ВАГОНЧИК
Ховд хотын баруунтаа уртавтар улаан вагончик бий. Дотроо хоёр ч тасалгаатай агаад нэг талд нь хос модон ор, голдуу намтар дуртгал зонхилсон жижигхэн номын тавиуртай багашаархан өрөө байв. Харин нөгөө жигүүр нь арваад модон сандал, тайз гэмээр намхан тавцантай аж. Наагуур нь улаан хөшиг татаж, таазнаасаа тайзны гэрэл унжуулсныг харвал бараг л театр гэмээр.
“Би энд сэтгэхүйн драм тоглох санаатай. Хажуугаар нь хөөмий болон хөгжмийн сургалт явуулна даа” хэмээн Н.Сэнгэдорж гуай намхан сандлуудынхаа нэг дээр суугаад ярив. Цаст Алтайн оргилууд шиг цал буурал үстэй энэ өвгөн нас сүүдэр 67-той, нэгэн цагт Ховдын театрыг толгойлж асан хүндтэй эрхэм билээ. Уугуул нутаг нь бас л Чандманийх. Түүний яриагаар бол “болжморын жиргээ цагийн эргэлтэд салдаггүй жижигхэн бор толгодуудын дунд” тэр мэндэлжээ. Өнөөх ихэр хоёр хайрханы өвөрт гэсэн үг л дээ.
Тэрээр Парисын Сена мөрөнд, хөвдөг театрт хөөмийлж байхдаа бэсрэг театр байгуулах уг санаагаа олжээ. Ховдод усан онгоц байхгүй учраас хамгийн ойролцоо гэгдэхээр нь вагончикийг сонгосон байна. “Нүүдэлчдийн хувьд гэр гэдэг чинь театр юм шүү дээ. Тулгаа тойрч суугаад тууль, үлгэр хүүрнэхэд хүн бүр дүрээ өөрөөр дүрсэлдэг. Тийм нүдтэй, тийм харцтай гэж ургуулан бодох жишээтэй. Жангар туулийг хайлахад Жангар баатрыг хүүхэд бүр өөрийнхөөрөө төсөөлнө. Харин киног нь хийчихвэл бид нэг л янзаар дүрслэх тул бэлэнчлэх сэтгэлгээнд орчихож байгаа юм. Тэгэхээр сэтгэхүйн драм гэдэг чинь нүүдэлчдэд угаас байж шүү дээ. Хуучны мундаг жүжигчдийн цалгисан их авьяас үүнтэй л холбоотой” гэв.
Тэрээр хөөмийг анх сонсохдоо зургаан настай байжээ.Насаар арай ахмад нагац ах нь сургуулийнхаа амралтаар ирэхдээ “Хөөмий гэж иймэрхүү юм бий” хэмээн нэг л удаа хөөмийлж л дээ. Бараг л хоолойгоо шахаад бархирсан юм байх. Сургуульд ч явж үзээгүй балчир жаал нэг л удаа сонссон аялгуугаа өөрөө дуугаргахын тулд өнөөх жижигхэн бор толгодынхоо дунд оролдсоор л байв. Эхэндээ тэр огт хөөмийлж чадахгүй байлаа. Нүүр нь улайж, судас нь гүрийсэн хүүгээ “Одоо болохоо байлаа” хэмээн болиулах гэсэн аав ээжийнх нь санаа зовнил тэгсхийгээд замхарчээ. Хүү ч хөөмийлж сурч.
“Радио ч байхгүй, зурагт ч байхгүй цаг шүү дээ. Тэр үеийн хүүхдүүд яг л зэрлэг амьтад шиг соргог байлаа. Юу ч сонсож байгаагүй хүүхдэд юм бүхэн л содон санагдах нь лав. Одоо бол сонсох, үзэх, харах юмны илүүдэлд орчихсон үе. Нөгөөхөө тохируулж чадахгүй өдөр шөнөгүй сонссоор байгаад сонсголгүй болчихдог. Идээд л байвал таргалдаг шүү дээ. Сонсгол гэдэг чинь яг л үүнтэй адил зүйл” хэмээн хэлэв.Тэрээр Сундуй болон Намжил гуайг багшаа гэж үздэг. Уулзсан хөөмийч бүр өнөөх танил нэрүүдийг давтан давтан өгүүлэх үед сумын төвийн амьдрал нэгэн том гэр бүл шиг л санагддаг сан.
