Гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг нөхөр, ажил ажил гэсээр шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг завгүй эхнэрийн тухай хөгжилтэй үйл явлдыг өгүүлсэн "Намайг хайрла" романтик, инээдмийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийх тус киноны найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан ажиллажээ.
Киноны Эрхэс гэх гол дүрийн залуугийн дүрд тоглосон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэлтэй ярилцлаа.
-"Намайг хайрла" киноны Эрхэс гэх залууг танилцуулахгүй юу?
-Би дэлгэцийн хоёр дахь гол дүрд тоглож байна. Анх найруулагч М.Энхдалайгийн “Бид гурвын болзоо” инээдмийн киноны гацаа, эмэгтэй хүн харахаараа сандардаг, бүтэлгүй хэрнээ найзынхаа төлөө бүхнээ зориулж чаддаг Бороогийн дүрд тоглож байсан.
Энэ удаагийнх найруулагч УДЭТ-ын жүжигчин, найруулагч А.Чингүний “Намайг хайрла” кинонд Эрхэс гэдэг залуугийн дүрд тоглосон.
“Бид гурвын болзоо” киноны төгсгөлд би Хулан гээд бүсгүйтэй суугаад охинтой болоод төгсдөг. Манай кино групп ярилцаж байгаад энэ кинон дээр үргэлжлэл юм шигээр амьдрал эхэлчихсэн өрнөөд явж байгаа юм шигээр эхлүүлж байгаа. “Бид гурвын болзоо”-гийн хоёрдугаар анги юм биш үү, эхнэр хүүхдээ сольчихсон л болохоос биш гэж бид хэд маазарч байсан юм.
Гэхдээ тэр киноноос огт ондоо. Минийх маш гоё дүр. Эрхэс гэдэг залуу амьдралынхаа төлөө бүхнээ зориулдаг. Эр эмийн байр нь солигдсон гэж ойлгож болно. Гэр орныхоо угааж цэвэрлэх, хоол ундаа бэлдэх, охиныхоо өмсөж зүүх, цэцэрлэгээс нь авах гээд бүх ажлыг хийж, гэрт орж эм, гадаа гарч эр болж явдаг.
Эрхэс дунд сургуулийн дуу хөгжмийн багш мэргэжилтэй, хөгжмийн боловсролтой, төсвийн ажилтай. Тэгсэн хэрнээ их сэргэлэн. Эхнэртээ байнга сюрприз барьж, “Би чамд хайртай” гэдэг үгийг байнга сануулдаг.
Кинон дээр манай эхнэр Цолмон залуухан, барилгын салбарт амжилттай яваа бизнес хийдэг эмэгтэй. Эхнэрийн хувьд эсрэгээрээ. Өглөө гараад орой ирнэ. Өглөө цайгаа уухгүй гараад явчихна, орой охинтойгоо хамт ээжид нь сюрприз барих гээд хоол хийгээд тавихаар “Би ядраад байна” гээд унтаад өгчихнө. Охин уурлана, уйлна. Харин аав нь сэргэлэнтээд "ээж нь ядарч байгаа, их ажилтай, чи бид хоёрыг тэжээх гэж мөнгө олж байгаа учраас цаг наргүй ажиллаж байна" гэх мэтээр охиноо тайвшруулна.
Энэ бүхний эцэст гэр бүл дахиж хэзээ ч олдохгүй юм шүү, хүний амьдралд ганц л байдаг гэдгийг ойлгуулж, эхнэрээ эргүүлж авчирч байгаа юм.
-Кинонд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар бас тоглож байгаа юм билээ. Туслах дүрд үү?
-Манай кино группт миний үеийн шижигнэсэн залуучууд ажиллалаа. Хамтран тоглосон партнёр маань УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа. Мөн XXI зууны Ромео, Жульетта О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нар маань туслах дүрд тоглолоо. Гэхдээ тэд кинонд маш гоё шигтгээ болж байгаа. Манай драмын болон бусад урлагийн салбарт залуу шинэ үе хүч түрэн орж ирж байгаа нь үнэхээр сайшаалтай санагддаг.
