Экспортыг эн тэргүүнд тавьж орлогыг хоёр дахин өсгөнө

GoGo.mn

2016-06-22 19:00 GMT+9

Ардчилсан нам эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд манай улсын ДНБ дунджаар жилд 7.2 хувиар өсч, хүн ам маань олон болж 3 сая давж, мал сүрэг өсч 59 саяд хүрлээ. 

Газрын баялагт суурилсан эдийн засагтай манай орны хувьд сүүлийн 4 жилд эдийн засгийн гадаад орчин төдийлөн сайн байсангүй. 2008 оны дэлхийг хамарсан хямралын дараагаар улс орнуудын эдийн засаг сэргэж, ялангуяа 2010-2012 онуудад дэлхийн эдийн засаг өндөр хурдаар өсөж байсан үе. Тэрхүү мөчлөгийг даган баясч, Хятадын зах зээл дэх манайхаас авдаг түүхий эдийн хэрэгцээ цаашид ч өссөөр байх мэт төсөөлж, төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулж байсан нь үнэн. Гэтэл, 2012 оноос эхлэн дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, ялангуяа манай улсын гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засаг огцом хумигдан, өнөө хэр үргэлжилсээр байна.

Манай экспортын 80-90 хувийг уул уурхайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний үнэ огцом унасан нь манай эдийн засагт хүчтэй цохилт болсон юм. Нүүрсний үнэ гэхэд сүүлийн 4 жилд бараг 3 дахин унаад байна. Түүхий эдийн үнийн уналтыг дагаад уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт огцом багасав. Манайхтай ижил газрын баялагаас хамааралтай эдийн засагтай улс орнууд мөн адил бэрхшээлтэй тулгарч байна. Жишээлбэл, ОХУ, Казахстан, Замби зэрэг улсын мөнгөн тэмдэгтийн ханш 2-3 дахин унаж, экспортын орлого нь буурснаар эдийн засаг нь хямарч байна.

Тиймээс Ардчилсан нам засгийн эрх аваад гадаад, дотоод орчин нөхцөлөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах амаргүй даалгавартай тулгарсан юм. Энэ даалгавраа гүйцэтгэхийн тулд сүүлийн 4 жилийн туршид эдийн засгийн бүтцийг шинэчлэх зоримог бодлого дэвшүүлж, түүнийгээ идэвхтэй хэрэгжүүлж ирлээ. Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн гол цөмд үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг урамшуулан дэмжих бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчинг шинэчлэхэд хүчтэй анхаарч, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна.

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг урамшуулах талаар дорвитой алхмуудыг хийж чадлаа. Бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, дэмжих арга механизмыг хүчтэй болгон хуульчлав. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой зарим бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 5-20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгов.

Үйлдвэржилтийг дэмжих бодлогоо Засгийн газрын бондоор санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Бондын санхүүжилтыг аж үйлдвэржилтийн төслүүд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад зарцуулав. Засгийн газраас авч явуулсан эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын үр дүнд салбар бүрт чамлахааргүй амжилтад хүрч чадлаа. 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км хатуу хучилттай зам тавьж ашиглалтад оруулсан нь 1921-1992 оныг хүртэлх 91 жилд тавьсан замтай бараг дүйнэ. Ипотекийн зээлийн тогтолцоог нэвтрүүлсний үрээр 2013-2015 онд жил бүр 1,322,000 м2 орон сууцыг шинээр оруулав.

Ингэснээр 100 орчим мянган ажлын байр бүхий, манай улсын томоохон ажил олгогч салбарын нэг барилгын салбарын хөгжлийг дэмжиж, иргэдийн хуримтлалыг өсгөсөн нь эдийн засагт үзүүлсэн сайн нөлөө юм. Энэ бүх амжилтаа бид зохих ёсоор үнэлж, эдийн засгаа олон тулгууртай болгон хөгжүүлэх ирээдүйн бодлогоо тодорхойлох ёстой.

Харин цаашид Ардчилсан нам 2016-2020 онд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хэрэгжүүлэх бодлогоо сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгалаа. Монгол Улсын Засгийн газрын одоогийн бүтцийн дагуу 15 яамны салбар тус бүрээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойллоо. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа бол өнгөрсөн 4 жилд тавьсан аж үйлдвэржилтийн суурийг улам бэхжүүлж, монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр эрчимтэй экспортлон, нийт ажил эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгах явдал юм. Өнөөгийн Монгол орны өмнө тулгарч буй бүхий л хүрээний асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн хөгжлийг хурдасгах бодлогыг эн тэргүүнд дэвшүүлэн тавьж байна. 

Эдийн засгийн өсөлтийг хурдасгах зорилтоо экспортын чиг баримжаатай аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогоор хэрэгжүүлнэ. Ардчилсан нам ийм үзэл баримтлалыг иш үндэс болгон 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. Бид үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлж, ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавина. ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД гэсэн уриан дор монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлж, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ дэмжинэ. Энэхүү бодлогоороо хөдөлмөрийн зах зээлийг хүчтэй тэлж, дунд хугацаанд нийт ажил эрхлэгчдийн ОРЛОГЫГ 2 ДАХИН өсгөх эрхэм зорилтыг дэвшүүлж байна.

Монгол Улс уул уурхайн хэт хамаарлаас ангижирч, аж үйлдвэр, ХАА-н бүтээгдэхүүнээрээ дэлхийн дэвжээнд өрсөлдөх ёстой. Бид энэхүү түүхэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд дэлхийн эдийн засаг, ялангуяа хөрш орнуудын зах зээлтэй нягт интеграцид орох бодлогыг идэвхтэй авч явуулна. Энэхүү түүхэн зорилтоос ухарч, няцах эрх бидэнд байхгүй. 2012 оны сонгуулиар Ардчилсан Намыг УИХ-д олон гишүүнтэй болгосон сонгогчдынxoo итгэлийг дааж, бид Монголын аж үйлдвэр, дэд бүтцийн суурийг тавьж, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, экспортын хэмжээг хурдтай нэмэгдүүлж ирлээ.

Харин, энэ 2016 оны сонгуулиар биднийг олонхи болгож өгвөл Монгол Улс илүү ихийг бүтээж, Монгол хүн бүрийн, монгол айл бүрийн орлого хурдтай өснө. Бид ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавьж ОРЛОГЫГ ХОЁР ДАХИН ӨСГӨНӨ.

Д.Төгөлдөр

 

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 223 санал өгсөн байна.

Дээшээ