Өнгөлөг, загварлаг “Эрдэнэс” ЭСГИЙ ЦҮНХ, ЭДЛЭЛ


2016-11-17 12:00 GMT+8

-ГАРААНЫ БИЗНЕС-

Орчин үед эмэгтэй хүн маш олон “ажлыг” зэрэг бас чадварлаг гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай болчихсон гэхэд буруудахгүй байх. Сайн ээж, сайн эзэгтэй дээр нь сайн ажилтан эсвэл сайн бизнес эрхлэгч болж яваа маш олон бүсгүйчүүд бий. Тэдний нэг Д.Эрдэнэсувдын эрхэлдэг бизнесийг бид өнөөдөр ГАРААНЫ БИЗНЕС буландаа онцолж байна.

“Хүүхэд харах хүнээ олчихлоо” гэсээр тэрээр над руу утас цохисон. Ингээд цаг товлож түүний урлан дээр очиход өнгө өнгийн эсгий, түүгээр хийсэн бүтээлүүд биднийг угтав. Түүнийг булангийнхаа зочноор урихаас өмнө “Эрдэнэс” нэрийн бүтээгдэхүүнийг судаллаа. Өнгөний зохицол, загвар гээд маш олон зүйл нь сэтгэлд хүрсэн юм. Эсгий? Эсгий биш байх аа гэсээр л түүнээс асуухад “Эсгийний нягтаршил маш сайн учраас зураг хараад арьсан цүнх гээд бодчихсон хүмүүс байдаг юм” хэмээн инээмсэглэн хариулсан юм.

Нялх хүүхэдтэй дээр нь сургуульд сурдаг надад өөрийн бизнесийг амжилттай ахиулахад гэр бүлийнхэн маань маш их тусалдаг гэж тэрээр онцолж байсан. Үнэхээр л гурван сартай хүүхэд, хичээл, дээр нь бүтээгдэхүүний загвараа гаргах, хэрэглэгчдэд танилцуулга хийх, зөвлөгөө өгөх гээд түүний ажил ид ундардаг юм билээ.

Ингээд эсгийг орчин үеийн өнгө төрхтэйгөөр залуусын хэрэглээ болгохоор зорьж буй “Эрдэнэс” нэрийн бүтээгдэхүүний үүсгэн байгуулагч Дашдэлгэрийн Эрдэнэсувдтай ярилцсанаа хүргэж байна.

-”Эрдэнэс” хэрхэн эхэлж байв?
-Би загварын салбарт их сонирхолтой л доо. Мэргэжлээрээ ажиллаж байсан хэдий ч загварын чиглэлээр юм хийх юмсан гэсэн нууцхан хүсэл дотор минь байдаг байлаа. 2014 оноос эхлээд энэ чиглэлээрээ судалж эхэлсэн. Тухайн үед байгальд ээлтэй, эко бүтээгдэхүүний давалгаа ид газар авч байсан. Тэгээд л эсгий цүнх хийвэл гоё юм байна даа гэсэн бодол төрсөн юм. Манай монголчууд өнө эртнээс эсгий эдлэлийн өв түүхтэй. Бид зөвхөн саарал эсгийг л хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр өнгийн эсгийгээр загварлаг цүнх хийвэл гоё, дээр нь манай монголд ийм зах зээл байхгүй байгаа юм байна гэж бодсон. Ингээд л дэлхийн том, том цүнхний брэндүүдийг судалж эхэлсэн. Тэд 2014 оноос хойш даавуун эсгийг шинэ загварын цүнхэндээ ашиглаж, тэр нь ч загварын чиг хандлага болж байсан. Тиймээс л Монголд үүнийг л эхлүүлэх ёстой юм байна гэж бодоод бизнесээ эхлүүлж байсан. Ингээд анхны бүтээгдэхүүнээ энэ оны нэгдүгээр сард худалдаанд гаргасан.

