Цувж уурлаж, цугтаа инээсээр 30 оныг хамт элээсэн гэр бүлийн хоёртой уулзаж суухдаа “Танайх манайх гэсэн ярианаас л хол байгаарай. Нэгэн гэр бүл гэж амьдарч байж ийм яриа өдөөж, нэгнийхээ сэтгэлийг сэвтээж болохгүй” гэсэн үгийг онцгойлон тэмдэглэж аваад олонд хүргэхийг хүслээ.
Байнга л сонсдог, мэддэг юм шиг, хэдийнээ танил болсон теором сонсогдох хэрнээ энэ зарчмаар аж төрж, биелүүлдэг хүн хэр олон билээ гэж эргэлзсэн. Хамтын амьдралаа эхлүүлчхээд хагас жил ч болохгүй хувцсаа баглаж, нэгэндээ туньж, үр хүүхдээ өнчрүүлдэг хүмүүсийн яс маханд нь шингээж өгмөөр л үг санагдлаа.
Уншигчидтайгаа уулзуулж байгаа “Хос багана”-ын эздийг Д.Отгонбаяр, Н.Туяа гэдэг. Өдгөө тэд Дуурь бүжгийн эрдмийн театрт хамт ажилладаг юм. Д.Отгонбаяр ах 2008 оноос хойш ДБЭТ-ын жижүүрээр ажиллаж, ирж байгаа зочныг угтаж, гарч явааг үдсээр суугаа. Бас ч үгүй байгууллагадаа бол цагдаагийн ажлыг “орлоно”.
Архи ууж, тамхи татах вий, аль нэг газар аж ахуйн доголдол гарах вий гэж тэр санаа чилээнэ.
Гэргий Н.Туяа нь тайзны үйлчлэгч. Тоглолт бүрийн арын албанд зүтгэж, бямба, ням гаригийн оройн гурван цагийг харанхуйд жижиг хэрэгсэл зөөлцөж, цэвэрлэгээ хийж өнгөрүүлнэ. ДБЭТ-т болж байгаа бүх л тоглолтыг тайзны араас үзэж, хамт олонтойгоо догдолж үдшийг өнгөрүүлдэг учраас тэр ажилдаа хайртай.
Тэд хоёул Дундговь аймгийн уугуул. Гэрийн эзэн Хулд сумаас гаралтай бол гэргий нь Дэлгэрхангайнх. 1986 онд тэд хадланд явж байхдаа танилцаж, хойтон жил нь гэр бүл болжээ. Өндөр цагаан хүү өөрийнх нь ажилд тусалж, түлээ ойртуулж, ус зөөгөөд гүйгээд байхаар нь тогооч Н.Туяа их л баярлаж байж. Харин Д.Отгонбаярт таалагдсан бүсгүйнхээ сэтгэлийг татах, бас ч үгүй хадлангийн өдрүүдэд амттай хоолоор ахиухан дайлуулчих хүсэл байсан болов уу. Б.Отгонбаяр ахыг ийм яриагаар “цаашлуулахад” “Үгүй ээ, үгүй” гэх хэрнээ “Аль аль нь л байсан байх” гэж нүдээ жоотойлгон инээсэн.
Инээхээрээ нүд нь “алга болчихдог”, нүүрэндээ гойд зохьсон хэдхэн үрчлээтэй, биерхүү энэ ахыг баргар царайтай байхыг хараагүй санагдана. Харин тэрбээр энэ тухайгаа “Урлагийн байгууллагад ажиллах сайхан байдаг юм. Орсон, гарсан хүн болгон нь сайхан харилцаатай, инээж, наргисан хүмүүс” гэсэн бол Н.Туяа эгч “Үүдээр орж ирэхэд л дуучдын хоолой цангинаад, бэлтгэл хийж байгаа нь сонсогддог юм. Заримдаа гэртээ зурагт үзэж байгаад дэлгэц рүү хараагүй байсан ч дуучдынхаа хоолойг андахгүй таньдаг шүү” хэмээн ярилаа.
Театрын хосуудын хувьд энэ ягаан байшин амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ.
Тавдугаар сарын 15-нд мөнгөн хуримаа хийсэн “залуу” хосуудад хамаатан, садан, найз нөхөд нь алтан хуримаа хийх ерөөл айлтгасан гэсэн. Гурван хүүхдийн аав, ээж, хоёр зээ, нэг ачийн өвөө, эмээ болсон тэдний хувьд алтан хурим хийх хүртлээ хамт амьдрах гандахгүй итгэл бий. 1987 онд гэр бүл болоход аав ээж нь, дөрвөн ханатай гэр барьж, өгөөд өрх тусгаарлуулсан бол өдгөө тэд “Өлзийт” хороололд өөрийн гэсэн хашаа байшиндаа амар жимэр аж төрж сууна.
