Энэ жилийн наадам сайхан боллоо. Миний хувьд энэ жил сэтгүүлчийн хувиар бус сайхан үзэгчийн хувиар наадам үзлээ. Хэдэн өдөр л хөөрч баярлан, жилдээ ганц тохиох наадмын сүр хүчийг бишрэн байлаа.
Хүй долоон худаг дээр хэдэн жилийн өмнө бөөн шороон дунд нааддаг байсан монголчууд одоо сайхан нааддаг болсон. Хуушуурын гэрүүд нь цэгцтэй, үзэгчид нь соёлтой ер нь их өөр болсон. Морины уралдаан ч гэсэн ноднингийн 100 гаруй морь хасч байсныг бодвол элдэв хэл ам багатай сайхан болсон.
Харин нөгөө л нэг бөөн хар машин зэрэгцээд давхилддаг нь хэвээрээ. Цаг агаар бороотой, сэрүүвтэр байсан тулдаа тоос бага бослоо. Энэ тал дээр жил бүр ярьдаг ч яагаад ч арга хэмжээ авч дийлэхгүй л юм даа.
За тэгээд сүүлийн жилүүдийн дуусдаггүй нэг маргаан бол өнөөх л эрлийзийг ялгах. Жил бүр ингэж байхаар зарим том уяачдын хэлдгээр эрлийз монголоо холиод уралдуулж байвал яасан юм. Тэгвэл ингэж танай адууны сэрвээ өндөр байна гэсэн маргаан гарахгүй амар. Гэхдээ нөгөө талаар монгол цусаа авч үлдэх гэсэн бодлого маш зөв байгаад байдаг.
Ямар ч байсан даага харж байхад эрлийзээсээ илүү монгол даагыг ялгахад амар байна гэдэг нь үнэний ортой. Соёолон дээр эхний арваад морины тал нь эрлийз байна гэсэн яриа гарсан. Нэг сайхан соёолон бариа дөхүүлээд хэвтээд өгснийг бүгд зурагтаар харсан. Уралдаан өнгөлөлцөж явсан тэр адууг эрлийзүүдэд тэлэгдээд уначихлаа гээд л учир мэдэх хүмүүс шуугилдаад унасан даа. Ямар ч байсан зөв шийдэлд бүрэн хүрээгүй байгаа гэдэг нь харагдаад л байгаа.
Наадмын нээлт энэ жил үнэхээр сайхан болов. Ноднин баахан соц нийгмийн үеийг санагдуулсан чийчаан явж, хүмүүсийн шүүмжлэл хүлээж байсандаа дүгнэлт хийсэн байх. Их л утга учиртай, сүрлэг сайхан болсон. Бас ноднингийнх шигээ 10-наас эхлээд 5 орой дараалан төв талбай дээрээ арга хэмжээ зохиож, нийслэлийнхнээ “завгүй” байлгасан нь их гоё байв. Ялангуяа 11-нд Харанга хамтлагийнхан хүмүүсийн сэтгэлийг үнэхээр хөгжөөж чадсан. Гадаадууд хүртэл өч төчнөөнөөрөө зогсчихсон бүжин байсан даа.
За тэгээд нийтлэлийнхээ гол цөм болсон бөхийн талаар ярихын өмнө хөндөх ёстой асуудал нэг байна аа. Энэ бол тасалбарны тухай. Жил бүр л халуун наранд хүмүүсийг хонуут өнжүүтээр “чангалдаг”-аа үнэхээр болимоор байна. Аль 10 жилийн өмнө л намайг Германд байхад тэнд хөлбөмбөгийн дэлхийн аваргын тасалбарыг онлайнаар захиалсан бүх хүмүүс дундаасаа сугалааны журмаар тодруулж байсан. Тэгэхэд бүтэн 10 жилийн дараа техникийн хөгжил дахиад хэдэн шат урагшилчихаад байхад л нөгөө л бахь байдаг бүдүүлэг журмаараа тасалбараа тараасаар.
