Ү.Байгалмаа: Магтаал сонсохоор “Би Монгол хүн юм чинь” гэж “онгирдог”
Г.Одгарав Сэтгүүлч

Польш улсад Монголын анагаах ухааныг дэлгэрүүлж, олон хүнийг аврах үйлсэд чин сэтгэлээ зориулж яваа Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмааг "Монгол бахархал" буландаа урилаа.

Ярилцлагын туршид Анагаах ухааны доктор, их эмч Ү.Байгалмаагийн үг, хандлага бүрээс Монголоо гэх их сэтгэл мэдрэгдэв. Тэрбээр Польш улсад 24 жил Монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж, хүн зоныг анагааж явна. Өвчтөнөө эдгэснийг сонсох тоолондоо "Монголдоо байсан бол...” хэмээн  харамсдаг гэсэн... Энэ үгс сэтгүүлч надад хөнгөн гуниг эрхгүй төрүүлсэн. Алс хол байвч сэтгэл нь Монголдоо орших эгэл эмчийн ярилцлагыг хүргэж байна.

Гэгээнтэн багшаасаа 30 гаруй жил номын дуу сонссон

Та Европ болоод Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан эзэмшсэн эмч хүн. Тэр дундаа эртний уламжлалт анагаах ухааныг гэгээнтэн багшаасаа өвлөсөн гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

Миний хувьд багшдаа шавь орохоос өмнө Монгол хүнийг Монгол ухаанаар эмчлэх ёстой гэж боддогоос бус уламжлалт анагаахын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тиймээс Анагаах ухааны их сургуулийн хоёрдугаар дамжаанд сурч байхдаа багшаасаа “Мөрдөж байгаа нормууд чинь хаанахынх юм бэ, яагаад Монголынхоор явж болдоггүй юм” гэж асуухад “Чи их сонин сэтгэдэг хүүхэд байна. Бодох л асуудал” хэмээн хариулж билээ. Түүнээс хойш бидэнд өөрсдийн эмчилгээний ямар уламжлал байсан, юу өвлөгдсөн бол хэмээх бодол үргэлж намайг ээрч байв. Тэгээд ээждээ “Би Монгол эмнэлгээс суралцмаар байна” гэж хэллээ. Ээж “Ээ бурхан минь ийм юм хамаагүй ярьж болохгүй шүү” гэж болгоомжилж байсан нь саяхан мэт. Аргагүй шүү дээ 1980-аад оны үед бүх зүйл хаалттай байсан юм чинь. Нэг өдөр ээж “Би нэг мундаг хүн оллоо. Тэр Монгол эмнэлгийн эмч гэнэ. Чи тэр хүнээс л юм сур. Гэхдээ намын даргад мэдэгдэж болохгүй шүү” гэлээ. Ингэж л анх багштайгаа учран золгосон. Манай багш Завхан аймгийн харьяат бөгөөд түүнийг төрөхөд гэрийнх нь тооноор гэрэл цацарч байсан гэдэг юм билээ. Нутгийнхан нь багшийг төрөлхийн гэгээнтэн, хувилгаан хүн хэмээн дээдэлнэ. Тэрбээр Энэтхэг, Түвдээс анагаах ухааны мэдлэг эзэмшсэн маарамба хүн бөгөөд өвчнийг гайхалтай оношилж, эдгээдэг байлаа.

Багш нь хэрхэн хүлээн авав. Их өндөр шалгууртай, огцом ааштай хүн байсан гэсэн?