-Хоёр жилийн хугацаанд бодож, тунгааж байж анхны бүтээгдэхүүнээ гаргасан гэж байна.
-Нэг бүтээгдэхүүн гаргахын тулд маш олон туршилт хийдэг. Цүнх хийгээд л өөрсдөө хэрэглэж үзнэ. Даац нь хэр байна, эдэлгээ ямар байна гэдгийг туршиж байсан. Эхний хэдэн туршилтын дараа “За яг энэ юм байна” гээд гаргасан эхний бүтээгдэхүүнийг маань манай дүүгийн найз ээждээ бэлэглэх гэж авсан. Ээждээ бэлэглэсэн тэр цүнхэнд ээж нь ч өөрөө ч их сэтгэл хангалуун үлдсэн.

-Одоогоор нийт хэчнээн төрлийн бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?
-Яг тоолж үзээгүй байна. Ерөнхийдөө цүнх болон жижиг хэрэгслүүдийг хийдэг. Цүнх гэхэд гар цүнх, үүргэвч, жижиг цүнх, клач гэх мэтчилэн. Мөн бичиг хэргийн “Бичигтэн” багц гэж бий. Тэмдэглэлийн дэвтрийн хавтас, үзэгний гэр хоёр төрлөөр гардаг багц. Мөн iPad, iPhone-ны гэр бүхий “Take Care” багцыг гаргаж байна. Захиалгаар Самсунг маркийн утасны гэр, таблет, киндле зэрэгт гэр хийх боломжтой. Нөүтбүүкний цүнх, паспортын гэр, түлхүүрийн оосор, нэрийн хуудасны сав, үзэгний сав гэх мэтчилэн олон төрлийн бүтээгдэхүүн бий.

-Эсгийний өнгөнүүд нь их гоё юм. Түүхий эдээ хаанаас авдаг юм бэ?
-Манай ашигладаг эсгий бол үйлдвэрийн боловсруулсан эсгий. Одоогоор олон өнгийн, ийм эсгий хийх хүн Монголд олоогүй л байна. Тиймээс гаднаас түүхий эдээ татдаг. Гэхдээ эндээс өнгөний кодоо захиалж авдаг юм. Манай эсгий 2-3 мм өргөнтэй стандарт хонины нарийн ноосон эсгий. Австралиас түүхий эдийг нь татаад БНХАУ-д захиалж хийлгэдэг.

-"Хэчнээн ч ном дэвтэр хийсэн цүнх хүндрэхгүй байна" гэсэн танилцуулга байна лээ. Эсгий эдлэлийн давуу тал юу юм бол?
-Яг үнэн. Манай эсгий бүтээгдэхүүн, цүнх арьсан цүнх эдлэлээс хамаагүй хөнгөн. Маш хөнгөн. Эсгий эдлэл, цүнхний хамгийн том давуу тал нь байгальд ээлтэй материал. Гол онцлог нь энэ. Ямар сонголт хийвэл байгальд ээлтэй байх талаар маш их судалгаа хийсэн хэрэглэгчид захиалга өгөхдөө арьс оруулахгүй байхаар захиалгаа өгдөг юм. Бариул, суурь, тэр бүү хэл логог ч арьс биш эсгийгээр хийлгэе гэдэг. Эсгий бол байгальд ээлтэй материал. Эсгий үүргэвч гэхэд л өвөл үүрээд явахад нуруунаас дулаахан. Аль ч улиралд тохиромжтой.

-Эсгий эдлэл бөөсрөхөөс эхлээд арчилгаа их шаарддаг юм шиг. Бас дээр нь норвол дарайж, хатуурах эрсдэлтэй юу?
-Хонины нарийн ноосоор хийсэн учраас бөөсрөхгүй. Арчилгаа төдийлэн шаардахгүй дээ. Бид бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаасаа өмнө нано протект цацчихдаг юм. Бороонд гэхээс биш цасанд бол яах ч үгүй. Хэт их норвол агших эрсдэлтэй. Тиймээс бороонд норгохгүй байхад л болно.

