Л.Бат-Амгалан: Бид ядуу болохоор дэлхийд өрсөлдөж чадахгүй байна гэж үү. Энэ бол шалтаг!
Г.Одгарав Сэтгүүлч

"Media Crackers" компанийн захирал, найруулагч Л.Бат-Амгаланг “Монгол бахархал” буланд урилаа.

Л.Бат-Амгалан кино найруулагч мэргэжилтэй. Үнэндээ түүнийг хүмүүс байтугай салбарынхан нь ч бүрэн мэдэхгүй.

Бусад найруулагч шиг хуруу даран тоолох олон киногүй. Гэсэн ч “Хуучны сайхан өдрүүд”, “Гайхамшигт нислэг” дэлгэцийн бүтээлүүд нь Лос-Анжелос, Пусан, Лондонгийн олон улсын наадмуудад амжилт гаргаад “тэнд” хүлээн зөвшөөрөгдчихсөн.

Бас болоогүй ээ Лондонгийн “The Smalls” нэртэй богино хэмжээний кино наадамд тэргүүлсэн “Гайхамшигт нислэг” киногоо Японы зах зээлд борлуулжээ.

Уг киног үзсэн нэгэн алдартай найруулагч “Энэ кино намайг элэгдчихлээ. Би уйлчихаад ирье” гээд нүдэнд нь нулимс цийлгэнээд гараад явчихаж...

Хийсэн, хийсээр байгаа хэрнээ “чимээгүй”, авсан, харуулсан атлаа өөрийгөө “дэлдээгүй” "Media Crackers" компанийн захирал, залуу найруулагч Л.Бат-Амгалантай нэгэн өдрийг өнгөрөөв.

Нийтлэг биш өөр, шинэлэг мөртлөө хуучинсаг, энгийн бас даруу байдал... Энэ бол тэр!

Кино гэдэг камер бариад, эвлүүлэг хийгээд бүтчихдэг зүйл биш

Инженерийн мэргэжилтэй Л.Бат-Амгалангийн кино хийх анхны оролдлого яагаад ч юм сонирхолтой санагдлаа. Хамгийн эхний бүтээл юу байв?

Холбооны инженер мэргэжилтэй ч анхнаасаа кино урлагт их сонирхолтой байсан. Цаанаасаа л кино хийж үзэх хүсэл хатгаад зүгээр суулгаагүй. Тэгээд англи найзтайгаа хамтран 2004 онд “Улаан ой” хэмээх анхны киногоо хийж үзээд энэ урлагт хүч сорьж чадах юм шиг итгэл төрж билээ. Тэр үед  кино гэдэг камер бариад, эвлүүлэг хийгээд бүтчихдэг зүйл биш гэдгийг ойлгон өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж бодов. Мэдээж мэргэжлээр нь сураагүй учраас яах аргагүй туршлага дутна, мэдлэг боловсрол шаардана. Гадагшаа сургуульд явна гэхээр цаг алдах учраас гадаадад богино хугацааны туршлага хуримтлуулах ямар боломж байгааг судалсан. Кино урлагийн салбарын найзууд олон улсын наадмуудын дэргэдэх богино хэмжээний сургалтуудад суухыг зөвлөсөн. Улмаар 2009 онд “Berlinale Talent Campus” буюу Берлиний наадмын дэргэдэх тэтгэлэгт сургалтад хүсэлтээ явуулахад 4000 хүнээс шалгарч 300 хүний нэг болж эрхээ авч байлаа. Тухайн үед 59 дэх Берлиний наадмыг үзэнгээ сургалтад суух завшаан тохиолдсон.

Киног камер, эвлүүлэг төдийхнөөр төсөөлж явсан залуу уран бүтээлчийн хувьд нүд нээгдэх шиг л болсон байх даа?

