“Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэрийн талаар ярихаас биш голомтод нь ажиллаж буй бидний асуудлыг сөхдөггүй л байхгүй юу” хэмээн Төв цэвэрлэх байгууламжийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер /ХАБЭААХ/ С.Загдбазар яриагаа эхэлсэн.
Угаасаа ч тийм. Төв цэвэрлэх байгууламж хагас зууны турш ажиллаж ачааллаа дийлэхээ больсноор бохир усыг бүрэн цэвэршүүлж чадалгүй голд цутгах болсон төдийгүй олон жилийн хугацаанд хуримтлуулсан хур лаг нь нийслэлийнхний хамраа дарах шалтгаан болж цаашлаад хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй талаар олон нийт шуугьж, төр засгийнхан ч анхаарлаа хандуулахаар болж буй.
Гэтэл үйлдвэрүүдийн хортой хаягдал, нийслэлийнхний бохир усыг хүлээн авч, хэд хэдэн дамжлагаар цэвэрлэх ажлыг гардан гүйцэтгэж, амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрүүлж байгаа 195 албан хаагчийн эрх ашгийн талаар хэн ч ам нээсэнгүй.
Өнгөрсөн жил УСУГ-ын хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад лагаас ялгарах хортой хийнд хордож үхэл амьдралын дэнсэнд мэнд үлдсэн. Гэсэн ч энэ асуудал тухайн цаг үедээ л намжсан.
Уг байгууламжид амьдралаа залгуулахаар зүтгэж буй 20 гаруйхан настай залуучуудаас эхлээд бүхий л насаа зориулсан ахмад ажилчид бий. Салхи сэвэлзмэгц үе үехэн хотын төвд үнэртэж, тэвчилгүй хамраа дарахад хүргэдэг өмхий үнэрээр тэд хором бүр “агаарлаж”, “хордож” ирсэн.
Хэсэг хугацаанд саатахад л нүд улайн загатнаж, хоолой боох мэт амьсгал давчдуулах орчныг үл ажран өнөөдрийг хүртэл тэд ажиллаж байна.
Анх байгуулагдахад л ажлын байрны нөхцөлийг “хүнд” гэж тодорхойлжээ. Бүр болоогүй ээ, бүх ажилчдад энэ нөхцөл хамаардаггүй гээч. Үйлчлэгч, жолооч гэх мэт дамжлага, талбайд тэр бүр ажиллаад байдаггүй зарим ажилтны ажлын байрыг “хэвийн” гэж үздэг байна.
50 жил өнгөрлөө. Тухайн цагт хүлээн авдаг байсан 500 мянга гаруйхан хүн амын бохир ус хэд дахин нэмэгдэж, үйлдвэрүүдийн хортой хаягдал их хэмжээгээр нийлүүлэгдэх болсноор ажилчдын ажлын орчин ноцтой байдалд хүрчээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад “Арьс шир, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн химийн боловсруулалтын цехийн мастер, арьс дэвтээгч, намаз түрхэгч, үс авагч, арьс шохойдогч, гандагч, шохой зуурагч, шохойн шим намаз бэлтгэгч, арьс махлагч, годлогч, тайрагч, бүх төрлийн уусмалаар арьс угаагч, шахагч, сунгагч, арьс идээлэгч, хусагч, арьс будагч, үслэг арьсыг органик уусмалаар угаагч, самнагч, элдэгч, шуудуу цэвэрлэгч, гүүрэн кранч, хими цэвэрлэгээний машинч...” зэргийг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллах ажлын байр гэж тодорхойлсон байдаг.
Гэсэн хэрнээ арьс шир, ноос ноолуур зэрэг үйлдвэрүүдээс ирэх химийн хүнд элемент, хортой нэгдэл бүхий хаягдал усны орчинд ажилладаг тэдний ажлын нөхцөлийг “хортой” гэж үзээгүй байна. Хуульд “хүнд” нөхцөлд ажилладаг ажилчдад хор саармагжуулах бүтээгдэхүүнээр хангах ёстой гэсэн заалт ч байдаггүй.
Харин Төв цэвэрлэх байгууламж Үйлдвэрчний хорооны хамтын гэрээгээр тодорхой жагсаалтаар ажилчдадаа 0.5 литр сүү өгдөг байна. Бүгд л хортой агаараар амьсгалж ажилладаг ч зарим албан хаагчдад энэ сүү оногддоггүй гэх...
Хамгийн товчхоноор тус байгууламжийн ажилчдын ажлын орчин нөхцөлийг дараах байдлаар тодорхойлж болно.
ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: Цэвэрлэх байгууламжийн ажилтан
Ажлын нөхцөл: “Хүнд”
Дундаж цалин: 530000 ₮+хүнд нөхцөлийн нэмэгдэл 20000₮ /Цагийн 120 төгрөг/
Хордлого тайлах бүтээгдэхүүн: Зарим ажилчин өдөрт 0.5 литр сүү
Хошуувч: Сард 1 удаа
Албан хаагчдын ажлын байрны орчин нөхцөл, цалин хангамжийн асуудлаар Төв цэвэрлэх байгууламжийн ХАБЭААХ инженер С.Загдбазартай уулзаж ярилцлаа.
С.ЗАГДБАЗАР: ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ЗАСВАРЧДЫН ЧИХИЙГ УХАХАД ХАТЧИХСАН ЛАГ ГАРЧ ИРДЭГ
-Өнгөрсөн жил танай хоёр ажилтан ажлаа хийж байгаад гүн хордлогод орсон тохиолдол гарсан. Ер нь ийм эрсдэлтэй тохиолдол хэр гардаг вэ?
-Цооног руу ороод хурц хордлогод орж байсан тохиолдол урьд өмнө нь тохиолдож байгаагүй л дээ. Өнгөрсөн жилийн явдлыг үйлдвэрлэлийн хурц хордлого гэж тогтоосон. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хордлогод орсон хоёр ажилтны хувьд эмчилгээ дууссаны дараа хөдөлмөрийн нөхцөлийг солих шаардлагатай гэж үзээд харьяа дүүргийн мэдрэлийн эмч нарын хяналтад орж цэвэр усны шугамын засварчнаар ажиллах болсон. Эмч нарын оношилсноор лагийн исэлдэлтийн үнэр богино хугацаанд тэдний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлсөн юм билээ. Тэр бол маш богино хугацаанд л хүнийг үхэлд хүргэж болзошгүй аюултай орчин.
-Цооног гэдгээ жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
-Талбайд тараасан лагийг байгалийн аргаар усгүйжүүлэн шүүж хатаадаг. Харин лагаас шүүсэн усыг буцааж татах шугам шуудуу байдаг. Тэнд бөглөрсөн шугамаа удаан хугацаагаар засварлаж байгаад л тухайн орчны хортой исэлтэд хордсон тохиолдсон хэрэг.
-Лагийн талбайд хортой нэгдлүүд хөрсөндөө исэлдээд шаталт явагдаж байгаа нь ажиглагдсан. Тэр утаатай бас өмхий орчинд насаараа ажиллах нь битгий хэл хэсэг зуур зогсоход л амьсгаа боогдож байсан?
-Мэдээж амаргүй. Лагийн талбай дахь тоосонцор лаг нь бидний амьсгалын зам болоод чих руу их орчихсон байдаг. Олон жил ажиллаж буй засварчдын чихийг эмчийн үзлэгээр ухахад хатчихсан лаг гарч ирэх жишээтэй. Тоосонцор нь хулхинд шингэсэн байдаг байх л даа.
УРЬДЧИЛСАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД АЖИЛЛАГСДЫН ДИЙЛЭНХ НЬ ИДЭЭТ ҮРЭВСЭЛТЭЙ БАЙДАГ
-Цэвэрлэх байгууламжийн ажилчдын орчныг хортой бус хүнд нөхцөл гэж тодорхойлдог гэсэн байх аа?
-Ер нь хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн болон хэвийн бус гэж хоёр ангилдаг. Ингэж хуваах нь тэтгэвэр тогтооход ихээхэн нөлөөтэй. Хэвийн бус нөхцөлийг хөдөлмөрийн хортой, халуун, хүнд гэж хуваадаг. Энэ ангилалд багтдаг хүмүүс тэтгэвэр тогтоолговол хэвийн нөхцөлд ажилладгаас түрүүлж тэтгэвэрт суудаг. Манайх энэ жагсаалтын хүнд нөхцөлд нь орчихсон явдаг. Тэгсэн хэрнээ хуулинд хөдөлмөрийн хортой нөхцөл гэдэгт арьс ширний үйлдвэр гэх мэт химийн бодистой ажилладаг үйлдвэрүүд ордог. Гэтэл тэндээс гарсан ус Цэвэрлэх байгууламжид ирдэг. Тэгэхээр бид химийн бохирдолтой устай л харьцаж байна. Манай ажилчдын хувьд ажиллахад үнэхээр хүнд учраас хортой гэх ангилалд нь оръё гэх саналыг ирүүлдэг. Ингэхийн тулд дорвитой судалгаа хийж хөдөлмөрийн нөхцөлийг ахин тогтоох шаардлагатай.