Мөн сүүлийн үед манай инээдмийн кинонуудыг нуруундаа үүрч яваа мундаг сайн жүжигчин Р.Адъяа ахтай гар нийлж тоглолоо. Бас МУГЖ Б.Жаргалсайхан, СТА Л.Дэмидбаатар ах нар маань тоглосон.
-Найруулагчийн зүгээс киногоор дамжуулж залууст юу ойлгуулахыг зорьсон бол?
-Өнөөгийн залуучууд их эрт гэрлэж байна. Тэрийгээ дагаад маш хурдан салж сарнидаг. Тэдний дунд үр хүүхэд өнчирдөг. Ажил төрөл олдоно. Харин үр хүүхэд, хань ижил хүнд тэр бүр заяагаад байхгүй. Хүн ганц олдох амьдралдаа яагаад үхэн үхтлээ дурлаад, бие биенээ хайрлаад, хүүхдээ том болтол яагаад эцэг эх гэдэг байр сууриа хадгалж авч үлддэггүй юм бэ гэсэн эмзэглэлээс энэ киноны санаа төрсөн болов уу.
Эр хүн нэг аяга угаалаа гээд хийморь сүлдээ гутаачихгүй
Гэр бүлд хамтын амьдрал байж бадамлан асдаг. Нийгэмд иймэрхүү өрх толгойлсон, бүгдийг нуруун дээрээ үүрч яваа залуус олон бий. Гэхдээ мөнгө олох гээд гүйгээд байгаа тэр бүсгүйчүүдийг ч буруутгаж байгаа юм биш. Мөнгө олох ёстой, ажлын төлөө морь мал мэт зүтгэх хэрэгтэй. Гэхдээ эргээд бодоход гэр бүлдээ өнгөрөөдөг цаг хугацаа, ажил дээрээ өнгөрүүлдгээсээ илүү бага байдаг. Бидний үр хүүхэд голд нь өнчрөөд байгаа юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.
Залуучууддаа хандаж хэлэхэд эр хүн эр хүн шиг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн маш жижигхэн урмын үгэнд баярладаг, жижигхэн юманд тэтгэгдэж тэжээгдэж байдаг. Харин эр хүн өөрөө нар, ус агаар нь байх ёстой. Буурь суурьтай, аливаа жижиг зүйлийг өнгөрөөж байх ёстой.
Юм болгонд шарваганаад “би гэр орноо цэвэрлэж байна. Хоол ундаа хийж байна”, "саллаа, сарнилаа" гээд хүүхдүүдээ үнэгүйдүүлээд байдаг. Эр хүн өнөөдөр нэг аяга угаалаа гээд хийморь сүлдээ гутаачихгүй. Хосууд хоорондоо сайхан ярилцах хэрэгтэй. Эхнэр нь эхнэр шиг, нөхөр нь нөхөр шиг байж энэ амьдрал цаашдаа явдаг юм болов уу. Нэмээд хэлэхэд хайр гэдэг юмыг эд баялаг, хөрөнгөтэй жиших биш хайр бол маш жижигхэн зүйлээс л эхэлдэг. Хайраа аварч үлдэх юм бол гэр бүлийн салалт асуудал биш байх.
-Урьд нь “Чөлөөт хос” жүжигт тоглож байсан. Нөхрийн дүрд тоглох хэр хэцүү байна?
-Энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор янз янзын дүрд тоглоно гэж боддог. Драмын театрт дөнгөж ороод УДЭТ-ийн дэргэдэх Театр студийн дагалдан жүжигчин байлаа. Тэр үед долоон найруулагчийн төсөл орж ирэхэд Ч.Найдандорж найруулагч “Чөлөөт хос“ жүжигтээ намайг гол дүрд авч ажиллуулсан юм. Драмын урлагийн гараа маань маш сайхан эхэлсэн.