Сэнгэдорж гуай жилд гурван удаа нүүдэг. Гэхдээ түүний нүүдэл тийм ч холынх биш. Ердөө л Ховд хотоо тойрдог. Вагончикны хажууд1968 онд угсрагдсан хуучин автобус харагдав.Буурал түүхийн гэрч болсон уг цэнхэр автобус жилдээ хоёр удаа л хөдөлдөг байна. Бас л тийм хол биш. Ховд хотын хаяагаар мэлтэлзэн урсдаг Буянт голын хөвөө хүрээд зун дуустал тэндээ байдаг. Учир нь Ховд хотынхны лагерьладаг газар энэ юм л даа.
Тарвас, төмс тариалдаг үржил шимт энэ гол Ховд хотод дөхөөд хоёр салаалдгийн яг завсарт нь Сэнгэдорж гуай автобустайгаа зусдаг юм. “Усны чимээг сонсон, оддын дор унтдаг даа” гэв.
Хойд гүүрээр гол гатлан түүний зуслан дээр иртэл намрын цагаан салхи сэвэлзэж байлаа. Голын нурсан эрэг дээр сандайлж суух Сэнгэдорж гуай нүдээ анин урсгал усны чимээ шиг намуухан хөөмийлөв. Тэр гэв гэнэт л салхи болоод хувирчихсан мэт санагдлаа. Түүнийг хөөмийлж дууссаны дараа, нэг л тийм бодлогошронгуй, нам гүмд ууссан мэт харагдсаны учрыг лавлахад “Энэ голын ус дөрвөн цагийн эргэлтэд хэзээ ч зогсохгүй урссаар байна. Яг л хүн төрөлхтний амьдрал шиг. Магадгүй мянгаад жилийн тэртээд энэ аялгуу илүү тансаг ч байсан байж мэдэх юм. Үнэндээ аялгуу өөрчлөгдсөн хэрэг биш л дээ, бид л өөрчлөгдсөн хэрэг” хэмээн юу мэдэрснээ тайлбарлав.
“Би жараад жил хөөмийллөө. Энэ бүхний эцэст хөөмийг сэтгэхүйн урлаг л гэж боддог. Эзгүй хээр талд явахдаа, байгалийн гоо сайхныг бишрэхдээ эр хүн өөрийнхөө сэтгэлийг хөглөж хөөмийлдөг юм биш биз гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өнгөрснөө дурсах, юуг ч юм санан мөрөөдөхөд өөрөөс нь эгшиглэх дуу авиа л гагц түүнд хань болдог гэхээр хөөмий хосгүй гайхамшигтай урлаг байгаа биз. Ер нь хөөмий яг судлагдаад нэг мөр болчихсон урлаг биш л дээ. Салхи шиг л биегүй, хоосон тул археологийн малтлагаас юу ч илрэхгүй. Модон цуур бол гараад л ирнэ. Лимбэ ч гэсэн ялгаагүй. Харин хөөмий бол гарч ирэхгүй.”
Намар хаяанд ирмэгц өвгөн хөөмийч маань өтөлсөн автобусаа хөдөлгөн өнөөх вагончикныхаа дэргэд аваачдаг байна. Харин налгар намрыг “театр”-таа өнгөрөөгөөд Ховдын төв дэх нэг өрөө сууцандаа өвөлждөг аж.
Тэр ер нь л нутгаасаа холдох дургүй. Дэлхийн олон оронд хөөмийлсөн ч Алтайн нуруундаа эргээд л ирдгээ тэр нуусангүй. Хөөмийн аялгуу энэ л нүцгэн уулсынхаа дунд хамгийн ихээр нийцдэгийг хамгийн сүүлд ярьсан түүний түүх баталж билээ. Олон жилийн өмнө Дуутын Хуурай сайр гэдэг газар намар орой, тарвага ичих цагаар очиж л дээ. Айлуудын орхисон үнс салхинд манараад, хүн тогтохын аргагүй хүчтэй салхилж байсан гэдэг. Тэндээ гурав ч хонож. Хамт явагсад нь тарваганд явсан хойгуур хар цай чанахаар үлдсэн тэрээр нагац ахтайгаа хамт жаахан уруудаад голын эрэгт очтол дулаахан, нөмөртэй, ногоо нь хүртэл шарлаагүй, ер бусын нам гүм байжээ. Тэгээд түрүүхэн Буянт голын эрэг дээр гэв гэнэтхэн л хөөмийлсөн шиг,дотроос нь хөөмийн аялгуу шууд л урсаад гарсан байна. “Би Алтайгаа магтлаа. Нэг талд арван хэдэн тэх, тээр тэнд зуу гаруй аргаль дув дугуй хэвтэж байв. Эсрэг талын улаан энгэрт янгир харагдав. Ийнхүү гурван их амьтны дунд Алтайг магтлаа. Алтайн эзэн юмаа харуулж байна даа л гэж бодсон. Уг нь амьтад асар үргэмтгий шүү дээ. Гэтэл хөөмийн аялгууг хөгжим шиг л сонсоод буй нь хачирхалтай” хэмээн хуучилж билээ.