Тэгсэн. Огт өөр ертөнц. Анх кино хийх гэж клип, рекламаас хэтэрдэггүй байлаа. Тэнд орон орны залуу уран бүтээлчидтэй танилцаж мэдээлэл олж аваад тэндээс Пусаны кино наадмын дэргэдэх сургалтад бүртгүүлсэн. Гэтэл хоёр сарын дараа дахин тэнцсэн хариу ирж 21 хүний нэгээр шалгарч Пусаны наадмын сургалтад мөн суулаа. Залуу уран бүтээлчидтэй хамтран “Модон дундах үл таних” кино хийсэн. Анх удаагаа л олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр кино хийж үзсэн нь завшаантай хэрэг байлаа. 

Инженерээр сурч байхдаа найруулагч болно гэж төсөөлөөгүй байсан уу?

Би багадаа их сайн зураг зурдаг байсан. Зохион бүтээгч болно гэж мөрөөднө. Тэр авьяас, хүсэл мөрөөдөл намайг найруулагч болоход хөтөлсөн болов уу гэж боддог.

­Монголд долоо хоног бүр нэг кино нээлтээ хийж байна гэхэд хилсдэхгүй. Уран бүтээлчдийн яриаг сонсох нь ээ бүрэн хэмжээний кино хийхдээ 2-3 сарыг зарцуулсан гэх юм билээ. Олон улсын жишигт нэг киног хэр хугацаанд хийдэг бол?

Хамгийн хурдандаа хоёр жилийг зарцуулна. Миний мэдэхийн С.Бямбаа ах “Алсын удирдлага” киногоо зургаа, долоон жилийн өмнөөс эхэлсэн байх. Тэрнээс илүү ч байж мэднэ. Канны наадмаас шилдэг найруулагчийн шагналыг авсан 26-хан настай найруулагч бүсгүй бол шилдэг бүтээлээ найман жилийн өмнөөс эхэлсэн гэсэн. Миний хувьд ирэх хавар хийх шинэ киноныхоо зохиолыг зургаан сар бичиж байна. Магад санааг нь тав, зургаан жил бодсон байх.

Гунигтай түүхийг гунигтай өгүүлээд яах юм бэ

Лондонгийн наадамд тэргүүлсэн “Гайхамшигт нислэг” кино эмгэнэлт түүхийг гэрэл гэгээтэй талаас харуулсан нь сонирхол татсан?

Угаасаа гунигтай түүхийг гунигтай өгүүлээд яах юм бэ. Киногоо хийхийн өмнө судалгаа хийсэн. Тэгээд Төв номын сангийн архив шүүхэд тухайн явдлын талаар цагдаагийн мөрдөн байцаалтын явцыг л мэдээлэхээс бус тэр хоёр хүүхэд яагаад онгоцны дугуйн тээшинд орох болсон шалтгааныг тодорхой бичээгүй байсан. Харин нэг хүүхэд нь эгчдээ Герман явна гэж ярьсныг буулгажээ. Баримтаа цуглуулсны дараа уран бүтээлийн хамтрагч найз Ian Allardyce-даа “Хоёулаа түүх зохиоё, тэр дундаа өөдрөг түүх бүтээе” гэж хэлээд зохиолоо бичиж эхэлсэн. Шилжилтийн хэцүү хүнд үед тэр хоёр хорвоогоос хальсны дараа хүмүүс “Гадаадын орон үзэх гэж яваад л өнгөрчихлөө” гэж ярьсан байж таарна. Гэтэл тэд өөр хүсэл, сонирхол, гэгээлэг зүйлийг эрэлхийлж байсан ч юм бил үү. Киноны үйл явдал өрнүүн, гэгээлэг ч төгсгөлдөө гуниг төрүүлэх бүтэн эргэлт хийгддэг. Түүхийг мэддэггүй хүмүүс төгсгөлд нь сэтгэл санааны цохилтод ордог учраас “Энэ хоёр тэгээд нас барсан гэж үү” гэж надаас асуудаг. Хоёр хүүхдийн мөрөөдөл биелж онгоцонд аз жаргалтайгаар суусан ч төгсгөлд нь бодит түүхийг өгүүлэхээр ямар ч хүний сэтгэл санаанд хүнд буух нь ойлгомжтой...

