Наадмын зохион байгуулалтыг ӨӨРЧИЛЬЕ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч О.Ариунбилэг

2019-07-15 10:31 GMT+8

-2016 оны нийтлэлийг дахин нийтэлсэн болно-

Наадам болж өндөрлөлөө.

Жилийн жилд л Төв цэнгэлдэхийн эргэн тойрон дахь талбай нь багассаар, хүмүүс нь ихэссээр.

Шороотой хуушуур хоёр гурвыг олж идчихээд, юу хийхээ үл мэдэн цэнгэлдэх тойрон шахцалдан баахан алхсаны эцэст ядарсаар гэртээ орно.

Энэ наадмын үйл ажиллагаа огт өөрчлөгдөхгүйгээр хэдэн арван жилийг өнгөрөөжээ. Дэлхий дахиныг дагаж монгол иргэд маань хөгжсөөр байгаа ч томоохон баяр наадмуудыг зохион байгуулагчдын сэтгэх хүрээ л огт өөрчлөгддөггүй аж.

Шинэ зууны иргэд, хүүхэд залуус одоо өөр зүйл хүсч мөрөөддөг болсон. Тэдэнд Төв цэнгэлдэхийн хана даган шахцалдаж, хэчнээн ч удаан ашигласныг нь үл мэдэх тосонд шарсан гуриланд боолттой мах идэж, бохир орчинд баярлах сонин биш. Тэгээд үүнийгээ “Үндэсний их баяр наадам” хэмээн сүржин нэрлэх нь ирээдүй хойчид маань “үндэсний” гэх бахархал төрнө гэж хэлэхэд нэн хэцүү.

Тиймээс энэ бүхнийг өөрчлөх цаг нэгэнт болжээ.

ХООЛ УНДНЫ ҮЙЛЧИЛГЭЭ:

Бодит байдал: Нэг үеэ бодвол хуушуур зардаг майхнуудыг цэгцэлж чаджээ. Гэхдээ хэт олон байна. Төв цэнгэлдэхийг тойрон алхах наадамчид хуушуур идэх гэж л хөлөө амраан суух аж. Бусдаар бол үйлчилгээний газрууд наадамчдад зогсох, амрах ямар ч завдал өгөлгүйгээр битүү шавжээ. Тиймээс тэдний тоог цөөлөн наадамчдад амрах, амсхийх боломж өгөх газруудыг тохижуулах хэрэгтэй мэт санагдлаа.

Төв цэнгэлдэхийг тойрон алхах наадамчид хуушуур идэх гэж л хөлөө амраан суух аж. Бусдаар бол үйлчилгээний газрууд наадамчдад зогсох, амрах ямар ч завдал өгөлгүйгээр битүү шавжээ.

Халуун наранд хайрцган дээр баахан жимс овоолчихоод, түүнийгээ орчны бохирдол, хог шороотой хачирлан зарна. Газар түмпэн тавьчихаад “хорхог аваарай” хэмээн орилолдоно. Худалдаж авсан иргэд шууд л идэж, хүүхдүүддээ өгч харагдана. Хүссэн хүн бүхэн хүйтэн, халуун янз бүрийн ундаа зарна. Эд бүгд чанарын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Монголчууд бид харин ёстой л чонын ходоодтой аж.

Өөрчлөх санал: Нэн түрүүнд цэнгэлдэхийн орчмыг засч янзлах хэрэгтэй. Нэг хэсэгт нь наадамчин олон сууж амрах сандалнууд, зүлэг ногоог маш сайн бэлтгэх. Нөгөө талд нь хүнсний худалдаа үйлчилгээг нь тусгайлан зассан хэсэгт байрлуулах. Хоолны үйлчилгээ эрхлэгчид нь мөн тусгайлсан хэсэгт байрлах бөгөөд зөвхөн энэ хүмүүс бие засах, гараа угааж ариутгах байршлыг бий болгох.

БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ:

Бодит байдал: Яг л хар зах. Уг нь үндэсний их баяр наадам шүү дээ. Хэнээс ч гуйхгүйгээр худалдаа наймаа хийгээд амьдралаа аваад явж байгаа хүмүүсийг буруутгахгүй. Гэхдээ энд ямар ч зохион байгуулалт л алга. Эргэн тойрон нь маш бохир. Элдэв төрлийн тоглоомнууд хаа сайгүй харагдана. Суниалгаж ч байх шиг. Цагираг шидээд мөнгө олно л гэнэ. Хүүхдүүдэд зориулсан ямар ч чанар болоод ариун цэврийн баталгаагүй элдэв төрлийн тоглоом хаа сайгүй. Бас л ямар ч замбараагүй.

Өөрчлөх санал: Бараа бүтээгдэхүүн зараад, тэрийг нь хориглож дийлдэггүй юм бол тусгайлсан хэсгийг бас бий болгочих. Наадамчид баярлах гэж Төв цэнгэлдэхэд очсон болохоос оймс, гутал авах гэж очоогүйг сана. Өөрөөр хэлбэл, тэнд очихын гол утга учрыг сайтар ойлгох нь зүй. Мөн тоглоомнуудад ч тусгайлсан талбай засах нь зүйтэй юм.

ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ:

Бодит байдал: Мэдээж эх орондоо байгаа наадамчин олон нэгдүгээрт тавигдах нь зүй. Гэхдээ Монгол наадмыг үзэхээр ирж буй наадамчдад мэдээлэл огт байхгүй. Хаана юу байгаа, морин уралдаан нь хэзээ болох, ямар учиртай гээд тэд яг л ойд төөрсөн мэт хүмүүс даган явсаар таардаг биз.

Өөрчлөх санал: Жуулчдад зориулсан мэдээллийн төв байгууштай. Тэнд нь бүх төрлийн мэдээллийг өгдөг байвал зүгээр. Мэдээллийн төв нь хаа байгааг анхааруулж сануулсан самбаруудаа мөн байрлуулахгүй бол түүнийг хаа байгааг мэдэх хүн байхгүй биз ээ. Ганц жуулчдад ч бус ер нь иргэдэд мэдээлэл өгөх самбарууд хаа ч алга. Зам заасан, хаана юу болж байгааг илэрхийлсэн зурагт самбарууд англи, монгол хэлээр олон байгууштай.

Энэ мэтээс харвал Төв цэнгэлдэхийн гадаа худалдаа үйлчилгээний төв, хоол хүнсний худалдааны төв, мэдээллийн төв, авто зогсоол /үүнд: нийтийн тээвэр, такси зогсоол, автомашины зогсоол зэрэг багтана/ гээд төвүүдийг байгуулж цогцолбор байдлаар шийдэх нь зүйтэй. Гэхдээ цогцолбор гэхээр л хэдэн тэрбумын өртөг төсвөөс гаргах мэтээр ойлгож болохгүй. Үүнийг маш цэвэрхэн авсаархан байдлаар шийдэж болох юм. Өнөөдрийг хүртэл наадмын зохион байгуулалтын төсвөөс харахад энэ их мөнгөөр хангалттай зүйл хийхгүй байгааг харж болно.

Дээрх бүгдийг хийхэд тийм ч их хөрөнгө мөнгө шаардагдахгүй. Багахан сэтгэл, бусдын туршлагаас суралцах чадвар, сэтгэлгээ л чухал юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