-Хэрэв тэдний гуйлтыг зөвшөөрөхгүй бол манай тамирчин ялагдана-
Боксын спортод шүүгчийн булхай, луйвар үргэлж хэл ам дагуулж байдаг. Харин сайн шүүгчтэй орны тамирчид амжилтаа луйвардуулахгүй байх давуу талтай. Манай улсын хувьд нэг үе олимп, дэлхийн зэрэглэлийн хоёр ч сайн шүүгчтэй байв. Эд бол Ц.Нандигжав, С.Баясгалан. Тэднийг том тэмцээн шүүж байх үед манай боксчид олимп, дэлхийн аваргуудтай болсныг бид мэднэ. Тиймдээ ч Монголын төр тэдний хөдөлмөрийг үнэлж, гавьяат цолоор шагнасан билээ.
Боксын төлөө ихийг хийж, Монголын шүүгчид бусдаас дутахгүй гэдгийг харуулж чадсан Ц.Нандигжав гавьяатыг бид “Хүмүүс” булангийнхаа зочноор урив. Энэ хүнийг шүүгч нар дундаа асар их нөлөөтэй байсан гэдгийг олон хүнээс сонсч байлаа. Тэрбээр ярилцлагадаа боксын спортоор хичээллэж байсан үе, шүүгч хийж эхэлсэн түүхээс гадна шүүлтийн луйвар юунаас болж гардаг, үүнийг багасгахын тулд юу хийх хэрэгтэй талаар өөрийн бодлоо хуваалцав.
-Таныг боксын олон улсын шүүгч гэдгийг хүмүүс сайн мэднэ. Харин тамирчны амьдралын чинь талаар тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Тиймээс энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?
-Би их оройтож бокс тоглосон хүн дээ. Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрж, өссөн. Хөдөөний хүүхэд бокс яаж мэдэхэв. Боксын бээлий ч харж үзээгүй хүүхэд МУИС-ийн сантехникийн факультетад суралцахаар 1977 онд хотод ирж байлаа. Ирээд гавьяат тамирчин Х.Алтанхуяг багшийн секцэнд орж, анх бокстой нөхөрлөсөн. Хотод дөнгөж орж ирсэн хөдөөний хүүхэд их спортыг сайн ойлгохгүй. Харин багш нар маань намайг их дэмжсэн. Улмаар нэг жилийн дараа улсын шигшээ багт орж билээ. Тэр үед зууны манлай дасгалжуулагч В.Батбаяр багш шигшээгийн дасгалжуулагч байсан.
Ер нь миний орсон анхны том тэмцээн гэвэл 1979 оны “Интернационал”. Хот, улсын аваргад ч орж үзээгүй байхдаа олон улсын шилдэг боксчидтой нударга зөрүүлэх хувь тохиосон хэрэг. В.Батбаяр багш намайг энэ тэмцээнд орооч гэхэд нэг талаар баярласан хэдий ч нөгөө талаар их эмээсэн. Яагаад гэвэл энэ тэмцээнд Куба, Румын, Герман, Унгар, Оросын хүчтэй боксчид ирдэг байсан. Тэр тэмцээнд нэг ялаад хүрлийн төлөө Польшийн тамирчид хожигдоод дууссан даа.
Энэ үеэс хойш “Интернациональ” тэмцээнээс олон медаль авсан. Гэхдээ түрүүлж үзээгүй. 1984 онд Н.Энхбаттайгаа аваргын төлөө тоглож, мөнгөн медаль авч байлаа. Тухайн үед манай Энхбат ид байсан даа. Тамирчны хувиар үзүүлсэн олон улсын хамгийн том амжилт гэвэл ЗХУ-ын “Байкал” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь. Зөвлөлтийн тамирчдаас гадна 15 “республикийн” шилдгүүд оролцдог, их том тэмцээн болдог байж билээ. Финалд шалгарахад л ЗХУ-ын мастер цол өгдөг тэмцээн л дээ. 1982 онд би багийнхнаасаа ганцаараа финалдаж, мөнгөн медаль авсан удаатай. Харин 1983 онд МБАТ-ий VII спартакиадын аварга болсон нь миний хамгийн бахархдаг амжилт. Гэхдээ зөвхөн бокс тоглоод амьдралаа авч явахад хэцүү байсан тул 1983 онд шигшээ багаас гарч, сүлжмэлийн үйлдвэрт инженерээр очсон. Тэгээд үндсэндээ 1986 оноос бокс тоглохоо больж, шүүгчээр ажиллаж эхэлсэн юм.