“Чөлөөт хос”-ын Мамбреттогийн дүр бол "сайхан гар" шүү дээ. Сайхан хүүхнүүд эргүүлсэн, нууц амрагийг хөхүүлэн дэмждэг, халуун цустай итали залуу.
"Намайг хайрла" кинонд ч залуу гэр бүлийн төлөөлөл болж байна. “Лардьма” уран сайхны кинонд манай О.Гэрэлсүх ах мундаг тоглосон. Бас тийм нөхөр яагаад байж болохгүй гэж. Зальжин, хорчин, эсрэг талын дүр ч байж болно. Зохиол нь таалагдвал бүх төрлийн нөхрийн дүрд тоглоно доо.
МЕРКУЦИОД ТОДГЭРЭЛ ТОГЛОНО ГЭХЭД ЭНДЭЭС НЭГ ЮМ ОГШООД ЯВЧИХСАН
Би өөрийгөө хэзээ ч Ромеод тоглохгүй гэдгээ мэдэж байсан. Над шиг Ромео ч гэж юу байхав
-Жүжигчин Э.Тодгэрэлээс “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Меркуцио гадаад төрх, хэл яриа, хөдөлгөөнөөрөө ч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой дүр.
-Сонгодог жүжгийг тэр бүр байнга тавиад байдаггүй. Эрэлт хэрэгцээтэй үед, одоо тавих болсон гэсэн мөчлөгөө хүлээж байдаг юм уу гэж боддог. Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа залуучуудын чин үнэнч хайр сэтгэл, анд нөхрөө гэсэн үнэнч сэтгэл байхгүй болоод байна уу даа, хайр дурлал нь эд мөнгөний талдаа, эд баялагтай жишигддэг, хүн гэсэн философи алдагдаад байгаа юм уу гэсэн өнөөгийн эмзэглэлээс уран бүтээл гардаг юм болов уу. Тиймдээ ч энэ төсөл дээр Н.Наранбаатар найруулагч “Ромео Жульетта” жүжгийг залуучууд бидэнд тулгуурлан тавьсан нь маш том ололт амжилт болсон гэж манай уран бүтээлчид хэлдэг.
“Ромео Жульетта” жүжгийг манай театрын тайзнаа 1968, 1996, 2015 онд гурван удаа тавьсан.
Хүмүүс Ромео, Жульетта хоёрыг ярихаас гадна Меркуцио, Тибальт гэж заавал онцолж ярьдаг. Тэр дүрүүд яагаад ч юм Ромео, Жульеттатай эн дүйцэхүйц хүч түрэн жүжигт нэвтэрдэг гол дүрүүд юм болов уу гэж боддог.
Меркуцио бол чин шударга, үнэнч дайчин эрэлхэг зоригтой, биет юмаар зүйрлэвэл иртэй шөвөг, хутга, мэс, хурдан сум, ирвэс шиг хүн.
Би анх өөрийгөө Тибальт дээр тоглох болов уу гэж боддог байсан. Найруулагч маань “Ромео, Жульетта”-г хийх гэж байгаа, жүжгээ уншаарай гэнэ. Мэдээж би өөрийгөө хэзээ ч Ромеод тоглохгүй гэдгээ мэдэж байсан. Над шиг Ромео ч гэж юу байхав /инээв/. Ер нь Тибальт юм уу, Меркуцио хоёрын л нэг нь гэж бодож байлаа.
Зуны амралтаараа амраад ирэхэд дүрийн хуваарилтууд задаллаа. Эхнээс нь авахуулаад хүмүүсээ нэрлээд, хамгийн сүүлд нь Меркуциод Тодгэрэл гэсэн. Тэгээд л загатнасан газар маажсан юм шиг эндээс нэг юм огшоод явчихсан. Тэрний хажуугаар хариуцлага, эмээлт гэж байдаг юм байна.
