Ц.Саруул: Монголд анхны хэм алдалтын мэс ажилбарыг хийхдээ уйлах шахан догдолсон
Г.Одгарав Сэтгүүлч

Өндөр хөгжилтэй оронд өндөр өртөгтэй Зүрхний хэм алдалтын эмчилгээг эх орондоо хамгийн анх удаа хямд зардлаар хийж буй мэс заслын эмч Ц.Саруулыг “Монгол бахархал” буланд урилаа.

Одоогоос хоёр жилийн өмнө нийтэлсэн Ц.Саруул: Миний дурлаж хийсэн ажил болохоор бага цалинтай ч Монголдоо ажиллана хэмээх ярилцлагыг уншигч та санаж байгаа байх.

Үг хэл нь шулуухан, үйлдэл явдал нь түргэн докторант эмч Ц.Саруултай Солонгосын Анам эмнэлгийн Зүрх судасны төвд мэс заслын эмч хийж байхад нь танилцаж билээ. Тус төвд ажиллаж байгаа цор ганц эмэгтэй эмч гэдгээр нь бахархан чин сэтгэлийнх нь дуу хоолойг сонсож байсан нь саяхан мэт.

Гэтэл зургаан сарын өмнө түүнийг Монголдоо хамгийн анхны хэм алдалтын мэс ажилбар хийснийг дуулав. Өмнө нь хийсэн ярилцлагаа санан сэтгэлд баяр төрснийг нуух юун.

Ц.Саруул хэлсэндээ хүрсэн... Түүгээр ч барахгүй өмнө нь эмчилгээгүй гэгддэг байсан хэм алдалтын өвчнийг Монголдоо эмчилж эхэлсэн нь сэтгүүлч миний хөөрсөн нэг шалтгаан байв. Иргэд өвчнөө эдгээхийн тулд 20-40 сая вон төлж холын өндөр хөгжилтэй орныг зорьдог байсан бол өнөөдөр 3.5 сая төгрөгөөр эх орондоо эмчлүүлэх боломжтой болжээ.

Монголоо гололгүй, харийн орноос хуримтлуулсан мэдлэг туршлага энд үйл хэрэг болгож буй эмч Ц.Саруулыг “Монгол бахархал” буланд урилаа. Шунхдаагүй нүүр, эргэлдсэн тунгалаг нүд, эвийг нь олж боосон үс... Эртний танил энэ төрх эгэл гэдгийг тодорхойлно.

Хэм алдалтын тоног төхөөрөмжийг Монголд суурилуулах гэж
байгааг сонсоод шууд л буцах шийдвэрийг гаргасан

“Анам” эмнэлэгт хийсэн ярилцлагаас хойш хоёр жил өнгөрчээ. Тухайн үед Монголдоо ажиллана гэж хэлсэн амлалтдаа хүрч өнөөдөр эх орондоо ирсэн байна?

Ирээд зургаан сар болж байна. Яг үнэнийг хэлэхэд анх ирэхэд цаг агаар, орчин шууд өөрчлөгдөөд дасан зохицоход бага зэрэг хэцүү байлаа. Тэнд ажиллаж байгаад ямар ч амралтгүйгээр энд ажлаа үргэлжлүүлсэн учраас их ядарсан. Бас эргэн тойрон дахь хүмүүс ихэд сонжсон байдалтайгаар хандсанд нь эмзэглэсэн. Тиймээс гурав, дөрөвдүгээр сарын үед хэрэггүй ирэв үү дээ гэж харамсаж гаргасан шийдвэртээ үе үе эргэлзэж байлаа. Харин одоо тэр бүхнийхээ ард гараад, хамт олныхоо уур амьсгалд нэгдсэн учраас сайхан байна аа. Эргээд бодоход ялих шалихгүй зүйлд л бачуурч байжээ.

Энд ирээд хийсэн таны хамгийн том ажил бол Монголд анх удаагаа хэм алдалтын мэс ажилбарыг хийсэн явдал. Угаас Зүрхний хэм алдалтын төвийг нээнэ гэж төлөвлөсөн үү, эсвэл тохироо бүрдэв үү?