-Сургуулиа дөнгөж төгсч ирсэн хүүхэд ганцхан жилийн дараа шигшээд дуудагдана гэдэг ховорхон тохиол байна. Та бокст төрөлхийн авьяастай байж дээ...
-Ер нь муугүй авьяастай байж гэж одоо боддог юм. Бокст ороод маш хурдан сайжирсан нь Р.Отгонбаяр ахын л ач. Бид хоёр нэг жинд тоглодог болохоор бэлтгэл дээр спарринг их хийнэ. Би үндсэндээ Отгоо ахын бэлтгэл хангагч хийж байгаад дараа нь Энхбатын бэлтгэл хангагч болсон хүн шүү дээ.
Гэхдээ надад бас алдаа байсан. Тэр нь юу вэ гэхээр их хурдан дээшээ гарч ирээд биеэ тоочихсон. Үеийнхэн дундаа хэнийг ч ялах юм байна гэж бодоод бэлтгэлээ цалгардуулж эхэлсэн. Багш нарынхаа үгэнд орохгүй хамраа сөхнө. Нэг ёсондоо амжилтандаа ханаж байна гэсэн үг. Үүндээ л их харамсдаг юм. Уг нь В.Батбаяр, Х.Алтанхуяг багш нар намайг их дэмждэг байлаа.
-Бид хоёрын ярилцах гол сэдэв боксын шүүлттэй холбоотой. Та яагаад шүүгч болохоор шийдсэн юм бэ?
-Би хэдийгээр инженер хүн ч гэсэн бокс миний үндсэн амьдрал болсон. Мэргэжлээрээ ажилласан ч боксоосоо салж чадаагүй. Тамирчны замналаа өндөрлүүлсний дараа шүүгч болох уу, дасгалжуулагч хийх үү гэсэн хоёр сонголттой тулгарсан. Миний хувьд ажлынхаа хажуугаар дасгалжуулагч хийх боломж, нөхцөлгүй. Иймд шүүгч болохоор шийдсэн юм.
Ер нь манайх дээр үеэсээ шүүгч муутай. Тиймээс сайн шүүгч болохын тулд юу хэрэгтэй вэ гэдгийг судалж эхэлсэн. Тэгээд 1999 онд Ташкентад болсон Азийн АШТ-ий үеэр шалгалт өгч, олон улсын зэрэглэлийн шүүгч болж байлаа.
-Ер нь шүүгч хүн ямар байх ёстой юм бол?
-Шүүгч хүн юуны өмнө өндөр боловсролтой байх ёстой. Ямар ч хүнтэй зөв харилцдаг, тодорхой хэмжээний хэлний боловсролтой. Хамгийн гол нь үнэнч шударга байх. Ядаж л орос, англи хэлтэй бол тэмцээн шүүхэд хүндрэл гарахгүй. Миний хувьд багаасаа орос хэл сурч өссөн, оюутан байхдаа их судалсан болохоор хойно сургууль төгссөн оюутнуудаас дутахааргүй энэ хэлийг эзэмшсэн. Бас англи хэлийг хорьдог байхад судалдаг байлаа. Чой.Лувсанжав гуайн англи хэлний курст хоёр жил суралцаж байв.
Ер нь шүүгч хүн хэлсэндээ хүрдэг, шударга байвал бусдад хүндлэгдэнэ. Хамгийн чухал нь өөрөө сайн шүүх ёстой. Тийм хүнийг бусад шүүгч аяндаа дагадаг юм. 2006 онд Дохагийн Азийн наадамд 35 шүүгчээс шилдэг шүүгч болсон. Манайхан мэдэж байгаа байх, томоохон тэмцээнд олон хүн шүүдэг ч яваандаа шигшигдсээр байгаад цөөн хэдэн сайн нь л медалийн төлөөх тоглолтуудыг шүүдэг. Тэр жил финалын тоглолтыг шүүж байсан нь сайхан санагддаг юм.
Ер нь манайд том тэмцээн шүүсэн шүүгч ховор шүү дээ. Олимпод гэхэд Ш.Сүрэндорж ах, С.Баясгалан хоёр л шүүсэн. Харин би өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийлээд тав, зургаан ДАШТ шүүсэн дээ.
-Таныг тоглож эхэлсэн үеэс хойш боксын шүүлт хэрхэн өөрчлөгдөж ирсэн бол?
