Жүжигчин О.Дөлгөөнийг уншигчид маань андахгүй. Дэлгэцийн бүтээлээр монголчуудад танил болсон тэрбээр өнөөдөр УДЭТ-ын нүүр царай болж явна. Театрт орсон даруйдаа л “Ромео , Жульетта”, “Гамлет” зэрэг сонгодог жүжгийн ноён оргилуудад гол дүр бүтээсэн түүний жүжигчний карьер хурдтай өсөж яваа. Түүнтэй уулзан шинэ уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Нэлээн завгүй байхад тань ирж уулзлаа. Өглөөнөөс хойш амжуулах ажил их байв уу?
-Тийм шүү. Өнөөдөр гэрээт байгууллагуудын видео бичлэгт орлоо. Мөн шинэ киноны зураг авах ажил өнөө маргаашгүй эхлэх гэж байгаа тул зохиолтойгоо танилцахаар ирээд байна. Замын түгжрэлд багагүй хугацаа алдсаныг эс тооцвол олон чухал ажил амжууллаа.
-Шинэ киноныхоо талаар танилцуулахгүй юу?
-“Хар сувдны нууц” киног хийсэн “Уужим фильм” студийн хамт олонтойгоо хамтран инээдэм, уянга хосолсон кино хийхээр ажиллаж байна. Гол дүрд “Мөрөөдлийн театр”- ын жүжигчин Алтаншагай ах, рэппэр Цэцэ болон миний бие тоглох юм. Энэ кинонд тоглох миний дүр хувь хүн Дөлгөөний дүр төрхөөс нэлээд өөр.
Төрснийхөө дараа хуучин өмдөө өмсөх гэтэл шагайнаас дээш яваагүй
-Та саяхан УДЭТ-т үндсэн жүжигчнээр орсон. Жүжигчид театрын бус уран бүтээлд тоглохыг танай байгууллага зөвшөөрдөг үү?
-Театрынхаа ажлыг таслахгүй бол асуудалгүй. Би театртаа шинэ хүн учраас цаад нарийн учрыг сайн мэдэхгүй. Гэхдээ манай театрын олон жүжигчин дэлгэцийн уран бүтээл хийгээд явж байна.
Хамгийн гол нь үндсэн ажлаа орхигдуулж болохгүй. Байгууллагын зүгээс ирсэн чухал дуудлага, хурлыг тасалбал асуудал гардаг гэж сонссон. Бид чинь театртаа тогтмол цалинтай хүмүүс шүү дээ. Бусад чөлөөт уран бүтээлч шиг цагийн ажил хийдэггүй болохоор харьцангуй уян хатан ханддаг.
-УДЭТ ирэх сард шинэ жүжиг тавихаар томоохон төсөл хэрэгжүүлж байгаа гэж дуулсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Товчоор хэлбэл бурхны тухай цоо шинэ жүжиг. Гэхдээ үүнд ямар нэг шашны талаар өгүүлэхгүй. Хүний дотоод мөн чанар л гарна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байна. Одоогоор надад зохиол өгөөгүй байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь. Ямар ч байсан ирэх тавдугаар сард тайзнаа гаргахаар төлөвлөсөн. Өмнөх жүжгүүдийг бодвол төсөв өндөртэй. Учир нь театрын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд ихэнх санхүүжилт нь орох юм билээ. Одоогоор улсаас олгох санхүүжилт нь шийдэгдээгүй байгаа.
-Та УДЭТ-т орсноосоо хойш Жульетта, Офелия зэрэг томоохон дүрүүдийг бүтээлээ. Энэ хугацаанд хэчнээн жүжигт тоглосон бэ?
-Би 2015 оны наймдугаар сарын 1-нээс УДЭТ-т орсон. Анх орж байгаа жүжигчид театрын студи буюу дадлагажигчаар хэсэг ажилладаг. Би мөн тэгж ажиллаж байгаад арван хоёрдугаар сарын 1-нээс үндсэн жүжигчин болж, үнэмлэхээ гардаж авсан.
Энэ хугацаанд нэг удаа намрын баригадад явж, “Бүүвэй” уянгын драмын жүжгийн гол дүрийг бүтээсэн. Дараа нь “Ромео, Жульетта” жүжгийн Жульетта, Гамлет жүжгийн Офелиягийн дүр надад ногдсон. Үүгээрээ би өөрийгөө их азтайд тооцдог. Туслах дүрийн хувьд олныг авсан. Театрын бүхий л жүжгэнд залуу уран бүтээлчид хамрагддаг.