БРЕМЕНИЙ ХӨӨМИЙЧ
“Хөөмий бол байгалийн урлаг” хэмээн хэлэхдээ тэрээр төрсөн нутгаасаа хол Улаанбаатар хотод, төмөр машинууд цонхон дотор нь түгжирсэн, шавар ханатай дөрвөлжин өрөөнд сууж байгаагаа ер анзаарсангүй.
Хөөмийч Д.Хосбаяр Чандмань нутгаасаа гараад олон жил, монгол нутгаасаа гараад хорь шахам жилийг үджээ. Бараг л уушны газар бүхэнд нь амьд хөгжим хангинаж байдаг Бременд тэрээр олон жилийн урьд суурьшжээ. Германы умард хэсэгт орших хөгжимчдөөрөө цуутай хот юм л даа.
Хоёр цагийн турш ганцаар хөөмийлж асан түүний тоглолтууд амсхийх ч чөлөөгүй, жил тойрон тоглолттой байдаг “Хосоо & Транс Монголио” хамтлаг болон өргөжжээ. Гэсэн ч тэр буурал тивийнхний бахдал бишрэлээс “зугтахдаа” нутгийн өвгөн хөөмийчид шигээ эх нутагтаа эргээд л иржээ.
Нийслэл хотыг бүрий нөмөрсөн байлаа. Аравдугаар сарын жихүүн салхи гудамж талбайгаар хэсүүчлэх авай. Бремений хөөмийч маань өөрт буй хамгийн чухаг нууцаа уудалж буй мэт “Хөөмий бол хүн, байгалийн шүтэлцээ юм. Ийм л харилцаанаас үүссэн аялгуу. Жишээлбэл, морийг ус ууж байхад нь исгэрвэл урамшаад илүү ихийг уудаг. Тэгэхээр хөөмийн үүсэл өнө эртнийх байх нь. Үүнийг л бид сүүлийн жараад жилийн хугацаанд тайзны урлаг болгосон төдий” гэв.
Нэрт хөөмийч Сундуй түүний нагац ах юмсанж. Тэрээр бас Даваажав гуайн шавь хэмээгддэг байна. Хамгийн сонирхолтой нь, 1982 оны өнөөх баримтат кинонд түүний дүрс зэрвэсхэн гардаг нь өнөө харахад бараг л танигдахааргүй. “Амьсгаагаа сайн түгж л дээ” хэмээн дэргэдээ суух жаалыг тун дориун зааварлах хүү Хосбаяр юмсанж. Тэгэхэд тэр ердөө л 11 настай байжээ.
Чандмань нутагт хөөмий дэлгэрэх болсны учрыг түүнээс сонирхоход “Чандмань гэдэг нэрэнд л учир байх шиг. Гурвалсан гэдэг утгыг илэрхийлдэг үг шүү дээ. Манай нутагт гурван нуур, гурван уул, гурван говь, гурван тал бий. Гурван нуур гэдэг нь Хар-Ус, Хар, Дөргөн нуур юм. Харин гурван уул гэдэг нь Бумбат хайрхан, Жаргалант хайрхан, Баатар хайрхан. Эхний хоёрыг бид ихэр уул хэмээн нэрлэдэг. Ингээд бүх юм гурвалсан учраас тэнд Чандмань гэдэг нэр өгчээ. Сайн анзаарвал, эдгээр нь уул, ус, салхийг бэлгэдэж байгаа биз” хэмээн тайлбарлав.
