Та цухалдан уншихгүй байхыг хүсье. Бид дэлхийгээ нэвт мэддэг шиг дэлхий биднийг нэвт мэддэг бил үү гэсэн ээдрээтэй, адармаатай асуултад хариулт эрсэн санаатай нийтлэлээ дор буулгаж байна. “Гашуун ч гэсэн үнэн үг шүү” гэх баян Итгэлтийн сэтгэлгээгээр уншаарай. Эл нийтлэл зохиогчийн хувийн байр суурь гэхээсээ голдуу гадаадын хэвлэлийн эрээвэр хураавар мэдээллүүд зонхилсон болно.
Германы Хамбургийн нэг FM-ээр хэдэн жилийн өмнө аялал жуулчлалын реклам явж байсныг миний хүү сонсоод надад Yahoo!Messenger-ээр хүргэдэг юм. Тэр зард хаашаа аялах вэ гэж нэг нь асууж, нөгөө нь хариулж байна, “Хэрэв Та балар ширэнгийн зэрлэг адал явдалтай учирч, сонин хачин марзан юм үзмээр байна гэвэл хаашаа гэдгийг таа л даа” гэж таавар маягийн юм ярьж хэсэг хөгжилдөв. “Хэрэв Та тийм аялал хийе гэвэл Монголыг сонгоорой!” хэмээн хөхрөлдөн ярьж байх юм гэнэ. Миний уур хүрч, уушги сагсалзсан ч эргээд бодсон чинь оргүй ч биш юм шиг.
“Монголд ердийн аялал тохирохгүй, зөвхөн адал явдалт л хөгжинө” хэмээн Монгол- Америкийн нэгэн форум дээр АНУ-аас Монголд суух Элчин сайд асан нэг хижээл эр зочин болж ирчихээд сургамжлахад нь би лав зэвүүцэн сонсож билээ. Японы “NHK” телевизийн нэг оройн мэдээгээр Монголд зорчих япончуудад зориулсан сэрэмжлүүлэг явжээ. Үүнийг Японд докторантурт сурдаг бэр маань надад үг үсэггүй буулгаж өглөө. Хэсэг монгол залуу япон иргэнийг даган зочид буудалд нь орж дээрэмдсэн гэх хэзээний ч юм нэг баримт дээр дөрөөлөн ярьсан байх юм.
Монголын ядуурал, хоцрогдолд монголчуудаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй
Монголд зорчиж буй япончууд дээрэм, тонуул, хулгайгаас сэргийлэх хэрэгтэй. Өмнө нь согтуу хүнд зодуулж тархиа хаг цохиулах, мөн хэсэг бүлэг согтуу залууст дээрэмдүүлэх зэрэг хэрэг зөрчил гардаг. Үүнтэй холбогдуулан аль болох согтуу хүнд ойртохгүй байх, яриа өдсөн ч үл тоох, зочид буудал, автомашинд байхдаа ч болгоомжтой байхыг бүр Японы ГХЯ-наас иргэддээ анхааруулсан гэж сонсоод гутрах, бухимдах хослов.
Цааш бас нэг жишээ. Германд л дурдагдсан болж таарав. Соёлжсон европчууд ба монголчуудын хооронд гэрийн тэжээвэр амьтан гэх ойлголт зарчмын ялгаатай гэнэ. Соёлжсон ертөнцөд нохой муур нь гэр бүлийн гишүүн байдаг. Улаанбаатарт төдөн мянган нохой алж, арьсыг нь улсын бэлтгэлд тушааж, хотын ариун цэврийг сахив гэх утгатай мэдээ Германы сонинд гараадахав. Эндээс үүдэн бөөн сенсааци дэгдэж, ан амьтны эрх ашиг хамгаалагчид, ногоонтнууд гэхчлэн бөөн хүн Берлин дэх манай ЭСЯ-нд очиж эсэргүүцэл илэрхийлжээ. Бараг л “Та нарын арьсыг өвчвөл ямар вэ” хэмээн тулган асууж, сүйд болсныг хүү маань элчингийнхнээс сонсоод хуучлав.
Дахин нэг жишээ. Монголд ирж ажилласан гадаадын иргэд манай хотын золбин нохдыг өрөвдөн, өхөөрдөж эрхлүүлээд эцэст нь дасгаад хагацах дээрээ тулахаар бөөн зовлонд унадаг гэнэ. Манайхан болохоор хэнэг ч үгүй алаад газар булчихна, эвсэл арьсыг нь өвчөөд авчихна.
Дараа нь тэнэмэл иргэд махаар нь гүнцэг барьчихна, эсвэл хойд солонгос, хятад барилгачдад мах болгоод зарчихна. Тэрчлэн дасгасан ганц нохойгоо аваад нутаг буцъя гэсэн гадаадын иргэнд бичиг цаас зөвшөөрөл энэ тэр гэж бөөн чирэгдэл удна. Эцэст нь “монгол нохойны ген”- ийг хил давуулж алдахгүй гээд гэдийчихнэ. Үүнийг “Монголын сонин хачин, марзан явдал” хэмээн нутаг буцсан хойноо нөгөөдүүл нь тэндхийнхээ FM- ээр ярьдаг бололтой юм.