Том охин О.Бямбасүрэн нь Төв аймгийн ХААН банкны эдийн засагч, хүү О.Бямбажав нь тус аймгийн МСҮТ-т аж ахуйн нярав хийж байгаа отгон охин нь үсчин мэргэжилтэй. Нэгдлийн хадлан авах ажлаар Төв аймгийн Баян-Өнжүүлд ирж, 30 жилийн тэртээ танилцаж байсан тэдний үр хүүхдүүд нь өдгөө тус аймгийн суугуул иргэд болоод байгаа юм байна. Бас л сонирхолтой хувь тавилан.
Дуу хуурын өлгий Дундговь аймаг нь тэдний сэтгэлээс үргэлж уяатай байдаг.
80 гарсан настай ээжүүд нь төрөлх сумдадаа аж төрж байгаа болохоор Д.Отгонбаяр ах, Н.Туяа эгч хоёр нутаг руугаа сэтгэлээ “илгээчихдэг” зантай. Дэмбээдэж, дуулж, хуурдаж өссөн нутгийнхаа зүг саяхан яваад ирсэн тухайгаа тэд дурсана. Нэг үе малтай болох гэж зорьж 2-3 жил Төмөрчулуун хэмээх нутгийн ахынхаа малыг хариулж, төлийг нь авч байсан тухайгаа тэд ярьсан. Амьдралынх нь эх үүсвэрт хувь нэмэр оруулсан энэ хүнд тэд талархаж явдаг. Хэдэн хүүхдээ сургуульд сургахаар хот бараадсанаар тэд малаас хөндийрчээ.
Хотод ирээд харин огт зүгээр суугаагүй. Ажил хийж, амьдрах байшингаа өөрсдийн гараар босгож, борви бохис хийлгүй л хөдөлмөрлөсөн байна. Н.Туяа эгч өөрийгөө “дуутай, шуутай” хүн гэсэн бол Д.Отгонбаяр ах эхнэртэйгээ муудалцвал дуугаа хураачихдаг зантай гэв. Хэн нэг нь дуугүй болчихоор нөгөө хүнийх нь уур ч аяндаа гарчихдаг гэж туршлагатай хос өгүүлсэн.
Бас гомдож тунивал Н.Туяа эгч ч дуугүй болчихож чадна. Олон жил ханилж, нэг нэгнийхээ занг мэддэг болсон хоёрын хувьд муудалцах нь цөөн ч хааяа тийм тохиол гарахад хүүхдүүд нь хөгжөөгөөд эвлэрүүлчихдэг юм билээ. Гурван хүүхдээ эрүүл энх, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй болгож хүмүүжүүлчихсэн болохоор одоо тэд сэтгэл хангалуун амьдарч байгаа.
Хамт олон, найз нөхөдтэй, энгэр рүү асах бяцхан ач, зээтэйгээрээ тэд бахархаж суугаа нь илт мэдэгдэнэ. Ирэх жил сургуульд орох зээ Ш.Билэгбат, ач Б. Ариунлянхуагийнхаа тухай тэд нэлээд ярьсан. Өвөө, эмээ гээд дотночлон эрхэлдэг энэ хоёрыгоо хааяа ч атугай харж, гэртээ өнжих сайхан байдаг гэсэн. Харин бага зээ Ш.Содбилэг нь нялхаараа болохоор одоохондоо өвөө, эмээдээ эрхлэх болоогүй байгаа.
Нэгнээсээ 10 хоногоос илүү холдож үзээгүй хоёрыг эхнэр, нөхөр байсныг мэдээгүй хүн энэ театр дотор байсан гэнэ. Хурим хийх зар түгээхэд нь “Хөөх, та хоёр гэр бүлийнхэн байсан юм уу” гэж гайхширсан аж. 300 шахуу ажилтантай, СУИС, ХБК-ийн оюутнууд байнга орж гардаг түм түжигнэсэн газар болохоор арга ч үгүй байх.
Харин театрын удирдлага, анги хамт олных нь дарга нар тэдэнд их тус болж, хуримаа хийхэд нь дэмжжээ. Үргэлж сэтгэл нэгтэй байдаг хамт олондоо тэд талархлаа илэрхийлж, манай сониноор дамжуулан уламжилсан юм. Ажил, амьдралын ширүүнийг үл ажран туулдаг, сэтгэл нэгтэй “залуу” хосдоо алтан хуримаа хийх ерөөлийг анд нөхөдтэй нь ижилсүүлэн айлтгаж, аз жаргалын дээдийг хүсье.