Яг үнэндээ тэд ихэнх нь шагчид гэж шууд хэлж болно доо. Хонон өнжин байж авсан ганц 2 билетээ үнэ хүргэн зарж байж л тэдний зүтгэл “үр шим”-ээ үздэг. Хүн бүл муутай эсвэл зав зай багатай улсууд тэгж дараалан зогсох боломжгүй. Тэгэхээр цаашдаа бүтэн 2 сарын өмнөөс захиалга аваад наадмаас дор хаяж хагас сарын өмнө билетний эздийг зарладаг байх хэрэгтэй байна.
Сугалаанд ялагч болсон хүмүүст шуудангаар билетийг нь илгээх зардлыг нь билетнийхээ үнэнд суутгаад өгчих хэрэгтэй. Биеэр ирж авбал шуудангийн зардалгүй гэчихвэл олон хүн өөрөө ирж авна даа. Хугацаандаа ирээгүй хүмүүсийнхийг ёстой нөгөө дарааллаараа тараана биз. Ер нь үүнийг ямар нэгэн аргаар заавал шийдэх ёстой асуудал.
За бөх рүүгээ оръё. Манай бөхийн холбоо олон сайхан ажил хийж, бөхчүүдийн аж амьдрал ч нэлээд дээшилсэн. Гэхдээ ямар ч ажлыг явуулдаг багт шинэ салхи үргэлж сэвэлзүүлдэг байх ёстой гэсэн бичигдээгүй хууль энэ дэлхийн бүх байгууллагад бий. Тухай тухайн цаг үедээ буруу ч зөв ч шийдвэрүүдээ гаргаад ажлаа алдалгүй яваад ирсэнд нь тэдэнд талархах ёстой.
Харин одоо бөхийн холбооны удирдлагууд шинэ алхам тэдний өмнө ирснийг энэ наадмаас эрхбиш харсан буй заа. Юуны өмнө бөхийн дүрмэндээ шинэ өөрчлөлтүүд оруулах зайлшгүй шаардлагатай болжээ. Хамгийн 1-рт техникийн дэвшлийг ашиглах цаг нь үнэхээр болсон байна. Орчин үеийн спортууд ихэнх нь бичлэг харж шийдвэр гаргадаг болчихоод байгаа. Бид ч гэсэн үүнийг тойрон гарах учиргүй юм.
Монгол бөх гэдэг унах давахын зааг дээр нүд ирмэх зуур болоод өнгөрдөг онцлог спортын нэг. Үүнийг хүний нүдээр харахад амаргүй байх тохиолдол их гардаг. Тиймээс бид видео бичлэг үздэг болох хэрэгтэй. Хэдэн талаас нь харуулсан, сайн нарийвчлалтай бичлэгийг үзээд сурчихвал дахин ямар ч маргаан гарахгүй. Улайм цайм бичлэгээр тодорхой байхад маргах бөх гарахгүй л болов уу, хэрэв гарвал хасдаг байхаар зааж өгөх хэрэгтэй.
Миний санаж байгаагаар уржнан жил 7-ийн даваанд Гончигдамба Санжаадамба нар барилдаад маргаан гарахад бичлэг үзээд Санжааг давуулж байсан санагдах юм. Цэц эхлээд Гончигийг давсан гэж үзсэн ч цэнгэлдэх доторхи хүмүүс Санжаа гэж орилолдоод бичлэг үзсэн. Гончигдамба жудагтай загнаж, тахимаа өгсөн дөө. Энэ жил бас тэгсэн бол хүмүүсийн таашаалд нийцэх байлаа.
Сая наадмаар HD Монгол тв талбайд тал талаас нь авахаар камер оруулсан боловч цагдаа нар үл зөвшөөрч, сэтгүүлч операторуудын мандатыг хураан авсан гэнэ лээ. Харин ч тэдний ажиллах боломжийг өгөх ёстой байсан. Ганц цэгээс авсан бичлэгийг цэнгэлдэх доторхи том дэлгэцээр удаашруулаад харахад яг аль бөх нь давсан нь сайн мэдэгдэхгүй байлаа. Тал талаас нь харуулаад өгсөн бол наадамчид тэгж шөнө дөл болтол суухгүй дээ.
Манай наадам хөлбөмбөгийн талбай дээр явагддаг. Хангалттай том зай шүү дээ. Дэлхий дахины хаан спорт болох хөлбөмбөг яг энэ талбай дээр явагдахдаа бүх талаасаа камертай дамжуулагддаг. Талбай дээрхи 22 хүнээсээ ч илүү олон камер тэнд ажилладаг. Бүр агаараар явдаг камер ч бий.
