-Цэвэрлэх байгууламжууд тэднээс санхүүждэг учраас үйлдвэрүүдийн бохир усыг авахаас өөр аргагүй гэдэг-
Төв цэвэрлэх байгууламжид ачаалал өгч Туул гол бохирдуулах гол хүчин зүйл болсон арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх шийдвэрийг одоогоос хоёр жилийн өмнө УИХ-аас гаргасан.
Ингэхдээ Эмээлт орчимд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулж нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон юм.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны захирамжаар ХУД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийн зориулалтаар 50 га газрыг олгожээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна.
Өнгөрөгч гуравдугаар сард Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхийг хориглосон ч энэ захирамж биеллээ олохгүй байгаа аж.
Тиймээс өнөөдрийг хүртэл арьс ширний үйлдвэрүүд Төв цэвэрлэх байгууламжид химийн хаягдал усаа нийлүүлж, ноос боловсруулагчид нийслэл рүү угаагаагүй ноос нэвтрүүлсээр байна.
Дээрх тогтоол, захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хэлтсийн дарга Д.Бат-Өлзийтэй уулзаж ярилцлаа.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Туул гол бохирдох асуудалд ямар оролцоотой ажилладаг вэ?
-Бид нийслэлийн нутаг дэвсгэрийн Туул голын дээд эх үүсвэрээс доод эх үүсвэр хүртэл явж шалгалт хийдэг. Хамгийн эхний бохирдол Налайхын цэвэрлэх байгууламжаас эхэлдэг. Өнөөдрийн байдлаар тус байгууламж Төв цэвэрлэх байгууламжтай адил маш хангалтгүй ажиллаж байгаа.
-Цэвэрлэхээс гарсан бохир ус урссаар Төв аймгийн хамгийн эхний сум болох Алтанбулаг болоод цааш гол дагасан сумуудын усыг бохирдуулж байна. Энэ асуудал танайд хамааралтай юу?
-Алтанбулаг сумын хувьд Төв аймагт хамаардаг боловч Төв цэвэрлэх байгууламжаас шалтгаалж бохирддог учраас бидэнд хамаагүй гэж хэлж болохгүй. Мэдээж голыг бохирдуулахгүй байхын тулд Цэвэрлэх байгууламжаа л шинээр барих явдал. Гэтэл өнөөдөр мөнгөний асуудал дээр гацчихсан. Бидний зүгээс 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш жил болгон Туул голд шинжилгээ хийж холбогдох газруудад хүргүүлж байгаа. Тэр дундаа Ус сувгийн удирдах газарт хамгийн эхэнд хүргүүлдэг. Яагаад гэхээр тус газар нь Төв цэвэрлэх байгууламжаа хариуцдаг.
-Төв цэвэрлэх байгууламжид хамгийн их ачаалж байгаа нь арьс ширний үйлдвэрүүдийн химийн бохирдол ихтэй ус гэдэг?
-Арьс шир болоод ноос ноолуурын үйлдвэрүүд өөрсдөдөө эхний цэвэрлэгээг хийх байгууламжтай байх ёстой. Тэр нь урьдчилсан цэвэрлэх байгууламжид стандартын хэмжээнд цэвэрлэгдээд Төв цэвэрлэх байгууламж руу очих ёстой. Гэтэл өнөөдөр аж ахуй нэгжээс ирсэн ус нь бохирдол ихтэй нийлүүлэгдээд байгаа юм. Зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй байдаг гэсэн үг. Бүр 8-26 дахин өндөр бохирдолтой байдаг. Бид үйлдвэрүүдийн технологийнх нь арга хэлбэрийг өөрчлүүлж, цэвэрлэгээний дамжлагыг олон болгон, шүүлтүүрийг нь цаг тухайд нь солиулсны үр дүнд бохирдлыг найм дахин болтлоо бууруулсан. Жил болгоны судалгаагаар энэ бохирдол буурч байгаа нь харагддаг.
УРЬДЧИЛАН БОЛОН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БОХИР УСЫГ АВАХГҮЙ БАЙХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ. ГЭВЧ...
-Үйлдвэрүүдийн бохир усны дээжийг хаанаас авдаг юм бэ?
-Аж ахуй нэгжээс Урьдчилсан цэвэрлэх байгууламж руу орж байгаа хоолойгоос дээжээ авдаг.