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Монголд түр хугацаагаар ирэхэд гуравдугаар эмнэлгийн нэг эмч Хэм алдалтын төв байгуулах гэж буйг, есдүгээр сард тоног төхөөрөмжүүдийг нь оруулж ирнэ гэдгийг дуулгасан. Тэгээд арваннэгдүгээр сард Солонгосоос холбогдоход хэм алдалтын тоног төхөөрөмжийг Монголд суурилуулах гэж байгааг сонсоод шууд л буцах шийдвэрийг гаргасан.

Шинэ эмчилгээ, технологийг Монголд нэвтрүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв?

Миний хувьд тэр тал дээр ямар нэгэн бэрхшээл гараагүй ээ. Учир нь Нэгдсэн гуравдугаар эмнэлэг шинэ эмчилгээ, технологи нэвтрүүлэх гэж байгаа утгаараа дарга удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилчид нь их дэмжсэн. Харин өвчтөнүүдтэй ойлголцоход бага зэрэг хүндрэлтэй байлаа. Шалтгааныг нь би ойлгоод л байгаа. Тэднийг буруутгах аргагүй. Өвчиндөө шаналсан хүмүүс энэ эмчилгээг өчнөөн жил хүлээсэн шүү дээ. Тэгэхээр хэн ч түрүүлж хагалгаанд орохыг хүснэ.

Үзүүлэхээр хандсан хүмүүс урт дугаарлалт үүсгээд байгаа юу?

Арваннэгдүгээр сарын 1-н хүртэл бичсэн байгаа. Учир нь хоёр эмчээ мэргэшүүлэхээр зургаан сарын сургалтад явуулчихсан. Уг нь хэм алдалтын сургалт урт хугацааных байдаг. Үүний араас компьютер дээр суудаг хоёр мэргэжилтнээ бэлтгэхээр сургалтад явуулна. Тиймээс ганцаараа ажиллах болчихно. Гэтэл энэ хагалгааг ганцаараа бус багаараа хийдэг. Стандартаараа бол 10-аад эмч ажиллах ёстой. Удахгүй гурвуулаа болно.

Монголд хамгийн анх хэм алдалтын мэс ажилбарыг хийсэн багийнхан...

“Надаас өөр энийг хийх хүн байхгүй учраас чадах ёстой”
гэж өөрийгөө хурцалсан

Зүрхний хэм алдалтын хагалгааг энгийн үгээр тайлбарлахгүй юу?

Судсан дотор хийдэг ажилбар. Тэгэхээр шууд мэс засал гэж хэлж болохгүй. Элдэв шарх сорви үлдэхгүй. Хатгалтын таван ширхэг л оромтой түүгээр дамжуулан ажилбараа хийнэ. Үүнийг хийхэд ихээхэн туршлага хуримтлуулах шаардлагатай. Бас олон цагаар төвлөрч зогсоход тэсвэр тэвчээр хэрэгтэй л дээ. Шинэ технологи гэдэг утгаараа зөвхөн гар биш компьютер дээр харагдах зүрхний сэрлүүдийг хурдан хугацаанд олоод ажилбараа хийх нь чухал байдаг. Хараа, сэтгэхүй их шаардсан ажил. 

Хэр ядарч байна. Эмэгтэй хүн мэс заслын ширээний ард удаан хугацаагаар зогсох амаргүй даваа байх?

Ачаалал их, дээр нь ганцаараа удаан зогсохоор их ядардаг. Өнгөрсөн пүрэв гаригт хоёр хагалгаанд орсон. Эхнийх нь их хүнд байсан. Олон жил зүрхнийх нь хэм алдсан их хүнд өвчтөн байсан. Шөнийн 01.00 цаг хүртэл ганцаараа зогссон. Маргааш нь бие булгарчихсан, хамаг бие өвдсөн. Солонгост бол нэг эмч удаан хугацаагаар зогсдоггүй. Удаан хугацааны хагалгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохоор ээлжлээд л хийдэг. Одоогоор хоёр эмчийгээ тэсэн ядан хүлээж сууна.

Хамгийн удаан хугацаанд хийсэн ажилбар хэзээ байв?