Зурагтаар харж байхад лав энд тэнд хэдэн барилдаан зэрэг явагдах үед зарим барилдааныг яаж болоод өнгөрснийг харж амжилгүй өнгөрөөх тохиолдол их гардаг. Давталтаар л харуулдаг шүү дээ. Спортын хамгийн сайхан амт шимт нь шууд үзэхэд л байдаг. Үр дүнг нь мэдчихсэн агшныг давталтаар харах давсгүй хоол мэт л байдаг.
Эцсийн эцэст энэ наадмыг ард түмэн баярлан цэнгэх гэж үздэг тул тэдний төлөө л ажиллах учиртай. Наадмаа элдэв маргаангүй сайхан үзэх боломжийг нь хангаад өгчихвөл хэчнээн тустай ажил байх сан.
Бас засуул, хөлийн цэцүүдийн асуудал тун хурц шүүмжлэл дагуулсан. Сумогийн шүүгчид голдуу настай хүмүүс байдаг. Тэгсэн хэрнээ тэдний хараа гэж айхтар. Энэ бол мэргэжлээ эзэмшсэн хүний чадвар. Манайхан тэгээд л сумотой харьцуулаад байдаг юм, энэ чинь 2 өөр бөх гэж шүүмжилдэг. Үгүй шүү дээ. Энэ дэлхий дээрхи бөх ч гэлтгүй бусад спорттой харьцуулж байж л монгол бөх цааш хөгжин дэвжих нь зүй ёсны хэрэг. Засуулууд маш шаламгай, гярхай байх хэрэгтэй.
Сая Увсын бөх Архангайн бөх 2 барилдахад цэцүүд бүгд хангай зүгийнх байсан гэсэн маргаан гарч байна. Үүнийг мөн л хөлбөмбөгтэй адилханаар маш энгийнээр шийдэх ёстой.
Тухайлбал хөлбөмбөгт бол 2 улс тоглоход тэс хөндлөнгийн улсын шүүгч ажилладаг. Тэр ч байтугай өмнөх шатанд нь хожигдсон улсын шүүгч дараагийн шатанд өөрийнх нь улсыг хожсон багийн тоглолтыг шүүгээд байдаггүй. Энэ бол хүн гэдэг амьтан ямар ч үед “өшөө авах уур хилэнгээр” буцалж байдаг гэдгийг судалгаагаар тогтоочихсон зүйл.
Сая Европын аваргаар гэхэд л Итали – Герман тоглоод Итали нь хожигдсоны дараа дараагийн шатанд итали шүүгч Герман Францын тоглолтыг шүүх болсон чинь бөөн эсэргүүцэлтэй тулгарсан. Яг үүн шиг хөлийн цэцийг сонгох хэрэгтэй.
Юу хэлэх гээд байна гэхээр Бөхийн холбоо маань 18 аймгаасаа цэцүүдээ бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд жишээлбэл Увс Архангай 2 барилдлаа гэхэд Хөвсгөл ч юм уу, Дорнод ч юм уу аймгийн гаралтай цэцийн гишүүдээсээ сонгоод талбайд гаргачихдаг баймаар. Тэгвэл дээрхи гомдол огтхон ч гарахгүй. Хаа хаанаа хар сэргүй, шударга явдал болно.
Хөлийн цэц хийдэг улсуудаа байнгын сургалтад хамруулдаг байх хэрэгтэй нь ажиглагдлаа. Бас тэдэнд хөлбөмбөгт байдаг шиг улаан, шар картны эрх өгдөг байж ч болмоор. Дүрмээ олны таашаалд нийцүүлж сайжруулж аваад, цэц тэр дүрмээ ягштал барих хэрэгтэй. Түүний шийдвэрийг тухайн бөх эсэргүүцвэл эхлээд шар картаар торгоод дахин эсэргүүцэл үзүүлбэл улааныг өгч талбайгаас хөөдөг байх нь зөв. Анхнаас нь ингээд сургачихвал маргаад байх бөх бас гарахгүй. Яагаад гэвэл цэц дүрмээ л баримталсан.