Яагаад гэвэл 1968 оны Меркуциод Ардын жүжигчин Итгэлт баян А.Очирбат гуай тоглож байсан. 1996 оны Меркуциод X түц продакшны жүжигчин З.Онон, Дооёо ах нар тоглосон. Тэр хүмүүс маань өнөө цагт ч уран бүтээлээ хийгээд явж байна. 2016 оны "Ромео Жульетта" ямар болсон бэ гээд тэд ирж үзнэ.
1996 оны "Ромео Жульетта" маш их шуулгиулж байсан гэсэн. Олон тоглолтоор залуучуудыг хуйлруулж байсан гэсэн яриа гарч байсан болохоор энэ цагийн залуус тэднээс давах болов уу, энэ сонгодог жүжгийг бүр муу хийчих вий дээ гэсэн эмээлт байсан.
Миний хувьд судалгаа их хийсэн. Леонардо Дикаприогийн тоглосон “Ромео Жульетта”-гийн Меркуцио гоё шдээ. Хар арьстан жүжигчин тоглодог. Би олон янзын дэлгэцийн болон театрын Меркуциогийн бичлэгүүдийг үзсэн. Тэгэхэд Меркуционууд бүгд л ижилхэн байсан. Тэгэхээр Шекспир өөрөө түүнийг яг ийм хүн байх ёстой, ингэж л тоглох ёстой гээд шившчихсэн юм шиг санагддаг.
"Ромео Жульетта"-г бичсэнээс хойш олон жил өнгөрсөн ч энэ хугацаанд гарсан тэр бүх Меркуцио чин шударга, үнэнч дайчин эрэлхэг зоригтой, биет юмаар зүйрлэвэл иртэй шөвөг, хутга, мэс, хурдан сум, ирвэс шиг. Би Меркуциог ингэж л боддог.
Сонгодог жүжгийг найруулагч маань маш гоё аргаар шийдсэн. Өнөөгийн залуус юу үзэхийг хүсч мөрөөдөөд байна, юу дутагдаад байна ямар орон зай эзгүйрээд байна гэдгийг пост модернизм урсгалаар тавьсан.
-Меркуциогийн онцлог шинж харагддаг л даа. Нэлээд хурц хөдөлгөөнүүд, бараг л циркийн үзүүлбэр хийж байсан.
-Хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол УДЭТ-ын бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир ах. Энэ хүний үүрэг үнэхээр их. Өрлөг эх, Лоренцо лам, Ромео гээд бүх дүрүүдийн тайзан дээр харагдах тал, хөдөлгөөнийг найруулсан. Тэр хүнд талархах ёстой. Ганаа ахтай удаан хугацаанд ажиллаж байна. Өмнө нь “Чөлөөт хос” дээр бас ажиллаж байлаа. Хувь хүний хөдөлгөөн, байгаа байдал, харагдах байдал дээр Мейерхольдын биомеханик гэдэг системээр ажилладаг.
1996 оны Тибальт гэж яригддаг байсан бол 2016 оны Меркуцио гэж яригдахаар болжээ гэсэн урмын халуун дулаан үгс их ирж байлаа.
Бид бүтэн зургаан сарын турш бие хөнгөлөх дасгалууд, сунгалтын дасгалууд, хүч тамирын болон акробатын дасгалууд хийж байлаа. Бид бие халаалт хийгээд бүжгээ давтана. Дараа нь фитнесст төмрөө өргөнө, эмэгтэйчүүд нь сунгалтаа хийнэ. Зөвхөн Меркуцио гэлтгүй оролцож байгаа жүжигчид бүгд хөнгөн шингэн, нэгэн цул гэж харагдахаар бэлтгэгдсэн.