Солонгост байхад 14 цаг үргэлжилсэн хагалгаанд орж байсан. Тэр хагалгаанаас гарсны дараа биеэ мэдрэхгүй, тэгтлээ ядарсан байв. Байнга суугаа ажил хийдэг хүмүүс удаан зогсож чаддаггүй юм. Тиймээс бид үргэлж спортоор хичээллэж гүйж алхаж хөдөлгөөнтэй байх шаардлагатай. Ер нь сулхан биетэй бол барахгүй ажил.

Ядрах нь аргагүй байх аа. Рентген туяанаас хамгаалах хантааз гэхэд л их хүнд юм байна лээ?

Тийм ээ. 11 кг орчим жинтэй байдаг.

Монголд ирээд ажил мэргэжлээсээ юуг хамгийн ихээр ойлгов?

Нэг чухал зүйл байдгийг Монголд ирээд мэдсэн. Солонгост профессорын хажууд их тайван байж. Би энийг чадахгүй бол профессор хийчихнэ гэсэн тайвшралтай, юунд ч үл санаа зовно. Гэтэл Монголд ирсэн чинь бүхнийг бие дааж хийх шаардлага тулгарсан. “Надаас өөр энийг хийх хүн байхгүй учраас чадах ёстой” гэж өөрийгөө хурцалсан. Энэ бодол нь хүнд их ачаа болдог юм билээ.

Хүн ер нь сэтгэл зүйгээрээ их ядардаг юм шиг?

Монголд ирээд хэд хэдэн хүнд өвчтөнүүдэд хагалгаа хийхдээ их хариуцлага үүрч байгаагаа ухаарсан.

Та Солонгост хэр удсан билээ?

Зургаан жил сурсан. Солонгосчууд хэм алдалтынхаа мэргэжилтнүүдийг өндөр шалгуураар бэлтгэдэг. Монголд чадлынхаа хэрээр зөв сууриа тавьж цаашаа аваад явах юмсан гэж бодож байна.

Цалингийн их багад хэзээ ч санаа зовж байгаагүй.
Байгаадаа л сэтгэл ханахыг хичээдэг

Төв нээлтээ хийснээс хойш хэчнээн хүнд мэс ажилбар хийсэн бэ?

Ирснээсээ хойш хоёрдугаар сард 18-нд Зүрхний хэм алдалтын төвийнхөө нээлтийг хийсэн. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ учраас гурван сайдын тушаал батлагдаж, тендерээр хагалгааны тоног төхөөрөмжөө оруулж ирэх гэсээр байтал долдугаар сар гарчихсан юм. Тэгээд долдугаар сарын 18-аас хойш 14 өвчтөнд хагалгаагаа хийж эхэлсэн байна. Ирэх долоо хоногт 15 хагалгаанд орох гээд л бэлтгээд сууж байна. Тэгэхээр 10 сар гэхэд 30 орчихсон байх болов уу. Одоогоор долоо хоногт хоёр удаа мэс ажилбар хийж байна.

Харьд сурсан мэдлэгээ Монголдоо хэрэгжүүлж хамгийн анхны хэм алдалтын хагалгааг эх орондоо хийж байна гэхээр сэтгэлд их өег байсан байх даа?

Заримдаа хагалгаанд орох үед нэг зүйлдээ хэт анхаарал хандуулаад уусаад орчихдог юм. Гэтэл энд ирчихээд анхны хагалгаагаа хийж байхад яг л тийм байдалд орчихсон зогсож байв. Солонгост байгаа шигээ санаад л ажилбараа үргэлжлүүлж байснаа гэнэт цочиж хараад “Би нээрээ Монголд байгаа бил үү” гэж бодсон. Яагаад ч юм тэр мэдрэмж их гоё байлаа. Солонгост хийж байсан хагалгаагаа эх орондоо ирчихсэн хийж байна гэхээр их сайхан санагдсан.

Гэхдээ хүний амьдрал л хойно Солонгос дахь ажлын орчин, цалин хөлсийг Монголтойгоо харьцуулж сэтгэл дундуур байх үе гарч байсан уу?

Би баян хүн биш. Баян биш гэдгийг чи манай гэрт ирээд харсан биз дээ. Нөхөр бид хоёр дундаж амьдралтай. Хүнээс гуйхгүй байгаагаараа болгоод л амьдарч байна. Яагаад ч юм цалингийн их багад хэзээ ч санаа зовж байгаагүй. Байгаадаа л сэтгэл ханахыг хичээдэг.

Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эх орондоо хямд зардлаар эмчлэх боломжтой болсон нь олзуурхмаар санагдсан…

Эрүүл мэндийн яам, Засгийн газар хүмүүсийн эрүүл мэндэд оруулж буй том хувь нэмэр. Өмнө нь хэм алдалтын эмчилгээг хийлгэх гэж боломжтой хүмүүс нь л гадагшаа явдаг байсан. Боломжгүй хүмүүс нь “эмчилгээгүй гэнэ ээ” гээд л эвлэрэх жишээтэй. Солонгост зүрхний хэм алдагдлыг хамгийн багадаа 20 сая вонноор эмчилнэ. Энэ өртөг бол зөвхөн хэм алдагдлын ажилбарын л үнэ. Түүнээс биш оношлогоо бусад зардал ороогүй. Харин Монголд хэм алдагдлын төв байгуулагдсанаар иргэд үүнээс хэд дахин хямд үнээр эх орондоо хагалгаа хийлгэх боломжтой болж байна. Гурван сайдын тушаалаар эрүүл мэндийн даатгалаас 70 орчим хувийг нь хөнгөлж байгаа. Тэгэхээр 3.5 сая орчим төгрөгөөр эмчлүүлэх нь. Цаашид баг бүрдээд ирэхээр хүнд өвчтөнүүдэд хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол маш хямд өртөгөөр хийж буй ажилбар юм. Солонгост хамгийн үнэтэй ажилбарууд 40, 50 сая воннд хүрдэг. 

Өмнө нь эрүүл мэндийн салбарын талаар багагүй шүүмжлэлтэй хандсан. Энд ирээд элдэв дарамттай учраагүй биз?

Ямар ч асуудал алга. Эмнэлгийн захиргаа, эмч нар надад үнэхээр их тусалж байна. Олон хүний тусламж дэмжлэгээр өнөөдрийг хүрлээ.

1 | 4 фото
1
1
1
1

Намайг чамлаж байсан профессор маань докторын ажил хамгаалсны дараа гайхалтай хүндэтгэлийг үзүүлсэн

Та Анам эмнэлгийн Зүрх судасны төвд ажиллаж байсан цор ганц эмэгтэй эмч. Эцгийн эрх ноёлсон Солонгос улсад хүлээн зөвшөөрөгдөх амаргүй л байсан байх. Эмэгтэй хүн гэдэг утгаар нь чамлах тохиолдол байсан уу?
Байнга л гарна. Үзэж тарна. Солонгосчууд европын орнуудтай харьцуулахад эмэгтэй хүнийг дарсхийж харьцдаг. Манай профессор яг л тэр жишгээр надад ханддаг байв. Эхэндээ их сонин санагдана. Сүүлдээ тоохоо ч байсан, бүр гуньж гутрахаа ч больж дассан.

Гэтэл “чангалаад” байсан өнөөх профессор таныг докторын диплом хамгаалахад өмнө нь шавь нартаа үзүүлж байгаагүй хүндэтгэлийг үзүүлсэн гэсэн биз дээ?
Би чадлынхаа хэрээр л зүтгэсэн. Гэтэл доктороо хамгаалсны дараа тэрбээр Солонгосын нэр хүндтэй газар ёслолын ажиллагааг зохион байгуулж, надад болор дээр шигтгэсэн диплом гардуулсан. Өмнө нь хэнд ч энэ мэт ёсорхож, болор диплом өгч байгаагүй юм билээ.

Хамт ажиллаж, сурч байсан Солонгос эмч нар үүнийг хэрхэн хүлээн авсан нь сонин байна?
Одоо болтол тэдний мэнчийтэл улайсан царайг мартдаггүй юм. Анх намайг очиход “Чи яаж чаддаг юм" гэсэн хандлага гаргаж байсан тэдгээр хүнд өөрийнхөө чадвар чансааг харуулж чадсандаа их баяртай байсан.

Профессор тань Монгол руу буцах болсон мэдээг сонсоод хэрхэн хүлээж авав?
“Яагаад” гээд нүдээ их том бүлтийлгэсэн. Цуг ажилладаг эмч нар маань намайг “тэнэг” гэсэн харцаар харсан. “Яагаад буцах гэж байгаа юм” гэж зарим нь шууд асуусан. Бүр итгэж чадахгүй, харамсаж байлаа. Учир нь тэр үед надад Америкт ажиллах урилга ирсэн байв. Гэтэл Америк бус Монгол руу буцаж байгаад бүгд л гайхсан байх аа.

