ТАЙЛАНД руу ХЯМД ЗАРДЛААР аялсан тэмдэглэл

Сэтгүүлч А.Одонтуяа

2016-07-30 14:30 GMT+8

Та өдөр болгон хийдэг зүйлс, очдог газар, амьдардаг орчноосоо уйдаж, юунд ч юм бэ сэтгэл зовж, өөрийгөө стресст оруулаад байгаа юм биш биз?

Энэ бүх асуудлаас бүрмөсөн ангижирч, оюун бодлоо цэгцлэх, амьдралын өөр зорилготой болоход тань туслах хамгийн үр өгөөжтэй бөгөөд зугаатай арга зам бол АЯЛАЛ юм.

Бид танд гурван хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Улаанбаатар – Бээжин – Тайланд гэсэн маршрутаар нэг хүний 2 сая 300 мянган төгрөгөөр хэрхэн аялсан туршлагаа хуваалцъя. Бидний аяллын гол маршрут бол Тайланд улсын хамгийн том арал болох Пукет юм. 

Тайланд улс руу Монголчууд 30 хоног визгүй зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай.

Аялалд гарахаасаа өмнө та онгоцны тасалбар болон буудлаа захиалаарай. Мөн зорьсон газрынхаа талаар хангалттай мэдээлэл цуглуулаад, өдөр өдрийн аяллаа төлөвлөөд явбал цаг хугацаа болон зардлаа хэмнэнэ. 

Аяллын нийт зардал: 2 сая 300 мянган төгрөг (нэг хүний). Аяллын нийт хугацаа арван өдөр, есөн шөнө.

Зардлын нэр Багтах зүйлс Зардал Захиалах 
Унаа  Хоёр талдаа замын бүх зардлууд 1,100,000 төгрөг  Бээжин - Бангкок: 
chepoair.com
Бангкок - Пукет:
 nokair.com
Буудал Далайн эрэгтэй ойрхон, өглөөний цайтай,
үнэгүй интернеттэй, гурван ортой буудлын
гурван шөнийн төлбөр, онгоцны тосох, хүргэх
үйлчилгээ
150,000 төгрөг  booking.com
Үзвэр Хоёр арал руу явах завин аялал, 
Трансжендер хүмүүсийн кабарет шоу 
мөн зааны шоу, дэлхийн парк
390,000 төгрөг  pkktoursservice.com
Бусад Хоол, такси, автобус, ус, ундаа мөн бэлэг дурсгал 560,000 төгрөг  

Эхний өдөр: ГАЛТ ТЭРЭГ

Улаанбаатар - Замын Үүд чиглэлийн галт тэргэнд суух. Энэ галт тэрэг нь өдөр бүр Улаанбаатараас 17.30-д хөдөлнө. Үнийн хувьд: Нийтийн – 11,950, унтлагын - 21,900, тасалгаат – 34,000 төгрөг байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг ubtz.mn -с аваарай. 

Хоёр дахь өдөр: АВТОБУС

Өглөө 7:40-д Замын-Үүд хотод буугаад авто вокзалаас нь Замын-Үүд Бээжин чиглэлийн автобусанд сууна. Үнэ нь нэг талдаа 200 юань буюу 60,000 төгрөг. Харин буцах өдрөө тодорхойлсон бол хоёр талдаа 350 юань буюу 105,000 төгрөг байдаг. 

Ингээд автобустайгаа Монгол-Хятадын хилээр гарч Эрээн хотод очно. Эндээс та дэлгүүр болон захаар нь замдаа идэх хоол хүнсээ базаагаад тухайн шөнөдөө 02:00 цагийн үед Бээжин хотод ирнэ. Хүсвэл автобусандаа, харин тав тухаа бодвол ойролцоох буудалд 100-180 юань буюу 30-45 мянган төгрөгөөр хонох боломжтой. 

