Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тавих гэж байна.
Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн их зохиолчийн амьдралыг өгүүлэх энэ жүжгийн зохиолыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичжээ.
-Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил тохиож байгаатай холбогдуулаад жүжиг бичихээр шийдэв үү? Энэ ажил хэрхэн эхэлсэн талаар ярихгүй юу.
-Түүхэн үйл явдлаа бодвол энэ жил Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Урам гэдэг юм уу, сэтгэл хөдлөл бас байдаг л даа. Би 2016 оны нэгдүгээр сарын 9-нд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан. Ингээд сайхан юм хийх юм сан гэсэн бодол байсан л даа. Тэгэхэд Улсын драмын эрдмийн театраас Д.Нацагдоржийн нэрэмжит жүжгийн уралдаан зарласан юм билээ. Тэр уралдаанаас театрынхны санаанд хүрсэн юм гараагүй юм болов уу. Энэ оны тавдугаар сараас УДЭТ-аас надад найруулагч нар жүжиг бичиж өгөөч гэсэн санал тавьсан юм. Ингээд тэдний захиалгаар тавдугаар сард зохиолоо бичиж эхлээд сая есөн сард дууслаа даа.
Д.Нацагдоржийн 26 наснаас нас барах хүртэлх амьдралд юу болсныг Монголын ард түмэнд хэлээд өгчихье л гэж бодсон
-Д.Нацагдоржийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй болов уу. Та их зохиолчийг жүжигтээ ямар өнцгөөс харуулахыг зорьсон бэ?
-Энэ бол хоёр талтай. Монголын ард түмэн Д.Нацагдоржийг маш сайн мэддэг гэж ярьцгаадаг. Гэсэн хэдий ч яг сайн мэдэж байна уу гэдэг асуудалтай. Хүмүүстэй ярилцаад суухад, сүүлийн үеийн зарим зохиолчдоос асуухад тойм төдий л мэддэг. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэсэн, “Учиртай гурав”-ыг бичсэн, хэлмэгдсэн, шоронд орсон гэх дайны л мэдэгдэхүүнтэй байдаг.
Энэ бол түүхэн жүжиг. Түүхэн жүжиг нь болсон үйл явдал түүхэн үнэнийг үзэгчдэд харуулах ёстой гэж үзээд эхний ээлжинд ийм тийм санаа өгүүлнэ, тэр өнцгөөс нь харуулна, өөрчилнө гэсэн бодлыг өөрөөсөө хойш тавьсан.
Ер нь Д.Нацагдоржийн 26 наснаас нас барах хүртэлх амьдралд юу болсныг Монголын ард түмэнд хэлээд өгчихье л гэж бодсон юм. Миний жүжигт хэлж байгаа бүхэн түүхэн үнэн. Магадгүй мэдээллийн шинжтэй байж магадгүй. Гэхдээ эхний ээлжинд энэ нь зөв байж магадгүй. Яагаад гэвэл өнөөдөр болтол Д.Нацагдоржийн тухай жүжиг байхгүй. Г.Жигжидсүрэн гуайн нийтлэл уран сайхны “Саруул талын ерөөл” гэж кино байдаг. Энийг эс тооцвол Д.Нацагдоржийнхоо талаар монголчууд дуугарч байгаагүй. Тийм учраас тийм юм хэлье гэхээсээ илүү бодит байдлыг тэргүүнд тавихыг бодсон.
-Бодит байдлыг тавихаар жүжиг биш болчих вий гэж хүмүүс бодож магадгүй шүү дээ?
-Үгүй. Д.Нацагдоржийн амьдрал өөрөө маш том драм байхгүй юу. Ямар ч хүн зохиож чадахгүй драм шүү дээ. Хэр баргийн зохиолч бодож олохооргүй тийм их зовлон жаргал, өгсөж уруудсан ийм явдалтай байхад дээр нь би нэмж зохиох гээд яах юм? Ямар ч байсан эхний ээлжинд залуучуудад, өнөөгийн үзэгчдэд Д.Нацагдорж ийм хүн байсан гэдгийг бодитоор нь харуулахыг гол болгосон. Магадгүй үүнээс хойш олон жүжиг гарч болно. Д.Нацагдоржийн 110 жилийн ойгоор кино хийж байгаа сураг байна. Өөр уран бүтээлчид бүтээл туурвиж байгаа сураг байна. Хэдийг ч хийж болно. Нэлээн төвширснийх нь дараа Д.Нацагдоржийг зөвхөн нэг өнцгөөс, зөвхөн нэг агшингаар нь, эсвэл нас барснаар нь, хэлмэгдсэнээр нь жүжиг хийж болно шүү дээ. Эхний жүжигтээ ямар ч байсан ингэж тасалж авч болохгүй гэж бодсон.