Аливааг цагт нь хий. Заавал төгс хийх гэж битгий чармай

Ажил дээр өөрт баримталдаг зарчим юу вэ?
Ер нь би аливааг хийхдээ дараа нь харамсахгүйг л хичээдэг. Ялангуяа хагалгаанд орж байхдаа энэ бодол хамгийн их төрнө. Аливааг төгс хийх гэж оролдох нь хүнийг стресст оруулдаг юм билээ. Америкт байхад эмч нарт зориулсан стрессээс зайлсхийх зөвлөмжийг уншлаа. Аливааг цагт нь хий. Заавал төгс хийх гэж битгий чармай гэсэн байсан. Цагт нь л ажиллахад хангалттай байгаа юм. Хэт төгс төгөлдөр хийх гэвэл чи өөрөө л зовно. Тэгэхээр аливаа зүйлийн цаг хугацаа гэж их чухал юм шиг.

“Яах гэж энэ мэргэжлийг сонгов доо” гэж мэргэжилдээ шантарсан үе байв уу?
Байсан. Тэр үеэ эргээд санахаар яасан ч сэтгэлийн хатгүй байсан юм бэ дээ гэж боддог.

Мэс заслын эмч нар бол үхэл амьдралтай үргэлж л тэмцэлддэг байх. Тэр бүхний дараа юу бодогддог вэ?
Зарим үед сэтгэлд үнэхээр хүнд байдаг. Өөр тохиолдолд чадах бүхнээ хийсэн дээ л гэж бодно. Ихэнхдээ хүнд асуудал гарсны дараа өөрийгөө чамладаг. Миний мэдлэг, чадвар дутлаа гэсэн харамсал өөрийн эрхгүй төрнө. Өвчтөн болгон минь надад шинэ сургууль болдог. Бүгд адилхан тохиолдол гэж хэзээ ч байдаггүй.

Эмчийн хувьд аз жаргал гэгч нь…?
Эдгээд инээгээд явж байгаа өвчтөнөө харах хамгийн сайхан.

Ингээд л бодохоор сэтгэлийн хатгүйгээр эмч болоход хэцүү юм шиг. Би л хувьдаа өөрийгөө чадахгүй гэж боддог юм?
Хүн бүхэн өөрийгөө чамладаг юм шиг байна лээ. Өөрт байгаа чадвар, нөөц бололцоогоо зөвөөр дүгнэж чаддаггүй. Гэтэл зарим нь өөрийгөө хэт дөвийлгөж дүгнэнэ. Үлдсэн хэсэг нь өөрийгөө доогуур үнэлдэг. Хэт дөвийлгөснөөс дутуу байсан нь дээр. Тулаад ирэхээр чи юуг даван туулж чадахаа мэдэхгүй. Чи өөрийгөө тийм сорилтод оруулж байгаагүй л хэрэг.

Хүн эрүүл саруул, хүссэн ажлаа хийгээд
тайван сайхан гэр бүлтэй байхад бусад нь асуудал биш

Заримдаа амьдралд давж чадахгүй гэж бодсон даваагаа нэг мэдэхнээ л давчихсан байдаг…?

Тэр чинь цаг хугацаа. Өнөөдөр хэцүү байна гээд зөнд нь орхитол нэг л мэдэхэд ард нь гарсан байдаг. Яагаад гэвэл цаг хугацаа урсаад л тэр асуудлыг эвтэйхнээр зохицуулчихдаг. 

Таныг өвчтөнүүд, эргэн тойрныхонтойгоо төвөггүйхэн харилцаж байгааг харахаар их уцаар багатай, тайван хүн шиг санагдсан. Ажлын ачааллаас үл хамаарч яаж амгалан байж чаддаг юм бэ?