Үнэхээр тийм байсан. “Энэхүү кино нь тэдний түүхээс сэдэвлэн бүтээгдсэн болно. Тэдний Гайхамшигт нислэг ямар зорилготой байсныг хэн ч мэдээгүй билээ” гээд киноны төгсгөлийн текстийг уншихад цээжнээс нэг юм авчих шиг л болсон... 

Яг тэр мэдрэмжийг хүмүүст төрүүлэхийг зорьсон. Хүүхэд гэдэг гэнэн цайлган, цаана нь ямар үр дагавар байхыг мэдэхгүй. Тэдний хувьд онгоцондоо суух нь л амжилт байсан...

Кино ихэвчлэн завсрын өнгөөс бүтэж, үйл явдлыг “Соёл эрдэнэ” хамтлагийн дуунуудаар тодотгож өгсөн нь өвөрмөц шийдэл байсан?

Хуучин үеийн мэдрэмжийг бий болгохын тулд хуучин киноны завсрын өнгө, хуучны хөгжим, хуучны хэв маяг бүхий газрыг хайж зураг авалтаа хийсэн. Өнөө үед 1996 оныг харуулах барилга байгууламж олно гэдэг үнэхээр асуудалтай байв. Гэсэн ч аргалсан шүү.

Киногоороо хүмүүст ямар бодол сэдлийг төрүүлэхийг хүссэн юм бэ?

Анд нөхөр, ах дүүгийн хайрыг харуулахыг зорьсон. Бие биенийхээ төлөө юу хийхээс ч буцахгүй байгаа нөхөрлөлийн түүх.

Нөхөрлөлийн түүх гэснээс киноны хамтрагч найзынхаа талаар ярихгүй юу?

2003 онд намайг “Аригу” компанид ажиллаж байхад туршлага хуримтлуулах зорилготой дөнгөж сургуулиа төгсөөд Лондонгоос ирсэн шар залуу бид хоёр анх танилцаж, тэндээс ажлынхаа гарааг эхэлж байлаа. Түүнээс хойш хуушуур, пирошки юу байдаг бүхнээ хувааж идэж, хамтдаа хөдөлмөрлөж, хамт суралцсаар өдий хүрсэн. Хэдийгээр өөр соёл, өөр газар газар өсөж хүмүүжсэн ч бид хоёрын амьдралыг үзэх үзэл, хүсэл сонирхол ижил байсан учраас арав гаруй жил найзлаад явж байна. Кино хийхэд сайн баг байх хэрэгтэй. Бараг нүдээрээ ойлголцдог болтлоо бие биенээ ойлгож мэдрэх нь чухал. Бид яг л тийм найзууд. Одоо Ian маань Лондонд өөрийн байгуулсан "Really nice content" гэдэг компанидаа ажиллахын зэрэгцээ нэгэн том продакшнд ажиллаж байгаа. Тэрбээр Монголд биднээс илүү хайртай. Монголчуудын төлөө үргэлж сэтгэл зүрх нь цохилж тэмүүлж байдаг учраас би ч бас найздаа хайртай байдаг.
 

1. "Гайхамшигт нислэг" киноны зураг авалтын үеэр... | 8 фото
1
1
1
1
1
1
1
1

Өөрийн мөн чанараар амьдрах уу.
Эсвэл бусдын шуурганд туугдах уу

Таны амьдралын “Гайхамшигт нислэг” хэзээ байв?

Берлины наадамд оролцохын сацуу, номын дуу сонсохоор нисч явах агшин юм болов уу. Яагаад гэвэл асар гоё зорилгыг агуулж нисэж байсан учраас…

Мөн 2013 онд “Хуучны сайхан өдрүүд” кино тань Лос Анжелосийн кино наадамд “Шилдэг дизайнтай кино”-оор шалгарч байсан?

