Улирч буй 2016 онд дэлхий дахинд тохиосон олон улсын харилцааны чухал үйл явдлууд, 2017 онд хэрхэн цааш өрнөх тухай олон улсын харилцааны судлаач профессор Д.Баярхүүгээс дараахи хариултыг авлаа
-Барак Обама ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан, эрүүл мэндийн даатгалын системд шинэчлэл хийсэн, Куба улстай дипломат харилцаагаа сэргээсэн зэрэг амжилттай бодлого хэрэгжүүлсэн боловч Америкийн гадаад өр, тагнуулын дуулиан зэрэгт өртсөн муу үр дүн бас гарсан. Обама дараагийн Ерөнхийлөгчид хэр зэрэг хүнд ачаа үлдээж байгаа бол?
-Хүнд ачаа үлдээнэ гэх ойлголт байхгүй болов уу? АНУ-ын улс төрийн тогтолцооны онцлог, нэгэнт хэвшиж тогтсон ажлын арга барил, улс төрийн институцыг энд тооцох хэрэгтэй. Шинэ Ерөнхийлөгчийг тэр “Trump Organization”, “Trump Entertainment Resorts” гэх компаниудынх нь баахан бизнесч дагаж ирэхгүй. Тэгэх эрх, боломж ч байхгүй. Өөрөөр нь овоглосон маш олон компани энд ямар ч хүртээлгүй. Вашингтонд Засгийн газарт хэн хэн байх вэ гэдгийг Бүгд Найрамдах Нам нь л шийднэ. Үнэндээ Трампад өөрийн гэх улс төрийн баг байхгүй. Боломжтой, хүчтэй кандидатууд намд нь хангалттай бий. Ихдээ гэхэд л Трамп 4000 гаруй албан тушаалд өөрийн ба намын талынхнаа дэвшүүлэх бололцоотой. Гэхдээ БНН-ын элит хэсэг, ажлын багийнхан Цагаан ордонд ирж бодлого хэрэгжүүлнэ. Барак Обамагийн үед гаргасан тушаал шийдвэрийн 70 хувийг хүчингүй болгоно хэмээн БНН-ын нэг лидер Ньют Гингрич мэдэгдсэн байна билээ. Бодвоос улам сайжруулсан шийдвэр л гаргах болов уу.
-АНУ-ын бодлого хэрхэн өөрчлөгдөх нь Трампын томилгооноос шалтгаална. Тодруулбал Төрийн нарийн бичгийн дарга, ТТГ-ын дарга, Сангийн яам зэрэг гол байгууллагын тэргүүнээр хэнийг томилохоос шалтгаална гэж олон улсын тоймчид дүгнэж байсан. Тэгвэл Трампын Засаг захиргааны бизнесийн төлөөллөөс бүрдэж байна. Трамп өөрөө ясны бизнесч хүн. Таны хувьд үүнийг юу гэж дүгнэж байна. АНУ-ын бодлогод ямар өөрчлөлтүүд гарах вэ?
-АНУ-ын төрийн бодлого орвонгоороо эргэнэ гэх ойлголт байхгүй. Бизнесийн төлөөлөл ирж байгаа нь асуудалд илүү бодитой, ажил хэрэгч хандах боломж олгож байж болно. Либерал ардчилал, ардчиллыг дэлхий дахинд түгээх гэдэг дээрээ илүү бодитой хандаж, үр дүнг нь айхтар тооцоолно гэж Трамп өөрөө ч олонтаа мэдэгдсэн, тэгэх ч болов уу гэх хүлээлт буй. Тоглоомын хоёр дүрэм гаргаж мөрдөнө хэмээн Трамп ярьж байна. Энэ нь «америкийн барааг худалдан ав», «америкчуудыг хөлсөөр ажиллуул» гэх дүрэм гэнэ. Тэгэхээр бизнесийн өнцгөөс бодлогоо хэрэгжүүлэх нээ гэж үзэж болохоор юм.
-Доналд Трамп “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхийг хүдэг бүх улс оронтой хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр Сирийн засаглалтай /Башар Асад/ биш харин тус улс дахь хэт даврагчидтай тэмцэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Ингэснээр АНУ Ойрхи Дорнодын улс төр дэх оролцоогоо сулруулж байна гэсэн үг үү?