Тийм ээ. Их ааштай, шулуухан хүн байсан. Үүнд их учир бий. Багшийг уламжлалт эмчилгээ хийсэн гэж таван машин эм танг нь хурааж, 30 жил шоронд хорьж байжээ. Тиймээс хүн очиход их аашилна. Би анх хоёр, гурван удаа ганцаараа очлоо. “Нүд сохор, чих дүлий үхэх дөхсөн хүн хүнд хоол болох биш хор болно. Чи яах гэж ирээ вэ” хэмээн намайг загнасан. “Би ерөөсөө больё. Их муухай ааштай хүн байна. Надад юм зааж өгөхгүй шинжтэй. Бас хүмүүс рүү нулимдаг их муухай бүдүүлэг” гээд Анагаах ухааны их сургуульд сурч байгаа мундаг оюутан ээждээ хэллээ. Номын дууг нь сонсож буй цагаан халат өмссөн цэмцгэр оюутны хажууд багш минь харанхуй бүдүүлэг хүн шиг л санагдсан байх. Тэгээд ээж багш дээр хадаг бариад шавь оруулахыг гуйсан. Үнэндээ багш намайг сорьж байсан юм билээ. Үг дуулж, шантраагүй учраас багш шавийн барилдлагатай болохыг зөвшөөрсөн. Тэрбээр шоронд 15 жил хоригдсоныхоо дараа хар болж, эхнэр авсан бөгөөд нэг хэсэгтээ хүн үзжээ. Гэтэл гуйж домнуулсан хүмүүс нь дээш матсанаар дахин 15 жил шоронд суусан байна. Багшийг шоронгоос гарахад эхнэр нь нутаг буцсан байжээ. Түүнээс хойш эхнэртэй болохгүй, эмэгтэй хүнтэй зууралдахгүй гэж өөртөө тангарагласан аж. Гэсэн ч миний тэвчээрийг үнэлж, шавиараа зөвшөөрсөн бөгөөд “Миний тангараг эвдсэн анхны бөгөөд эцсийн эмэгтэй шавь” гэдэг байлаа. Дашчойлон хийдийн лам нар Гага багш гэдгээр нь сайн мэднэ. Багшаасаа 30 гаруй жил номын дуу сонссон. Үндсэндээ сурахынхаа хажуугаар уламжлалт анагаахын мэдлэгийг давхар эзэмшиж байсан нь тэр юм.

Багшаасаа авсан хамгийн чухал ололт юу байв?

Монголын уламжлалт анагаах ухаан гэж юу болох, ямар гайхамшигтай өв байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч авсан. Багшийн гол онол бол Монгол анагаах ухаан бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хоёр жилээс дээш даамжруулахгүй байх, өвчнийг гарсан даруйд сайтар дарах, биеийн тэнцвэрийг сайн олох зэрэг юм. Түүнээс гадна уламжлалт анагаах хүний биеийг илааршуулдгийг багшийнхаа үйлдлээр алхам бүрт харж, мэдэрсэн. Хэрэв би багшийгаа хүн эдгээж буй үйлдэл болгоныг хараагүй бол өнөөдөр энэ чиглэлээр мэргэшихгүй ч байсан байж магад. Энэ хугацаанд намайг няцаах гэж оролдсон, “Эмч хүн байж хоцрогдсон бүдүүлэг, шашны уламжлал хөөлөө” гэх цөөнгүй хүнтэй нүүр тулсан. Тэр болгонд шантарч байсан ч багшийнхаа эмчилгээ бүрийг санаж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Багштайгаа учирсан нь их ховор хувь заяа юм.

Хужиртад уламжлалт эмчилгээний анхны гараагаа эхэлсэн гэж сонссон?

Сургуулиа төгсөөд би хүнийг эмээр бус ардын эмчилгээгээр эмчилнэ гээд Хужирт рашаан сувилалд очлоо. Очмогцоо ашиглахаа байсан хуучин агуулахыг “Ургамал эмчилгээний кабинет” болгосон. Агь, ганга, таван салааны үнэр анхилж, шувууд жиргэсэн таатай орчинг бүрдүүлж хүмүүст тайвшруулах эмчилгээ хийж эхэлсэн. Зүрх, судас, даралттай хүмүүст их үр дүнтэй эмчилгээ байсан тул үүнийг 18 аймагт нэвтрүүлж байлаа.  

Миний ажиглалтаар Монгол анагаах ухаан
яах аргагүй түрүүлчихсэн

Өнөөдрийн Монголын уламжлалт анагаахын нэр хүндийг европтой харьцуулалтгүй. Гэтэл та “Монгол эмчийн тэмдэглэл” номондоо орчин үеийн шинжилгээгээр буруу тогтоосон өвчнийг зөв оношлосон талаар багагүй бичсэн байсан?

Тийм тохиолдол их олон. Хадам ээжийг минь хавдартай гэж оношлосон нэг мундаг эмч “Муусайн уламжлалтынхан юугаа ч мэдэхгүй” гэж томорч эрүүл бүдүүн гэдсийг нь тайрч байлаа. Гэтэл тэр нь миний хэлснээр хавдар бус наалдац байсан. Би “Хавдар биш” гэж хэлэхэд хэн ч итгээгүй тул “Хэрэв хагалгааны дараа хавдар бол би уламжлалтын эмч хийхгүй” гэдгээ дүүдээ хэлж байв.

