Хөлбөмбөгийн Европын АШТ- ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд өрсөлдөх шилдэг 16 баг тодорлоо. Энэ жилийн тэмцээнд 24 баг орсон учир хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудад плей-оффт шалгарах боломж олдсон. Тиймээс сүүлийн тойргийн тоглолт бүр ач холбогдолтой байлаа.
СОХОРСОН БИШ ЗАВШИВ
Энэ үг Португалын өнөөгийн нөхцөл байдалтай яг тохирмоор санагдаад байна. Роналду ба түүний нөхөд тун боломжийн хэсэгт хуваарилагдсан ч санаснаас тааруухан тоглож, хожил авч чадаагүй. Гэхдээ хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй дөрөв нь цааш шалгарах дүрмийн дагуу шөвгийн 16-д үлдсэн. Хэсгээс ийнхүү үлгэн салган гарсан нь португалчуудад харин ч завшаан болчих шиг боллоо. Учир нь “Европын бразилчууд” хасагдах шатанд харьцангуй боломжийн өрсөлдөгчидтэй нүүр тулах боломж бүрдсэн юм.
47 минут тутамд нэг гоол хаалганд орж байна
Хөлбөмбөгийн ДАШТ-д Европ тивийн таван баг (Итали, Герман, Англи, Франц, Испани) түрүүлж байсан түүхтэй. Тэгвэл аварга цол эзэмшигч тэрхүү таван баг плей-оффын нэг хэсэгт өөр хоорондоо өрсөлдөхөөр болсон юм. Тэд хоорондоо үзсээр ганц нь л финалд гарч ирнэ гэсэн үг. Харин нөгөө талд хуваарилагдсан багуудын нэг нь Португал.
Энд тоглох найман багаас шувтаргын тулаанд үлдэх хамгийн өндөр магадлалтай нь Бельги, Португал, Хорват гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв Португал хэсэгтээ нэг юм уу хоёрдугаар байр эзэлсэн бол илүү чанга учраатай таарах байв. Хэсэгтээ тааруу тоглосон л бол тэр тэмцээнд хол явахгүй гэсэн үг биш.
Харин ч тэмцээнийг тааруу эхлүүлсэн хэрнээ яван чангарсаар медаль авсан тохиолдол цөөнгүй. Тухайлбал, 1990 оны ДАШТ-д Аргентиний баг хэсэгтээ гуравт жагссан. Харин плей-оффт гарч ирээд Бразил, Югослав, Италийг дараалан хожиж, финалд шалгарч байв. Үүнээс дөрвөн жилийн дараа италичууд хэсэгтээ мөн л гуравт бичигдсэн. Гэхдээ “Скуадра Азурра” хасагдах шатанд чамбай тоглосоор үзүүрлэсэн түүхтэй.
ӨСТ ХҮН ӨЛИЙН ДАВААН ДЭЭР
Тэмцээний шөвгийн 16-д Франц, Ирланд хоорондоо таарсан нь долоон жилийн өмнөх түүхийг эргэн санууллаа. 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны нэмэлт тоглолтод энэ хоёр баг уулзалдахад францчууд Ирландын талбай дээр 1:0-ээр хожиж дөнгөсөн. Ийнхүү “Гурван өнгөтнүүд” тэмцээнд оролцох нь ойлгомжтой боллоо гэж бодож байтал шазруун ирландчууд хариу тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь мөн дээрх тоогоор хожих нь тэр.
Ингээд хоёр тоглолтын дүн тэнцсэн тул цаг сунган тоглов. Гэтэл нэмэлт цагаар Францын довтлогч Т.Анри бөмбөгийг гараараа дамжуулж, түүнийг нь У.Галлас гоол болгосноор баг нь ДАШТ-ий эрхээ авсан түүхтэй. Ирландууд яаж ч заргалдаад амжилт олоогүй. Харин FIFA алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, Ирландын хөлбөмбөгийн холбоонд нөхөн төлбөр өгч байв. Тэгвэл одоо Ирландын баг заналт дайсантайгаа талбайд нь дахин тоглох болж байна. Ёстой л гал гарсан тулаан болно доо.
ХӨРШҮҮДИЙН УНХИАГҮЙ ТОГЛОЛТ
Энэ тэмцээний хамгийн муу баг нь Украины шигшээ байлаа. М.Фоменкогийн шавь нар хэсэгтээ гурав дараалж хожигдсон төдийгүй ганц ч гоол оруулж чадсангүй. Тэднээс бусад нь гоол оруулж, оноо зулгааж амжсан юм. Украинчууд эхлээд хүчирхэг Германы эсрэг тэнцүүхэн үзэлцээд 2:0-ээр ялагдсан. Тоглолт нь хүн бүрт сэтгэгдэл төрүүлсэн тул үлдсэн хоёр учраагаа хожоод хэсгээс гарах нь гэж бодож байв.