Цэцэд ингэж эрх мэдэл өгөхгүй бол хэн дуртай нь өөдөөс нь дуртай үгээ хэлж гөжин зогсдог, хөндлөнгийн нөхдүүд орж ирж байдлыг дордуулдаг явдал гарахгүй. Сая хөлийн цэцээр ажиллаж байсан Одхүү начингийн сошиалоор илэрхийлсэн сэтгэгдлийг харвал хотын дарга маань очоод өөрийнхөө үзэмжээр шийдчихсэн асуудал гарсан бололтой. Ийм байж болохгүй ээ. Цэц л бүх шийдвэр гаргах эрх мэдлийг гартаа авах хэрэгтэй, гэхдээ тэд дүрмийнхээ дагуу л байх хэрэгтэй.
Хөлбөмбөгт буруу шүүлт хийвэл тэр шүүгчийг дараагийн шатанд талбайд гаргадаггүйтэй адил дүрмийн эсрэг шийдвэр гаргасан цэцийг дараагийн барилдаанд цэц хийлгэхгүй байх ёстой. Бүр цаашлаад тэднийг зэрэг дэвээр ангилж, зэрэглэлийг нь бууруулдаг ч байвал зүгээр.
Дараагийн ярилцах ёстой сэдэв бол 1024 бөхийн тухай. Хүмүүс маш их шүүмжилж байгаа. Хийхдээ тулбал 10 жилдээ нэг удаа хийдгээрээ хийгээд яваад байх нь дээр байна. Гэхдээ цол эрэмбэний асуудлыг 512 бөх барилддагтай адилханаар үлдээж байх нь илүү шударга ажээ.
Нэг даваа илүү давлаа гээд ердөө л нэг цэргийн бор хүүг илүү давж байгаа хэрэг гэж хошигнож байгаа ч юм шиг, бухимдаж байгаа ч юм шиг яриа гараад байгаа. Хатуу ч гэсэн үнэний ортой л үг. Цэргийн хүү биш ч гэлээ харьцангуй сул өрсөлдөгчийг нэг илүү давчихаж байгаа юм.
Ядаж л 1024 барилдсан үед тэгнэ, ингэнэ гээд яг заачих хэрэгтэй. Заасан бол тэрийгээ мэдээллийн хэрэгслүүдээр зарлаж хүмүүст маш сайн ойлголт өгөх учиртай. Одоо яг үнэндээ 3 аваргын хэн нь түрүүлж ам авах вэ гэдэг дээр бөх сонирхогчид маргалдсаар л сууна. 10 даваа авсан нь дээрээ юу, аль эсвэл 2 удаа 9 давсан нь дээрээ юу. Шударгаар хараад үзвэл 2 удаа 9 давсан нь илүү чансаатай. 10 давна гэдэг нь дээр хэлснээр нөгөө цэрэг хүүг давсан наадам, харин дахиад 9 давна гэдэг бол ай даа хатуу самар шүү дээ. Хүний бүтэн жилийн хөдөлмөр гэсэн үг.
Саяны наадмаар хэрэв шөвгийн 4-т Бүрэнтөгс, Батсуурь 2-ын нэг нь даваад цааш түрүүлсэн бол даян аварга болох байсан уу, үзүүрлэсэн бол аварга авах байсан уу гэдгийг хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй л байсан. Мэдээллээ эрт өгдөг байх хэрэгтэй. Цэнгэлдэхэд сууж байсан маш олон хүн энэ тухай асууж байсан даа.
Монгол эр хүн гэдэг 18 наснааснаа эхлээд 40 гартлаа барилддаг, яг ид үе нь 21-35 хүртэл байдаг. Тэгэхээр 10 жилдээ нэг удаа хийхэд ямар ч бөхөд ядаж нэг удаа ид үе дээрээ байхдаа 1024 бөхийн “хишгийг” хүртэх боломжтой гэсэн үг.