-Хэрэв “хортой” гээд тодорхойлбол ажилчдад ямар хөнгөлөлт давуу тал бий болох вэ. Хүнд болоод хортой нөхцөлийн ялгаа юу вэ?
-Химийн хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүст хор саармагжуулах бүтээгдэхүүн хэрэглэх ёстойг хуульд заасан байдаг. Хүнд нөхцөлд бол байдаггүй. Харин манайх Үйлдвэрчний хорооны хамтын гэрээгээр тодорхой жагсаалтаар ажилчдадаа 0.5 литр сүү олгодог. Гэтэл жолооч, үйлчлэгч зэрэг нь хэвийн нөхцлөөр явдаг. Тэдэнд сүү оногддоггүй. Бид яагаад адилхан ийм агаараар амьсгалдаг хэрнээ хэвийн нөхцлөөр явдаг юм бэ гэдэг. Ер нь цэвэрлэх байгууламжид ажилладаг бүх хүн л ялгаваргүйгээр хүнд, хортой ангилалд багтаж наснаасаа өмнө тэтгэвэрээ тогтоолгох нь тухайн хүнийхээ эрүүл аюулгүй орчныг хангасан үйлдэл болох юм болов уу гэж боддог. Бид цалин дээрээ хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 20 мянган төгрөг л авдаг. Өөрөөр хэлбэл цагийн 120 төгрөг. Нэг сард 168 цаг ажиллана гэж үзвэл дунджаар 20160 төгрөг болж байгаа юм.
-Энэ асуудалд үйлдвэрүүдийн хаягдал усыг цэвэрлэдэг “Харгиа” урьдчилсан цэвэрлэх байгууламжийн ажилчдын орчинг хамруулах нь зүйтэй байх?
-Тийм ээ. Арьс ширний үйлдвэрүүдийн усыг хүлээн авч цэвэрлэдэг урьдчилсан цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүсийн ажлын нөхцөл үнэхээр хүнд байдаг. Ажиллагсдын дийлэнх нь идээт үрэвслийн өвчтэй байдаг. Өвдөг, шагайнаас доош битүү идээтэй байх жишээтэй. Ахуйн нөхцөлд тухайн ажилчин гар хөлөө исгэчихлээ гэхэд байнгын устай харилцдаг тул бээлийгээ өмсөж ажилласан ч шархаа сэдрээчихдэг. Тэр шалбархай нь ажлын орчинд эдгэхгүй үсэрхийлж гутлаа өмсөж чадахгүй хүндэрсэн тохиолдлууд цөөнгүй байдаг. Тэгэхээр энэ асуудлыг зөвхөн Төв цэвэрлэх байгууламж бус нийт цэвэрлэх байгууламжийн хүрээнд ярих ёстой гэж бодож байна.
АЖИЛТАН БҮРТ САРД НЭГ УДААГИЙН ТООСОНЦОР ХОШУУВЧ ӨГӨХ НОРМТОЙ
-Цалин хангамжийн хувьд ямар вэ, ихэвчлэн ямар асуудалд ажилчид сэтгэл дундуур байдаг бол?
-Цалин, норм, цэвэрлэгээний материал дээр ихэвчлэн гомдол гаргах нь бий. Олгосон материал нь хүрэлцэхгүй байна гэдэг ч юм уу. Манай байгууллагын хувьд тодорхой арга хэмжээгээ аваад нормуудаа өгч л байгаа. Жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулж, хор саармагжуулах бүтээгдэхүүнээр хангаж, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байна. Гэсэн ч энэ бүх хангамж болоод халамжаа цэвэрлэх байгууламжид ажиллаж буй бүх албан хаагчдад хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
-Норм, цэвэрлэгээний материал дээр ихэвчлэн гомдол гаргадаг гэлээ. Ажилд шаардагдах хувцас хэрэгслийн хүрэлцээ муу гэж ойлгож болох уу?
-Би ажлаа авснаас хойш энэ асуудлын араас хөөцөлдсөний дүнд хангамжийн зарим зүйлийг тодорхой хэмжээнд нэмүүлсэн. Хор саармагжуулах бүтээгдэхүүн уудаггүй байсан хэсэг хүмүүсийг хангахаар болж, бээлийний тоог нэмж, цэвэрлэх байгууламжид ажиллаж буй бүх ажилчдад нэг удаагийн тоосонцор хошуувчийг олгодог болгосон. Бага багаар л сайжруулж байна. Тэгэхгүй бол хангамжийн асуудлыг шууд шийднэ гэхээр хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Хүний эрүүл мэнд хамгийн түрүүнд учраас бага багаар л ажиллах орчноо сайжруулж байна.