Бухимдалтай үе надад байсан. Ялихгүй зүйлийг томруулж хараад түүндээ сүр болно. Ялаан чинээ зүйлийг уулын чинээ болгоод л... Сүүлд өөрийнхөө болоод хүмүүсийн амьдралыг хараад ингэж бодсон. Хүн нэгдүгээрт эрүүл байгаад хоёрдугаарт хүссэн ажлаа хийгээд тайван сайхан гэр бүлтэй байхад бусад нь тийм ч асуудал биш юм байна гэдгийг ойлгосон.

Зовлон таныхаар юу вэ?

Өвчин, хагацал юм уу даа. Бусад нь бол зовлон биш ээ. Хүн хэчнээн хүсэл мөрөөдөлтэй байгаад, ихийг бүтээхийг зорьсон ч өвчин түүнийг ортой нь хадаж чадна. Хоёрдугаарт хагацал. Хэчнээн хайртай байгаад нэгэнт алдчихвал насанд туршдаа зүүдэндээ л харж амьдарна. Бусад нь цаг хугацааны эрхээр шийдэгдчихнэ. Буруу ч бодож магад. Арван жилийн дараа өөр зүйл ярихыг үгүйсгэхгүй.

Залуу бас амжилттай яваа хүний хувьд атаа жөтөө, хов живэнд хэр мэдрэмжтэй ханддаг вэ. Эмзэглэдэг үү?

Магтахаар нь ашгүй дээ гэж бодоод, муулахаар нь би энэ хүний ямар эрх ашгийг нь хөндчихөв өө гээд гайхдаг. Харин тодорхой хэдэн хүний үгийг өөртөө тусгаж авна. Тухайн үедээ хүлээж авахгүй ч ганцаараа байхдаа бодно. Бусдыг нь чихний хажуугаар өнгөрөөдөг. Ер нь магтуулснаас загнуулсан нь дээр. Магтах тусам хүн гэдийгээд эхэлнэ. Ер нь загнаж шүүмжлүүллээ гээд гуньж гутраад байдаггүй. Ихэнхдээ яагаад ингээд байгаа шалтгааныг нь ухахыг хичээдэг. Түүнээс стресс болгодоггүй. Монголд ирээд л ажиглаж байна. Хүмүүс ялих шалихгүй зүйлийг стресс болгон хүлээж аваад л түүнийгээ бухимдал болгон гаргадаг. Би өвчтөнүүддээ “Хувь хүний стресс хувь хүнээс шууд хамаарна. Та л өөрийгөө стрессээс хамгаалж чадна. Өөр хэн ч чадахгүй. Бурхны сургаал бүр ч үгүй” гэдэг. Тиймээс хүн өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй.

Профессор шигээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч болохсон...

Зарим мундаг эмч олонд танигдаад ирмэгцээ эмчийнхээ ажлаас өөр зүйл рүү дурлаж улс төр, удирдах албан тушаал хөөцөлдөж эхэлдэг. Эмч хүн өөрийнхөө мэдлэг чадварыг бусдын эрүүл мэндийн төлөө зориулаасай гэж хувиасаа хүсдэг…
Би профессор шигээ л хүн болохыг хүсдэг. Ким Ён Хүн хэмээх манай профессор бол зүрхний хэм алдалтын эмчилгээг Солонгос улсад хамгийн анх хийж эхэлсэн хүн. Тэрбээр Хятадад хэм алдалтын анхны төвийг байгуулсан. Өөр улсад эхлэлийг тавьж чадахгүй юм аа гэхэд профессор шигээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэм алдалтын эмч болох юмсан гэж боддог. Бидний хэн нь ч хөгширнө. Тэр үед өнгөрсөн амьдралаа эргээд харахад би үүнийг хийсэн шүү гэж өөртөө өег байхыг хүсэж байна. 

­Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, амжилттай яваа хүмүүсийн нийтлэг давуу тал юу байдаг бол?
Маш тайван хүмүүс байдаг. Тэд аливааг эерэгээр хүлээж авдаг. Юуг ч хүндээр тусгаж авч өөрийгөө зовоодоггүй. Шаргуу хөдөлмөрлөдөг, тэвчээртэй чанар тэдэнд бий. Хүн хэчнээн доромжилж байсан огтхон ч сэтгэл хөдлөлд автахгүй ажиглаад л зогсож байдаг.