1024 байгаа үед цолны гажуудал нэлээн гараад байгаагаас гадна чанаргүй цолтнууд их төрж байна гэсэн шүүмжлэл маш их гарч байгаа. Энэ тал дээр зайлшгүй анхаарах болсон. Бөх сонирхогчид начин төрүүлдэг бөх гээд хэдэн хүнийг бүр нэрлэдэг болчихсон. Өнгөрсөн жил тэднийг эрт унасан, энэ жил бас эрт уначихлаа гээд баярлах шахуу юм болоод байсан ч маш олон начин төрсөн наадам болов. Мөнгөнбаатар дээр олон хүн харамссан ч түүнийг давсан Анарт бүгд баяр хүргэж байсан шүү.
Зайлшгүй ярих ёстой бас нэгэн сэдэв бол энэ шахааны барьц болчихоод байна. Том биетэй бөхчүүдэд зориулагдсан, уйтгартай гэсэн шүүмжлэлийг араасаа дандаа дагуулж байдаг шийдвэр. Хэдэн жил явлаа. Одоо бүр үзэгчид ч дасч эхэлж байна. Энэ бол тун аюултай. Нөгөө сайхан уран хурц, хурдан гавшгай хэмээн цоллогддог бөх маань тэр нэрэндээ таарсан барилдааныг харуулахгүй байна.
Хүмүүс янз бүрийн л санаа бодол хэлж байна. Бөмбөрцөгийн тайлбарлагч Шижрээгийн бичсэнээр бол сэрвүү барьцнаас хэн идэвхтэйд нь барьц сонгох эрх өгөх, гэхдээ шахааны оронд хонгодох барьц өгөх гэсэн нь бас бодох л ёстой асуудал. Олуулаа хэлэлцвэл буруугүй гэдэг. Ярилцаад илүү сайн хувилбар гаргаж ч болно. Шийдэж болох асуудал.
Яг энэ хэвээрээ удвал зөвхөн аймаг хоорондын талцсан, уйтгартай бөх рүү яваад л байгаа шүү. Наадмын цэнгэлдэх дүүрэхгүй байхыг анх удаа харлаа. Зарим хүмүүс хямралтай холбож байна. Цэнгэлдэхийн гадна очиход билет зарна гэсэн хүн маш их байсан хийгээд үнэ нь маш хямдхан байсан нь үнэн ч энэ бол худал. Яаж хямарсан ч монголчууд бөхөө үздэг юм. Тэд гагцхүү хурдан шаламгай барилдаан үзэхийг л хүсээд байна.
Бас тэр допингийн асуудал байна. Гадна дотноос босгодог мөнгөнөөсөө улсдаа ганц допингийн шинжилгээний төв бариад өгчих гээд тасралтгүй гуйгаад бүр ард түмнээрээ дэмжүүлээд зүтгээд л баймаар байна. Хэрэв тэгвэл газар дээр нь шинжилгээг нь аваад, хариуцлагыг нь тооцоод явахад хялбар болно. Уламбаяр, Магалжав нарт 10 жилийн дараа хэдий ч цолыг нь нөхөж өгч байгаа нь бас олзуурхууштай ч тэднийг тухайн үед нь ид байхад нь өгсөн бол цаашлаад ямар цолонд хүрэх байсан бол доо гэж.
Наадмыг зохиож байгаа улсууд цаг хугацаагаа маш сайн баримталж ажиллах хэрэгтэй байна. 1024 бөх удна, хажуугаар нь морины цол дуудахаас өгсүүлээд бусад арга хэмжээ элбэг гэдгийг мэдсээр байж цагаа яг баримтлаад явсангүй. Их л орой дуусч цаг хугацааны хувьд түүхэнд рекорд болсон наадам болов. Ямар сайндаа бөх 12-нд эхлээд 13-нд дууссан гэж улсууд хошигнож байхав.
Мэдээж тэр удсан шийдвэрийг эрт гаргаад хүчилсэн бол цагтаа дуусах л байсан байх, гэхдээ л цагаа барьж сурах хэрэгтэй. Олон улсын спортын тэмцээн уралдаанууд цагаа ягштал баримталж явагддаг. Энэ тал руугаа явмаар л байна санж. Их орой тарсанаас болж тэр шөнө хотын хөдөлгөөн шөнө дунд хүртэл түгжирсэн. Гарсан осол аваарыг тооцож үзвэл ямар ч дүн гарсан байдаг юм бол.