-Бизнес эхлэхэд анхны хөрөнгө оруулалт чухал шүү дээ. Урлан, оёдлын машин гээд л тодорхой хэмжээний хөрөнгө шаардана. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэж байв?
-Бизнес эхэлнэ гэдэг чинь өөрөө маш том асуудал юм билээ. Залуу хүн бүр л өөрийн гэсэн бизнестэй болох мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Гэтэл эхлэх гэхээр хөрөнгө оруулалт хамгийн том асуудал болдог юм билээ. Миний анхны хөрөнгө оруулагч аав ээж маань. Би түрүүн хэлсэн дээ 2014 оноос би судалж эхэлсэн гээд. Ажлынхаа хажуугаар л энэ бизнесээ судалж яваад одоо л яг хийх, эхлэх цаг нь гээд аав, ээждээ хэлтэл намайг дэмжиж, бизнесээ эхэлж байсан.

-Борлуулалтын тал дээр хүндрэл байв уу.
-Анх фэйсбүүкээр бүтээгдэхүүнээ танилцуулаад хүргэлт хийдэг байсан. Зарим хүн эффекттэй харагдаад байна гээд ирж үзэж байгаад авдаг байсан. Ам дамжсан яриа чинь их сайн маркетинг юм билээ. Урлан дээр хүмүүс их ирдэг. Дээр нь Gumuda Concept Store, Lhamour Creative Store-д бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Манайх эхлээд дөрвөн сар болж байхад Gumuda-аас санал тавьсан. Тэнд анх бүтээгдэхүүнүүдээ борлуулж байгаад дараа нь Lhamour Creative Store-д гээд хэрэглэгчид улам ойртоод л байна.

-Яг ямар мэргэжилтэй юм бэ. Сонсоод байх нь ээ загварын талын хүн биш бололтой.
-Би MIU-г бизнесийн удирдлагаар төгссөн, одоо СЭЗДС-д санхүүгийн удирдлагаар сурч байгаа. Загварын чиглэлийн хүн биш л дээ. Зүгээр л загварт хоббитой хүн.

-Тэгэхээр загвараа өөрөө гаргадаг юм уу. Эсвэл танайд загвар зохион бүтээгч байдаг уу.
-Би загварт их дуртай. Бүтээгдэхүүнийхээ загваруудыг өөрөө гаргадаг. Хүн чинь дуртай юмаа л их сайн хийдэг юм шиг байгаа юм. Загварын А ч байхгүй хүн шүү дээ би чинь. Номын дуу сонсоогүй. Тэгэхээр их л судалгаа шинжилгээ хийж байгаа юм. Дуртай юм болохоор шантрахгүй. Эхлээд цаасан дээр хэвээ гаргаад л болж байвал эсгий дээрээ буулгана гээд л туршилт, цаг хугацаа их ордог юм. Ээж маань “Цүнх бол геометрийн дүрс гэсэн үг” гэж хэлж байсан юм. Тэр үг миний хийх хүсэл эрмэлзлэлийг өдөөсөн. Би математик, тоонд их дуртай. Багаасаа л хичээллэж байсан, мэргэжил маань ч ийм болохоор тоон дунд өссөн. Ээжийн хэлсэн үг миний харах өнцгийг өөрчилсөн. Тэгээд л цүнхний загвар гаргахдаа яг л юмны эзлэхүүн бодож байгаа юм шиг тооцоолдог.

-Нэг үеэ бодвол эсгий бүтээгдэхүүн олширсон байна. Яг танайх шиг өнгийн эсгий эдлэл хэр байдаг юм бол. Зах зээлээ судалсан байх.
-Ижил төрлийн бүтээгдэхүүн манай зах зээлд олон болчихсон. Гэхдээ өнгөн дээр түшиглэсэн бол байхгүй гэж болно. Миний гол зорилго бол эсгийг орчин үеийн өнгө төрхтэйгөөр залуусын хэрэглээ болгох. Тиймээс өнгө, загвартаа ач холбогдол өгдөг.