Тэр киноны санааг манай найз Ian Allardyce анх гаргасан. 2012 онд Жорж Буш Ирак руу дайрч газрын тосны олон улсын хэрүүл болж байв. Манайд уул уурхай ид хөгжиж байсан үе. Энэ бүхний эцэст бид юунд хүрэх вэ гээд хоёулаа ярьж суув. Удтал зөвлөлдсөний эцэст соёл иргэншлийн дараах монголчуудын амьдралын сэдвийг сонгосон. Учир нь соёл иргэншил мөхсөн ч монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин ард түмэн учраас тэсэж үлдэх магадлал өндөртэй юм. Мөн уг киноноос хүн ямар ч цаг үед хүнээрээ байж чадвал ирээдүй нь ч эерэг байх боломжтой гэх санааг харуулахыг зорьсон. Шуналаас болж дэлхий сүйрчихээд байхад хүмүүс шуналдаа баригдсаар байгааг харуулсан.

Тэр киног үзээд шуналдаа хөтлөгдөн хамгаа барвал ямар ирээдүй биднийг хүлээж байгааг, бас өнөөдрийн хүний мөн чанарыг харуулсан юм болов уу гэж бодсон…

Тийм ээ. Энэ кино бол өнөөдрийн толь. Бид яах гэж амьдраад байгаа юм. Өөрийнхөө мөн чанараар амьдрах юм уу. Эсвэл нийгмээ дагаад шуурганд нь туугдаж бусдын замаар явах уу. Өөрийнхөө дургүйг хүчилж хийгээд түүгээрээ хоолоо олж идэх юм уу. Мөнгө олж болох ч сэтгэл ханамжийг яасан ч мэдэрч чадахгүй шүү дээ. Өнөөгийн нийгэмд энэ маш том зөрчил юм шиг санагддаг. Хүмүүс хүсээгүй ажлаа хийдэг. Өөртөө сэтгэл дундуур явдаг. Гэтэл хийж байгаа ажил нь амьдрал, ар гэрээ хангалттай авч яваад байдаг. Магад нэг өдөр тэсэрдэг. Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгээс энэ харагддаг шүү дээ. Би багш мэргэжилтэй ч багаасаа дуулах дуртай байсан гээд ярих нь бий.

Үүний тод жишээ нь та өөрөө юм биш үү. Бат-Амгалан инженерийн сургууль төгссөн. Тэгсэн хэрнээ сонирхлоо даган найруулагч болжээ…

Хэрэв би дөрвөн жил сурсан мэргэжлээрээ ажилласан бол өнөөдөр сэтгэл ханамжгүй, өөрийгөө хөндлөнгөөс хараад гутрах байсан. Би одоогийнхоо байгаа байдалд асар сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл би дуртай ажлаа хийж байна. Дуртай ажлаасаа амьдралаа тэтгээд явж байгаа нь надад хангалттай. Үүнээс том аз жаргал юу байх вэ. Бизнес эрхлэх, нэр төр хөөх боломж надад байдаг. Гэвч түр зуурын ашиг сонирхлын төлөө нэгэнт эхэлсэн ажил, зорилгоо дундаас нь хаяж цаг заваа үрэх хайран. Хэдий удаан ч гэсэн энэ замаараа гэлдэрч ажилтанд хүрнэ гэж боддог. Олон улсад танигдсан дэлхийд данстай сайн найруулагч хэзээ нэгэн цагт болно.

Манайд богино хэмжээний кино тэгтлээ газар авдаггүй шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ. Ойлгох хүрээлэл нь бага байна уу, эсвэл үнэ цэнэгүй байна уу?

Гадаадын улс орнууд богино хэмжээний кинондоо маш ач холбогдол өгдөг. Монголд үнэ цэнэ нь бага. Яагаад гэвэл киночдын хувьд тийм ч ашигтай биш. Хэн нэгэн мөнгө төлбөл захиалгаар л хийнэ байх. Манайд сургуулийг нь төгссөн бол хаа нэг газар мэргэжлээрээ ажиллах боломж их. Харин гадны орнуудад эсрэгээрээ. Сургуулийг нь дүүргэсэн залуу уран бүтээлчийг хэн ч танихгүй. Ажилд тэр бүр орох боломжгүй. Өрсөлдөөн их. Тиймээс тэдэнд өөрийгөө батлах шаардлага тулгарна. Ингэхийн тулд хамгийн хурдан, төсөр, чадах хэмжээгээр богино хэмжээний кино хийж эхэлдэг. Түүгээрээ амжилт гаргаж чадвал өөрийгөө баталж харууллаа гэсэн үг. Тиймээс богино хэмжээний олон наадам болдог. Тэр дунд кино бүтээгчид шинэ уран бүтээл, чадварлаг мэргэжилтнийг ангуучилдаг бөгөөд үнэхээр гоц найруулагчид дэмжлэг үзүүлж, ажиллах санал тавьдаг.