За ингээд яриад байвал маш их юм байна даа. Үүнийг бичихдээ ингэж алгуурласан нь газар газрын бөх сонирхогчидтой ярилцан санаа бодлыг нь сонсож байсанд оршино. Дараа дараагийн удаад холбогдох улсуудтай уулзаж, энэ талаар илүү их дэлгэрэнгүй ярилцах цаг гарна хэмээн найдаж байна.
Барилдааны тухайд ярих юм бол тэр нэг барилдааныг эс тооцвол хүмүүс их сайхан наадам боллоо гэж ам сайтай байна. Яахав зарим хүн ёстой сайхан наадам болж байлаа, гэтэл энэ барилдаан сайхан эхлэлийг сайхан төгсгөхгүй нь дээ гэж байсан. Энэ жил аргагүй л 6 залуу зааны үеийг санагдуулам наадам болсоон. Тэр жил 6 залуу заан 2 Эрдэнэтэйгээ үлдээд бөх сонирхогчдыг суудлаас нь огло харайлгаж байсан. Яг тэрэн шиг энэ цагийн шилдэг арваад бөхөөс 8 нь тунаж үлдлээ.
Ирэх жилээс энэ 8-д үлдсэн 3 аварга, 4 арслан, 1 заан дээр нэмэгдээд Гончигдамба гарьд, Содномдорж Баасанхүү харцагууд гээд л аргагүй бөх сонирхогчдын аманд явж байдаг нэрнүүд дахиад л шилдэг 8-ын төлөө өрсөлдөх болно гэхээс ирэх жилийн наадмыг хүлээж тэсгэл алдана.
Шөвгийн 8 бөхийн талаас илүү нь манай улсын хамгийн их цолтонтой 2 аймгийнх байлаа, бодоход бахархмаар. Адилхан 15 түрүүтэй байсан 2 аймаг шүү дээ. Хүмүүс жалга довны үзэл гээд хадуураад байдаг. Энэ буруу юм. Ямар ч хүн олимпод өөрийн улсаа дэмждэг. Яг түүнтэй ижил ямар ч хүн жилдээ ганц болох наадамд өөрийн төрж өссөн газрын хүүхдээ харах нь жам ёсны үзэгдэл. Түүнээс тэд жирийн нэг заалны барилдаанд манай аймгийн тэр гээд хөөрөөд байдаггүй. Наадам гэдэг бөхийн олимп юм.
Эрхэмбаяр аваргын тухай 2 үг хэлмээр санагдаад байна. Элдэв маргаанаас ангид, барьцаа хүссэнээр нь өгдөг гээд л түүнд бараг хүн бүр л ам сайтай байх юм. Бөхчүүд энэ сайхан аваргаасаа жишиг авах хэрэгтэй. Монгол бөх гэдэг хэзээнээсээ л жудагтай сайхан зангаараа алдартай явсаар ирсэн. Ноднин түүнээс адис авсан Оюунболд урамтай сайхан барилдаж, арслан цолонд хүрсэн. Энэ жил шинэ аварга маань бас адис аваад түрүүллээ. Жудагтай монгол бөхийн золбоо хийморь гэж энэ шүү дээ.
Олон том цолтонгууд гарч ирсэнд их баяртай байгаа. Монгол бөхөд нэгэн үеийг эзлэн төрсөн бөхчүүд байсаар ирсэн бичигдээгүй хууль бий. Дээр үеэсээ Сэцэн ханы Дугар аварга, Түшээт ханы Намхай аварга, Лу гүний Вандан аварга гээд, тэгээд хойшлоод Түвдэндорж, Дамдин, 2 Мөнх, Бат-Эрдэнэ аваргууд гээд л тухайн цаг үеэ ганцаараа эзэлж байсан аваргууд бий. Эсвэл Буянтогтох аварга, Их Монгол Шаравжамц, Босоо Самдан, Буур Жамьян гээд, хойшлоод ирэхээр Өвөрхангайн хар аварга, хүүхэд шиг цайлган том аварга, бөхчүүдийн аварга Балжинням, тэрний дараа өнөөх домогт 6 залуу заан гээд улсын наадмын түрүүг өөр хоорондоо тойруулан дамжуулж байсан нэгэн үе байдаг байлаа.
