Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гарагт Сонгуулийн тухай хуулийн “28 суудлыг хувь тэнцүүлэх замаар сонгох” тухай заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлт гаргасан билээ. Энэ талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.
-Цэц Сонгуулийн тухай хуулийн “28 суудлыг хувь тэнцүүлэх замаар сонгох” тухай заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлт гаргасан. Цэцийн энэхүү шийдвэрийг буруутгах хүмүүс цөөнгүй. Салбарын төлөөллийн хувьд та энэхүү шийдвэрийн талаар ямар дүгнэлт өгөх вэ?
-Хууль зүйн техник талаас нь хуулийг тайлбарлах олон арга байдаг. Тухайлбал, текстийн, үг зүйн, утга зүйн, логик, түүхчилсэн болон аутентик тайлбар гэх мэт олон. Тэгвэл Цэц дээрх маргааныг хэлэлцэхдээ Бага хурлын протоколыг харсан байсан.
Бага хурлын гишүүд нам төвтэй буюу улс төрийн хүчинд санал өгөх ёсгүй хэмээн эсэргүүцсэн
Уг протоколд зарим гишүүн сонгуулийн пропорциональ тогтолцоог санал болгосон ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй талаар дурдсан байдаг. Бага хурлын гишүүд нам төвтэй буюу улс төрийн хүчинд санал өгөх ёсгүй хэмээн эсэргүүцсэн.
Энэхүү протоколд тулгуурлан Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтийг гаргасан. Нөгөөтэйгүүр, шууд гэдэг утгыг тайлбарлахдаа Үндсэн хуулийн 21.2-т заасанчлан УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэх заалтыг үндэслэсэн.
-Гэхдээ зарим хуульчид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байсан шүү дээ?
-Цэцийн дүгнэлтийн талаар хуульчид албан ёсоор байр сууриа нэгтгээгүй. Гэхдээ хуульчид Үндсэн хуулийн цэцийг субъектив болон объектив талаас тайлбарласан гэж санал хуваагдаад байна. Субъектив тал гэдэг нь макро түвшиндээ утга зүйн буюу түүхчлэн тайлбарласан гэсэн үг.
Үндсэн хуулийн цэц энэ удаад дээрх аргыг хэрэглэсэн гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй байна. Харин объектив тал гэдэг нь ганцхан монголчууд тэдэн онд тэгж үзэж байсан гэхгүйгээр харьцуулсан арга зүйгээр буюу дэлхийн бусад орнуудтай жишиж үздэг. Энэ талаараа бол сонгуулийн пропорциональ тогтолцоо байх боломжтой байсан.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц АИХ-ын депутатуудын тайлбарыг иш татахгүйгээр орчин цагийн нөхцөл байдалдаа үндэслэн дүгнэлтээ гаргах ёстой байсан гэх байр суурьтай хуульчид ч цөөнгүй байна. Үүнээс үүдэн пропорциональ тогтолцоо байхын тулд Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь заалтыг дахин хэлэлцэх, эсвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүд маргаан шийдвэрлэхдээ барьж буй хууль зүйн техник дээрээ анхаарах ёстой болж байна.
Жижиг мажоритар тогтолцоогоор сонгуулиа хийвэл ноёдын цуглаан болно
-2012 онд Цэц дээрх маргааныг хэлэлцээд, Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэлт гаргасан байдаг. Харин энэ удаад Үндсэн хууль зөрчлөө хэмээн дүгнэлт гаргачихлаа. Дөрвөн жилийн хугацаанд дүгнэлтээ эрс өөрчилж байгаа нь улстөрч төдийгүй нийгэмд маргаан дагуулаад байна. Зарим улстөрчид Үндсэн хуулийн цэцийг улс төрийн захиалгаар ажиллалаа хэмээн буруутгаад байгаа шүү дээ?
-2012 онд иргэдийн өгсөн мэдээлэлд үндэслэн маргаан хянан шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлт болон тогтоолыг харахад маргааны агуулга нь жагсаалтаас шилжин орох тухай заалтуудыг хүчингүй болгох, эсэх тухай байдаг. Шууд пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гэж тэдгээр мэдээлэлд заасан зүйл бол байхгүй юм билээ.
Харин яг пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчиж байна гээд Цэцэд өгөхөд маргаан үүсгээгүй гэж ярьж байгааг бол хэлж мэдэхгүй. 2012 оны гуравдугаар сарын 28-ны Цэцийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт “улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн жагсаалтад орсон 28 нэр дэвшигчид өгсөн саналыг бодитойгоор үнэлэх боломжгүй байдалд хүргэн, тэдгээрийн сонгогдох эрхийг хязгаарласан байна” гэсэн дүгнэлтүүдийг хийчихсэн байдаг.