Богино хэмжээний кино нь маш бага хугацаанд агуулгыг бүрэн, томруун, багтааж харуулж чаддагаараа уран бүтээлчдээс илүүтэй авьяас шаардах уу?

Богино хэмжээний киноны давуу тал бол нэгдүгээрт өөрийгөө батлах нэрийн хуудас. Хоёрт хүн илүү их зүйлийг сурдаг. Яагаад гэвэл богино хэмжээний кинонд цаг хугацаа бага учраас бүрэн хэмжээний кинонд гардаг шиг дүрийн араншинг бүрэн танилцуулах боломжгүй. Тиймээс түүхээ маш хүчтэй, өрнүүн, эргэлт сайтай, богино хугацаанд товчилж гаргах ёстой. Илүү их ажиллах шаардлага гарна. Богино хугацаанд хэдий донжийг нь тааруулж чадна төдий чинээ хүчтэй байх болно. Бүрэн хэмжээний кинонд үйл явдлыг танилцуулахаас эхлээд гол дүрийн араншинг тодотгож гаргаад үйл явдлын өрнөлийг задлаад эхэлдэг шүү дээ. Зохиолоор роман шиг гэсэн үг. Харин богино хэмжээний кино нэг нүүр өгүүллэгтэй дүйцүүлж болно.

Киноны хөгжил байтугай улс төрийн үймээнтэй Афганистанаас Канны наадамд тэргүүлж байхад бид юугаараа дутна гэж?!

Өнөөдөр Монголын киночид дэлхийн тавцанд өрсөлдөхөд ямар чадвар шаардлагатай гэж харж байна?

Тууштай байж чадвараа хөгжүүлэх ёстой гэж бодож байна. Өөрсдөө сайн хөгжөөд, арга эвээ сайн олоод хийж чадвал боломж асар их байгаа. Манайх хангалттай боломжтой орон шүү дээ. Тэгэхэд цаана чинь киноны хөгжил байтугай улс төрийн үймээнтэй Афганистанд дөнгөж 26-хан настай залуу найруулагч бүсгүй кино продакшн байгуулаад кино хийж дэлхийд өрсөлдөж байна гээд бод. Энэ жил түүний кино Канны наадамд тэргүүлж, шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ.

Тэгэхээр киноны дэвшил улсын хөгжил, ядуу буурайгаас шалтгаалахгүй юм байна. Тийм үү?

Тийм ээ. Дор дорноо гарцыг хайж, дэлхийд гарах сувгуудыг нээх хэрэгтэй байна. Манайхныг тогоондоо байна гэж ярьдаг. Үнэндээ тогоондоо л байна. Дотроо л эргэлдэж байна. Хоёр сар тутамд киноны нээлт хийж буулгаад, хэзээ ч хэнд ч дахин дурсагдахгүй мартагдах кино хийж цаг заваа зарцуулах нь үнэхээр харамсалтай санагддаг. Миний хувьд хоёрын хооронд юм дээр ажиллах хайран. Олон улсад гэхэд зохиол дээр нэг, хоёр жил суух нь хэвийн үзэгдэл байх жишээтэй. 

Өнөөдөр киногоор ашиг олох боломжгүй гэдэг. Гэтэл танай компани олон улсын захиалгаар маш өндөр үнэлэгдсэн кино хийсэн гэж сонссон…

Би нэгэнт киночин болчихлоо. Гэтэл намайг хүмүүс мэдээд байна уу гэхээр мэдэхгүй. Би кино хийгээд мөнгө олж байна уу гэхээр бас үгүй. Яаж амьдраад байна гэх асуулт тулгарна. Арилжааны кино хийх сонирхолгүй. Тэгсэн хэрнээ амьдрах хэрэгтэй. Би өөрийнхөө байгуулсан Media Crackers компаниараа дамжуулан олон улсын захиалга дээр ажилладаг. Олон улсын баримтат кино, реклам зэргийг хийнэ. Тэр болгон дээр захиалга авна.