Гэтэл сүүлийн жилүүдэд ийм явдал алга болсон. Сүүлийн 11 жилд 11 өөр хүн түрүүлсэн байгаа юм. Өсөхөө аваргыг эс тооцвол бусад нь улсад бүгд л ганц удаа түрүүлсэн хүмүүс. Харахад өрсөлдөөн ихтэй юм шиг боловч бас монгол бөхийн нэгэн уламжлал алга болоод байгаа мэт. Энэ байдал харин ирэх жилүүдээс өөрчлөгдөнө байх аа. Улсынхаа наадамд түрүүлээд үзчихсэн 3 аварга, 3 арслан байна. Ойрын жилүүдэд эднээс дахиад түрүү авах л байх. Бусад нь ч гэсэн 2-3 удаа ойрхон түрүүлэх боломжтой.
За тэгээд нийтлэлийнхээ төгсгөлийн хэсгийг наадмын зохион байгуулагч нарт хандаж дуусгая даа. Хэлж сануулах зүйлс маш их байсаар л байна шүү.
Юуны түрүүнд шинэ цэнгэлдэхтэй болох цаг болжээ. Төр засагтаа энэ үгийг дайх болж. Уг нь Хүй 7 худагт шинэ цогцолбор баригдана, тэндээ бөх сур гээд бүх наадмаа хийнэ гэсэн чихэнд чимэгтэй яриа сонсогдож байсан даа. Хэрэв тэгчихвэл наадамчид тэндээ байрлаад, бөхөө үзэх гэж нааш цааш бөөн бөглөрөө үүсэхгүй тун хялбар болох сон.
Одоо байгаа газар маань гулгадаг дэвжээтэй. Ноднин Гончиг гарьд, Түвшээ аварга гээд хэд хэдэн бөх халтираад өвдөг шороодож байсан. Энэ жил цэнгэлдэхэд холоос харсан болохоор тиймэрхүү юм ажиглах боломж байсангүй. Уг нь бол монгол наадмын нэг уламжлал бол шороон дээрээ л ноцолдох юм шүү дээ. Бөхчүүдийн зодог шуудаг газар хүрснийг шороогоор нь мэдэж болдог. Маргаан гарсан ч тэрийгээ мэдээд элэг бүсээ тайлж өгсөн тохиолдол өч төчнөөн бий. Яахав орчин үетэйгээ хөл нийлж, шинэ дэвсгэр хийлээ гэхэд гулгадаггүй талбай хэрэгтэй.
Цэнгэлдэхийн гэрэлтүүлэг маш хангалтгүй байлаа. Уг нь 4 талд нь прожекторууд зоосон ч тэрийгээ асаасангүй. Том дэлгэцний гэрэл бөхийн талбайд тусч байснаас биш үзэгчид таг харанхуй орчинд бөхөө үзэж дуусгав.
Бас нойлын асуудал тун хүнд байлаа. Цэнгэлдэхээс гараад их хол явж зөөврийн нойл орох болдог, гэтэл тэр нь дүүрчихсэн, бас цагдаа нар цаг оройтоод ирсэн чинь гарсан хүнийг буцааж оруулахгүй гээд олон хүн өмдөндөө тэвчихэд хүрсэн. Даваа болгоны дараа завсарлагаар хүмүүс биеэ суллах гэж олноор явж байлаа. Монгол наадмыг үзэх гэсэн жуулчдад бол бүр ч хэцүү байсан байх. Аз болоход тэд дуустал нь байх нь ховор юм даа. Гэхдээ л бас мэр сэр байсан даа.
Бас тэр цэцүүдийн сууж байгаа Кола гэсэн асар үзэгчдийн харах орчинг маш их хааж байсан. Хурц нартай өдөр л гэхээс шаардлагагүй мэт. Бүр болохгүй бол сийрсэн малгай өмсөөд сууцгаана биз. Үзэгчдээ л 1-рт тавих хэрэгтэй. Тэр хэдэн саравчтай ч ярих юм биш. Маш их талбайг хааж байлаа. Тэр рекламны самбаруудаа хол тавиад цэцүүд нь арай холдоод гүйлтийн зам дээрээ байрласан бол нэн таатай байлаа.