-Их гоё асуулт байна. Намайг тамирчин байх үед шүүгчид үндсэндээ одоогийн системээр шүүдэг байв. Тэр үед бээлий жижигхэн байсан болохоор нокаут, нокдаун их гарна. Тийм болохоор баргийн цохилтыг тоолохгүй. Харин намайг шүүж эхлэх үед компьютерийн систем гарч ирээд оноо бүрийг тоолдог болсон. Энэ тохиолдолд ямар цохилтыг оноонд тооцох вэ гэдэг дээр маргаан гарсан. Одоо бол оноо тоолдгоо болиод, 1980-аад оны хувилбар руугаа эргэж орчхоод байна. Тэр үед цаасан дээр бичдэг байсан бол одоо компьютероор шүүдэг болсон.
Миний бодлоор цохилт болгонд оноо өгөх нь хамгийн сайн шүүлт
Ер нь шүүгч нарын дунд нэгнийгээ дэмжих явдал заавал байдаг. Хоорондоо дотно нөхөрлөдөг шүүгчид нэгнийхээ тамирчныг рингэнд гарахад арай илүү дарах явдал өмнө нь ч байсан, одоо ч хэвээрээ. Харин AIBA (Олон улсын сонирхогчийн боксын холбоо)-гаас сүүлийн үед боксын шүүлтийг сайжруулах тал дээр их ажил хийж байгаа. Үүний үр дүнд хуучных шиг илэрхий луйвар гарахаа больсон.
-Боксын шүүлтийг шударга болгохын тулд яах ёстой вэ?
-Хүн л шүүж байгаа тохиолдолд төгс болно гэж байхгүй л дээ. Боксчид нэг тулааны үеэр 500-1000 цохилт гүйцэтгэдэг гэсэн судалгаа бий. Тэр болгоныг нарийн тоолж, яг оновчтойг нь сонгоно гэдэг амаргүй. Миний бодлоор цохилт болгонд оноо өгөх нь хамгийн сайн шүүлт.
Хэрэв шүүгч нэг тэмцээн дээр том алдаа гаргавал дараа дараагийн тэмцээнд дуудагдахгүй. Тиймээс шүүгчид өөрсдийгөө бодож, аль болох алдаа гаргахгүйг хичээдэг болсон. Харин ганц нэг шүүгчийн алдаанаас болоод боксын шүүлт болохоо байчихлаа гэж ярьж болохгүй л дээ.
-Боксын шүүлтэд луйвар гарах нь багассан гэдгийг эсэргүүцмээр байна. Өнгөрсөн жил Инчоны Азийн наадмаар гэхэд Энэтхэгийн боксчин илт давуу тоглосон хэрнээ Солонгосын тамирчинд ялагдсан шүү дээ...
-Тэр ч илт байсан л даа. Энэ бол Рой Жонсоос хойш гарсан боксын түүхэн дэх хамгийн том луйвар. Би луйвар харьцангуй цөөрсөн гэж хэлсэн шүү дээ. Түүнээс огт алга болоогүй. Одоо Таиландад болж байгаа Азийн аваргад ч гэсэн шүүлт боломжийн байна.
-Шүүгч нар худалдагдахгүйн тулд өндөр цалин авах ёстой. Харин бодит байдал дээр шүүгч нарын хөлс хангалттай сайн байж чаддаг уу?
-Манай Монголд бол шүүгч нар тогтмол цалин авахгүй. Харин бокс өндөр хөгжсөн зарим оронд шүүгч нар нь орон тооны ажилтан байдаг. Сар бүр тогтмол цалин авна. Тэмцээн шүүвэл нэмэгдэл хөлстэй.
Хахууль гэдэг юм жижиг тэмцээнд бараг байхгүй дээ. Хэрэв дэмжлэг байвал найз нөхдийн шугам, эсвэл зохион байгуулагч орны нөлөө л байдаг. Ер нь шүүгч нарын цалин бага шүү дээ. Ихэнх тэмцээний үеэр өдрийн 50 ам.доллараар цалинждаг. Азийн наадам арай өөр. 14 хоног шүүхэд 1500 ам.доллар өгөх жишээтэй. Жижиг тэмцээн бол долоо хоног шүүлгээд 400-500 ам.доллар өгнө. Харин WSB зэрэг хагас мэргэжлийн лигүүдийн шүүгч нар нэг тоглолтод гараад л 500-700 долларын цалин авдаг. Гайгүй гэсэн мэргэжлийн шүүгчид нь тийшээ уригдаад явчихдаг юм.