Компаниа байгуулсан даруйдаа нэг том тендерт оролцсон. Тэр нь “Ньюком” группийн барьсан салхин цахилгаан станцын баримтат киноны тендер байв. Гадаадын хоёр том компанитай өрсөлдөөд хамгийн их төсвийг нэрлэсэн хэрнээ ялчихсан. Хоёр жилийн хугацаанд хийсэн тэрхүү кино бол урьд хожид хийгдэж байгаагүй том хэмжээний бүтээн босголтыг харуулсан. Мөн хамгийн их төсөвтэй буюу 170 гаруй мянган долларын кино болсон. Манай кино багийнхан хоёр жилийг сэтгэл зүрхээ гарган тэр киног бүтээсэн.

Олон улсын том компаниудын захиалга байсан учраас дэлхийн стандартын түвшний бүтээлийг биднээс шаардаж байлаа. Бид чадсан. Хүмүүс сэтгэл хангалуун үлдсэн. Киногоо хийж дуусаад захиалагчдадаа “10 жилийн дараа танай энэ том бүтээн байгуулалтаас салхин сэнс, манай кино л үлдэнэ шүү” гэж хэлж билээ. Энэнээс гадна гадаадын National Geographic, Discovery зэрэг сувгуудын Монголд хийгдэх киноны зохион байгуулалтын ажил, зарим зураг авалтуудыг хамтран хийсэн.

1 | 9 фото
1
1
1
1
1
1
1
1
1

120 гаруй сая төгрөгийн өртөг бүхий камер, тоног төхөөрөмжөөр дараагийн уран бүтээлээ хийх эрхээр шагнуулсан

Лондонгийн кино наадмаас дараагийн бүтээлээ хийх өндөр өртөг бүхий тэтгэлгийг авахаар болсон гэж сонссон. Тэр талаар асуухгүй өнгөрч болохгүй байх…

Санаанд багтахгүй маш том шагналыг хүртсэн. Би энэ хугацаанд дэлхийн олон кино наадамд явж үзсэн. Ийм өндөр тэтгэлэг өгөх нь асар ховор байдаг. Гэтэл Америкийн алдартай “Panavision” хэмээх зураг авах төхөөрөмжийн том компаниас дараагийн уран бүтээл дээр хэрэглэх 40 мянган фунт стерлингийн тэтгэлгийг авахаар болсон. Өөрөөр хэлбэл Монгол мөнгөөр 120 гаруй сая төгрөгийн өртөг бүхий түрээсийн камер, тоног төхөөрөмжөөр дараагийн уран бүтээлээ хийх эрхтэй болов. Уран бүтээлийн хамтрагч Англи найзтайгаа хэрхэх талаар одоогоор ярилцаж байгаа.

Өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжөөр ямар кино хийх нь сонин байна?

Одоогоор нууц. Ямар ч байсан арилжааны бус кино байх болно.

Кино өндөр өртгөөр бүтдэг. Арилжааны бус кино хийлээ гэж бодоход эргээд ашиг олох магадлал бага уу?

Янз бүр. Сониноос өмнөх хоёр кино гаргах эрхээ гадаадын компанид зарсан. Олон улсын наадмуудад гарч байгаа энэ кинонууд яаж мөнгө олдог вэ гэхээр гадаадын компаниуд худалдан авдаг юм. Үнэхээр сайн кино бол гаднынхан зарах эрхийг нь авах гэж булаацалдана, мөнгө хаяна. Хэн өндөр үнэ хэлсэнд нь зарна. Киногоо Японы компанид зарсан. Монголоос гаргах эрхээ зарсан кино бараг байхгүй болов уу гэж бодож байна.

