Улаанбаатар хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 20-30 дахин их байна.
Нийслэлийн хүн амын нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлоор нөхцөлджээ. Агаарын бохирдол насанд хүрэгчид төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж байгаа юм. Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, хүүхдийн төлөө байгууллагын төлөөлөл агаарын бохирдлоос бяцхан иргэдээ хэрхэн хамгаалах талаар хэлэлцэв.
Агаарын бохирдлын хамгийн эрсдэлтэй бүлэгт 0-5 насныхан орж байна. Учир нь энэ үед хүүхдийн уушги бүрэн хөгжиж гүйцээгүй байдаг. Мөн хүүхэд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдан амьсгалдаг байна. Энэ үед хүхэр, хар тугалга, нарийн ширхэгт тоосонцор хүүхдийн биед нэвтэрснээр уушгины архаг эмгэг, цаашлаад үхэлд хүргэдэг байна.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберт Беннис “Улаанбаатарын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд богино ба урт хугацааны эрсдэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хойноо уушгины хорт хавдар, амьсгалын эрхтний архаг үрэвсэл, зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгдэж байна. Ирээдүйд дээрх өвчнөөр шаналах бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болох аюул бүрдээд байна” гэв.
Сүүлийн 10 жилийн хугацаанд нярай болоод бага насны хүүхдийн дунд уушгины хатгалгаа эрс нэмэгджээ. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүүхдийн уушги гэмтсэнээр хөнгөн ханиад ч уушгины хатгалгааны хүнд хэлбэрт шилжиж байгаа аж. Энэ нь агаарын бохирдол хүүхдийн биед үзүүлж буй богино хугацааны нөлөөлөл юм. Харин урт хугацаанд уушгинд хавдар үүсэх нөхцөл болдог байна.
Тэгвэл хүүхдийг хэрхэн хамгаалах вэ?
Агаарын бохирдлыг шийдвэрлэхийн тулд улсын хэмжээний цогц бодлого шаардлагатай хэмээн хуралд оролцогчид санал нэг байв. Мөн эцэг эхчүүд “ энэ бол улсын шийдэх асуудал” хэмээн тоомжиргүй хандах бус үр хүүхдээ хамгаалахын тулд амьдралын зөв дадал хэвшүүлэх шаардлагатай байна гэв.
ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар “ДЭМБ 2016 оноос эхлэн уушгины хатгалгааны эсрэг вакцинжүүлах аян өрнүүлээд байна. Одоогоор 15800 хүүхдийг вакцинжуулсан. Энэ вакцин бага насны хүүхдийн уушгины хатгалгаа өвнчөөр нас барах эрсдэлийг 33 хувиар бууруулна гэж үзэж байна. Үүнээс гадна дотоод орчин буюу гэр, сургууль, цэцэрлэгийн агаарыг сайжруулах шаардлагатай байна” гэв.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберт Беннис “Дотоод орчны бохирдол ч хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учируулж байна. Үүнд эцэг эхчүүд анхаарах шаардлагатай. Хүүхдийн дэргэд тамхи татах, хүүхдийн эрүүл мэндэд тоомжиргүй хандах зэрэг эцэг эхчүүдийн буруу зуршил хүүхдийн өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Цаашлаад хүүхдэд маск зүүлгэх, утаа багассан үед гадаа гаргах зэрэг амьдралын зөв хэмнэлд шилжих зайлшгүй шаардлага тулгараад байна” гэв.
Улаанбаатарын утаа монголчуудын удмын санд ч сөргөөр нөлөөлөх болсон. Сүүлийн жилүүдэд тагнай нь цоорхой, уруул сэтэрхий, аль нэг эрхтний согогтой ураг мэндлэх болов. Үүнээс гадна бага жинтэй хүүхэд төрөх, ургийн уушгинд өөрчлөлт орох, дутуу төрөх, харшлаар өвчлөх зэргээр урагт сөргөөр нөлөөлж байна. Хурлын үеэр жирэмсэн эхчүүдэд зориулж жирэмсний хяналтанд тогтмол орох, маск зүүж хэвших, гэр, албан тасалгааны агаарыг тогтмол цэвэршүүлэх зэрэг зөвлөмж гаргасан юм.
М.Билгүүн