Гэхдээ чадварлаг хөөмийч бүр Чандманийх гэвэл үгүй. Хөөмий асар ихээр даяарчлагдаж буй өнөө үед заавал хонины бэлчээр дээр хөөмийлж сурах шаардлагагүй болжээ. Соёл Урлагийн Их Сургуульд 2003 онд Монгол хөөмийн анги нээгдсэн нь анхны мэргэжлийн сургалт гэгдэж байлаа. Мөн 2014 онд “Олон улсын хөөмий” сургууль СУИС-ийн баруун хаяанд үүдээ нээжээ.
2010 онд Юнескогийн биет бус соёлын өвийн жагсаалтад монгол хөөмийг бүртгэхэд Кенид болсон хурал дээр Д.Хосбаяр ажиглагчаар оролцож байв. Хурлаас өмнө ч, хойно ч хөөмийг өмчлөх маргаан мэр сэр өрнөж байсныг тэрээр эрс буруушаав. “Өнөөдөр Тувад ч, Өвөрмонголд ч хөөмийлж байна. Мөн Монгол орны говь, тал хээр, Алтайн уулсад ч ялгаагүй хөөмийлж л байна. Би дахиад л хэлье. Хөөмий бол байгалийн урлаг. Тал нутаг бол сайхан налайгаад л байна. Харин говь бол намбайгаад явчихна. Тэгэхээр хөөмий бол тухайн орон зайгаа хэрхэн дүрсэлж байгаагаас үүдэн хоорондоо ялгаатай байгаа юм. Тагна, Саян, Алтай, говьд ч хөөмийлж л ирсэн. Хөөмий бол байгалиа магтаж буй, байгалиа хайрлаж буй дуу авиа юм. Жишээ нь, би бол Алтайн шовх ууланд өссөн хүүхэд” гэж хэлээд хөөмийлөхдөө нэг гараараа хэмнэлээ дүрсэлсэн нь үргэлжилсэн урт уулс шиг л харагдав.
Ялгааны хувьд гэвэл, тувачууд хархираа төрлөөр голчлон хөөмийлдөг бөгөөд хархирааг хоолой буюу багалзуураараа дуугаргадаг байна. Харин Алтайн шингэн хөөмий гэдэг нь цээжний хөндийгөөсөө амьсгаагаа шахахыг хэлдэг ажээ.
Хөөмий ийм л өргөн уудам нутагт тархсан юм бол Чандманийг юуны учир хөөмийн өлгий гээд буйг асуухад тэрээр “Шингэн хөөмийг нэг үгээр тодорхойлбол язгуур монгол хөөмий гэж хэлж болно. Үүнийг Монгол дотроо бол Чандманийх л гэнэ. Жишээлбэл, Мерседес бензийг бид германых л гэж хардаг. Харин германчууд болохоор Штутгарт л гэж хардаг. Герман дотроо тэд нар л бахархана уу гэхээс берлин, мюнхенийнхэн бахархдаггүй байх нь. Харин Германы хилээс гараад явчихаараа Германы бахархал болчихдог. Үүнтэй яг адил, монгол хөөмий гэхээр Ховдын Чандмань л байна. Монголын хилээс гарахаар Монгол хөөмий юм” гэв.
Нэг хүн хоёр өнгө дуугаргаж чаддагт л монгол хөөмийн хосгүй гайхамшиг оршдог гэдгийг миний уулзсан хөөмийч бүр онцолж байлаа. Суурь өнгө хэзээ ч хөдөлдөггүй бөгөөд дүрсэлбэл “огт тахийдаггүй урт зураас гэсэн үг” гэв. Тэрхүү хүнгэнэсэн урт дэвсгэр дээр хэлнийхээ үзүүрээр нугалаа чимэгтэй аялгуу исгэрдэг байна. Тэдний хэлснийг энгийнээр ойлгохын тулд тэмдэглэлийн дэвтэртээ урт зураас зураад дээгүүр нь уулсыг дүрсэлсэн мурий зураас татсан нь уул, усыг дүрсэлсэн балчир хүүхдийн гар зургархуу л харагдав. Харин хоёр зураасыг зааглах тэр хоосон зай бол салхи л байх учиртай гэж би дотроо бодлоо. Уул, ус, салхи. Эд бол хөөмийн аялгуу юм.
Э.Энхцолмон