Гурав дахь өдөр: БЭЭЖИН ХОТЫН ДЭЛХИЙН ПАРК

Бээжин хотод Дэлхийн парк, усан парк, хүүхдийн парк, 798 арт гудамж, Хориотой хот, Цагаан хэрэм гэх мэт жуулчдын нүдийг хужирлах зүйлс чамгүй олон бий. Бидний хувьд орой 18:00 цагаас Бангкок хот руу нислэгтэй байсан тул Дэлхийн паркийг л үзэж амжсан. Дэлхийн парк руу орох тасалбарын үнэ 100 юань буюу 31,000 төгрөг байдаг. 

Нийт 46.7 га газрыг хамарсан энэ байгууламжаас та Ази, Африк, Европ, Хойд Америк мөн Өмнөд Америк тивийн онцлох барилга байгууламжаас гадна дэлхийн долоон гайхамшгийн жижиг хувилбаруудыг үзэх боломжтой. Паркийг бүтэн тойрч, бүх үзвэрийг үзэхэд дор хаяж хоёр цаг шаардагдана. 

Ингээд бид 18:00 цагт Бээжингийн онгоцны буудлаас Тайланд улсын нийслэл Бангкок хот руу хөдөллөө. Нислэг ойролцоогоор 5 цаг 20 минут үргэлжилдэг. Бид онгоцны тасалбараа cheapoair.com сайтаас урьдчилж захиалсан бөгөөд хоёр талдаа 750,000 төгрөг болсон. Сонирхуулахад дундаа зогсолттой нислэг нь үнийн хувьд 100-200 мянган төгрөгөөр хямд байдаг. 

Бангкок хот хоёр нисэх буудалтай. Олон улсын нисэх буудал нь Суварнабхуми (BKK) бол орон нутгийн нисэх буудал нь Дон Муан (DMK). Эдгээр нь хоорондоо 50 километрийн зайтай ба үнэгүй автобус өглөөний 05:00 цагаас оройны 24 цаг хүртэл явдаг. Бид үнэгүй автобуснаас хоцорсон тул Дон Муан нисэх буудал руу 700 бат буюу 48,000 төгрөгөөр таксидсан. Нэг бат 65 төгрөгтэй тэнцэнэ. Энэ мэт мөнгөний хэрэг гарах тул та Монголоос бага хэмжээний бат солиулж авч яваарай. Харин гадаадад мөнгө солиулахдаа онгоцны буудлын валют арилжааны цэгүүдээс татгалзаж байгаарай. 

Дөрөв дэх өдөр: ПУКЕТ АРЛЫН ДАЛАЙН ЭРЭГ

Бид Пукетэд өглөөний 08:00 цагт буулаа. Онгоцны тасалбараа Тайландын нислэгийн компани болох nokair.com сайтаас урьдчилж захиалсан ба үнийн хувьд хоёр талдаа 90 доллар буюу 180 мянган төгрөг болсон. Азийн орнуудын хот хоорондын нислэг маш хямд байдаг нь авууштай. 

Пукет бол Андаманы тэнгис дэх Тайландын баруун эрэгт оршдог аймаг ба Пукет болон бусад жижиг 32 арлуудаас бүрддэг. Жилийн дундаж температур нь 32 хэм, чийглэг уур амьсгалтай. Хуурай буюу хүйтний улирал нь арванхоёроос гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үлдсэн найман сар нь халууны буюу борооны улирал байдаг. 

Бид Пукетэд 08:00 цагт буулаа. Монголоос booking.com-р дамжуулан буудлаа захиалсан. Харин онгоцны тосох болон хүргэх үйлчилгээ 1600 бат буюу 105,000 төгрөг болно. 

Бид Phuket Island View хэмээх далайн эрэгтэй ойрхон, өглөөний цай, үнэгүй интернет, усан сантай буудалд буусан. Дайлан эрэг дээр далайн давлагаан дээр гулгах, завинаас чирэгдэж шүхрээр нисэх гэх мэт олон сонирхолтой зүйлс хийх боломжтой. 

Орой нь бид Simon Cabaret Show хэмээх трансжендер хүмүүсийн тоглолтыг үзсэн. Сонирхуулахад тоглолтын дараа тэдэнтэй 200 бат буюу 12,000 төгрөгөөр зураг авахуулдаг. Харин тоглолт өдөрт хоёр удаа болдог ба тасалбар нь 700 бат буюу 45,500 төгрөг. 