Пагмадулам гэж сайхан хүүхэн байсан ч Нацагдоржийг хаяад явчихсан яасан муухай хүн бэ гэж би хэлэхийг хүсээгүй.
-Гэхдээ драмын жүжиг гэдэг талаас нь зохиолч хүн хэрхэн харсан бол?
-Мэдээж энэ бол жүжиг. Мөн би өөрөө бичсэн болохоор бас бус драм оруулж, жүжиг болгосон юм бий. Харин түүхэн хувь заяаг би огт өөрчлөөгүй. Пагмадулам гэж хэн юм бэ, Нина Чистякова гэж хэн бэ гэдгийг түүхэнд байснаар гаргахыг зорьсон. Чимсэн ч үгүй, харлуулсан ч үгүй. Хэлмэгдэлт гэж ийм аймаар зүйл байсан юм шүү гэж хэлэхийг зорьсонгүй. Пагмадулам гэж сайхан хүүхэн байсан ч Нацагдоржийг хаяад явчихсан яасан муухай хүн бэ гэж би хэлэхийг хүсээгүй. Чистякова гэж бүсгүй байсан. Хүүхдийг нь төрүүлээд нэг ирэхэд нь явчихсан байсан. Тэр бүхнийг байснаар нь тавихыг би чухалчилсан. Зохиож болно л доо. Гэхдээ Нацагдоржийг зохиож хэрэггүй байх аа. Харин байгаа юман дээр нь драматург үүсгэж болно.
-Тэгвэл жүжигтээ хэлэх гэсэн санаа тань юу байсан бэ?
-Хүний хувийн амьдралыг бид их ярьдаг л даа. Өнөөдрийг хүртэл бид Д.Нацагдоржийн зөвхөн хувийн амьдралыг л ярьдаг байсан. Пагмадулам Цагаан гэж хятадтай суусан юм гэнэ. Тэгээд хар тамхичин болсон юм гэнэ гээд л. Нацагдорж архи ууж яваад хашаа түшээд нас барсан юм гэнэ лээ гээд л ийм хавьцаа л хувийн амьдралыг нь ярьсаар ирсэн.
Агуу хүнд хувийн амьдрал хоёрдугаар зэргийн асуудал л даа. Их зохиолч 31-хэн насалсан. Үнэнийг хэлэхэд гуравхан жил дотор гол бүтээлүүдээ хийсэн хүн шүү дээ. 31 наслаад гуравхан жил гол бүтээлээ хийсэн ямар агуу юм бэ? Хүн төрөлхтний хэмжээнд өндөр сэтгэдэг байсныг л энэ жүжигт өгүүлэхийг хичээсэн. Энэ бол гайхамшиг суут юм аа. Үнэнийг хэлэхэд би 40 жил шүлэг, найраг бичиж байна. Гэтэл Д.Нацагдорж гуравхан жил бичсэн. Агуу хүн гэдэг цаг хугацаа, богино наслахыг үл хамааран хэдэн зуунд яригдах юмыг туурвидаг юм байна. Энэ бол яах аргагүй гайхамшигтай тэнгэрийн хүн. Энэ агуу хүний тухай бид магтан дуулж, биширч явах ёстой гэсэн санааг л хэлэхийг хүсч байна.
Д.НАЦАГДОРЖ НАС БАРААД ЖҮЖИГ ДУУСАХ НЬ ЭМГЭНЭЛТЭЙ ЮУ? ЭМГЭНЭЛТЭЙ. ГЭХДЭЭ...
-Жүжиг бичихийн тулд гүн гүнзгий судалгаа хийсэн болов уу гэж бодож байна?
-Д.Нацагдоржийн тухай бичсэн бүгдийг уншсан. Түүнийг судалдаг эрдэмтэдтэй маш шаргуу уулзсан. Доктор С.Лочин гуай, Ч.Жачин гэж хоёр хүн илүүтэй судалдаг. Энэ хоёр эрдэмтнийг амраахгүй олон хоног уулзсан. Цаана нь Долгорын Нямаа гуай, Г.Мэндсайхан гэх мэт гол хүмүүстэй очиж уулзсан. Зарим хүмүүсийн дэмжлэгээр архив үзэх бололцоо ч олдсон. Их материал харсан л даа. Хүмүүс Д.Нацагдоржийн намтар л юм байна шүү дээ гэж бодож магадгүй. Юу нь жүжиг болсон бэ гэдгийг очоод үзэх хэрэгтэй.
-Таныхаар их зохиолч өөрийн амьдралд тохиолдсон үйл явдлыг бүтээлдээ тусгаж байсан болов уу?
