Өнөөдөр алдарт зураач Пабло Пикассо, Сальвадор Дали нарын үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгдэж байгаатай холбоотойгоор Пикассогийн амьдралд тохиолдсон хайр дурлал болоод түүний уран бүтээлтэй тэдгээр бүсгүйчүүд хэрхэн холбогдож байсан тухай түүхийг хүргэж байна.
Эрчүүд яагаад орос эмэгтэйчүүдтэй гэрлэх дуртай байдаг юм бол? Магадгүй зөвхөн сайхан зүс царайнд бус тэдний агуу их тэвчээр хатуужилд татагддаг юм болов уу. Кубизмийн урсгалыг үндэслэгч алдарт зураач Пабло Пикассо ч орос балетчин Ольга Хохловатай гэрлэж байсан юм.
“Пабло чи надад ингэж хандаж болохгүй!”
1927 оны нэгэн амралтын өдөр Сена мөрний эргээр хөл хөдөлгөөнтэй чимээтэй байлаа. Парисчууд тайван зугаалж, дурлалт хосууд бие биедээ эрхэлнэ.
Гудамжаар ер бусын нэгэн хос алхална. Залуу нь тийм ч өндөр биш, хар нүдтэй испани эр, харин түүнтэй хамт яваа эмэгтэй цэнхэр нүдтэй, өндөр, шаргал үстэй, үнэхээр сайхан галбиртай бүсгүй байв. Эрэгтэй бүсгүйнхээ чихэнд нэг зүйл шивнэхэд нөгөөх нь чангаар инээлээ. Тэднээс хоёр алхам хойно нэгэн даруухан хувцасласан эмэгтэй испани эрийг харааж зүхэн явж байв.
Зураг зурж суусан гудамжны зураач тэдний араас даган явах эмэгтэйг хараад хажуудах танилаасаа “Энэ галзуу хүүхэн хэн юм бэ? Түүнд юу хэрэгтэй юм бол?” гэж асуухад “Чи түүнийг танихгүй байна гэж үү? Хатагтай Пикассо байна шүү дээ. Пабло аль дээрээс Мари-Терез гэдэг шинэхэн амрагтайгаа амьдарч байгаа ч хатагтайгаас салахгүй байгаа юм” гэв.
Хосын араас явж байсан эмэгтэй гэнэт зогсоод хамаг чангаар “Пабло чи надад ингэж хандаж болохгүй. Чи бурханы өмнө тангараг өргөсөн нөхөр минь шүү дээ. Бас би чамд хайртай” гэж хашгирав. Испани эр эргэн харж, эмэгтэйг хөлнөөс нь толгой хүртэл дооглонгуй ажаад, хүн бүрт сонсогдохуйц тод чангаар “Чиний хайр гэж юу билээ? Ясыг нь гартал идмээр санагддаг тахианы гуяд дуртай байдаг шигээ л чи намайг хайрладаг бус уу?” гэхэд эргэн тойрны хүмүүс хөхрөн инээлдэнэ. Ингээд залуу хос юу ч болоогүй мэт цааш алхан явцгаав. Харин хатагтай Пикассогийн царай нь барааж, хөшсөн мэт зогсон үлдлээ.
“Орос бүсгүйчүүдээр тоглодоггүй юм, тэдэнтэй гэрлэдэг юм даа!”
Гэвч тэд нэгэн цагт жинхэнэ хайр дурлалаар гэрлэж байжээ. Үүнээс яг арван жилийн өмнө буюу 1917 онд Оросын театрын урлагийг Европт таниулсан алдарт Сергей Дягилев “Парад” балетын засал чимэглэл, тоглолтын хувцасны загварыг гаргуулахаар өөрийн найз Пабло Пикассог урьсан байлаа. Бэлтгэл сургуулилтын үеэр 35 настай Пикассо 60 гаруй бүжигчдийн дундаас 25 настай балетчин Ольга Хохловаг олж харсан байна.
Зураач түүнд жаахан хөвгүүн шиг л дурлажээ. Түүний дурлал юутай ч харьцуулшгүй хүчтэй байсан бөгөөд Дягилев түүнд “болгоомжтой байгаарай, Пабло. Тэр орос эмэгтэй. Харин орос бүсгүйчүүдээр тоглодоггүй юм, тэдэнтэй гэрлэдэг юм даа” гэж хошигнон анхааруулж байсан гэдэг.