-Сулруулна гэж үзэхгүй байна. Түүний хэлсэн үг байна. “Бид Ойрхи Дорнодыг юу болгоод тавьчихав аа? Ойрхи Дорнод өмнө нь хэзээ ч тийм байгаагүйгээр тогтворгүй, эмх замбараагүй боллоо. Тэндхийн улс орнуудыг барууны ардчилал болгож хувиргаж чадна гэх осолтой үзэл суртлаас бүх гай эхэлсэн шүү дээ. Тэд чинь барууны маягийн ардчиллын ямар ч туршлага, хүсэл сонирхолгүй байхад нь шүү. Асад биш, харин «Лалын улс» бол АНУ-ын дайсан. Террористуудтай тэмцэхийн тулд Асадтай холбоотон болоход бэлэн байна” гэсэн нь бодит бодлого болж хэрэгжих болов уу.
-Трамп НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага хэмээн эрс шүүмжилдгээрээ зартай. Тэрбээр Америкаас хэт хамааралтай улсуудыг бие даалгахад анхаарна гэж мэдэгдэж байсан. АНУ НАТО-гийн гишүүнчлэлээс татгалзах уу. Үүнийг та юу гэж дүгнэж байна?
-Бас л түүний ярьснаас хариултыг олох хэрэгтэй. Тэрээр “Хэрэв холбоотнууд нь АНУ-аас мөнгө илүү гаргахыг шаардаад байвал НАТО-гоос гарч болно. Евроатлантын харилцааг өөрчилж болно” гэж ярьж байсан. Түүний ярьсан дотор дараахи мэдэгдэл анхаарал татаж байсан. Тухайлбал “НАТО-гийн 28 гишүүн орноос ихэнхи нь төлбөр төлөхгүй, НАТО-гийн төсвийн 73 хувь нь Вашингтонд ногдож байна”, “Энэ бол асар их мөнгө шүү дээ”, “Герман мэтийн баян орнуудыг бид хамгаалж байна. Гэтэл Герман бидэнд төлбөр төлөх ёстой. Бид ямар ч төлбөр авахгүйгээр Германы нутаг дэвсгэрт цэргийн баазаа байлгаж чадахгүй. Германчууд заавал төлбөр төлөх ёстой”, “Америк нь дэлхийн цагдаа хийгээд, бүгдийг нь үнэ төлбөргүй хамгаална гэж байхгүй”, “Үүнээс гадна НАТО терроризмтой тэмцэхэд хүчээ төвлөрүүлэхгүй байна” гэхчлэн. Тэгэхлээр Трамп НАТО-г үлэмж шавдуулж, шахаж таарах байх. Европын аюулгүй байдлын тогтолцоонд өөрчлөлт орж магадгүй. Харин АНУ НАТО-г орхино гэдэг юу л бол. “Financial Times” сонинд Дональд Трампад зарчмаа барь гэх зөвлөлгөө өгч, тэр нь нэгдүгээрт, АНУ нь НАТО-гийн өмнө хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй сахих, хоёрдугаарт Оросын эсрэг хоригийг цуцалж болохгүй хэмээн уриалсан байна билээ.
-Доналд Трамп хууль бус цагаачдын эсрэг хатуу бодлого баримтлахаа мөрийн хөтөлбөрийнхөө гол заалт болгож байсан. Түүний ялалт Америкт “харласан” монголчуудад халтай байхыг үгүйсгэхгүй.
-Цагаачид гэснээс лалын орнуудаас АНУ-д очих мусульманчууд, хил давж орж ирдэг мексикчүүдэд хатуурхана гэдгээ Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр байнга ярьж явсан санагдана. Харин монголчуудын талаар тэгнэ, ингэнэ гэсэн үгс дуулдаагүй. Энэ талаар Та бүхэн АНУ дахь монголчуудаас өөрсдөөс нь сайтар асуух хэрэгтэй. Тэд эрхбиш дотроо бодож, тунгааж, төлөвлөж байгаа зүйл бий байх.
-Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээг Барак Обамагийн Засгийн газрын үед цуцалсныг Трамп ихэд шүүмжилдэг. Түүний нэн тэргүүний зорилт Обамагийн шийдвэрийг хүчингүй болгох гэж Трамп хэлж байсан.
-Обамагийн тушаал шийдвэрүүдийн 70 хувийг хүчингүй болгоно хэмээн Гингрич ярьсныг дээр би дурдсан. Тэр 70 хувь гэдэг найман жилээр тооцож үзвэл маш олон хавтас болж таарна. Тэр 70 хувьд нь Ираны талаархи шийдвэр ороод ирж бас болно.
-Орос, АНУ-ын хоорондох хүйтэн дайныг Обама эхлүүлсэн гэж шинжээчид үздэг. Тэгвэл Трамп ОХУ-тай урьдны харилцаагаа сэргээж чадах болов уу?