-Д.Нацагдорж эмзэглэлээ их бичсэн юм билээ. Гэхдээ их хол бичсэн. Шоронд байсан шүлгүүд нь давчидсан биш, гэхдээ яах аргагүй өөийнх нь эмзэглэл л дээ. “Торон дотор уйтгарлахуй”, "Эрх чѳлѳѳг хүсэхүй", "Уйтгар зовлонг санагдуулахуй" гэх мэт шүлгүүдээ эмзэглэлээр бичсэн. Гэхдээ Д.Нацагдорж юмыг их хол хардаг байсан хүн. Дэлхийн хэмжээнд сэтгэе, томхон алхъя гэж боддог байсан. Тэр хүсэл зорилго нь унахад өөрөө хүссэн хүсээгүй хамт унасан.
Тэгэхээс биш намын төв хорооны нарийн бичгийн дарга байснаа болиод, ажлаасаа халагдаад гуньсан хүн биш. Дэлхийн хэмжээнд сэтгэдэг агуу том зорилготой, хүн төрөлхтний бичиг үсэг яаж үүссэн, Марксын “Капитал”-ыг уншиж, Пушкиныг орчуулж байсан, Чингисийн түүхийг бичиж байсан хүний бодол ямар агуу байсан юм бэ? Ийм хэмжээний хүн баруунд очоод жаахан ч гэсэн юм суръя, арай энтэй харъя гэсэн хүсэл нь балартчихаар унасан.
Хүний мөрөөдлийг тасална гэдэг аймшигтай. Мөрөөдөл тасалсан гэдгийг бид хэлмэгдэлт хавьд хараад байгаа. Мэдээж тэр үед баруунд сурсан хүнийг ажиглах нь зүйн хэрэг. Өндөр боловсролтой, намын төв хорооны бүх нарийн ажлыг таван засгийн үед барьж байсан хүнийг сэжиглэх нь зүйн хэрэг. Би хэлмэгдэлтийг зөв гэж байгаа юм биш. Гэтэл тэрнээс илүү тэр хүний сэтгэлд агуу юм байсан. Марсыг дэлхийтэй хамгийн ойрхон гариг гэж бодож астрономын хэмжээнд сэтгэж бичиж байсан. Герман, орос, төвд, манж хэлтэй, их юм үзэж харсан хүн их л хол бодож байсан юм болов уу гэж би хардаг.
-Та жүжигт дүрүүдийг түүхэн бодитоор гаргахыг хичээсэн гэлээ. Анхны гэргий Пагмадуламыг сонирхуулаад яривал жүжигт хэрхэн өгүүлсэн бол?
-Би Пагмадуламыг энэ жүжигт оруулахдаа Пагмадуламын тухай бичсэн олон хүнтэй очиж уулзсан. Монгол Улсын Төрийн шагналт СГЗ Долгорын Нямаа гуайтай очиж уулзсан. “Пагмадулам” гэж ном гаргасан хүн шүү дээ. Дараа нь Г.Мэндсайхан гэж Пагмадуламыг цагаатгах гээд байгаа доктор байдаг. Энэ хүнтэй очиж уулзсан. Пагмадуламын талаар бичсэн бас бус нийтлэлүүдийг уншсан.
Зарим хүн Пагмадулам Нацагдоржоос зайгаа барьсан нь “Би энэ хүнд ерөөсөө гай болоод яах юм бэ. Хятад гудамжинд очоод бүгчихье. Байдал хүндэрлээ” гэж мэдсэн.Тэр үед Хятадын гудамж бол орчин үеийн хэллэгээр гадаадын дүүрэг байсан. Тэнд Аюулаас хамгаалах яам ойртдоггүй байсан учир орогнол хүсч байсан гэж ярьдаг хэсэг хүмүүс бий. Жүжигт жаахан өөрөөр гаргасан. Ийм сэтгэлийн юм байж болох юм даа гэсэн таамаг дэвшүүлсэн юм бол бий.
Өнөөдрийн 20-30 насныхан энэ жүжгийг үзэх ёстой.
-“Жаргаагүй нар” гэж Нацагдоржийг өөрийг нь хэлж байна гэж шууд ойлгогдохоор байна?
-Тийм тийм. Уран сайхны зөвлөлийн комисс ярилцаад “Жаргаагүй нар” дээр тогтсон. Эхний хувилбар нь “Нар жаргасан ч хөхөө донгоддог” гэж байсан. Тийм нэртэй явсаар байгаад “Жаргаагүй нар” дээрээ тогтсон. Ойлгомжтой. Д.Нацагдорж бол жаргаагүй нар.
-Жүжигт та зохиолч хүний нүдээр шигтгээ оруулж өгсөн үү?
-Туульсын болгосон. Тэр бол миний хийсэн юм. Хүн-Зөн орж ирж байгаа. Монгол жүжиг туульсын байх хэрэгтэй шүү дээ. Үзэхээр мэдэгдэнэ. Хоёрдугаарт энэ жүжгийг УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин тавьж байгаа. Драмын театрын залуучууд тоглож байна. Д.Нацагдоржийн энд тэндхийн дээлтэй зургийг хараад 31 настай гэж ямар ч хүний сэтгэлд буудаггүй. Нэг л ахимаг 40 настай ч юм шиг санагддаг байх.