-Үйлдвэрүүдээс нийлүүлж буй хаягдал ус стандартын хэмжээнээс хэд дахин бохирдолтой байгаа гэлээ. Хуулийн дагуу усыг нь авахгүй байж болдоггүй юм уу?
-Аж ахуй нэгжүүдээс гарч буй хаягдал усыг стандартын төвшинд нийцэхгүй бол хаах хүртэл арга хэмжээ авах ёстой. Урьдчилан болон Төв цэвэрлэх байгууламж бохир усыг авахгүй байх эрх нь нээлттэй. Гэвч цэвэрлэх байгууламжууд тэдгээр аж ахуй нэгжээс санхүүждэг учраас авахгүй байх боломжгүй гэсэн тайлбарыг өгдөг. Бид бүх газарт бичиг өгч эцэст нь Засгийн газарт өргөн барьснаар арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарсан. Газар нь бэлэн хирнээ нүүлгэх асуудал нь хөрөнгө мөнгө дээр гацчихсан. Аж ахуй нэгжүүдийн хувьд бүх тоног төхөөрөмж, худалдаж авсан байраа хэрхэн шийдэх гээд л нүүхэд шийдэгдэх бүх зардлаа төрөөс нэхэмжилж байна.
-Хэрэв үйлдвэрүүдийг хотоос нүүлгэвэл Төв цэвэрлэх байгууламжид очих ачаалал багасна гэх юм билээ?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ хөрөнгө мөнгө зараад үйлдвэрүүдийг хотоос гаргачихвал тэнд ахиад л цэвэрлэх байгууламж барих шаардлагатай болно.
ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ УГААГААГҮЙ НООС ОРУУЛЖ ИРЭХИЙГ НЬ ЗӨВШӨӨРЧ БИД САР БОЛГОН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭЭР БОЛСОН
-Нийслэлийн засаг дарга угаагаагүй ноос хотод нэвтрүүлэхийг хориглосон. Энэ захирамжийн хэрэгжилт өнөөдөр ямар байгаа вэ?
-Энэ жил хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж угаагаагүй ноос хотод оруулж ирэхийг хориглосон. Учир нь үйлдвэрлэгчид хөдөө орон нутгаас ноосыг шууд авчран энд угааж боловсруулж байсан учраас илүүтэй бохирдол үүсгэж байсан. Энэ шийдвэрээс үүдэн аж ахуй нэгжүүд зарга үүсгэн хотын даргатай уулзаж стандартад нийцэхгүй ус нийлүүлэхгүй байхаа илэрхийлсэн. Тиймээс харилцан зөвшилцсөний үндсэн дээр энэхүү захирамж түр хугацаагаар хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл тэднийг угаагүй ноос оруулж ирэхийг нь зөвшөөрч бид сар болгон шинжилгээ хийхээр болсон. Хэрэв стандарт хэмжээнээс давсан тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээг авах болно.
-Тэгэхээр угаагаагүй ноосыг хотод чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна. Тийм үү?
-Тийм ээ, аж ахуй нэгжүүдтэй тодорхой хугацаанд тохиролцсон байгаа. Ноос ноолуурыг боловсруулахад ус бараг хэрэглэдэггүй юм билээ. Харин бохироос нь салгахын тулд тусгай зориулалтын хүчтэй бодис ашигладаг. Түүнээс биш усаар угаах боломжгүй гэсэн. Угаахдаа их бохир ус гаргаад байна гэдэг утгаар нь хориглосон. Захирамжаа түр түдгэлзэхийн сацуу Засгийн газраас аж ахуй нэгжүүдийг хямралын үед дэмжих хэрэгтэй гэж үзсэн.
-Арьс шир, ноос боловсруулах хэчнээн компани байдаг вэ?
-60 орчим компани бий. 26 нь арьс шир, 34 нь ноос ноолуурын үйлдвэр.
ХАЯГДАЛ УСАНД ЯМАР БОДИСУУД АГУУЛАГДАЖ БАЙГААГ МАНАЙД БҮРЭН ШИНЖЛЭХ БОЛОМЖГҮЙ
-Үйлдвэрүүдээс гарч буй хаягдал уснаас ихэвчлэн ямар химийн бодис илэрдэг бол?