Хатуухан хэлэхэд өнөөдөр улсын эмнэлгийн уламжлалт тасаг эрэлт багатай, эмээ, өвөө нарын хуянг тараах төдийнхөөр үйл ажиллагаагаа явуулдаг гэхэд хилсдэхгүй. Үүгээр өнөөдрийн байр суурийг нь тодорхойлж болох юм шиг ээ?

Би сургуулиа төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй судалж байна. Польшийн эмч нартай зэрэгцээд л судалгаа хийж байгаа. Миний ажиглалтаар Монгол анагаах ухаан яах аргагүй түрүүлчихсэн...

Уламжлалтын эмч нарыг дүрс, компьютер оношлогоо шиг аливаа өвчнийг нэвт харна гэдэгт зарим хүн эргэлздэг?

Өнөөдөр өвчнийг их нарийн оношлодог болсон. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэвч аливаа зүйлд сайн муу хоёр тал бий. Долоон тэрбум хүн яг нэг рентген зураг шиг байхгүй. Дээрх жишээг татаж болно. Тэр эмч бол рентген зурган дээрх бүдүүн гэдэсний дээр байгаа цагаан толбыг хавдар гэж оношлоод яаралтай тайрч авахгүй бол томроод бүдүүн гэдэс бөглөрнө. Улмаар баасаараа бөөлжиж үхнэ гэж тайлбарласан. Гэтэл тэр нь наалдац байх жишээтэй. Сүүлийн үед хавдар их гарч байна гэдэг бол оношлогооны алдаа. Шинжлэх ухаан техник маш хурдан хөгжсөн учраас ялихгүй өөрчлөлтийг хавдар гэж оношлоод байна. Монгол анагаахаар баруун бөөрний дээд талд юм гарсан эсэхийг яаж мэдэж байгаа юм гэж асуудаг. Гэтэл тэрийг харахгүй ч уламжлалт эмч нар бөөрний халуун хүйтэн, зүс царай, хэв шинжээр нь хэвийн бус байгааг тогтоож, өвчнийг хүндэрсний дараа бус өмнө нь эмчилдэг.

Уламжлалт анагаах ухаан учир шалтгааныг эмчилнэ гэдэг?
Өнөө үед цөсний чулуутай хүний цөсийг тэр чигт нь авч байна, таван жилийн дараа хордлогод ороод ходоод гэдэсний шархтай болоод өнгөрч байна. Монгол анагаах ухаанд судсыг нь бариад танд цөсний чулуу байна, эсвэл чулуу үүсэхээс нь өмнө та халуун шартай байна, цусаа хатаагаад чулуу үүсгэх магадлалтай шүү хэмээн зөвлөж эмчилдэг. Харснаа байна, хараагүйгээ үгүйсгэдэг нь буруу. Өөрөөр хэлбэл Монгол анагаах ухаан судсаар ирээдүйд ямар өвчтэй болохыг урьдчилан хэлдэг. Монголчууд хүүхдээ 18 нас хүрэнгүүт маарамба дээр очиж оношлуулж ирээдүйд ямар өвчин тусч болзошгүй, ямар дэглэм барихыг тодорхойлж өгдөг байж. Энэ бол гайхамшиг.

Дунджаар 300 мянга орчим хүний судсыг барьсан байна

Судсаар оношлоно гэхээр гартаа асар их мэдрэмжтэй хүн л эмч болдог байх?

Монгол уламжлалт анагаах ухаан яагаад үнэн зөв байдаг вэ гэхээр бид харах, үнэрлэх, хүрэлцэх, сонсох гэх мэт таван мэдрэхүйгээр үздэг. Жишээ нь нүүрэн дээр нь тухайн хүний өвчнийг бичсэн байдаг. Сайн механикч хүн машины дууг сонсоод асуудлыг мэддэг шиг зөвхөн хүний царайнаас 20 хувийн мэдээллийг авчихдаг. Дуу хоолойн өнгө хүртэл ихийг хэлнэ. Өвчнөөс шалтгаалж хүмүүс янз бүрийн үнэртэй байдаг. Хүрэлцэх гэдэг нь судас барихыг хэлж буй юм. Хурдан хугацаанд таван янзын оношлогоог хийдэг учраас алдаа мадаг бага. 10 мянга гаруй судал барьж сая мэддэг болно.

Тэгвэл та өнөөдөр хэчнээн хүний судас барьсан бол. Барагцаалж мэдэх боломж байгаа юу?