20 гаруйхан насандаа "Ромео, Жульетта" жүжигт тоглосон маань том хувь зохиол
-Жульеттад тоглох таны мөрөөдөл байсан гэсэн. Тэр мөрөөдлөө биелүүлчихлээ. Дараагийн мөрөөдлийн дүр тань юу вэ?
-Зөндөө олон гоё жүжиг байна. Яг одоо тэр гээд хэлчих гэхээр санаанд буухгүй юм. Сонгодог жүжиг тухайн жүжигчнээс өндөр ур чадвар шаарддаг. Тэр ч утгаараа сонгодог жүжгийн ноён нурууг илүү туршлагатай хүн авч явах ёстой. Гавьяат жүжигчин И.Одончимэг 30 гаруй настайдаа тоглож байсан дүрийг би их залуугаараа бүтээсэн.
Тэр том хариуцлагыг 20 гаруйхан насандаа үүрсэн гээд бодоход би их азтай хүн. Би дунд сургуулийн сурагч байхаасаа л Жульеттад тоглохыг мөрөөддөг байсан. Харин дүрээ аваад, тоглолт нээхийн өмнө 30-аад удаа сургуулилт хийсэн. Би сандрахаараа салгалчихдаг талтай.
Жүжигт “Ромео” гэж дуудаад гараа сунгадаг хэсэг бий. Харин нээлтийн тоглолт дээр би тэр үзэгдлийг хийж чадахгүй гар чичрээд байхаар нь буцааж татаад гараа базаж байж үгээ гүйцээсэн. Тайзны ард хувцсаа солих үед миний хөл, гар хаана байгааг ч мэдэрч чадахгүй байсан шүү. Харин дараа дараагийн тоглолтоос тайвширч, одоо бол үзэгдлийн дундуур хувцсаа тайван сольж, заримдаа цайгаа ууж амждаг болсон.
-Бүр тийм тайван болсон гэж үү?
-Тэгсэн. Нэг удаа жүжгийн дундуур хувцсаа сольчихоод цай ууж байтал найруулагч “Хүүе ээ, Жульетта жүжиг чинь тоглож байгаа биз дээ. Чамд ийм зав байдаг юм уу” гэж асууж билээ. Харин би “Зав гардаг. Энэ үзэгдэл чинь уддаг байхгүй юу” гэтэл толгой сэгсрээд гараад явсан. Гэхдээ мэдээж эргээд дүрдээ, үйл явдалдаа орох хугацааг өөртөө гаргана л даа. Үүнтэй адил Офелияд тоглоход ч сандарсан. Гамлетыг өмнө нь огт үзэж байгаагүй болохоор эхний тоглолтон дээр үгээ бодох зэрэг түвэгтэй асуудал гарсан.
-"Ромео, Жульетта" жүжгийн шинэчилсэн найруулгыг зарим кино шүүмжлэгч эх зохиолоос нь гажуудуулсан, хэтэрхий орчин үе рүү хэтийлгэсэн гэж дүгнэсэн. Харин танд энэ жүжгийн шинэ хувилбар ямар санагдсан бэ?
-Одноо эгчийн Жульетта яг л эх зохиолын дагуу бүтсэн дүр. Жүжигт өмсөх хувцас, үг хэллэг, үйл явдал нь зохиол бичигдсэн тэр цаг үеэрээ гардаг. Гэхдээ манай жүжгийг яг орчин үеийнх гэж хэлж болохгүй.
Үйл явдал өрнөж буй цаг үе, гарч буй улс үндэстэн, тэр байтугай энэ ертөнцөд тийм хүмүүс байдаг юм уу гэмээр эгэл бус, язгуурлаг байдлаараа өвөрмөц болсон. Найруулагч маань анхнаасаа ингэж тавихыг зорьсон. “Шүүмжлэлээс айж байвал шинэ зүйл хийгээд хэрэггүй” гэж Н.Сувдаа гуай хэлдэг.
Хүмүүс өөрийнхөө мэдэхгүй зүйлийг л шүүмжилдэг. Гэхдээ яагаад болохгүй гэж. Аливаа зүйл яг ийм байх ёстой гэсэн дүрмийг хэн гаргасан юм бэ. Тиймээс “Ромео, Жульетта”-г яагаад ингэж найруулж болохгүй гэж. Миний бодлоор өмнөхийн адил зохиолын дагуу тавьсан ч хүмүүс шүүмжлэх л байсан.