-Сэргээж чадна гэсэн итгэл Орост илүү их байх шиг байна. Гэхдээ тэр нь АНУ Оросын өмнө буулт хийнэ гэсэн үг биш байх. Өөрийн Үндэсний, “чухал” эрх ашгаа дээдлэн хамгаална – “Америк нэгдүгээрт” гэсэн уриатай Трамп Ерөнхийлөгч болох гэж байна. Энэ уриаг Оростой тогтоосон харилцаандаа ч тэрээр мөрдөх болов уу.
-Трампын бодлого дэлхийн улстөр, эдийн засгийн бодлогод хэр нөлөөлж, ямар өөрчлөлтийг авч ирэх бол?
-Мэдээж дэлхийн бодлогыг тодорхойлдог глобал гүрний төрийн тэргүүн солигдож байна. Либерал мессианизмын эсрэг хатуу зогсоно гэсэн үзэл бодолтой реалист, прагматик хүн Цагаан ордонд очиж байна. Тэглээ гээд дэлхийг донсолгох нь юу л бол. Дэлхийн бодлого орвонгоороо эргэнэ гэж үзэхгүй байна. Шинэ дүр төрхтэй, шинэ нүүр царайтай, илүү бодитой, илүү хурдтай, төсөөлөх таамаглах аргагүй олон улсын харилцаа цаашаа төлөвших болов уу гэх дүгнэлт гадаадын судлаачид хийж байна.
-Германы сонгуулийг дэлхий даяараа харж байна. Хэрвээ Ангела Меркелийн нам олонхийн дэмжлэг авч чадахгүй бол Европын Холбоо хүнд байдалд орж болзошгүй хэмээн таамаглаж байна. Европын холбооны ирээдүй ямар харагдаж байгаа бол?
-2016 оны дэлхийг дэлдийлгэсэн үйл явдлууд дотроос “Трамп”, “Brexit” бол гарцаагүй эхэнд нь бичигдэх түүхэн үйлс. Энэ бол даяарчлалын түвшинд өрнөх их үйл явдлын эхлэл гэдгээрээ ач холбогдол нь хойшид өдрөөс өдөрт тодрох болов уу. Европт засгийн эрхэнд популист намууд олноороо гарч ирэхийн эхэн байж ч магадгүй. Хэрэв ойрын нэг хоёр жилд Европт явагдах сонгуулиудад уламжлалт улс төрийн элитүүд ялагдах, сөрөг хүчин болох явдал гарвал мэдээж Европын Холбооны дотоод эв нэгдэлд нөлөөлж таарах байх.
-Олон улсад өрнөж буй мөргөлдөөн, дайны шинжтэй үйл явдлуудад манай улсын зүгээс төвийг сахих бодлогыг баримтлах ёстой гэж үзэж байна уу. Тухайлбал Швейцарь улс 200 гаруй жил төвийг сахих бодлогыг баримталж ирлээ шүү дээ?
Манай мэтийн бага буурай улс дэлхий дэх их гүрнүүдийн өвөр хоорондын харилцаа, зөрчил дунд зөв байраа эзэлж, бүгдтэй нь найрсаг харилцаатай байж, тэднээс тусламж дэмжлэг хүртэж байхын тулд төвийг сахиснаа зарлах нь зөв хэмээн би үздэг. Олон улсын харилцаа үнэхээр түвэгтэй болж байна. Манайтай найрсаг харилцаатай, бид тэргүүлэх ач холбогдол өгч харилцдаг улс гүрнүүд өвөр хоорондоо дайсагнасан харилцаатай байна. Тэр дайсагнал нь юунд ч хүргэж мэдэхийг хэн урьдчилан таах билээ. Жишээ нь Орос, АНУ хоёр, Хятад, Япон хоёр, Хятад АНУ хоёр, Европын Холбоо Орос хоёр гэх мэт дайсагнаж байгаа нөхцөлд "Чи хэний талд вэ?" хэмээн манай улсаас улс төрийн дэмжлэг, хатуу байр суурь шаардвал, тэгээд түүнийгээ хоёр талын харилцаандаа харгалзана гэвэл бид хариу хэлэх үг, тайлбараа бэлтгэчихээд байж байх ёстой. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, гуравдагч хөршөө алдахгүй, гэхдээ хоёр их хөрштэйгээ эдийн засгийн коридор байгуулах хүсэлтэй, хэнийг нь ч гомдоохгүй Монгол маань дэлхийн аваргуудын сөргөлдөөн мөргөлдөөн дунд зөв гарцаа олж мөрдөх ёстой. Тийм гарц хувилбарын нэг нь төвийг сахих тухай 2015 намраас яригдсан тэр номлол байж болно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.