Гэвч дурласан Пикассо театрынхантай аялан тоглолтоор эхлээд Ром, дараа нь Неаполь, Флоренц, Мадридаар явж эцэст нь Барселон руу очжээ. Тэнд Пикассо Ольгаг ээжтэйгээ танилцуулсан байна. Ээж нь орос бүсгүйг тун таатай хүлээн авч, түүний тоглосон жүжгүүдийг үзэж байв. Харин явахад нь тэрбээр бүсгүйд хандан “миний хүү бол хэний ч төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө төрсөн хүн. Түүнтэй ганц ч эмэгтэй жаргаж чадахгүй” гэж хэлсэн гэдэг. Гэвч Ольга түүний үгэнд итгэсэнгүй.
1918 оны долоодугаар сарын 12-ны өдөр тэд Парис дахь Александр Невскийн сүмд гэрлэжээ. Тэдний хуриманд яруу найрагч Гийом Аполлинер, зураач Анри Матисс, зохиолч зураач Жан Кокто, яруу найрагч Поль Элюар зэрэг маш олон алдартнууд хөл гишгэх зайгүй болтол хүрэлцэн ирсэн байлаа.
Пикассо найз эмэгтэй зохиолч Гертруда Стайнд захидал бичин “би маш сайхан гэр бүлээс гаралтай төлөв төвшин бүсгүйтэй гэр бүл боллоо. Би Ольгагийн анхных нь эр хүн гээд боддоо. Тэр намайг байдаг үгүйг ч мэдэхгүй байсан хэрнээ надад зориулж биеэ хадгалж байсан юм байна” гэжээ.
“Залуухан эмэгтэйтэй амьдрах нь залуугаараа үлдэхэд тус болдог”
Пабло Пикассо
Найз нөхөд нь энэ орос бүсгүйн юу нь таалагдсан юм бол хэмээн гайхширч байв. Ольга сайн бүжигчин байсан ч бусдаас онцгойрох зүйл түүнд байгаагүй аж. Тэрбээр нүдэнд дулаахан бүсгүй ч түүнийг хөөрхөн гэж нэрлэх нь бас л тохиромжгүй. Гэхдээ түүнд язгууртан шинж чанар байсан гэдэг.
Ольга Оросын армийн хурандаагийн гэр бүлд төрж өссөн, тун сайхан хүмүүжилтэй нэгэн байлаа. Пикассо түүнтэй насан туршдаа амьдарна гэдэгтээ итгэлтэй байсан тул хуримын гэрээндээ салахаар болбол эд хөрөнгө, зурсан зургуудаа хүртэл эн тэнцүү хуваах болно гэж тохиролцжээ. Тухайн үед Пикассо ихэвчлэн хайрт Ольгадаа зориулан зургаа зурж байв.
Сахиусан тэнгэр үү, хөлний алчуур уу
Удалгүй Ольга зураач сүйт залуу, зураач нөхөр хоёр огт өөр хүмүүс байсан гэдэг хатуу бөгөөд гашуун үнэнийг ухаарчээ. Нэг талаараа хайртай хүнээсээ магтаал сонсож сайхан зургууд бэлгэнд авч байна гэдэг таатай байсан ч нөгөө талаас нэгэн дээвэр доор үзэл бодол нийцэхгүй хүнтэй амьдрах нь түүнд тун хэцүү байв.
Пикассо бодсоноос нь тэс ондоо хүн байлаа. Тэрбээр гэрээсээ бүтэн долоо хоног гаралгүйгээр ажлын өрөөндөө зургаа зурахыг илүүд үздэг байсан бол Ольга олон нийттэй харьцаж гадуур явахыг мөрөөддөг байв. Нөхөр нь мөнгөө хэмнэж бүтэн сар ч хамаагүй зөвхөн зайдсаар хооллочихож дөнгөдөг байсан бол эхнэр нь оргилуун дарс, загасны түрс авч Парисын үнэтэй гоо сайхны хэрэглэлд мөнгөө цацаж байлаа. Пикассо ер бусын зүйл зурж ямар нэг юм байнга туршиж үзэх сонирхолтой байсан бол Ольга түүнээс хөрөнгөтнүүдэд зориулж уламжлалт хөрөг зурахыг шаардана. Аажмаар тэдний хайр унтарч эхэлжээ.
Удалгүй тэд хүүтэй болж амьдралд нь аз жаргалын нар гийх шиг болов. Зураачийн бүтээл ч эх үрийн сэдэвтэй болж хувиран, хүүгээ арлекиногийн хувцастай дүрслэх болж.