-Эсгүүрийн ширээ, хоёр ч оёдлын машин байна. Танайх нийт хэдэн ажлын байр бий болгосон бэ?
-Одоогийн байдлаар манайх 3-5 ажилтантай. Хоёр нь цагаар ажилладаг. Оёдол, эсгүүр дээр ажилладаг. Би өөрөө загвар гаргах, удирдан чиглүүлэх ажилдаа анхаарлаа хандуулдаг. Хүүхэд маань гурван сартай учраас одоогийн байдлаар амралтын өдрөөр харах хүн олоод тэгээд урлан дээрээ суудаг. Гэр бүлийнхэн маань маш их дэмждэг учраас болоод л байна. Жирэмсэн байхдаа бизнесээ эхлүүлсэн. Өмнө нь AYC төсөл дээр ажиллаж байгаад нээлтээ хийхээс нь өмнө гарчихсан. Захиралдаа би өөрийн санаагаа хэрэгжүүлмээр байна гэж хэлтэл дэмжсэн л дээ.

-Цаашдын зорилго юу байна вэ. Гадаадаас нэлээд захиалга авч байсан гэхээр гаднын зах зээлд хүч үзэх бодол байгаа юу?
-Манайх одоо л дөнгөж хүмүүст танигдаж эхэлж байна. Монголын зах зээл тийм ч том биш шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө зах зээлд бүрэн танигдах, цаашлаад экспортод гаргах зорилготой ажиллаж байна. Дан эсгий гэлтгүй өөр гоё материалыг бас бодож байгаа. Одоо бол манайх эсгий, арьсны хослол. Судалгаа хийгээд л байж байна. Манайх одоогийн байдлаар Кувейт, Австрали, Япон, АНУ, Солонгос гээд хэд хэдэн улсаас хувь хэрэглэгчдээс захиалга авчихсан байгаа. Өнөөдөр гэхэд л Канад руу захиалга явуулчихаад ирж байна. Тэгэхээр гадагшаа зах зээл бидэнд нээлттэй, боломжтой юм байна гэж харж байгаа.

-Гарааны бизнес булан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахаас гадна бизнес эхлэх гээд халгаагаад байгаа хүмүүст хэрэг болох зөвлөгөөг хүргэхийг зорьдог юм. Багагүй хугацааг ардаа орхиж, амжилттай эхлэл тавьсан хүний хувьд та ямар зөвлөгөө хэлэх бол?
-Юм эхэлж байгаа л бол маш их хүндрэлтэй тулгардаг юм байна. Шантрах үе ч их гардаг юм билээ. Хүндрэл гэвэл түрээсээс эхлээд л олон зүйл бий. Стиб Жобсоос эхлээд л дэлхийн том том бизнес гэрийнхээ грашаас эхэлсэн байдаг шүү дээ. Энэ чинь л сэтгэлийн маш том дарамтнаас салгачихаж байгаа байхгүй юу. Монголд грашнаас эхэлдэг байсан бол ямар сайхан юм бэ гэж боддог юм. Сар бүр түрээс, цалин гээд л асуудал ундарч өгнө.

Өмнө нь нэг газар ажилладаг байхдаа хийснийхээ хэрээр л цалингаа аваад явдаг байсан. Тухайн үедээ би хариуцлагатай ажиллаж байна гэж боддог байсан ч хариуцлага гэдгийг зуун хувь ойлгодоггүй байсан юм шиг одоо санагддаг юм. Өөрөө юм хийгээд эхлэхээр цаг хугацаа тулсан төлбөрийн асуудал, хэрэглэгчийн захиалга орж ирнэ гэх мэтчилэн маш олон зүйлийг зэрэг хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ бас чадвар шаардаж байгаа юм. Дэлхий дахинд маркетинг гэдэг хэрэглэгчийн халамжийн үйлчилгээ болчихлоо л доо. Үүнийг л манайд сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс ч би хэрэглэгчидтэйгээ харилцах, заавар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг өөрөө хийхийг илүүд үздэг.

Дээр нь бизнесийнхээ алсын харааг олж харах нь их чухал юм шиг санагдсан. Манай гэр бүлийнхэн намайг дэмжиж байгаа учраас шантрах болгонд дэм болдог. Тэгэхээр бас өөрт чинь дэм болох хамтрагчийг сонгох нь чухал.

Та "Эрдэнэс" нэрийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж фэйсбүүк хуудсаас нь авах боломжтой. Мөн 88089933 дугаарын утсаар холбогдоорой.

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 416 санал өгсөн байна.

Дээшээ