Эмч хүн хариуцлагатай, үнэнч, бусдын төлөө сэтгэлтэй байх ёстой гээд маш олон зүйлийг нэрлэж болж байна. Харин таныхаар зайлшгүй байх чанар гэвэл юуг хэлэх вэ?
Хүсэл эрмэлзэл… Чин сэтгэлээсээ хүсэж байгаа л бол үүн рүү ор гэж залуучуудад хэлдэг юм. Түүнээс бус хөөрсөн сэтгэлээр хандвал удаан тэсэхгүй гэдэг. Ер нь би хүнийг гаднаас нь ажиглах их дуртай. Хүн өөрийнхөө юу хүсэж байгаагаа мэдэхээ байсан үе юм болов уу гэж боддог. Нүүр хуудас, нийгмийн сүлжээ, зурагт, радио гээд тэднийг сарниулах өч төчнөөн зүйл байна. Тиймээс хүн юу хүсээд байгаагаа мэдэхээ байчихдаг. Өөрийнхөө чин хүсэл, мөрөөдлийг сонсож, юуг хүсээд байгаагаа мэдэх хэрэгтэй.

Ц.Саруул эмчтэй уулзахад тэрбээр намайг гэртээ урьсан юм. Даруухан хүрээ бүхий жаазтай гэр бүлийн зургууд, гялгар хар өнгийн төгөлдөр хуур, цэмцийтэл өрсөн номын тавиур хамгийн түрүүнд нүднээ тусав. Мөн ээжийнхээ барааг хармагц хөөрч элдвийг шулганах түүний хүү үнэхээр өхөөрдөм бас уйдамгүй...


 

Сайн гэр бүлд төрж, сайн хүнтэй ханилж, сайн багштай учрах нь л хамгийн дээд хувь

Тантай уулзахын тулд их хүлээлээ. Ажлын байран дээрээ бол та их эрэлттэй хүн юм аа. Зогсоо зайгүй ажилтай байх нь танд заримдаа хэцүү санагддаг уу?
Би Солонгост байхад бүх зүйлийг хөнгөнөөр хүлээн аваад сурчихсан. Бухимдах үе мэдээж байна. Гэхдээ тэр болгоныг өөртөө хүндээр тусгаж авбал дарамт болно. Тиймээс зүгээр л мартчихдаг. Гэртээ ирээд бүх асуудлаа хаалганы цаана үлдээдэг. Чи харж байгаа биз дээ. Миний хүү бол хэзээ ч намайг уйдаахгүй. (Инээв) Ингээд л бодохоор хүний амьдралд хамгийн чухал нь гэр бүл. Өөрөөр хэлбэл миний амьдралын утга учир бол нөхөр, хүүхдүүд.

Таныг ханийхаа талаар ярих их сонирхолтой байгааг анзаарлаа… Таасан уу?
Хүний амьдралд гурван удаа л аз тохиоход хангалттай гэнэ. Өөрөөр хэлбэл сайн гэр бүлд төрж, сайн хүнтэй ханилж, сайн багштай учрах нь л хамгийн дээд хувь байдаг аж. Миний хувьд сайхан гэр бүлд өссөн. Өдий болтол өсгөөд, боловсрол эзэмшүүлж өгсөн ээж, аавдаа талархаж явдаг юм. Манай ээж жаахан байхад ингэж хэлдэг байлаа. “Толгойдоо одоо л мэдлэг хийж ав. Толгой дахь мэдлэгийг хэн ч булааж авч чадахгүй. Тиймээс юм л сур” гэнэ. Эхэндээ шахалтаар сурч байсан бол сүүлдээ өөрөө дурлаж сонирхох болсон. Сайн эцэг эхийн буянд өдий зэрэгтээ явна. Амьдралд минь тохиосон хоёр дахь бэлэг бол миний хань. Солонгост тэр минь дэргэд байгаагүй бол би тэр бүхнийг давж гарч чадахгүй байлаа. Тэнд маш их дарамт шахалт ихтэй хүнд давааг нөхрийнхөө тусламжтайгаар л давсан.

