-Вьетнам жуулчид ойролцоогоор 3.9 сая төгрөгийг Японд зарцуулдаг-
“Жуулчдын тоо буурсан гэх мэдээлэл нь ташаа ойлголт” гэж БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Баясгалан хэллээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар БНХАУ, Австрали, Германаас ирсэн жуулчдын тоо буурсан ч, бусад улсаас ирсэн жуулчны тоо өссөн гэдгийг тэрбээр онцлов. Тодорхой хэлбэл, манайхыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын урсгал буурахтай зэрэгцээд дотоодод үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниудын тоо 50 гаруй хувиар буурчээ. Үүнээс үүдэн аяллын визээр манайд ажиллаж, амьдрах гаднын иргэдийн тоо буурсан гэнэ. Үр дүнд нь БНХАУ-аас манайд ирсэн жуулчдын тоо буурсан гэх тайлбарыг хэлэв. Тэгэхээр жуулчид буураагүй юм байна. Манайд ажиллаж байсан гаднынхан гараад явчихжээ.
Хамгийн хачирхалтай нь, өмнөх жилүүдэд хийсэн жуулчдын тооны статистик худлаа болж таарав уу? Тухайлбал, тус яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд 2013 онд манайд 417.8 мянган жуулчин иржээ. Үүний 42 хувь нь БНХАУ-ын жуулчид байгаа юм. Харин өнгөрсөн оны байдлаар Хятадаас ирэх жуулчдын тоо 11.6 хувиар буурсан гэнэ. Энэ онд ч энэ тоо мөн буурсан тухай дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, бидний иш татдаг тоон дүнд багтсан Хятад жуулчид, “жуулчид” биш, ажилчид гэсэн үг ажээ. Тэгээд яагаад статистик мэдээлэлд нь багтчихдаг юм бэ?
Энэхүү асуултын хариуг Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Батнасан компаниудтай холбож тайлбарлав. Компаниуд татвар төлөхгүйн тулд Хятад ажилтнууддаа аяллын виз авчихдаг байсныг онцолсон юм. Тэгэхээр компаниудын буруугаас болоод манайд ирдэг жуулчдын статистик мэдээлэл худлаа гарсан бололтой. Нөгөө талаас, Монголын аялал жуулчлалын салбарт дорвитой судалгаа хийдэггүйг дээрх хоёр эрхмийн яриа батална.
Тэгтэл аливаа салбарын бодлого судалгаанд түшиглэж явдаг. Ядаж л бодитоор аль улсаас хэдэн жуулчин хэрхэн ирээд, хэдэн “ногоон” үрчхээд явсныг мэдсэний үндсэн дээр ирэх жилүүдэд хаашаа, ямар зар сурталчилгаа хийхийг төлөвлөх нь зүйд нийцэх аж.
“МАШИН ЗАСВАРЫН ВЬЕТНАМ” УУ ГЭТЭЛ...
Дэлхий даяар томоотой бөгөөд соёлтой аялдгаараа алдартай Японд салбарынх нь судалгаа үлгэр жишээ байх юм. Биднийг хэдэн жуулчин хүлээж авснаа ч мэдэхгүй, мөн, биш гээд маргаж суухад, тэд нэг жуулчнаас хэдэн ам.доллар сэгсэрснээ тооцчихжээ. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар тус улсад зарцуулсан иенийхээ хэмжээгээр вьетнамчууд тэргүүлж байна. Нэг вьетнам жуулчин дунджаар 240 мянган иен арлын оронд үрсэн нь монгол мөнгөөр 3.9 сая төгрөгтэй дүйж байгаа (Монгол банкны даваа гарагийн албан ханшинд хөрвүүлж тооцов). Тэдний араас хятадууд удаалжээ. Тэгэхээр энэ жил япончууд бүр ч олон вьетнам жуулчныг эх орондоо татах бодлого баримтлах нь. Харин бид вьетнамчуудыг машин засдагаар л төсөөлөх жишээтэй. Тэгтэл Японы Токио хот бөмбөрцгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг тэргүүлдэг. Энэ хотод аялахын зэрэгцээ үрсэн иенийхээ хэмжээгээр тэргүүлснээс харахад тэдэнд аялах боломж бололцоо өчнөөн байгааг харуулна.
Аялал жуулчлалын салбарын суурь судалгааг 2008 оноос хойш хийгээгүй
Харин бид вьетнамчууд манайд хэчнээн төгрөг зарцуулдгийг ч мэдэхгүй л сууж байна. Ирэх жилээс л жуулчдын орлого, зарлагын суурь судалгааг хийх төлөвтэй. Өмнө нь 2008 онд буюу долоон жилийн өмнө энэ төрлийн судалгааг хийсэн гэнэ. Тэгтэл долоон жилийн өмнөхөөс дэлхий хэчнээн өөрчлөгдсөнийг дээрх вьетнамчуудын жишээ харуулах юм. Бид тэднийг “Өө машин засварын” гэх маягаар үнэлж суухад, тэд өртөг өндөртэй Японд олон мянган иен үргээд явж байна.
Үүнээс гадна судалгаа хийгээгүйгээс болоод буруу тийш нь хөрөнгөө зарчихсан түүхийг танд эргэн сануулъя. Энэ оны эхэнд нэг сая жуулчин хүлээж авах том тооцоог манайхан хийгээд, “ITB Berlin” үзэсгэлэнд оролцов. Төсвөөс долоон тэрбум төгрөг зараад, манайх тус үзэсгэлэнгийн түнш орноор оролцсон түүхтэй. Анх удаа аялал жуулчлалын салбарыг ийм их хэмжээний мөнгөөр харж үзсэн нь энэ юм. Тэгэхдээ өнөөх олон тэрбум төгрөгөө салхинд хийсгэчихсэн бололтой.
Салбарынхан зар сурталчилгаанд мөнгө зарах нь зүйн хэрэг гэдгийг онцлоод байгаа боловч хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. Яамныхан ч яагаад нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсны учрыг тайлбарлаж чадахгүй байна билээ. Харин “ITB Berlin” үзэсгэлэнд хаясан долоон тэрбум төгрөгийн зардлын задаргаа төр засгийнханд байх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, бид мөнгөө дэмий л үрэхдээ сайн юм уу даа. Тэрхүү дэмий зарцуулсан мөнгөнийхөө зардлын задаргааг нэг бүрчлэн бичээд л. Ирээдүйгээ бус өнгөрснөө хардгийн нэг жишээ энэ.
Хэрэв бидэнд уг салбартай холбоотой тоймтой судалгаа байсан бол, хаана ямар зар сурталчилгаа хийхээ төлөвлөнө шүү дээ. Үүнээс гадна, сая саяар нь гаднын жуулчдыг эх орондоо авчрах мөрөөдлийн тоо яриад суухгүйсэн. Ядаж л манайд хөл тавих жуулчдын тоогоор бус, ор хоногоор нь тооцчихъё гээд оны эхэнд төлөвлөөд, өнөөх долоон тэрбум төгрөгөө энэ үзэсгэлэнд өгөх үү, тэрэнд нь зориулах уу гэх байсан болов уу. Үүнээс гадна сая саяар нь жуулчин авчрахад сөрөг нөлөө бий юү гэдэг нь асуулт хэвээр байна. Мэдээж энэхүү асуултад хариулах аялал жуулчлалын салбарын судалгаа манайд байхгүйг дахин сануулъя.
Э.Хулан