Хааяахан хавирга нэвт салхилах энэ өглөө хотын баруун захын урдхан хэсэгт уур цан цохиж орчмын барилга байгууламж өдрийн наран хөөртөл үл харагдана. Захын модод цан дааж эгээ л цасаар урласан аятай цайрна. Тэндээс өмхий үнэр ханхлах авч зуныхаас бага цоргино. Энэ үнэрийг үл ажирсан ажлын хувцастай хүмүүс хаашаа ч юм бэ яаран алхана…
Өнгөрөгч намар Ерөнхий сайд бусад сайд нарын хамт “Шийдлийн цаг”-аа энд өнгөрөөснөөс хойш дөрвөн сарыг нүүрийг үзжээ.
САЙХАН МЭДЭЭ: БҮХ АЖИЛЧИН ХОРДЛОГО ТАЙЛАХ СҮҮ УУЖ, САРД ДӨРВӨН УДАА ХОШУУВЧ АВДАГ БОЛЖЭЭ
“Цэвэрлэх байгууламж” хэмээн хаягласан хоёр давхар саарал байшингийн хаалгаар ороход өмнөх сурвалжлагуудад туслалцаа үзүүлж бодит байдлыг ний нуугүй хуваалцаж байсан ХАБЭААХ-ийн инженер С.Загдбазар угтав. Тэрбээр уулзмагцаа сайхан мэдээ дуулгалаа. “Ерөнхий сайд намар ирснээс хойш ажилчдын хангамж өмнөх үеэ бодвол сайжирсан. Жишээ нь ажилчдад сард нэг хошуувч өгдөг байсан бол дөрөв болсон. Ямартай ч дэвшилттэй” гэсэн юм.
С.Загдбазар яриагаа үргэлжлүүлэн,
БЭЭЛИЙ. Ажлын нөхцөл байдлаас шалтгаалан ажилчдын бээлий 1-4 ширхэг байсан бол 4-10 ширхэг
ХОШУУВЧ. Сард 1 ширхэг байсан бол 4 ширхэг
ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИС. 0.5 кг байсан бол 1 кг, угаалгын нунтаг 18 кг-аас 24 кг
СҮҮ. Ажлын орчноос шалтгаалан ажилчдад ялгавартай олгодог байсан бол бүх ажилчин уух боломжтой болж
АЖЛЫН ХУВЦАС. Хоёр жилд нэг удаа олгодог байсан бол жил болгон, инженер техникийн ажилчдад гурван жилд нэг байсан бол хоёр жил тутам өгөхөөр болсон талаар сонордлоо.
Тодруулж хэлэхэд үүнээс өмнө энгийн нөхцөлөөр явдаг үйлчлэгч, жолооч, оффисийн зарим ажилтанд сүү олгодоггүй байсан бөгөөд өнөөдөр Цэвэрлэх байгууламжид ажилладаг бүхий л ажилтан хордлогоос сэргийлэх боломжтой болж байгаа юм.
Мөн хүнд нөхцөлийн нэмэгдэл болох цагийн 120 төгрөгийг нэмэхээр холбогдох байгууллагуудад хандсан аж. Үүнийг сараар тооцоолж үзвэл нэг ажилтан сард дунджаар 20 мянган төгрөгийг нэмэлтээр авдаг. Цэвэрлэх байгууламжийн технологийн инженер Ю.Эрдэнэжаргалийн хэлж буйгаар хэрэв мэргэжлийн байгууллагууд энэхүү асуудалд нааштай хандвал Цэвэрлэх байгууламжийн ажилчдын хүнд нөхцөлийн нэмэгдэл 1000 төгрөг болох юм байна.
Тэгэхээр нэг ажилтан сард дунджаар 160 цаг ажилладаг гэж үзвэл хүнд нөхцөлийн нэмэгдэл болох 160 мянга орчим төгрөгийг авдаг болох нь ээ.
ХАНГАМЖ САЙЖИРСАН Ч ТЭТГЭВЭРЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛ ГАРСААР Л…
Хангамж сайжирсан нь дэвшилттэй ч цэвэрлэх байгууламж шинээр барьж, лагийг боловсруулж, зайлуулахаас нааш ажлын орчин нөхцөлд нааштай үзүүлэлт гарахгүй нь ойлгомжтой.
Түрүүчийн сурвалжлагуудад хоёр ч хүн тэтгэвэрээ авч чадалгүй бурхан болсон талаар мэдээлсэн. Хэсэг хугацаанд саатахад л хамар хоолой арган хатаж, нүд загатнан толгой өвдөх зэргээр хордлогын шинж тэмдэг илрэх энэ орчинд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл байх нь эргэлзээтэй.