Гэтэл дараагийн тулаанд Умард Ирландын сулхан багт 2:0-ээр хожигдсон нь гэнэтийн явдал байлаа. Улмаар Польшийн шигшээ тэдэнд гурав дахь ялагдлыг нь “бэлэглэж”, нэгмөсөн шороотой нь хутгаж орхив. Багууд хэсэгт хуваагдан өрсөлддөг болсон 1980 оноос хойш гоол оруулж, оноо авч чадалгүй тэмцээнээ дуусгасан гурав дахь баг нь Украин болжээ.
1996 оны Турк, 2000 оны Данийн шигшээ багууд өмнө нь ийм анти-рекорд үзүүлж байв. Тэдний хөрш Оросын шигшээ ч туйлын хангалтгүй тоглов. Эхний тоглолтод Англиас оноо салгасных нь дараа тэднийг овоо үзэх нь гэж таамагласан ч дараа нь Словак, Уэльст дараалан хожигдож, ичгүүртэйгээр нутаг буцаж байна.
Английн алдарт дасгалжуулагч Харри Реднапп Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ багийг Ж.Моуриньо, П.Гвардьола зэрэг цуут дасгалжуулагчид удирдсан ч амжилт гаргахад хэцүү” гэсэн байна. Бусдаас ийм үнэлгээ авсан баг хоёр жилийн дараа ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулна гээд байдаг. Үлдсэн багахан хугацаанд сайн л бэлдэхгүй бол олон мянган хөгжөөн дэмжигчийнхээ өмнө шившиг болох вий дээ.
ТУЛАЛДААНД ЗӨВХӨН ХАШРУУД НИСДЭГ
Португалын супер од Криштиану Роналду хэсгийн эхний хоёр тоглолтод хаалга руу нийт 20 цохилт гүйцэтгэсэн ч гоол оруулж чадаагүй. Энэ үед түүн рүү чиглэсэн шүүмжлэл эрчээ аваад байв. Гэхдээ багийн ахлагч, багийн лидер хүн хамгийн чухал тоглолтод өөрийгөө хэн болохыг харуулдаг аж. Баг нь Унгарын эсрэг үхэх, сэхэхээ шийдэх чухал тулаан хийхэд Роналду хоёр гоол оруулснаас гадна нэг гоолын дамжуулалт өгч, тоглолт 3:3-аар тэнцэж өндөрлөсөн юм.
Тэмцээнийг тааруу эхлүүлсэн ч яван чангарсаар медаль авсан тохиолдол цөөнгүй
Тус тоглолтод Унгар түрүүлэн гоол хийж, Португал тэнцүүлсээр эцэст нь хоёр баг нэг, нэг оноо авсан билээ. Тоглолтын дараа Роналду “Манай баг тэмцээнээс гурван удаа хасагдаж, гурван удаа эргэн ирлээ” хэмээн ярьжээ. Хэрэв португалчууд Унгарт хожигдсон л бол тэмцээнээ өндөрлүүлэх байсан. Гэтэл мажарууд тоглолтын явцад гурван ч удаа тэргүүлэл авсныг Роналду ийн зүйрлэжээ. Дашрамд дурдахад, тэрбээр Унгарын хаалганд дубль хийснээр дөрвөн Евро дараалж гоолдсон анхны хөлбөмбөгч болж байна.
Роналду 2004 онд хоёр, 2008 онд нэг, 2012 онд гурван гоол оруулж байв. Одоо Португалын ахлагч дахин нэг бөмбөг хийхэд Европын АШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч М.Платинитай зэрэгцэх болно. Роналду ийнхүү мандан бадарсан ч сэтгүүлчтэй үүсгэсэн асуудлаасаа болж сөрөг талын баатар болж амжив.
Лион хотноо бэлтгэлийн бааз дээрээ явж байх үед RT сувгийн сурвалжлагч гүйн ирж, түүнээс өмнөх тоглолтынх нь талаар асуужээ. Гэтэл Роналду микрофоныг нь үг дуугүй булааж аваад хажуугийн нуур руу шидэж орхисон юм. Энэ явдлын дараа Португалын “Correio da Manhг” сонин шигшээ багийнхаа ахлагчийг уучлалт гуйх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
“ИБРА ТАЙШ”-ИЙН СҮҮЛИЙН ТОГЛОЛТ
Сүүлийн арав гаруй жилийн турш Шведийн хөлбөмбөгийн нүүр царай болж буй Златан Ибрагимович энэ тэмцээнд оролцоод шигшээ багаас зодог тайлж буйгаа зарлалаа. Харамсалтай нь, Ибрагийн сүүлийн тоглолтод баг нь Бельгид 1:0-ээр хожигдож, тэмцээнээс хасагдсан юм.
Түүний талаар дасгалжуулагч Э.Хамрен “Швед шиг жижигхэн улсын хувьд Ибрагимович шиг онцгой хөлбөмбөгч дахин төрөхгүй байх” хэмээн өгүүлжээ. Ибрагимович 2001 онд анх шигшээдээ дуудагдсан бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд хоёр ДАШТ (2002, 2006), дөрвөн Европын АШТ-д (2004, 2008, 2012, 2016) оролцсон юм. Тэрбээр Шведийн төлөө 116 тоглолтод 62 гоол оруулсан амжилтаар бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг.
Г.Баярсайхан