Тэгэхээр энд 28 нэр дэвшигчийн тухай дурдаад пропорциональ тогтолцоо нь байж болно, мөн уг тогтолцооны дагуу тэдгээр нэр дэвшигчдэд санал өгч болно гэсэн санаа уншигдаж байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр шүүмжлэл дагуулахаас аргагүй.
Улс төрийн намууд квотоо яаж ашиглах нь тэдний л сонголт
-Үндсэн хуулийн цэцийг буруутгах үндэслэл байхгүй гэсэн үг үү?
-Шүүмжлэх эрх бий. Харин буруутгах эрх бидэнд байхгүй. Учир нь Үндсэн хуулийн цэцэд өмнөх шийдвэрээ өөрчлөх бүрэн эрх нь байгаа. Энэ удаагийнх бол дүгнэлт. Эцсийн шийдвэр гараагүй байна.
Тиймээс бид Үндсэн хуулийн цэц зөв шийдвэр гаргалаа, буруу шийдвэр гаргалаа гэж хямрахаас илүүтэй дараагийн алхам буюу юу хийх ёстойгоо хэлэлцэх нь зүй. Хугацаа бага байна. УИХ дахь зарим намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авахаа илэрхийлсэн байсан. Хүлээж авах гэж байгаа бол шийдлээ хамтад нь гаргах ёстой.
-Хэрэв УИХ Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авбал ирэх сонгуулиа мажоритар тогтолцооны ямар хувилбараар явуулах ёстой вэ?
-76 тойрогтой жижиг мажоритар уу, томсгосон тойрогтой мажоритар тогтолцоо юу гэдгээс сонголт хийнэ. Миний хувьд 76 тойрогтой жижиг мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулбал ноёдын цуглаан болно хэмээн үзэж байгаа. Тэгвэл хоёр, гурван удаагийн ээлжит сонгуулийн дараа бүр дордоно.
Сонгуулийн мажоритар тогтолцоо сул тал ихтэй гэдгийг бүгд мэдэж байгаа. Б.Чимид багш “Дараагийн сонгуульд ямар өглөг амлах бол хэмээн отож суугаа хүмүүс байгаа нь магад буюу. Ёс бус өглөг / авлига/ нь нэмэгдсээр байгааг үзвэл өмнөхөөс илүүг амлахгүй бол “хөдлөхгүй” л байх даа.
Өглөгч гэж дээ, өөрсдөөс нь авсан мөнгөөр өөрсдийг чинь авлигадаж байгаа хэрэг” хэмээн бичсэн байдаг. Эдийн засгийн хямралтай байгаа үед ёс бус өглөг өгсөн хүмүүс сонгогдох магадлал жижиг тойрогт өндөр байдаг. Тиймээс томсгосон тойрогтой, нэг тойрогтоо 4-5 мандаттай мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулбал зүгээр.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдсантай холбогдуулан ирэх сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагааг хойшлуулах тухай яриа гарч байна. Нөгөөтэйгүүр, Сонгуулийн ерөнхий хорооны бэлтгэл ажил тасалдахад хүрээд байгааг дурдсан байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийг ирэх зургадугаар сарын 29-нд явуулна гэж байсан. Энэ байдлыг ашиглаад гишүүд өөрсдөдөө давуу нөхцөл үүсгэж болохгүй.
Нэр дэвшилтийг хойшлуулах тусам богинохон хугацаанд улс төрийн жижиг хүчнүүд болон залуу нэр дэвшигчдэд өөрсдийгөө таниулах боломж олдохгүй. Нөгөөтэйгүүр, иргэд сонгогчид сонгох эрхээ эдлэхийн тулд өөр хоорондоо ярилцаж, нэр дэвшигчдэд үнэлэлт дүгнэлт өгөх боломж тун хомс.
-Сонгуулийн хуулиас пропорциональ тогтолцоог авч хаяснаар ухралт болж, эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлгүүдийн төлөөллийн сонгогдох эрхэд шууд сөргөөр нөлөөлнө гэж зарим улстөрчид илэрхийлсэн байсан. Цэцийн шийдвэр эмэгтэйчүүдийн квотод нөлөөлж байгаа хэрэг үү?
-Үгүй ээ. Хуулиараа эмэгтэйчүүдийн квот пропорциональ тогтолцоотой байснаар заавал хэрэгжинэ гэсэн зүйл байхгүй. Сөрөг нөлөө гарахыг үгүйсгэхгүй. Улс төрийн намууд квотоо яаж ашиглах нь тэдний л сонголт.
Б.Даваатогтох