Эмч Ц.Хүрэлдуламтай ярьж суухад энэ жил тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй бие нь муудан, эмчлүүлж байгаа нэг тохиолдол гарсан талаар дурьдав.
Тэтгэвэртээ гараад удаагүй н.Баярмөнхийн уушги хүндээр өвчилж архаг сүрьеэтэй нь тогтоогджээ. Тэрбээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад эмчилгээгүй хэмээн гэртээ гарсан байна.
Уг ажилтны биеийн байдлыг асуувал “Хүнтэй харилцах чадваргүй. Өөрийгөө ойлгуулж чадахгүй тийм л хүнд байдалтай байгаа. Гэртээ харж хандах хүнгүй ганцаараа байдаг” гэсэн юм.
Тэдний ярьж буйгаар тэтгэвэртээ суусан зарим хүний ухаан нь эрүүл бус, аливааг ойлгох чадваргүй болчихсон байдаг гэнэ. Лаганд агуулагдах хортой элемент, нэгдлүүд болоод байнгын стресстэй ажил нь хүний мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна.
Тэрбээр насаараа хүний ялгадас, үйлдвэрүүдийн хортой хаягдалтай ажиллаад эцэст нь яг л лаг шигээ хаягджээ.
Төв цэвэрлэх байгууламжийн эмчийн мэдээлснээр дээрх үзэгдэл нэмэгдэх хандлагатай бөгөөд хүмүүс ажиллах явцдаа хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол цөөнгүй гардаг байна.
31 ХҮН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ТЭТГЭМЖИЙГ АВЧ 724 ХОНОГИЙГ ЭМЧИЛГЭЭНД ЗАРЦУУЛЖЭЭ
Төв цэвэрлэх байгууламжаас “Дунджаар нэг даатгуулагч жилд 10-аас дээш хоног хөдөлмөрийн чадвар түр алдаж байгаа нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна” гэх дүгнэлт гарчээ.
Одоогоос хоёр жил орчмын өмнө ажлаа гүйцэтгэж явсан хоёр ажилтан гүн хордлогод орж эмч нарын буянаар сэхэж хөдөлмөрийн өөр нөхцөлд ажиллах болсон талаар эх сурвалжууд мэдээлж буй. Тэгвэл ажиллах чадвараа алдсан хэд хэдэн тохиолдлоос дурдъя.
Тухайлбал,
- Ц.Наранбаатар, 38 настай. Долоон жил бохирын машины жолоочоор ажилласан. 2015 онд элэгний хатуурал өвчний хүндэрсэн хэлбэрээс шалтаалж хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан байна.
- О.Батболд, 46 настай. Таван жил ажилласан бөгөөд амьсгал зүрх судасны архаг дутагдал болж хүндэрсний улмаас хөдөлмөрийн чадвараа алджээ.
- С.Бямба, 56 настай. 23 жил бохирын машины жолоочоор ажиллажээ. Тэрбээр зүрх судасны өвчний хүндрэлээр тахир дутуу болсон аж.
2015 онд нийт 31 хүн хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжийг авч 724 хоногийг эмчилгээнд зарцуулсан гэх тооцоо байна.
ҮЙЛДВЭРҮҮДИЙН АЖЛЫН ОРЧИНГ “ХОРТОЙ” ГЭЖ ТОДОРХОЙЛДОГ. ГЭТЭЛ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛЧДЫНХ?
Цэвэрлэх байгууламжид нийт 170 орчим хүн ажилладаг. Ажилчдын 40.8 хувийг 18-35 насныхан эзэлдэг бөгөөд 40 орчим хувь нь эмэгтэйчүүд аж.
Ачааны хүндийг үүрч буй тэдгээрийн дийлэнх нь “хүнд” гэх ажлын нөхцөлд харьяалагддаг. Энэ нөхцөлийг одоогоос 10 гаруй жилийн өмнө Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын тушаалаар тогтоожээ.
Гэтэл түүнээс хойш зөвхөн ахуйн бохир ус авдаг байсан Цэвэрлэх байгууламжид үйлдвэрүүдийн бохирдол ихтэй ус нийлүүлэх болсон байна. Үүнээс шалтгаалж эндэхийн ажилчдын ажиллах орчин, агаар, хөрс агаар мэдэгдэхүйц бохирдож, өвчлөл нэмэгдэж эхэлсэн аж.
Энэ талаар Төв цэвэрлэх байгууламжийн Ашиглалтын албаны дарга Ш.Ганзоригтой уулзаж байр суурийг нь сонслоо.
-Та ажилтнуудынхаа ажлын нөхцөл байдлын талаар юу хэлэх вэ. Сүүлийн жилүүдийн статистикийг харахад өвчлөл буурахгүй өсөх шинжтэй байсан?