-Бүх ажилчдад тоосонцор хошуувч өгдөггүй байсан хэрэг үү?
-Тийм ээ, тодорхой тооны ажилчдад өгдөг байсан. Одоо бол сард нэг удаа ажилчин болгонд тоосонцор хошуувч өгнө. Ямар ч байсан засварчид 2014 онд сард хоёр бээлий авдаг байсан бол дөрөв болгон нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл долоо хоногт нэг бээлий өгдөг болсон. Урьдчилсан цэвэрлэх байгууламж буюу химийн бодистой ажилладаг ажилчдадаа сард найман бээлий өгөх зэргээр чадах чинээгээрээ л өөрчлөлтийг хийж байгаа. Харин 2016 онд ажлын норм нормативыг өөрчлөх санал тавьж байна. Тухайлбал, машинстуудад сард нэг л бээлий, ажлын хувцсыг хоёр жилд нэг удаа, өдөр бүр бохиртой ажилладаг засварчид жил бүр хувцсаа шинэчилдэг. Харин ирэх жилд нормыг нь бага багаар нэмэх зорилт тавиж байгаа.
БИД ЦАЛИН ДЭЭРЭЭ ХЭВИЙН БУС НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ 20 МЯНГАН ТӨГРӨГ Л АВДАГ
-Цалингийн хувьд амьдралд нь хэр хүрэлцээтэй байдаг бол?
-Ажилчид бусдын л адил зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа шүү дээ. Бид цалин дээрээ хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 20 мянган төгрөг л авдаг. Хэвийн нөхцөлд ажиллаж байгаа хүмүүстэй харьцуулахад бараг ялгаагүй гэсэн үг. Ядаж л эдгээр ажилчдын цалинг хэвийн нөхцөлөөс нь ялгаатай тогтоовол адаглаад л эрүүл мэнддээ мөнгө зарцуулах боломжтой болно. Цалинг нь нэмээд ажиллах шаардлагыг нь өндөрсгөж болно шүү дээ. Тэгвэл ажилчид ажилдаа өөрөөр хандаж эхлэх байх аа. Энэ миний л бодол.
-Та түрүүн адил орчинд ажилладаг хэрнээ хэвийн нөхцөлд ангилагддаг хэсэг ажилчин байдаг тухай ярьсан. Тэр талаараа тодруулбал?
-Хэвийн нөхцөлд манай цэвэр усны хэсэгт ажилладаг инженерүүд ордог. Тэд биднийг бодвол үнэр багатай орчинд ажилладаг. Харин бид үргэлж л баас, шээстэй л холилддог шүү дээ. Ер нь хөндлөнгийн хүмүүс та нар өндөр цалин авдаг биз дээ гэж асуудаг. Гэтэл үгүй л дээ.
-Дунджаар хэчнээн төгрөгийн цалин авах уу?
-Янз бүр л дээ. Манай үйлчлэгч гэхэд л дунджаар 370 орчим мянган төгрөг авдаг байх жишээтэй.
-Үйлчлэгч юу хийх вэ?
-Бидний гуталд наалдсан лаг шороог цэвэрлээд л явж байгаа. Лагтай л харьцаж байна гэсэн үг шүү дээ. Тэгсэн хэрнээ ажлын орчин нь хэвийн нөхцөл гэж явдаг. Бас зарим жолооч нар хэвийн нөхцөлд хамаарагддаг.
-Лагийн талбайд лагтай харьцаж ажилладаг хэчнээн хүн байдаг вэ?
-Нийт 12 хүн ажилладаг. Гурван хүн нь лаг талбайгаа хариуцаад ажилладаг. Найман хүн нь хоёр хоёроороо ээлжинд лагийнхаа үсгүйжүүлэлтийн шүүгч дээр, нэг хүн нь техникчээр ажилладаг. Сараалж буюу хог шүүх хэсэгт өдрийн нөхцөлд сараалжны машинист үүрэг гүйцэтгэнэ.
-Илүү цагийн нэмэгдэл гэж байх уу?
-Байхгүй. Нөхцөлийн нэмэгдэл гэж сард 20 орчим мянган төгрөг л авна.
ДҮГНЭЛТ:
Сайжруулах шаардлагатай хангамж
Ажлын нөхцөл: “Хортой” болгон өөрчлөх
Дундаж цалин: Хангалттай хэмжээнд нэмэх, эрт тэтгэвэрт гаргах
Хордлого тайлах бүтээгдэхүүн: Бүх ажилтанд сүү, тараг, аарц, жимсний шүүс, рашаан өгөх
Хошуувч: Өдөр бүр 1
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...