Уг нь бол дэлхий дахинд ямар ч тэмцээнд эхний эгнээнүүд хамгийн үнэтэй байдаг, учир нь тэд хамгийн сайн харах орчинтой. Гэтэл манай цэнгэлдэхэд ёстой юу ч харагдахгүй шахуу байсан даа. Аль дээшлэх тусмаа л сайн харагдаж байсан. Тэр хаагаад байгаа юмнуудыг цэгцлээд өгөх хэрэгтэйг дараа анхаараарай даа.
Бас олон улсын жишгийн дагуу наадам дуусангуут түрүү үзүүр хүртсэн бөхчүүдээ суулгаж байгаад богино хугацаагаар хэвлэлийн хурал хийлгэдэг болчихвол мөн ч хэрэгтэй дээ. Хүмүүс түрүүлсэн, үзүүрлэсэн тамирчдын юу гэхийг маш их сонирхдог. Хэвлэлийн хурлаа байг гэхэд теннисний Их дуулга шиг ч юм уу голдоо зогсож байгаад сэтгэгдлээ хүмүүстэй хуваалцдаг болчихвол наадмын чимэг болно.
Заавал хэлэх ёстой нэг үг бол медиа салбарынхан. Тэдэнд ард түмэндээ наадам дамжуулах эрхийг нь бүрэн хангаж өгөх хэрэгтэй. Хэдэн өнчин хурга ишиг шиг нэг буланд шахаад л байдаг. Олон улсад бол тусгай талбартай, уужим, бүх л нөхцөлийг нь хангасан өрөө гаргаж өгдөг. Монгол наадам одоо улам л сүрлэг болдог болсон. Орчин таатай бол мэдээлэл улам л шуурхай, улам л чанартай хүрдэг нь хууль.
Энэ жилийн наадмын сүрлэг нэг үйлдлийг үзэгчид өөрсдөө гаргачихсан. Мэдээж давалгаа. Харахад үнэхээр сайхан байсан. Манайхан бас соёлжжээ. Бүгд л харанхуйд гар утасныхаа гэрэл асаагаад давалгаалж байсан нь үнэндээ л үзүүштэй байлаа. Гадаадууд хүртэл сэтгэл нь хөөрчихсөн дагаад л босч харайгаад байсан. Би жуулчдын хэсэгт сууж байсан юм.
Энэ уг нь ямар ч спортод байдаг жишиг л дээ. Манай цагдаа нар харин бөөн бөөнөөрөө гүйж ирж зогсоод байсан. Яахав зарим хүн давалгааныг ашиглаад тэр үеэр Пүрэвдагва гэж орилолдож байснаас болж ингэж болгоомжилсон байх. Үнэндээ бол бүтэн цаг хүлээж залхсан үзэгчид өөрсдийгөө хөгжөөж байсан хэрэг л дээ. Ирэх жил дахиад давалгаа яваасай.
Харин нэг бодууштай нь цэц маш хурдан шийдвэрээ гаргаж байхгүй бол удах тусам хүмүүсийн цөс хөөрч байсныг мартаж боломгүй. Хаа очиж манайх цэнгэлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэхгүй юм даа. Германд хүмүүс хөлбөмбөг үзэхдээ пиво бариад л орилж байдаг.
Ямар ч байсан энэ жил наадам маань ч дэлхий дахины нэг жишгийг дагачих шиг боллоо. Оскар болж байхад хүн бүр л Ди Каприо нэг аваадхаасай, олон жил зүтгэлээ гээд байсан. Тэгсэн тэр авсан. Роналдог одоо нэг олон улсын цом аваасай гэж байсан, авсан. Леброныг одоо нэг түрүүлэх цаг нь болсон гэж байсан, түрүүлсэн. Санжаадамбыг удаан ноцолдлоо, юм дуулгах болсон доо гэж бүгд л ярьж байсан даа. Түрүүлээд аваргаа аваадахлаа.
Энэ жилийн наадам үргэлж яригдах сайхан наадам болсоон. Цэнгэлдэх дотроос наадамчид уухайн дуу хадааж байсан бол паркт залуус Silence white наадмаа хийн хөөр баяр болон хашгиралдаж байлаа. Наадмын үдэш хот маань тэр чигээрээ нүсэр чимээнд дарагдан өнгөрч байсныг одоо дурсах сайхан.
Дараа жилийн наадам Даанч хол байна даа.