-Манай байгууллага анхнаасаа өвчтэй хүнийг ажилд авна гэж байхгүй. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тодорхой шалгуурт нийцсэн хүмүүс ажиллах эрхтэй болдог. Мэдээж тэдэн дунд суурь өвчтэй хүмүүс бий. Энд ажиллах явцад өвчин нь сэдрэх тохиолдол гарна. Бид жил бүр ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Тогтмол хяналт тавих өөрсдийн эмчтэй. Ажиллагсдад амьсгалын зам, чих хамар хоолойн өвчлөл зонхилдог. Заримд нь харшлын шинж тэмдэг илэрдэг. Тэр болгонд бид эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа ажилчдын орчныг солих зэргээр зохицуулалтыг хийдэг.
-Цэвэрлэх байгууламжийн ажилчдын нөхцөл “хүнд” ангилалд багтдаг. Гэсэн хэрнээ адилхан агаараар амьсгалж, ижил орчинд ажилладаг зарим албан хаагч энгийн нөхцөлөөр явдаг байх аа?
-Манай зарим ажилчны ажлыг нөхцөлийг 2004 онд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 77 дугаар тогтоолоор “хүнд” гэж тогтоосон. Уг тогтоолоор зөвхөн сараалжны барилга, агааржуулалтын станц, насосны станц, барилгын ажилчдын нөхцөлийг “хүнд” ангилалд шилжүүлсэн юм. Харин бусад албан хаагч өнөөдрийг хүртэл энгийн нөхцөлөөр ажиллаж байна. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрлөө. Хэвийн бус ангилалд багтах хэрнээ албан тушаал нь заагдаагүй ажилчид цөөнгүй байна. Мөн нийлүүлэгдэж буй усны бохирдлын агууламж 2004 оноос эрс нэмэгдсэн. Үйлдвэрүүдийн хаягдал ус нийлүүлэх болсноос үүдэн усны бохирдол ихэссэн. Гэтэл 2004 оны тогтоолын дагуу ажилласаар байна.
-“Хүнд үйлдвэрүүдийн ажилчдын нөхцөлийг “хортой” гэж тодорхойлдог хэрнээ тэндээс нийлүүлэх устай харилцдаг бидний орчныг “хүнд” гэдэг. Гэтэл бид тэдний л адил хортой нөхцөлд ажиллаж байна шүү дээ" гэж ажилчид ярьж байсан. Энэ талаар?
-Манайд үйлдвэрүүдийн бохир усыг хүлээн авдаг урьдчилсан цэвэрлэх байгууламж ажилладаг. Манайх болоод урьдчилсан цэвэрлэх байгууламжийн ажилчдын нөхцөл хэвийн бус буюу “хүнд” гэсэн тодотголоор явдаг. Мэдээж ажилчид хортой нөхцөлд ажиллаж байна. Яагаад гэвэл тэнд сульфид маш их хэмжээгээр ялгардаг. Өмнө нь хромын найрлагатай ус нийлүүлдэг байсан. Одоо лабораторийн шинжилгээгээр илрэхгүй байгаа. Чухам ямар бодис хэрэглээд байгааг нь мэдэхгүй байна. Цэвэрлэх байгууламжийн ажилчид хүнд нөхцөлийн нэмэгдэл цагийн 120 төгрөг авдаг. Нөхцөлийн нэмэгдлийг нэмэхээр манай байгууллага Өмчийн харилцааны газарт хүсэлт илгээгээд байна. Мөн Мэргэжлийн хяналтын газарт нөхцөлийн үнэлгээг хийх албан тоот явуулсан. Хөдөлмөрийн яам энэ асуудалд анхаарал тавьж ажиллах байх аа гэж найдаж байна.
Цан хүүрэг жавартай өвлийг давсандаа эндэхийн ажилчид олзуурхан байна. Учир нь тэд зуны халуунд лагийн исэлдэн шатсан утаанд угаартдаг бол өвлийн жихүүнд агаарт дэгдсэн хортой нэгдэлд утуулна. Харин түрхэн зуур амьсгаа авах нь хаврын энэ улирал буюу…
Ажилчдын хангамж сайжирч нэг удаагийн хошуувч өдөр бүр хэрэглэлээ ч үйлдвэрүүдийн бохир усанд тэд хордсоор л байх болно.
Сурвалжлагын дараагийн дугаарт Цэвэрлэх байгууламжийн ажилчдын ажлын орчинг “хортой” гэж тодорхойлох удаах гаргалгааг хийх болно. Сурвалжлага болоод цаг үеийн асуудлаар сэтгүүлчтэй odgarav@mongolcontent.mn хаягаар холбогдох боломжтой.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Зураг, видеог Д.Жавхлантөгс, инфографикийг О.Сүхбат