Гэвч энэ нь ч тэдэнд тус болоогүй байна. Пикассо гурав хоногоор ч гэртээ хонохоо болив. Харин шашны итгэл үнэмшилтэй гэр бүлд хүмүүжсэн эхнэр Ольга нь түүнээс салахыг зөвшөөрдөггүй байжээ.
Нэг талаас Пикассо эхнэрээсээ салчихвал өөрийн зургуудынхаа талыг нь алдахаас айдаг байсан аж. Харин эхнэр нь түүнээс салахыг хүсэлгүй Пикассог гэртээ харихыг шахан шаардана. Нэгэн цагт тэдний хайр дурлал халуун шатам байсан ч аажмаар хүчтэй үзэн ядалт болж хувирчээ. Пикассо эхнэрээ романтик хэлбэрээр бус могойн үстэй хөгшин эмгэн, үрчлээтсэн цээжтэй чөтгөрийн хүүхэн болгон зурж эхлэв.
“Миний хувьд эмэгтэй хүнийг хоёр төрөлд хуваадаг. Нэг нь сахиусан тэнгэр нөгөө нь хөлний алчуур”
Пабло Пикассо
Ольга ч хариуд нь түүнд өдөрт гурван удаа захидал бичин Рембрандт болон Рафаэль нарын зургуудын хуулбарыг хавсаргаад түүнийг хэзээ ч тэдэн шиг агуу болохгүй хэмээн ширүүхэн өнгө аястай үгс бичиж илгээдэг байжээ. Энэ бол амьдралын төлөөх тулаан бус үхлийн тулаан байлаа. Пикассо “Надад бүсгүйчүүдийг солих бүртээ өмнөхөө “чандарлах” ёстой болдог. Тийм маягаар би тэднээс ангижирдаг юм. Тэгэхээр тэд миний хажууд байж амьдралыг минь хүндрүүлдэггүй юм ” гэж нэгэнтээ хэлж байжээ.
Хатагтай нар аа дугаарлан зогсоорой!
Гэлээ ч Пабло Пикассогийн хувьд эмэгтэйчүүд амьдрал, уран зургийнх нь онгод, хүч нь болдог байж. Пабло Барселоны эмсийн хүрээлэнгээр 15 наснаасаа эхлэн зугаацан тэнэж эхэлжээ. Ингэж байхдаа тэрбээр өвчин авсан ч энэ нь дур хүслээ хангахад нь саад болж чадсангүй.
Пикассогийн хүүхний жагсаалтыг сонсоод хүмүүсийн нүд нь орой дээрээ гартал гайхдаг байв. Сонирхолтой нь испани эрийн нас нь явах тусам түүний шинэ бүсгүйчүүд улам залуужсаар байжээ.
Жагсаалтын эхний эмэгтэй нь Фернанда Оливье байлаа. Пикассог 23 настай байхад тэрбээр 18-тай байв. Тэрхүү сэтгэл татам эмэгтэйд дурласны дараа алдарт зураачийн бүтээлд ягаан өнгө зонхилох боллоо. Гэхдээ тэдний хайр төдийлөн удаан үргэлжилсэнгүй.
Найман жилийн дараа зураач Фернанда Оливьег Марсель Умбер (Пикассо Марселийг Ева гэж нэрлэдэг байв) хэмээх 27 настай бүсгүйгээр солилоо. Ева туранхай эмзэгхэн эмэгтэй. Зураачийн бүтээлд ч шинэхэн дурлал нь үзэгдэх болсон байна. Гэвч Ева 1915 онд сүрьеэ өвчний улмаас хорвоог орхижээ.
Түүний дараа эхнэр Ольгагаа олж харав. Арван жил ханилсныхаа эцэст алдарт зураач балетчин гэргий, хүү Паологоо орхин шар үст Мари-Терезийг сонголоо. Ольга энэ явдлаас болж ихэд зовж шаналжээ. Тухайн үед Пикассо 46 настай, Мари-Терез дөнгөж 17-той байлаа.
1935 онд нууц амраг Мари-Терезээс нь Пикассогийн анхны охин Майя нь төржээ. Пабло Пикассогийн амьдрал дахин аз жаргалаар дүүрэн боллоо. Гэвч 1936 онд Парисын “Дё Маго” кафед яруу найрагч Поль Элюар Пикассог зурагчин эмэгтэй Дора Маартай танилцуулахад Мари-Терез түүний хувьд хэн ч биш болон хувирчээ. Тухайн үед Дора 29-тэй, Пикассо 55 настай байсан бөгөөд тэдний дурлалын романс есөн жил үргэлжилсэн байна.