Ардчиллын буянаар Монголын үүд хаалга нээгдэж, зорчдог хүний тоо хяналтаас бараг л гарсан. Гаднаас ирдэг хүн болгон шахуу зургийн аппарат, видео камертай. Тэд хальсандаа дандаа манай бүтээн байгуулалт, урлаг соёл, наадмыг буулгадаг гэвэл эндүүрэл. Хорьсоор байтал Нарантуул зах, хотын бусад газраар хулгайгаар явж үзнэ. Тэр ч бүү хэл “Далан давхар” орчихсон явах нь элбэг. Тэнд л зураг авч кино бичлэгээ хийдэг юм байх. Гутмаар сэжиглэмээр ч юм шиг. Нийслэлийнх нь хүн амын талаас илүү нь зах дээр байнга зогсдог буюу тэнүүчилдэг ийм улс дэлхийд өөр олон байхгүй. Тиймдээ ч гадаадынхны нүдийг хужирлаж, дуран авианд нь бууж үлддэг биз ээ.
Гадаадын хэвлэлд нийтлэгдсэн Монголын тухай элдэв зурагнуудын ихэнх нь тэнэмэл хүүхэд, гудамжинд унасан согтуу хүн, траншейны амьдрал цухасхан байх. Захын наймаачин хотын амьдрал гэвэл, Монголын хөдөө гэхээр монгол гэрийн гадаа араг сандайлсан халтар хүүхэд, бөгтөр эмгэн, улаан зээрд царайтай адуучин, үхсэн малын сэг, балгас болсон сумын төв. Зураг дээрх монгол хүмүүс нь аль болох зэрлэгдүү, ядаж сайртсан улаан хацартай, халтар царайтай, ноорхой хувцастай байвал “Монголын имиж” нь тэр болох ухаантай юм.
Тухайн нэг улсаас Монголтой харилцсан тухай интернэт дэх мэдээлэл юу байв? СССР- ийг дагаж 70 жил бөглүүд явснаа 1990-ээд онд ардчиллын буянаар дэлхийд гарч ирсэн, уул уурхайн үсрэлтээр нэлээд орлого олж үзсэн, ДНБ нь хоёр оронтой тоогоор гарч байсан.
Гэвч одоо тамтгаа алдсан эдийн засагтай, хүн ам нь ядуу ба ядуувтар, дэлхийн стандартаас доогуур, гадаадаас төдий хэмжээний зээл тусламж авсан, төдөн улстай гадаад худалдаатай, худалдааны эргэлт төд, Орос, Хятадын завсарт стратегийн байршилтай гэхчлэн бичсэн нь түгээмэл. Мөн дээр нь дарга түшмэд нь авилгач гэсэн үгс бас дагалдана. Арай өег нь гэвэл Чингис гэгч хаан XIII зуунд Монголоос төрөн гарч ирээд дэлхийн талыг эзэлсэн гэх ганц нэг өгүүлбэр. Цаашлаад Монголын өнөөгийн гэгээтэйг бичиж огт болохгүй гэж хоорондоо үгссэн мэт сайтууд дэлхийд олон байх юм.
Бид эндээ бахархал болгоод, “зууны манлай” энэ тэр гэж өргөмжилснөөс бус гадаадад тэднийг маань тоож байгаа амьтан нэг ч байхгүй. Ялангуяа эстрад, рок-попын одод очоод тоглодог тэнд хар, цагаанаар суугаа монголчууд л үзнэ. Тэр улсдаа бүр хэн ч тоож үздэггүй гэх юм. Монголын ардын урлагийнхан Европт эх орноо сурталчилж, уран нугарагчид дэлхийн зарим улсад нугарч байгааг үгүйсгэхгүй л дээ.
Монголын өнгөтэй өөдтэйг дээр үеийн социалист суртал ухуулга шиг сурталчилна гэж байхгүй. Харин сүүлийн жилүүдэд эх орноо гайгүй сурталчилж эхлээд байгаа бололтой. Юутай ч ГХЯ нь энэ талаар шинэ бодлогоо хэрэгжүүлж эхлээд байна.
Арван хэдэн жилийн тэртээгээс л “Монголд зочлооч!” гэж бид эндээ хэчнээн уриалавч тоон үзүүлэлт төдийлөн хангалттай биш. Энэ нь Монголын засаг, төрийн буруу огтоос биш. Ерөөсөө л сонин хачин, марзан тэнэг явдлаар дүүрэн Монголын нийгмийг голж байгаа нь тэр гэнэ. Өөрөөр хэлбэл, монголчуудыг, монгол хүнийг үнэлэх үнэлэмж гээч нь энэ аж. Харин тэр буруу үнэлэмжийг АСЕМ-ын уулзалтаар үгүй хийгээд, гэгээтэй болгочих юмсан, монгол ахан дүүс ээ?