Магадгүй түүний дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглохыг үгүйсгэхгүй. Харин бид өнөөдөр яг Нацагдорж, Пагмадуламын насны хүмүүсийг тоглуулж байгаа. Яг л 27-28 настай залуус тоглож байна. Гол дүрд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглож байна. Яг л Шинээгийн нас байхгүй юу. Тэр гайхамшигтай насандаа бүтээлээ хийж байсан учраас тэр насных нь сэтгэлгээгээр харуулахыг зорьсон. Өнөөдрийн 20-30 насныхан энэ жүжгийг үзэх ёстой. Миний насныхан ингэж байсан юм байна гэж бодогдох байх. Тиймээс 31 насалсан гэдэг акцентийг олон юман дээр бид гаргаж тавьж байна.
-Та уншигчдад зориулсан хэвлэмэл зохиол гаргах уу?
-Энэ жүжгийг зохиолоор нь хийчихвэл Д.Нацагдоржийн үйл явдлыг л уншина. Энэ жүжгийн ерөнхий зөвлөхөөр нь доктор, СГЗ нэрт зохиолч, нийтлэлч судлаач С.Лочин гуай ажиллаж байна. С.Лочин гуайд би зохиолоо барьсан. Их сайхан үг хэлсэн шүү. “Оруулах ёстой юмнуудыг багтаах гэж их оролдсон байна. Тэр их сайн шүү” гэсэн. Заримыг нь нэг өгүүлбэрт ч багтаасан. Гол нь ямар нэг санаа хэлэхээс илүү Д.Нацагдоржийг дуугарах зорилго байсан.
-Энэ эмгэнэлт жүжиг учраас их зохиолч нас бараад төгсөх байх. Гэхдээ жүжгийн гол эмгэнэл юунд оршиж байна вэ?
-Бид арай өөр юм хийсэн. Үнэнийг хэлэхэд Д.Нацагдоржийг театрын хашаанд долоодугаар сарын 13-нд нас барсан гэдгийг бүх хүн мэднэ. Үгүй гэж нэг ч хүн хэлээгүй шүү дээ. Хүнд зодуулсан гэдэг таамаг байдаг. Д.Нацагдоржийг хорлосон юм уу, эсвэл өөрөө архиндаа түлэгдээд үхсэн гэх мэт судлаачдын янз янзын таамаг бий. Үхсэн нь бол үнэн. Мэдээж түүхийн жүжиг учраас би тэрийг өөрчлөхгүй. Үхээгүйгээр дуусгахгүй. Тэрэн дээр юу дуугарсан бэ гэдгийг үзэгчид өөрсдөө харах байх. Энэ үхлийг зохиолч Ш.Гүрбазар юу гэж тайлж байна вэ гэдгийг жүжигт “хатгасан” юмнаас харж болно.
Д.Нацагдорж үхэж байгаа нь эмгэнэл юм уу, өөр юмыг бид эмгэнэл гээд байна уу гэдгийг үзэж байж мэднэ. Д.Нацагдорж нас бараад жүжиг дуусах нь эмгэнэлтэй юу? Эмгэнэлтэй. 31-хэн насалчихлаа, хайран залуу нас гэж бодогдох ч эмгэнэлтэй. Тэр ч байтугай сайн ажиглавал тэр хүнийг тойроод ерөөсөө бүтсэн юм нэг ч байхгүй. Ээж нь байхгүй, Пагмадулам орхиод явсан, Нина орхисон. Охиноо санаж байсан. Тэрийг тойроод бүсгүй хүний нинжин сэтгэл, энэрэхүйн юм нэг нь ч байгаагүй.
Тэр бүхнээс эмгэнэлтэй юм нь хүний агуу их хүсэл мөрөөдлийг боомилно гэдэг бол ялангуяа авьяаслаг, гайхамшигтай суут хүний мөн чанарыг тасалж хаяна гэдэг маш том эмгэнэл шүү дээ. Хяслан тэнд л байгаа.
Хэрвээ Д.Нацагдоржийг гуйгаад байхад нь буцаагаад Герман руу сургуульд явуулсан бол бүх юм эмгэнэлгүйгээр дуусах байсан. Магадгүй өнөөдөр дэлхийн хэмжээний нэг суутны тухай бид ярьж явах байсан. Суут мөнөөсөө мөн.
-Танд баярлалаа.
"Жаргаагүй нар" жүжгийн нээлт УДЭТ-ын тайзнаа арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох бөгөөд жүжгийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
Гэрэл зургийг:Д.Жавхлантөгс