-Таныг хахуульдахаар оролдож, мөнгө амлаж байсан тохиолдол бий юу?
-Мөнгө төгрөг өгье гэж гуйсан тохиолдол байхгүй.
-Тэгвэл найз нөхдийн шугамаар нэгэндээ тусалж, аль нэг тамирчныг дэмжиж байв уу?
-Найзууд гуйх үед, эсвэл “Чи манайхыг дэмж, хариуд нь би танай тамирчныг дэмжье” гэсэн харилцан наймааны үүднээс илүү дарсан тохиолдол бол олон. Би эхэндээ шударга шүүгч больё гэж явсан ч үнэхээр шударга байж болдоггүй юм бас байдгийг эцэст нь ойлгосон. Яагаад гэвэл би тэдний гуйлтыг зөвшөөрөхгүй бол манай тамирчныг ялагдуулаад байна. Тиймээс харилцан наймаа хийх тохиолдол бишгүйдээ л гарна. Бас аль нэг даргын захиасаар нэг тамирчныг дэмжих тохиолдол байдаг. Рингэнд гарахын өмнө AIBA-гийн нэг том дарга ирээд “Чи манайхыг дэмжээрэй” гэвэл нэг, хоёр цохилт илүү дарахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол дараагийн тэмцээнд шүүлгэхгүй ч байж магадгүй. Ийм дарамт үеийн үед байдаг юм.
-Та арга хэмжээ авахуулж байсан уу?
-2009 оны ДАШТ-ий үеэр шүүгч нарт бэлэг өгсөн гэж арга хэмжээ авахуулсан шүү дээ. Тэмцээн болгоны өмнө шүүгч нар ёс зүйн дүрмийг чандлан сахина гэж гарын үсэг зурдаг. Үүнд архи ууж болохгүй, бэлэг авч, өгч болохгүй, цагаасаа хоцорч болохгүй гээд 12 заалт бий. Харин би Монголын боксын холбооны 60 жилийн ойд зориулж хийсэн дурсгалын зүйлсийг шүүгч нарт бэлэг болгоод өгсөн чинь Вьетнамын шүүгч матчихсан юм. Үүнээс болж намайг мянган ам.доллараар торгосон. Гэхдээ торгуулийн мөнгийг боксын холбоо төлсөн л дөө. 2013 оны ДАШТ-д намайг уриагүй нь үүнтэй холбоотой.
-Тэр бэлэг нь юу байсан юм бэ?
-МБХ-ны эмблемтэй зангиа, “Gucci”-гийн цаг байсан юм. Гэхдээ тэр цаг нь Солонгост захиалж хийлгэсэн, дууриамал эд. Жинхэнэ цаг нь мянгаас дээш ам.долларын үнэтэй юм билээ. AIBA-гийнхан болохоор аймар үнэтэй цаг бэлэглэсэн байна гэж бодохгүй юу.
-Одоо шигшээд багтаж буй боксчид ДАШТ, олимпийн наадмаас медаль авах хэмжээнд байж чадаж байна уу?
-Чадалгүй яахав. Үндсэндээ А.Нурлан, Г.Ган-Эрдэнэ хоёроос бусад нь олон тэмцээнд орсон туршлагатай тамирчид шүү дээ. Ялангуяа Д.Отгондалай одоо ид үедээ байна. Азийн АШТ-д оролцож байгаа багаас дөрвөн тамирчин ДАШТ-ий эрхээ авч, гурав нь медалийн болзол хангалаа. Энэ бол том амжилт. Тиймээс олимп, ДАШТ-д боксчдоосоо амжилт хүлээх бүрэн үндэстэй.
-У.Мөнх-Эрдэнийн талаар бодлоо хуваалцаач. Одоо боксоо орхих ёстой юу. Эсвэл Риогийн олимп хүртэл тоглох нь зөв үү?
-У.Мөнх-Эрдэнэ бол ховорхон төрөх авьяастай боксчин. 2001 онд 18 настайдаа Зүүн Азийн наадмын аварга болж байлаа. Энэ үеэс хойш 15 жилийн турш Монголын боксын нүүр царай болж явна. 2013 оны ДАШТ-д бэлтгэл муутай оролцсон хэрнээ медаль авчирсан шүү дээ. Харин сүүлийн үед бэртэл гэмтлээс болоод гүйцэд формондоо орж чадахгүй байгаа юм шиг байна лээ. Ийм үед боксоо орхиж, холбоонд ажиллах нь зөв гэж би хувьдаа боддог юм. Мөнх-Эрдэнэ юманд анализ хийж, тамирчдыг таньж мэдэх тал дээр гайхалтай сайн. Энэ чадвар нь холбоонд яах аргагүй хэрэгтэй.