ОУВС, Дэлхийн банкны албан ёсны баримт бичигт саяхан болтол “Монголын ядуурал, хоцрогдолд монголчуудаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй. Ядуу байгаад өөрөө өөрсдөө буруутай” гэж бичсэнийг уншаад эргэлзэж байсан. Харин одоо бол зөв дүгнэжээ гэж үздэг. Африкийн голдуу маш олон орны ядуурлын хариуцлагыг колоничлогч асан Европын орнууд нь хүлээдэг. Хайр найргүй колоничлосныхоо төлөөсөнд өрийг нь 100 хувь цайруулж, дээр нь тусламж олгож байна. Харин Монголд бол үгүй.
Ард нийтээрээ биш юм аа гэхэд, лав залуу үе маань японы хэл-соёлд муугүй дасан зохицож, үнэлэх болсныг ололт гэе. Тоо томшгүй их япон хэлтнүүд бол Монголын үндэсний нэг бахархал, баялаг нь гэж өөдрөгөөр бодъё. Ард түмнээрээ сумо бөхийн хорхойтон болсныг, сумогийн ертөнцөд монголчууд дархлагдан байгааг соёлын дэвшил гэхээс аргагүй. Энэ бол Японы соёл наашаа нэвтэрсний хамгийн том нотолгоо юм.
Гэвч соёлоо орхиод зээл, тусламж гэж ярьж эхэлбэл гарын салаагаар урсах мэт цутган орж ирсэн асар мөнгөний дүн Монголын бүх хүний толгойг эргүүлмээр, энэ тухай зориглон ярих хүн ч байхгүй. Яагаад гэвэл үр дүн нь бүх монгол хүнд хүртээгүй учраас тэр. Зээл тусламжийг хамгийн үр бүтээлгүй зарцуулсан сонгодог жишээнд Монголыг нэрлээд лекцэлдэг Хироно профессорыг манайхан зүхдэг гэнэ билээ. Тэрээр “Африкийн хэсэг улс ба Монгол”-ын сургамжийг эдүгээ Японоос ODA- гийн (Японы албан ёсны тусламж) тусламж авч буй Вьетнам, Лаос, Мьянмар улсад сэрэмжлүүлсэн байна.
Хоёр талын харилцаатай дэлхийн бүх улс орныг стратегийн ач холбогдлоор нь Японы ГХЯ “A”, “B”, “C”, “D” гэсэн дөрвөн бүлэгт хуваадаг гэлцэх юм. Хятад, БНСУ гэхчлэн манай хөршүүд эхний “A” бүлэгт багтдаг. Харин Монгол Улс маань ямагт “D” бүлэгт тооцогдсоор уджээ. Энэ нь манайхан өөрсдөө чармайгаад өгсөн мөнгийг нь чулуу болгоод “С” ангилал руу орчихдоггүйтэй холбоотой аж.
Японы Засгийн газар дахь Монголыг харьяалах элдэв албад нь “зээл тусламжийн” гэх малгайнаасаа салахгүй явсаар 26 дахь жилээ үдэх гэж байна. Угтаа энэ бол туйлын гунигтай хэрэг бөгөөд “түншлэлийн” болгох санаатай бид хэчнээн мучийгаад нөгөөх “D” ангилалаасаа салахгүй нь. Чухам хэдий хэр хугацаанд тэгэх ёстой юм, бүү мэд. Энд зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаалан гологдож буй тухай ярьж болохоос Японы талыг муучилж байгаа хэрэг биш.
Монголын тухай гадаадынхан ингэж боддог юм байж гээд орхиё. Ингэхэд энэ бүхэн доромжлол уу? Доромжлол биш юм бол юу вэ? XXI зууны хөгжлийн их хурд нэг л өдөр Монголыг арчина шүү гэдгийн дохио санамж биш гэж үү. Улаанбаатарын “Ажилчны” гэгдэх дүүрэгт бүхэл бүтэн “Хятад хот” төмөр торны цаана монголчуудыг яг л ажлын мал шиг, бөөнөөр хорих лагерын ялтан шиг хорьж цагдан өдөр шөнөгүй үнэгүй мөлжиж, байгаль орчныг сүйтгэж байгаа тухай мэдээлж байсансан.
Өөр энд тэнд захууд, барилгын зэрэг зах хятад эздээр дүүрч гэнэ. Тэнд нь монголчуудыг хэн ч албадан аваачаагүй. Өөрсдөө гүйж очоод төмөр торны цаана хоточ нохойны зуулга болчихоод байгаа нь тэр гэнэ. Үүнийгээ өөрчлөх монгол ухаан гаргая, сэхэе, сэдэе, гэгээрэе!!!
Г.Гомбо Проф. (PhD)