Цаг наргүй ажиллах эмч хүний ар талыг дааж явна гэдэг нөхрөөс их тэсвэр тэвчээр шаарддаг байх даа?
Тийм шүү. Манай хадам ээж эмч хүн байсан болохоор хань минь эмч хүний зовлонг ойлгоно. Тиймээс намайг их ойлгож дэмждэг. Мэдээж хааяа хэцүү л санагддаг байх. Эхнэр нь өглөө 07.00 цагт яваад шөнийн 01.00 цагт хагалгаатай гээд ирээгүй л байдаг. Тэгснээ жижүүртэй гээд амралтын өдрүүдэд бас олддоггүй. Энэ бүхнийг минь ойлгоод тусалж дэмждэгт нь их баярладаг.

-Хүнд хэцүү үедээ нөхөртөө их уйлна биз?
-Тэгнэ ш дээ. Солонгост байхдаа хааяа уйлаад л харина. Нөхөртөө гомдоллож хамгаа ярьж уйлж байгаад тайвшраад унтаад өгнө. Заримдаа гадагшаа удаан хугацаагаар явчихаар их үгүйлнэ. Түүний минь нөмөр нөөлөг их ээ.

Долоо хоног хаа нэгтээ очоод хэвтээд үз. Хорвоо дэлхий чамгүйгээр эргэх нь үү хар

Шударга бус зүйлийн хажуугаар нүдээ аниад өнгөрч чадах уу?
Чаддаггүй юм аа. Тэсэхгүй хэлчихдэг. Тэгээд ад болно. Шулуухан байсан нь амар. Хүн хэд насална гэж бусдад таалагдах гэж манжлах ёстой юм. 150 наслахгүй. Хамгийн ихдээ л 80 насална биз дээ. Тиймээс яахаараа би хэсэг хүмүүст таалагдахын тулд би биш өөр хүний дүрийг эсгэх ёстой юм. Адлуулаад ч хамаагүй үнэнийг хэлчихдэг. Богинохон амьдралыг хэнд аятайхан харагдаж, дуугүй өнгөрөөх ёстой гэж. Миний л амьдрал шүү дээ.

Бусдын хандлага, биеэ авч яваа байдлаас хамгийн их хүлцэж чаддаггүй нь юу вэ?
“Би шилдэг нь” гэх хандлага таалагддаггүй. Өөрийгөө ертөнцийн төв гээд итгэчихсэн хүмүүс их сонин санагддаг. Тэр хүн байхгүй л бол хорвоо ертөнц эргэхээ байчихсан юм шиг аливаад ханддаг хүмүүсийг ойлгодоггүй. Тийм хүмүүст зориулсан гоё зөвлөгөө байдаг. Долоо хоног хаа нэгтээ очоод хэвтээд үз. Хорвоо дэлхий чамгүйгээр эргэх нь үү хар. Дэлхий чамтай чамгүй эргэсээр байх болно. Өөрөөр хэлбэл чи нэг газрын чухал хэсэг гэж бодож байгаа бол хэсэг тэр газраас хөндийрөөд үз. Тэгээд чамтай чамгүй тухайн газар хэрхэн явахыг хараарай гэж байгаа юм.

Хамгийн сүүлд хэзээ баярлав?
За байз хэзээ хамгийн сүүлд баярласан юм бол доо... Ямар ч байсан хэм алдагдлын төв байгуулагдахад их баярласан. Монголд анхны ажилбар эмчилгээг хийж байхдаа догдлоод яагаад ч юм уйлмаар болсон.

Анхдагч ажилбарыг хийж байна гэдэг утгаараа юу, эсвэл?
Үгүй ээ, Монгол улс хэм алдалтын төвтэй болж, энэ өвчнийг эмчлэх боломжтой боллоо гэдэг утгаараа чин сэтгэлээсээ баярласан. Тэгээд эхний эмчилгээгээ сэтгэл хөдлөлөө даран байж хийсэн.

Өөрийгөө бусадтай харьцуулдаг уу?
Бага байхад аав ээж чинь чамайг айлын хүүхдүүдтэй харьцуулдаг байсан биз дээ. Тийм болохоор өөрийгөө бусадтай харьцуулах үнэндээ дургүй.

Бидний ярилцлага энэ асуултаар дуусгавар болсон. Үг хэл нь шулуухан Ц.Саруул эмчтэй ойлголцоход яагаад ч юм хялбар. Монголд анхны зүрхний хэм алдалтын ажилбар эмчилгээг хийсэн түүний дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх зам нь шулуун байг...

Гэрэл зураг, видеог О.Сүхбат