Одоогоос дөрвөн жилийн өмнө хамт ажилладаг эмэгтэй үзлэгийн дэвтрээс шүүгээд та 250 мянга гаруй хүн үзсэн байна гэж билээ. Тэгэхээр дунджаар 300 орчим мянган хүн юм болов уу. Их тоо шүү.

Та Польш улсад олон жил хүний их эмчээр ажиллаж байна. Яагаад энэ улсыг зорьсон юм бэ?

Анх 1992 онд Ардын эмнэлгийн хүрээлэнгээс намайг Польш руу томилолтоор явуулсан. Польшийн улаан загалмай нийгэмлэгээс манайхаас эмч авах урилга ирүүлсэн юм. Хүрээлэнгээс намайг томиллоо. Очоод үзсэн хамгийн анхны өвчтөн бол хагалгаанд орох шаардлагатай гэж оношлогдсон ходоодны шархтай хүн байв. Эхнэр нь бөөрний чулуутай… Гэтэл зургаан сарын дараа өнөөх хоёр хүн өвчин нь эдгэрсэн хэмээн хөөр болон ирэв. Түүнээс хойш энэ сургийг дуулсан, хагалгаанд орох оноштой олон хүн ирэх болсон. Удаах өвчтөн нь төрснийхөө дараа муурч унадаг бүсгүй байлаа. Түүний сав нь хөөрчээ. Оношлоод тан бичиж өгөв. Гурван хоногийн дараа мөнөөх бүсгүйн зүрх дэлсэж, толгой эргэх зовиур алга болжээ. Хожмоо бүсгүй “Өвчнөө мартаад өдөржин гэрээ цэвэрлэсэн” тухайгаа мишээл тодруулан ярьж билээ. Би зургаан сарын дараа Монгол руу буцсан. Гэсэн ч Польшийн талаас урилгууд ирж эргээд явсан.

Польшид албан ёсны эмчлэх эрхтэй цөөн эмч байдаг гэж сонссон. Шалгуур нь өндөр байх даа?

Хөдөө хэр их эмч байдгийг мэдэхгүй юм. Миний санаж байгаагаар 10 орчим албан ёсны эрхтэй эмч ажилладаг. Польш эмч нарын жишгээр шалгалт өгч эрхээ авна. Зургаан жил номын дуу сонссон эмч нартай хамт шалгуулна гэсэн үг.

1. Ү.Байгалмаа эмч Польш улсад Монголын уламжлалт анагаах ухааныг сурталчлан таниулсан үзэсгэлэн гаргаж байжээ. | 5 фото
1
1
1
1
1

Польшийн эрүүл мэндийн сайдаас эхлээд л олон алдартан ирж үзүүлдэг

Монгол эмч нарыг очихоос өмнө тэнд уламжлалт анагаахын талаар ямар ойлголттой байсан бол?

Ямар ч ойлголтгүй байсан. Харин эрт дээр үед амьдарч байсан Климашка хэмээх эмчийн ургамлын гаралтай эмийг ууж байснаас ардын анагаах ухааны систем тэнд байгаагүй. Хүмүүс уг эмч дээр нууцаар л үзүүлдэг байж. Харин өнөөдөр үр дүнг мэдэрсэн учраас тус улсад уламжлалт эмчилгээг ер хорихгүй байгаа.

Польш эмч нар хандаж байсан тохиолдол бий юу?

Байлгүй яах вэ. Эмч нар нь хамтарч ажиллаж байна. Эргэлзсэн өвчтөнүүдээ харилцан үзүүлж байна. Өөрсдөө ч биеэ үзүүлнэ. Өөрөө бүдүүн гэдэсний эмч хэрнэ шархлаатай болчихоод хэрхэхээ мэдэхгүй ирж байлаа. Тан бичээд явуулсан. Өвчин нь илаар болмогцоо талархлаа илэрхийлээд ирсэн. 

Та хувийн эмнэлэг ажиллуулдаг гэсэн байх аа?

Би хоёр эмнэлэгт ажилладаг. Варшавтаа томд тооцогдох улсын стандарттай хувийн эмнэлэгт дотрын эмчээр хагас өдөр ажиллаад бусад цагаа өөрийнхөө эмнэлэгт өнгөрүүлнэ.

Польшийн томоохон албан тушаалын хүмүүсээс гадна бусад орны иргэд зорьж ирдэг гэж сонссон?

Америк, Австри, Герман, Чех, Англиас ирж үйлчлүүлдэг. Алдартай хүмүүс гэвэл эрүүл мэндийн сайдаас эхлээд л үзүүлнэ. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй.