-Үзэгчид Меркуциог хэрхэн хүлээж авсан бэ? Тоглолтын дараа өөрийг тань ёслоход их дэмжиж, орилж, алга ташиж байгаа нь харагдсан.
-Бид 70 гаруй удаагийн тоглолтоор энэ жүжгээ олон мянган үзэгчдийн хүртээл болголоо. Фэйсбүүкээр авахуулсан зурагнуудаа тавихад хүмүүс сайхан сэтгэгдлүүд, урмын үгс их үлдээдэг. “Таны дуу хоолой, хөдөлгөөн мундаг байна. Хичээгээрэй” гэх мэт. 1996 оны Тибальт гэж яригддаг байсан бол 2016 оны Меркуцио гэж яригдахаар болжээ гэсэн урмын халуун дулаан үгс их ирж байлаа. Тоглолтын дараа үзэгчдийн алга ташилт хамгийн гоё мэдрэмж өгдөг. Сая “Гэгээн муза”-д нэр дэвшихэд үзэгчид бас маш гоё дэмжсэн.
-Жүжигчин С.Болд-Эрдэнэтэй эн тэнцүү нэр дэвшиж байна гэдэг нэр төрийн хэрэг, том амжилт гэж хүмүүс хэлж байсан. Урьд нь “Чөлөөт хос” жүжгээрээ "Гэгээн Муза" хүртэж байсан шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Энэ жилийн “Гэгээн Муза” наадмын Гранпри шагналыг авсан. Манай О.Дөлгөөн, Б.Шинэбаяр, С.Болд-Эрдэнэ ах, Ж.Оюундарь эгч бүгд л "Гэгээн Муза" алтан цомыг атгалаа.
Өмнө нь би "Чөлөөт хос" жүжгээрээ нэр дэвшээд “Шилдэг залуу уран бүтээлч”-ийн шагналыг Мамбреттогийн дүрээрээ хүртэж байсан. Энэ удаад "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ээр Боогий ах болон Буриадын Хоц.Намсраевын нэрэмжит Драмын театрын жүжигчин Цынге Ломбоев нартай өрсөлдсөн.
Манай Боогий ах угаасаа авах ёстой. Хүмүүс Лоренцо ламыг христийн тэмдэг зүүсэн, буурал толгойтой бүдүүн хоолойтой ламтан гэдгээр төсөөлж ирсэн байх. Хөгшин лам ч гэсэн эсрэгээрээ Ромео Жульетта хоёрыг хараад залуу нас нь сэдэрдэг. Тэр хүний дотор мөнхийн залуу нас эргэлдэж байгаа. Гадаад байдал нь Альберт Эйнштейнийг санагдуулам. Дүрээ маш мундгаар гаргаж ирсэн учраас манай Боогий ахын гарт алтан Муза байгаа юм. Бидний хэн нь ч авсан адилхан. Бидний л бүтээл юм чинь бидний л Муза.
-Кинонд ямар дүрийн саналууд ихэвчлэн ирдэг вэ?
-Намайг ширүүн дориун царайтай, харьцахад бэрх, их зантай ч юм шиг харагддаг гэдэг. Тэгээд уулзаад ярилцсаныхаа дараа хөгжилтэй залуу байсан байна шдээ гэдэг. Харагдаж байгаа талаасаа хурц зантай, эсрэг талын дүрийн саналууд ирж байгаа шүү. Мэдээж зохиолоо уншаад ямар уран бүтээлд тоглох гэж байгаагаа мэдэж байж тоглоно. Эсрэг талын дүрийн санал ирсэн.
Зуны саруудад нэг гол дүрд ажиллах санал ирээд байна. Тэр нь яг л өөрийнхөө дүрээр тоглох байх. Ямар нэг эсрэг дүр биш яг өөрөөрөө байна. Тодгэрэл чөлөөт цагаараа мотоцикл унах дуртай, эрсдэлтэй юманд дуртай. Яг тийм зангаараа өөрийнхөө дүрээр оролцоно. Бас ганц хоёр түүхэн киноны туслах дүрүүдийн саналууд орж ирж байна.