“Хэрвээ чи энгэр зөрүүлэхийг хүсч л байвал тэрийгээ хий!”
Пабло Пикассо
Дора үргэлж л Пикассогийн зургийг дарна, харин нөгөөх нь түүнийг уран бүтээлдээ амилуулна. Нэг хэсэг зураачийн бүтээлд урт үстэй уйлж буй эмэгтэй дүрслэгдэх болжээ. Тэр бол Дора байсан юм. Дора сэтгэл мэдрэлийн эмнэлэгт удаан эмчлүүлсний эцэст тэд 1945 онд салцгаажээ.
Гэвч энэ явдал Пикассог төдийлөн зовоосонгүй. Түүний ээлжит амрагаар Франсуаза Жило тодорсон бөгөөд бүсгүй түүнээс бүхэл бүтэн 40 насаар дүү буюу дөнгөж 21-тэй байсан аж. Гэвч хачирхалтай нь бүсгүй зураач эрийн амьдралд түүнийг орхин явсан анхных нь эмэгтэй байсан юм. Эхэндээ тэдний амьдралд энх тунх амар жимэр ноёрхож байлаа.
Гэвч Пикассод Франсуаза хүүхэд төрүүлснийхээ дараа хэрхэн өөрчлөгдөхийг нь харах сонирхолтой санагдав. Франсуаза Жило түүнд эхлээд Клод хүүг нь дараа нь Палома охиныг нь төрүүлж өгчээ. Гэвч түүний ааш зан хувирч байгаа нь Пикассод таалагдсангүй. Зураач бүтээлдээ Франсуазагийн бие габирынх нь дутагдлуудыг тодотгон харуулах болжээ. Удалгүй тэрбээр урьдныхаа амрагуудтай зугаацах боллоо. Харин бүсгүй удаан бодолгүй хоёр хүүхдээ аван түүнийг орхин явав. Цор ганцаар үлдсэн Пикассо “Нэг ч эмэгтэй над шиг эр хүнийг хаяж явдаггүй юм даа!” хэмээн уурсаж байжээ.
Харин Ольгад юу тохиолдсон бэ? Тэрбээр гэрлэлтээ цуцлуулалгүй амьдралынхаа сүүлийн мөч хүртэл цорын ганц “Хатагтай Пикассо” хэвээр үлджээ. Сүүлийн жилүүдэд Ольга Каннд ганцаараа амьдарч хорт хавдраасаа болоод ихэд зовж шаналсан байна. Нас барахаасаа жилийн өмнө тэрбээр Пикассотой Ницца хотын наран шарлагын газар таарсан гэдэг.
Нөхөр нь түүнийг анзаарсангүй. Харин Ольга түүний араас нүд салгалгүй ширтэж, салах ёс гүйцэтгэж байгаа мэт удаан гэгч нь харж зогсчээ. 1955 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр тэрбээр хүнд өвчний улмаас хорвоогоос халилаа. Түүний оршуулгын ёслолд Пикассо ирсэнгүй. Тэрбээр “Алжир эмэгтэйчүүд” бүтээлээ туурвиад тун завгүй байсан аж. Ольгаг зөвхөн тэдний хүү Паоло болон найз нөхөд нь гаргажээ.
Хөгширч буй зураач эр эцсийн эцэст эрх чөлөөтэй боллоо. Гэвч тэрбээр удаан ганцаар явж чадсангүй. 1961 онд Пикассо Жаклин Роктой гэр бүл болов. Тэрбээр 72 настай харин уламжлалт ёсоор эхнэр нь 27-той байлаа. Жаклин үзэсгэлэн гоо, бусдаас ялгарах онцгой авьяастай байгаагүй ч түүнд зураачийн бүхий л амьдралынхаа турш хүсэн хүлээсэн зүйлс бүхэн нь байв. Тэрбээр зураачийг бишрэн шүтдэг мэт байв.
Пабло Пикассо орос эхнэрийнхээ талаар дурсан санахыг хүсдэггүй байлаа. Нас барахынхаа өмнөхөн тэрбээр “Би хэнийг ч хайрлалгүй үхэх юм шиг байна” гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. Магадгүй тэрбээр анх удаагаа өөрөө өөртэйгөө нээлттэй илэн далангүй харьцсан байж болох юм. Тэрбээр 1973 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ...