Б.Батдаваа: Монгол улс уян хатан ханшийн тогтолцоотой

Монгол банк

2016-04-14 09:00 GMT+8

Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээдгүй суларсан. Энэ талаар тодорхой хариулт авахаар Монголбанкны Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал Б.Батдаваагаас дараах тодруулга авлаа.

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарсаар нэлээн суларсан. Үүний шалтгааныг Монголбанкнаас юу гэж үзэж байна вэ?

-Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн ихдээ 3 дугаар сарын сүүлээр 2050 түвшинд хүрч, оны эхнээс 2.7%-иар суларсан бол сүүлийн өдрүүдэд эргээд чангарч өнөөдөр гэхэд нэг ам.долларыг худалдах ханш 2015 төгрөгтэй тэнцүү байна.

Манай улс уян хатан ханшийн тогтолцоотой буюу ханш нь төгрөг болон гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр зах зээлийн зарчмаар тогтдог. Ханшийн эрэлт, нийлүүлэлтэд гадаад, дотоод олон хүчин зүйлс нөлөөлдөг. Дотоод хүчин зүйлсэд инфляци, хүүгийн түвшин, мөнгөний нийлүүлэлт, төсвийн алдагдал болон өрийн хэмжээ гэх мэт орж болно. Жишээлбэл 3 дугаар сарын сарын байдлаар инфляци жилийн 1.7% болж өнгөрсөн оны мөн үеэс 7.6%-иар буураад байна. Мөн мөнгөний нийлүүлэлт 2 дугаар сарын байдлаар жилийн 2.1%-ийн бууралттай байна.

Харин эдийн засгийн гадаад орчин энэ хугацаанд төдийлөн таатай байсангүй. Манай улсын гадаад орнуудтай хийсэн бараа, үйлчилгээний худалдаа, урсгал шилжүүлгийн тэнцлийг илэрхийлдэг төлбөрийн тэнцлийн урсгал данс хэдийгээр оны эхний 2 сарын байдлаар 86 сая ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс сайжирсан боловч гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт, зээлийн орох урсгал буурснаас шалтгаалж төлбөрийн нийт тэнцэл 125 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ нь гадаад валютын нийлүүлэлт талаасаа оны эхэнд ханш илүүтэйгээр суларсныг илтгэж байна. Түүнчлэн улирлын онцлогоос шалтгаалан жил бүрийн нэгдүгээр улиралд гадаад валютын орох урсгал бага, эрэлт их байдаг нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрахад нөлөөлдөг байгаа.

-Тэгвэл эсрэгээрээ сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханш буцаад чангарах үзэгдэл ажиглагдаж байна?

-Оны эхний 2 сарын байдлаар төлбөрийн нийт тэнцэл 125 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж дээр хэлсэн. Уг алдагдлыг нэгдүгээрт урсгал данс илүү сайжрах буюу манай экспортын хэмжээ эрс нэмэгдэх, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт, гадаад зээлийн санхүүжилт орж ирж байж нөхөх боломжтой. Манай голлох түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд төдийлөн өсөхгүй байгааг үзвэл бидэнд экспортын орлогоо богино хугацаанд огцом нэмэгдүүлэх боломж хомс харагдаж байна. Харин сүүлийн 1 сарын хугацаанд Засгийн газар нийт 750 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээл, бондын эх үүсвэрийг гадаад захаас татсан. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөж, ханш чангарах хүлээлтийг зах зээлд үүсгэснээр төгрөгийн ханш сүүлийн өдрүүдэд ам.долларын эсрэг бага зэрэг чангарахад нөлөөлсөн гэж харж байна.

-Цаашид төгрөгийн ханшийн хандлага ямар байх бол?

-Төгрөгийн ханшид гадаад дотоод олон хүчин зүйлс нөлөөлдөг. Гадаад эх үүсвэр талаасаа Засгийн газар нийт 750 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт бүрдүүллээ. Үүн дээр Оюутолгой төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтад 3 дугаар улирлаас нийт 300 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгаа нь ханш тогтворжиход эергээр нөлөөлөх боломжтой. Гэвч нөгөө талаар манай улсын голлох түүхий эд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ, үнэ өмнөх оны мөн үеэс бууралттай, сэргэх хандлага төдийлөн ажиглагдахгүй байгаа нь экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт, ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Үүнээс үзэхэд богино хугацаанд ханш тогтвортой байх болов уу. Монголбанкнаас шаардлагатай тухай бүр гадаад валютын дотоодын захад оролцсон хэвээр байх болно.

Тодруулга өгсөн танд баярлалаа.

Е.Золзаяа

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1659 санал өгсөн байна.

Дээшээ