Миний мэдэхийн зарим найруулагч хийсэн бүтээсэн киноны тоо олонтой, бас олны танил болчихсон байдаг. Гэтэл таныг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Тэгсэн цөөн хэдэн бүтээсэн кино нь олон улсад үнэлэгдээд явж байдаг. Яагаад ийм нууцлаг, даруу юм бэ?

Яг үнэндээ киноныхон ч намайг танихгүй. Миний байгаа байдал, араншин л тэр байх. Би ч ажлын шаардлагаар даруу үедээ даруу, дуутай үедээ дуутай хүн. Хоосон дөвийлгөх, хий нэр төр хөөх дургүй. Онгирмоор санагдвал баримт нотолгоотой, хийсэн бүтээл, үр дүнтэй байж л өөрийнхөө тухай ярина. Түүнээс бус нэг юмны сураг сонсож, мэдэнгүүтээ онгирох нь миний мөн чанартай зөрчилдөнө. Би өөрөө их энгийн хүн. Автобусанд сууж, зах ороод хүнсээ цуглуулчихдаг.

Өөрийгөө таниулж чадсан хүнийг олон нийт их мундаг хүн гэсэн ойлгодог. Гэхдээ хийсэн бүтээсэн зүйлтэй, тэр нь бусдад өгөөжөө өгсөн байхад заавал өөрийгөө дөвийлгөх шаардлагагүй гэж би хувьдаа боддог. Харин та юу гэж бодож байна?

Ер нь хүмүүс миний тухай юу гэж бодох нь үнэндээ надад хамаагүй. Би өөрийгөө юу гэж бодох нь чухал шүү дээ.

1 | 2 фото
1
1

Киног минь үзсэн алдартай найруулагч
"Намайг элэгдчихлээ"гээд гараад явчихсан

Олон улсын чадварлаг найруулагчдаас ирсэн магтаал юу байв?

Энэ чиний л кино байна. Түүнээс бус хэн нэгний бүтээлийн хуулбар, давтамж бус оргиналь бүтээл байна гэсэн магтаалыг ирүүлж байсан. Сүүлийн киногоо гадаадын нөлөө бүхий найруулагчид үзүүлсэн чинь “Намайг элэгдчих шиг боллоо. Би гараад уйлчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. Яг л миний төсөөлж байснаар хүнд тийм сэтгэгдлийг төрүүлсэн нь надад бахархалтай санагдаж байв.

Сэтгэлд зурагдсанаа дүрсний урлагт буулгаж, хүмүүст яг тэр өөрийнхөө мэдрэмжийг хүргэж чадна гэдэг найруулагчийн жинхэнэ ур чадвар байх аа?

Би заримдаа ингэж боддог юм. Заавал киночин ч болоод яах вэ дээ. Зураач, дуучин гээд л арай өөр мэргэжил байсан бол амар байхгүй юу. Бусдаас хамааралгүй, өөрийнхөө хүссэнээр ажиллачихна. Гэтэл кино бол цэвэр багийн ажил. Бусдаас хамааралтай, хамгийн үнэтэй урлаг. Багаар ажиллах чадвар бол хүний хамгийн том давуу чанар. Тэгээд найруулагч хүн тухайн жүжигчнээс өөрийнхөө хүссэн дүрийг гаргана гэдэг асар их чадвар шаарддаг. Яагаад гэвэл хувь хүнээс огт өөр хувь хүн болгож, өөрийнхөө хүссэн хүнд хувиргана гэдэг амаргүй.

Тэгэхээр найруулагч нараас хурц авир гарах нь аргагүй юм байна. Тийм үү?

Жүжигчнээс өөрийн төсөөллийн хүнээ гаргаж чадахгүй үедээ тэгтлээ бухимддаг байж ч магад. Би эсрэгээрээ чив чимээгүй болчихдог. Яагаад гэвэл би өөрөө буруутай, би л тулж ажиллаж чадаагүй юм шиг санагддаг. 

Найруулагчид зайлшгүй байх ёстой хамгийн том чанар?