-Н.Төгсцогт мэргэжлийн бокст орсон шийдвэрийг хэрхэн хүлээж авав?
-Түүн шиг төрөлхийн авьяастай боксчин ховор. Авьяас чадвартайгаас гадна юунаас ч айдаггүй, дайчин тоглолттой. 2009 оны Азийн АШТ-д 17-хон настай хүү очоод Казахстаны боксчин, дэлхийн аварга Б.Жакиповыг сүйд хийсэн шүү дээ. Дараа нь ДАШТ-д яасныг та нар мэднэ.
Би хувьдаа түүнийг мэргэжлийн бокст орсонд харамсаагүй. Харин промоутероо буруу сонгочихов уу гэж харамсдаг юм. Промоутер нь сайн биш гэдгийг олон хүнээс сонсч байлаа. Бас арай л эрт мэргэжилд орсон санагддаг. 1992 онд төрсөн, 23-хан настай хүүхэд шүү дээ. Уг нь Риогийн олимпод түрүүлчихээд 24 настайдаа мэргэжилд орсон бол яг таарах байсан юм.
-Та өнгөрсөн жил гавьяат дасгалжуулагч гэсэн эрхэм цолоор энгэрээ мялаасан. Гавьяат болох мөчид юу бодогдож байв?
-Би гавьяат больё гэж боксоор яваагүй ээ. Энэ спортод үнэхээр хайртай, дуртай учраас өдийг хүртэл явж ирлээ. Жилийн 12 сарын долоод нь тэмцээн уралдаан гээд гэртээ тогтоогүй үе олон бий.
Монголын боксчид ялалт байгуулаад, амжилт гаргавал шүүгч бид хараа дээгүүр явдаг. Үүнийг 1999 оны Азийн АШТ-д орохдоо мэдэрч билээ. Тэр тэмцээнээс манайхан ганц хүрэл медаль авч, олимпийн эрхгүй хоцорсон. Тийм үед бусад орныхон монголчуудыг хүндлэхгүй, тоож ч харахгүй. Тэр үед л “Сайн шүүгч болох нь Монголын бокст тус болох хамгийн зөв зам” гэдгийг ойлгосон. Бээжингийн олимпийн үеэр холбооноос намайг гавьяатад тодорхойлсон юм билээ. Харин дараа жил нь надад Сүхбаатарын одон өгсөн. Тэр үед Сүхбаатарын одон авчихаад их баярласан. Яагаад гэвэл энэ бол цөөхөн хүн авдаг одон. Харин ноднин төрийн дээд шагнал өгнө гээд дуудлаа. Ямар шагнал юм бол доо гэж дотроо бодоод очсон. Тэгээд гавьяат болсон. Их баярласан. Боксын буян их юм даа.
Одоо бокс миний гэр бүлээс ялгаагүй болсон. Энэ дашрамд танай сониноор дамжуулаад олимп, дэлхийн аварга төрүүлэхийн төлөө холбоонд нэг баг болон хамтран ажиллаж байсан Д.Цогбаатар ерөнхийлөгч, Т.Үйтүмэн нарийн бичгийн дарга, Д.Банди дасгалжуулагч болон анхны дасгалжуулагч Х.Алтанхуяг багшдаа баярлаж явдгаа хэлье. Мөн тэмцээн шүүнэ гээд олон хоногоор явах үед ар талыг минь дааж байдаг гэр бүлийн хүндээ баярласнаа илэрхийлье.
Одоо Монголын боксоос төрсөн гавьяатууд гарын арван хуруунд багтахаа байлаа. Хоёр ч Хөдөлмөрийн баатар төрлөө. Энэ тоо дахин нэгээр нэмэгдэнэ байх гэж найддаг. Д.Банди багш шиг нэг олимпоос алт, мөнгөн медаль авахуулсан дасгалжуулагч байхгүй. Тиймээс төр, засаг энэ хүний амжилтыг үнэлж, Хөдөлмөрийн баатар цол олгох болов уу гэж найдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Баярсайхан