтэй, хэлбэрийнхээ хувьд арай өөр. Манай хөөмий бол уудам нутаг шигээ өргөн уудам цараатай. Харин Тувагийнх цараа бага хэрнээ хэлний техникийн хувьд асар өндөр хөгжсөн.
Эрт эдийн засгийн эргэлтэд орсон учраас цөөхүүл хамтлагууд манайхаас түрүүлэн дэлхийн зах зээлд орчихсон. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн эргэлтэд орно гэхээр урлаг өөрөө хөгжлийн хурдыг авч байгаа нэг шинж л дээ. Юм үнэ цэнэтэй байхаараа л зөв гольдирол руугаа ордог. Америк, Европын ертөнцөд Тува хөөмийгөөрөө сайн танигдсан байдаг. Харин Монголчуудын хувьд 1990-ээд оноос хойш дэлхийн зах зээлд гарах оролдлогуудыг хийж эхэлсэн.
Гэсэн ч өнөөдрийн хувьд бол дэлхий нийт Монголын хөөмий, ардын урлагийг мэдэрдэг болоод байгаа. Жишээ нь саяны “Авьяаслаг Азичууд” шоуны нэг удаагийн нэвтрүүлгийг 500 сая хүн үзсэн гэж бодохоор 3-4 нэвтрүүлгийг 1,5-2 тэрбум үзсэн байх жишээтэй. Тэгэхээр манай ардын урлаг, соёлыг дэлхий нийтээр үзэж, мэдэрч байна гэсэн үг шүү дээ. Ийм учраас өнөөдөр Туватай өрсөлдөх өрсөлдөхгүйг ярих нь асуудлын гол биш болжээ.