Гэхдээ бид УДЭТ-д ажилладаг учраас нэгдүгээрт театрын ажлаа тавьдаг. Дэлгэцийн бүтээл хоёрдогч гэдэг утгаараа цаг заваа тохируулж ажиллах ёстой л доо.
-Урлагийн гараа тань хэзээнээс эхэлсэн бэ? Дунд сургуульд байхдаа урлагийн арга хэмжээнд оролцсон авьяаслаг хүүхэд байсан гэж сонссон.
-Жаахан хүүхэд байхаас л эхэлсэн гэж манай ээж ярьдаг юм. Ээжийн том ах нь Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд кларнет үлээдэг, уран зураач, уран барималч, хөгжмийн зохиолч СТА Ганболд гэж хүн бий. Манай удмын ганц урлагийн хүн.
Намайг хоёр настай жаахан хүүхэд горшокон дээр суучихсан байхад зурагтаар дуу гарч л дээ. Тэрийг сонсоод би дууны хэмнэлээр хөлөө товшиж байсан гэсэн. Ах маань "энэ хөгжмийн хүн болох нь, сонсгол байна, энийг урлагийн замаар явуул" гэж хэлсэн гэдэг юм билээ. Цэцэрлэгт байхдаа л "Солонго", "Шувуухай", "Одод болохын хүслэн", "Жиргээ" зэрэг бүх уралдаан тэмцээнд оролцдог байсан. Дунд сургуульд урлагийн үзлэг, наадмуудад ангиа аваад ордог хүүхэд байлаа.
Бас Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд явдаг байсан. Нэг удаа хүүхдийн ордны драмын ангийнхан инээдмийн баяраар “Өлгийтэй инээд” гээд тайлан тоглолтоо тавьсан юм. Тэрийг үзээд яг маргааш нь ангиа драмын ангиар сольж байсан. Магадгүй тэр тоглолтыг үзээгүй бол өнөөдөр жүжигчин гэж нэрийг зүүж яваа ч уу үгүй ч үү. Хүүхдийн ордны драмын дугуйланд гурав дөрвөн жил сураад Эрдэм алтан медаль, Авьяас алтан медаль гэсэн медалиуд авч байлаа. Багаасаа урлагт их сонирхолтой хүүхэд байсан юм. Ингээд "Сити" дээд сургуулийг Батнайрамдал багшийн удирдлаган дор дөрвөн жил сурч төгссөн.
Аливаа юманд уран бүтээлч сэтгэлгээтэй хандаж, жаахан дүр гэлтгүй тодорхой хэмжээнд дүр гаргах юм сан гэж чин сэтгэлээсээ туйлбартай хандахыг эрхэм зарчим болгодог.
-Мюзиклийн анги байх аа?
-Манай Найраа багш биднийг оюутан байхаас л зөвхөн Драмын театр гэлтгүй, МҮЭСТО, СТӨ зэрэг олон тайз дээр гаргадаг байсан. Жижиг сажиг тоглолт, уран бүтээлүүдэд байнга оролцуулдаг байсан юм. Оюутан байхдаа Эндрю Ллойд Веберийн алдартай “Cats” гэж муурнуудын тухай мюзиклд рок муур Рам Таг Таггерын дүрд тоглосон.
Мөн "Парисын Дарь эхийн сүм" мюзиклийг франц хэл дээр нь Драмын театрын тайзнаа тоглосон. Тэрний Гренгуар гэж залуугийн дүрд тоглосон. Бас Эндрю Ллойд Веберийн “Jesus Christ superstar” гээд алдартай мюзиклүүдийг манай ангид тулгуурлаад тавьсан нь маш том шалгуур гэж боддог. Тэрүүгээрээ манай анги хүч түрэн гарч ирсэн сайн төгсөгчид гэж хувьдаа боддог.