-Театрын урлагийг яагаад сонгосон бэ. Эндээс та ямар мэдрэмж авдаг вэ?
-Театрын урлагийг сонирхдоггүй мэргэжлийн жүжигчин гэж байхгүй. Оюутан ахуй наснаасаа л энэ газарт ажиллахыг хүсэж байсан. 80 гаруй жилийн түүхтэй мэргэжлийн академик театрт ажиллаж, өөрийгөө сорих, олон зүйлийг сурч мэдэх хүсэл мэргэжлийн жүжигчин бүрт бий. Миний бодлоор драмын театраар ажлын гараагаа эхлүүлсэн хүмүүс их мундаг явдаг.
-Кино урлагийн салбар залуу жүжигчдээр хүрээгээ их тэлж байна. Бусдаас товойж гарч ирэхэд амаргүй байх. Тийм үү?
-"Урлагт арын хаалга байдаггүй" гэдэг их үнэн үг. Хэчнээн "арын хаалга"-аар орж ирээд жүжиглэх чадваргүй бол хэн ч түүнийг үзэхгүй, тоохгүй. Ард түмэн үзэж байгаа болохоор булхайгүй. Муу уран бүтээлийг үзэгчид шүүж, зарим нь тасалбар авсан төлбөрөө эргүүлж авахыг хүсдэг.
Авьяасаас гадна хөдөлмөр маш чухал. Босго өндөртэй улсын ганц байгууллага нь УДЭТ. Харин бусад продакшн, кино хийдэг баг олон бий. Тиймээс залуу жүжигчдэд боломж бий. Хамгийн гол нь хэзээ, хаана, яаж гээд зөв цагтаа гарч ирэх нь чухал.
Хамгийн гоё нь гэртээ ирээд хүүгээ тэврээд л тэр бүх зүйлийг мартдаг
-Уран бүтээлийн тухай яриагаа ингээд өндөрлөе. Та гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу. Анх ээж болоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Манай нөхөр хувиараа бизнес эрхэлдэг, үндэсний үйлдвэрлэгч. Буйдан хийдэг юм. Хүү маань саяхан хоёр нас хүрсэн. Би төлөвлөгөөт хагалгаагаар төрсөн учир харамсалтай нь эмэгтэй хүний жам ёсны өвдөлтийг мэдрээгүй.
Эх хүн болчихоор уяхан, эмзэг болчихдог юм билээ. Аливаа зүйлд тайван ханддаг болсон. Янз бүрийн зан араншинтай хүмүүстэй ажиллахад бухимдах үе олон гарна. Хамгийн гоё нь гэртээ ирээд хүүгээ тэврээд л тэр бүх зүйлийг мартаж орхидог. Амьдралд бид тэр хүүхдийн төлөө биш, тэр хүүхэд бидний төлөө ирсэн юм шиг санагддаг. Амьдралыг илүү гоё, утга учиртай болгож байгаа юм.
Ээж болоогүй байхад хүмүүс "Хүүхэд бол аз жаргал" гэж ярихад нь “Худлаа, худлаа. Гэртээ суугаад таргална. Шээс баастай зууралдана” гэдэг байсан бол өөрөө ээж болоод л тэр үгийн утга учрыг жинхэнэ мэдэрсэн. Жирэмсэн болоод 23 кг жин нэмсэн. Би их идэмхий. Тэгсээр байгаад хүү маань хүртэл жингийн илүүдэлтэй төрсөн. Төрөөд турчихна гэж бодсон.
Хуучин өмдөө өмстөл шагайнаас дээш гардаггүй. Тэгэхээр нь уйлаад, ингээд өнгөрлөө л гэж бодсон. Телевизээр үеийн найз нөхөд маань гарахыг хараад сэтгэлээр унаж, гутарсан. Урлагийн хүн учраас жингээ хасахгүй л бол ажилгүй болчих гээд байдаг. Хоолны өндөр дуршилтайг ч хэлэх үү. Хэрэв би өөр ажил хийдэг байсан бол өдийд бүлтгэр, бүдүүн хүүхэн сууж байх байсан биз. Тэгээд л ажлын шаардлагаар турсан даа.
-Олны танил бүсгүйчүүд бизнесмэн, эсвэл нэр хүндтэй хүнтэй гэр бүл болох нь элбэг байх юм. Гэтэл та эсрэгээрээ хэний ч танихгүй хүнийг ханиа болгох шийдвэр гаргасан байна?
-Анх танилцаж байгаа хүмүүс “Нөхөр чинь юу хийдэг вэ” гэж дандаа асуудаг. Манай нөхрийг хүмүүс баян бизнесмэн, эсвэл жүжигчин гэж боддог шиг байгаа юм. Гаднынхан бүр илүү гайхдаг. Өөрсдийн орон шигээ сэтгэн, жүжигчдийг их баян гэж төсөөлдөг. Тийм болохоор нөхрүүд нь бас баян хүн байдаг гэж ойлгодог.
Нөхөр маань Хонконгод ажлаар явж байгаад гэрээгээр телевиз оруулж ирдэг газрын төв дээр очсон гэсэн. Гэтэл миний тоглосон “Next electronics”-ийн реклам тэнд гарч байж. Дарга нь “Зурагтаар гарч байгаа жүжигчний нөхөр энэ залуу” гээд манай нөхрийг заатал нөгөө хүн гарыг нь бариад л “Залуугаараа ямар мундаг юм бэ” гээд бөөн юм болсон гэсэн. Ер нь хүн урдах ажлаа сайн хийвэл бусад зүйл аяндаа болдог. Уран бүтээлч хүн мартагдах маш амархан. Хэчнээн мундаг жүжигчин байлаа гээд хэсэг байхгүй болохоор хүмүүс мартчихдаг. Хүмүүст мартагдана гэдэг уран бүтээлч хүний хамгийн том айдас байдаг юм болов уу.
-Та өнгөрсөн хугацаанд нэлээн завгүй ажиллах шиг боллоо. Олон ч уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ их ажлын хажуугаар ар гэртээ цаг зав гаргаж чадаж байна уу?
-Нөхөр маань миний ажлыг их сайн ойлгодог тулдаа л болж байна. Ажил оройтож тарсан ч шөнө гэрээ цэвэрлэх, угаалга хийх тохиолдол олон. Амарч байх үедээ хоол хүнсээ бэлдэх зэргээр аль болох ар гэрийн ажлаа амжуулахыг хичээдэг. Уран бүтээл ид эхэлсэн үед хүүгээ өглөө унтаж байхад нь гарч, орой мөн л нойрмоглож байхад нь ирдэг. Заримдаа хүүтэйгээ хамт байгаа хэрнээ л санах юм. Тэр үедээ зориуд нойрноос нь сэрээчихмээр санагддаг шүү.
-Нууц биш бол театрын цалин хэр боломжийн бэ. Мөн кинонд тоглодог хөлсний талаараа хэлж болох уу?
-Театрт бол төсвийн байгууллагын ажилтны цалинг л авна. Тэр нь 500 гаруй мянган төгрөг. Бид жүжигт тоглосон, тоглоогүй ч тогтмол ийм хэмжээний цалинг хоёр хувааж авна. Хөдөө орон нутгаар явсан ч гэсэн хоолны мөнгө гэж хэдэн төгрөг нэмэгдэхээс өөр нэмэлт урамшуулал байхгүй. Харин кино болон рекламанд тоглож л орлогынхоо дийлэнхийг бүрдүүлж байна.
-Таны фэйсбүүк хуудсанд дэмжигчдийн тань дийлэнх нь “Жингээ хэрхэн барьдаг вэ, арьс арчилгаандаа ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна” гэсэн асуулт тавьсан байдаг. Энэ асуултыг би ч гэсэн тавимаар байна?
-Тийм шүү. Наад асуултыг чинь фэйсбүүк, инстаграммын бүх найзууд маань тавьдаг. Жингээ барихын тухайд би хоолны дэглэм барьдаг. Яагаад гэвэл их хурдан таргалах гээд байдаг юм. Саяхан хүртэл Жульеттагийнхаа хувцсанд багтахгүй байсан.
Хэдий амархан таргалдаг ч сайн тал нь бас хурдан жингээ хаячихдаг. Одоо 51 кг жинтэй байна. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хүмүүс шүдээ хэрхэн цайруулсан бэ гэж олон асууна. Хүмүүс мэдэх байх. Үүдэн шүд маань бага зэрэг урагшаа гарсан. Шүдний аппарат зүүх хугацаа байгаагүй болохоор “Promed” эмнэлэгт засуулж, цайруулсан байгаа.
Б.Бямбасүрэн