Мэдрэмж… Аливаа нэг өгөгдөлд мэдрэмжтэй ханддаг. Хүмүүсийн хоорондын харилцааг хараад баяр баясгалантай, эсвэл гунигтай дүр зурагт мэдрэмжтэй хандаж хүмүүсийг унших чадвартай байх ёстой. Түүнийгээ дараа нь бүтээлдээ буулгах нь гол авьяас. Жишээ нь хүнд тайлбарлах аргагүй, заримдаа өөрөө ч мэддэггүй тэгсэн атал таагүй мэдрэмжүүд байдаг даа. Тэрийг киногоор дамжуулан тайлбарлаад гаргаад ирвэл уг кино хүмүүст хүчтэй хүрэх нь бий. Үүнийг үзсэн үзэгч нээрэн яг ингэдэг шүү гэж сэтгэл догдлон хүлээн авдаг.

Сүсэглээд мөргөөд байдаг хэрнээ хуруугаа хөдөлгөхгүй бол
аз жаргал мөрөөдөл хэвээр үлдэнэ

Бат-Амгалан өнгө, дүрсээр өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлбэл?

Өнгөөр бол хар, цагаан, улаан холилдсон... Дүрсээр бол хэлбэргүй. Ханан дээр цацсан будаг шиг… Тийм төсөөлөл буулаа.

Зураг авалтын үеэр болоод кино бүтээлүүдээс тань өөрийг эрэлхийлдэг хүн юм байна гэж анзаарсан?

Эрэлхийлэх бус байгаа нь тэр.

Өөрийгөө барилга гэж төсөөлбөл хэдий үеийн байгууламжтай адилтгах вэ?

Ёстой бодож байгаагүй юм байна. Магад орчин үеийн барилга боловч дотоод интерьер нь эртнийх байх юм болов уу.

Таны амьдралд инээд, баясал, уур, бухимдал, төвлөрөл, бодрол тус бүр хэдэн хувийг эзэлж байна?

За бодитоор ярья л даа. Нэг хоногт 24 цаг байдаг. Өглөө сэрлээ, гарлаа. Өдөржингөө явлаа. Гэртээ харьтлаа байнгын бухимдал… Хаа сайгүй асуудал. Гутранги ч юм шиг. Орой хүүхдүүдтэйгээ хэдэн цаг амарч хөгжинө. Тэр нь амьдралын баяр, баясал юм даа. Тэгээд амрахаар хэвтэнэ. Би уг нь 12.00 цагт унтахыг хичээдэг ч дандаа шөнийн 02.00 цагт унтдаг. Яагаад гэхээр тэр үед л өөртөө зарцуулах цаг олддог. Шөнийн хоёрхон цагийг бодох, цэгнэхэд зориулдаг. Харин үлдсэн 22 цагийг бусдад зориулдаг юм байна. Өнөөгийн нийгэмд хүнд ганцаараа байх, өөртөө зарцуулах цаг байхгүй болчихжээ.

Таны тэвчээрийг юу хамгийн их бардаг вэ?

Зорилго нэгтэй явж байгаад дундаас нь ямар ч шалтгаангүй алга болчихдог явдал миний тэвчээрийг их бардаг. Харилцааны асуудал юм даа. Би өөрөө тодорхой байхыг хичээдэг. За бол за, үгүй бол үгүй гэдэг. Өнөөдөр монголчуудын нийтлэг сул тал бол энэ. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хариуцлагагүй чанар.

Хувь тавилангийн талаар ямар бодолтой байдаг вэ. Та хувь тавилангаа өөрөө бүтээж байна уу. Эсвэл?

Миний бодлоор хувь заяаныхаа 90 хувийг хүн өөрөө бүтээж, 10 хувь нь зурагдсан гэж боддог. Хүчин чармайлт гаргаж байж тэр нь биеллээ олно шүү дээ. Сүсэглээд мөргөөд байдаг атлаа хуруугаа хөдөлгөхгүй бол аз жаргал мөрөөдөл хэвээр үлдэнэ. Гэхдээ бага зэргийн аз байдаг юм шиг санагддаг. Тэр нь цаг хугацааны тохироо юм уу даа.

-Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, Видеог О.Сүхбат