-Яг ямар бодисууд агуулагдаж байгааг манай лаборатори бүрэн шинжлэх боломж байдаггүй. Өөрсдийнхөө түвшинд дөрвөн үзүүлэлтээр л шинжилдэг. Харин үйлдвэрүүдэд хэрэглэж буй бодисын найрлагыг авч үзээд тэндээс шинжилж болох юм. Дөрвөн үзүүлэлтэд арьс шир боловсруулахад түгээмэл хэрэглэдэг хром бодисын хэмжээ, тунадас буюу малын гаралтай бохирдлын байдал, усны орчин, химийн хэрэгцээт хүчилтөрөгч хэр байгааг тодорхойлох боломжтой. Энэ дөрвөн үзүүлэлт өндөр байх тусмаа л гол бохирдож байна гэж үздэг. Гадагшаа өндөр түвшний лаборатори руу л явуулахгүй юм бол Монголд ямар ч боломж байхгүй. Үнэндээ манайд Үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори гэсэн хоёр л томоохон лаборатори байна.
-Шинжилгээгээр үйлдвэрүүдийн бохир ус байх ёстой хэмжээнээсээ хэд дахин өндөр үзүүлэлттэй байгаа бол?
-Хамгийн багадаа л 1.5 дахин их. Энэ нь усны орчны үзүүлэлт юм. Усны орчин 0 байх ёстой. Стандарт хэмжээнээс хамгийн их байгаа нь булингар буюу тунадас. Байх ёстой хэмжээнээсээ 26 дахин их байна. Бас хром стандарт хэмжээнээс 3-5 дахин их байна. Бидний хувьд энэхүү умбуур бодисын хэмжээг хамгийн сайн бууруулж чадаж байгаа. Аж ахуй нэгжүүдээс бохирын хэмжээг нь л бууруулж чадаж байна. Харин төрийн байгууллагын хариуцаж буй цэвэрлэх байгууламжийг бид яаж ч чадахгүй байгаа. Бохир ус стандарт хэмжээнээс дээш нийлүүлж байгаа аж ахуй нэгжүүдийг хаа гэдэг. Үнэндээ хаах үндэслэл байхгүй. Тэд Төв цэвэрлэх байгууламж руу усаа нийлүүлж байгаа болохоос байгальд гаргаагүй. Тиймээс байгалийг бохирдуулж байна гэх үндэслэлгүй. Дам дамандаа учраас үйлдвэрүүдийн бохир ус хэчнээн хувийн бохирдол үүсгэж буй нь тодорхойгүй. Тоогоор нь яривал аж ахуйн нэгжийн нийлүүлж буй усны хэмжээ ахуйхаас харьцангуй бага. 60 аж ахуй нэгж, сая иргэний усыг харьцуулах аргагүй байх. Гэхдээ химийн бодисын агууламж их гэдгээрээ л анхааралд өртөөд байгаа юм.
-Ер нь өнөөдрийн байдлаар Туул гол хэд дахин их бохирдолтой байгаа вэ?
-Манайхаас Туул голын бохирдол байх ёстой хэмжээнээс 7-8 дахин их гэсэн дүгнэлт гардаг.
Цэвэрлэх байгууламжийн Ахлах инженер Ц.Болдын ярьснаар Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй усанд үйлдвэрүүдийн хаягдал ус маш бага хэмжээг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл хоногт ирж буй 150 мянган метр куб усны 30 мянган метр куб нь үйлдвэрүүдийн хаягдал ус аж. Гэсэн ч түүнд агуулагдаж буй бохирдлын хэмжээ маш өндөр учраас хэчнээн ахуйн хэрэглээний устай нэгдсэн ч бохирдол нь их хэвээр байдаг гэнэ.
Харин арьс ширний үйлдвэрүүдийг хотоос нүүлгэх тогтоолын хэрэгжилт хэр байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Бодлогын хувьд Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, хяналтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тавьж ажиллана. УИХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж бүх үйлдвэрийг шууд гаргах боломжгүй тул төрлөөр нь ангилан тооцоо, судалгаа хийж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд ч боломж олгох замаар нүүлгэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд буй.
Цэвэрлэх байгууламжид химийн бохирдол ихтэй ус нийлүүлсээр байгаа арьс шир, ноосны үйлдвэрүүдийг хэзээ хотоос гаргах нь тодорхойгүй хэвээр байна.
Зургийг mpa.mn