-Уран бүтээлчийн зүгээс баримталдаг зарчим тань юу вэ?
-Багш маань бидэнд аливаа юманд уран бүтээлч сэтгэлгээтэй хандаж бай гэж байнга захидаг байсан. Юм ерөөсөө жижигддэггүй. Жүжгийн ороод л гарах дүр дээр ингэсэн болоод, тэгсэн болоод хийчихье гэж хандаж болохгүй. Тайз өөрөө эргээд нулимана. Жаахан дүр гэлтгүй үс зүс, нүүр будалтандаа анхаарч, тодорхой хэмжээнд дүр гаргах юм сан гэж чин сэтгэлээсээ уран бүтээлч сэтгэлгээгээр туйлбартай хандахыг эрхэм зарчим болгодог.
Багшаас сурсан, багшийн дөрвөн жил бидэнд үглэж байдаг байсан зүйл нь энэ. "Эндээс гараад та нарыг би бүгдийг нь жүжигчин болно гэж хэлэхгүй. Хүн болгон өөрийн гэсэн амьдралын замтай. Тэгэхдээ аливаа байгууллага ч бай, бизнесийн салбарт орсон ч бай тэр болгонд сэтгэлээсээ хандах юм бол эргээд үр өгөөжөө харамгүй заяадаг юм шүү" гэж багш заадаг байсан. Тэр нь амьдрал дээр гараад ирэхэд мөрдлөг болоод явдаг юм шиг санагддаг.
Би “Бардам туулай” жүжигт хөөрхөн мод болоод бүжиглэнэ. “Норовын намтар” жүжигт ханын цаг болно.
-Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Хүүхдийн жүжигт тоглож байгаа юу?
-Тавдугаар сарын 30, 31, зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярт зориулсан Хүүхдийн жүжгийн өдрүүдэд УДЭТ-ын уран бүтээлчид “Бардам туулай”, “Норовын намтар”, “Үнсгэлжин” жүжгүүдээ тоглох гээд бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Би “Бардам туулай” жүжигт хөөрхөн мод болоод бүжиглэнэ. /инээв/ “Норовын намтар” жүжигт ханын цаг болно. Жүжгийнхээ голоор гялс гүйгээд киноныхоо нээлтэнд оролцоно доо.
-Өөрийг тань олон дүүтэй гэж уншсан юм байна.
-Үгүй. Эсрэгээрээ би айлын хамгийн бага нь. Дээрээ дөрвөн эгчтэй айлын ганц хүү. Дөрвөн эгчийн найм, есөн хүүхдүүд байна. Тэд миний дүү нар л даа.
-Хүүхэдтэй болоход туршлагатай аав болох нь ээ.
-Тийм. Манай зээ нар бүгд ээж бид хоёрын гар дээр өссөн гэж хэлж болно. Хүүхэд өвдөхөд, гэдэс нь гүйлгэхэд яах вэ, хүүхэд өлгийдөх гэх мэт туршлага маш сайн хуримтлагдсан шүү.
-Дүү нараа хөгжөөдөг хөгжилтэй ах байж чаддаг уу? Магадгүй инээдмийн кинонд тоглосон дүр тань тэгж санагдуулж байгаа юм болов уу.
-Манай дүү нар эхнээсээ оюутан болж байна. Ихэнх нь миний гараар өссөн. Ерөнхийдөө би чанга байдаг байсан. Гэхдээ дүү нар маань надад маш сайн. Харин өөр айлын хүүхдүүд надаас жаахан айдаг. Дүрлийгээд том нүдтэй ч юм шиг харагддаг юм уу, бишүүрхээд уйлчих гээд байдаг. Дүү нартайгаа тоглодог, илэн далангүй байдаг. Би есөн зээтэй юм байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
"Намайг хайрла" киноны хэсгээс