Пукетэд 19 цаг гэхэд харанхуй болчихдог тул далай руу очих боломжгүй. Энэ үеэр та буудлынхаа ойролцоо гудамжаар хэсэж далайн хоол туршиж болно. Хоолны үнэ нь 100-400 бат буюу 6000-24,000 төгрөг. Дашрамд дурдахад, Тайланд бол жуулчдын хувьд хамгийн аюулгүй хот бөгөөд шөнийн цагаар явахад нисдэг жоомноос өөр айх аюулгүй газар байна лээ. 

Тав дахь өдөр: ПИ ПИ АРЛЫН ТОМ ЗАВЬТАЙ АЯЛАЛ

Энэ өдөр бид Пукетын хамгийн том арал болох Пи Пи арал руу том завьтай аялсан. Энэ аялал нь нэг хүний 900 бат буюу 48,000 төгрөг. Үүнд: буудлаас авах, хүргэх үйлчилгээ, Англи хэлтэй хөтөч, шумбах үед хэрэглэгдэх зүйлс болон өдрийн хоол багтдаг. Арал дээр очоод та өөрийн сонголтоор далай руу шумбах эсвэл далайн эрэг дээр очиж сэлж болно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг гарах ба энэ үеэр та худалдааны гудамжаар зочилж бэлэг дурсгалын зүйлс худалдан аваарай. Харин худалдан авалт хийхдээ заавал хэлсэн үнийг нь last price хэмээн буулгаж байхыг зөвлөе.

Орой нь бид Тай массажинд орсон. Пукетэд та алхам тутамдаа Тай массажны газар, шивээсний газартай таарна. Нэг цаг үргэлжлэх уламжлалт Тай массаж нь 300 бат буюу 18,000 төгрөг байдаг. Уламжлалт тай массажнаас гадна хөлний, тосон, савангийн хөөстэй, тайвшруулах массаж гэх зэрэг олон төрөл бий. Уламжлалт тай массаж нь булчигууд суллаж, шар ус тараах зорилготой. Манай уламжлалт бариа засалтай тун төстэй. 

Зургаа дахь өдөр: ЖЭЙМС БОНД АРАЛ

Жэймс Бонд арал нь Пукетийн зүүн хойд хэсэгт байрладаг. Алдарт Жэймс Бонд цувралын The Man with the Golden Gun ангийн зураг авалтын хийсэн учраас ингэж нэрлэжээ. Энд хийлдэг завиар сарьсан багваахайн арал руу аялж, чөлөөт цагаараа далайд сэлж мөн арлаас худалдан авалт хийх боломжтой. Энэ аялал нь өдрийн хоол болон бусад үйлчилгээ багтаад 1300 бат буюу 80,000 төгрөг болно. 

Орой нь бид Fantasea шөнийн парк руу зочилж зааны үзүүлбэртэй Тайланд соёлын тоглолт үзсэн. Энэ парк нь дотроо 3000 хүний суудалтай театр, 4000 хүний багтаамжтай ресторан мөн олон дэлгүүртэй. Тасалбарын хувьд 2000 бат буюу 130,000 төгрөгөөс эхлэнэ. Мөн энд та заан унах, заан болон бартай зураг авхуулах боломжтой. Паркийг бүхэлд нь үзэж дуусгахад дор хаяж нэг цаг шаардагдана. 

Ингээд бидний Тайландын вант улсаар аялсан аялал өндөрлөлөө. Буцах маршрут ирсэнтэйгээ яг ижил. Хэрэв та дээрх маршрутын дагуу аялахаар төлөвлөж байгаа бол гурав хоног хангалтгүй гэдгийг санаарай. Бидэнд үзэж, харж амжилгүй орхисон олон зүйл үлдсэн. 

Жич: Камер, усны хувцас, нарны тосоо мартуузай. 

Жичийн жич: Зургийг гар утасны камераар авсан тул чанарын шаардлага хангахгүй байгаад хүлцэл өчье. 

1 | 3 фото
1
1
1

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Намуудын нэр дэвшүүлэх дүрэм таны сонголтод нөлөөлдөг үү?
Нийт 77 санал өгсөн байна.

Дээшээ