Замын түгжрэл үүсгээд байна
хэмээн цагдаад дуудагдаж байлаа

Танд үзүүлэхээр дугаарласан хүмүүсээс үүдэж замын түгжрээ үүссэн гэж “Монгол эмчийн тэмдэглэл” номоос тань уншсан?

Нэг өдөр цагдаагийн хэлтэс дээр дуудав аа. “Ямар асуудал гарсан юм бол, Өвчтөнүүд гомдол гаргасан юм болов уу” гээд л өч төчнөөн бодол өвөрлөн очлоо. “Уучлаарай, танай үйлчлүүлэгчдээс болж замын түгжрэл үүсээд байна гэх гомдол ирсэн” гэв. Ер нь өглөөний 04.00 цагт гэхэд л эмнэлгийн гадаа үзүүлэхээр ирсэн хүмүүсийн машины цуваа зогсож байдаг. Зарим нь үзүүлэхийн тулд шөнийн 11.00 цагт гэрээсээ гарсан байх жишээтэй. Миний ажил ихэвчлэн 05.30 цагт эхэлж, оройн 19.00 цаг хүртэл үргэлжилдэг.

Эмнэлгийнхээ рекламыг хийж байсан уу?

Ерөөсөө реклам цацаж байгаагүй ээ. Сураг дуулаад л ирцгээдэг. Өөрөөр хэлбэл олон жилийн хөдөлмөр юм даа.

Монголд уламжлалт эмнэлгийн үүдэнд урт дараалал үүсч байсныг ер хараагүй. Энд үнэ цэнэгүйдсэн шалтгааныг та юутай холбон тайлбарлах вэ?

Бид уламжлалаасаа хэт холдчихжээ. Түүхийг сөхвөл монголчууд 300 жил Манжийн дарлалд байхад Монголын түүх, уламжлалын талаар бичсэн сэхээтнүүдийг үе удмаар нь устгаж байсан учраас Түвд хэл дээр анагаах ухааны номыг бичиж үлдээсэн. Тиймээс Түвдийн анагаах ухаан гэж ярьцгаадаг. Үүний дараа 70 жил социализмд дарагдаж Монгол ёс, уламжлалаасаа бүр 400 жил холдсон. Түвдийн гээд эндүүрээд байгаа анагаах ухаан чинь угтаа Монголынх юм. Нөгөө талаас монголчууд цэмцгэр, тав, тухтай, орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгээр үйлчлүүлэх сонирхолтой болсон. Гэтэл европ тэр үеэ хэдийнэ өнгөрөөчихсөн байна. 20 жилийн өмнө байсан Европ соёл өнөөдөр л манайд нэвтэрч байна. Өнөөдөр Европт эмнэлгүүд нь хоосорчихсон. Ялангуяа Английн эмнэлгүүд  үйлчлүүлэгчгүй болсон.

Энэ ялгаатай байдлаас эмч хүний зүгээс гонсойх мэдрэмж төрдөг үү?

Үргэлж л төрнө. Нэг хүн эдгэчихлээ гээд ороод ирэхээр Монголдоо байсан бол гэж харамсдаг. Бусдаас магтаал сонсохдоо Монгол хүн байсан бол гэж бодно. Европ эмчилгээнд их мөнгө хаяж байгааг нь хараад өр өвддөг. Гэтэл польшууд маш бага өртөгөөр биеэ эмчлүүлж байна.

1 | 10 фото
1
1
1
1
1
1
1
1
1
1

Хараагүй болсон хүний элгийг эмчилж, хараа оруулж байлаа

Таны номонд олон жил хүүхэд гаргаж чадаагүй эмэгтэйчүүд Монгол эм уугаад хүүхэдтэй болсон талаар бичсэн байсан?

Хүүхэдтэй болдоггүй олон хүн ирнэ. Манайд ирсэн хүмүүсээс жилд ойролцоогоор 30-40 хүн Монгол эм уугаад хүүхэдтэй болсон. Тэдний дунд хүүхэд олохгүй 4-5 жил, бүр 17 жил болоогүй эмэгтэйчүүд ч байсан. Тэр ч байтугай 28 настайдаа сарын тэмдэг нь ирээгүй хүн Монгол эм уугаад хөл хүнд болсон ч тохиолдол бий.

Нүд нь сохорсон хүний элгийг эмчлээд хараа оруулж байсан гэж уншсан?

Монгол уламжлалт анагаах ухаанд нүдний цэцэг бол элэг гэдэг. Тэр хүн олон жил эмнэлгээр яваад нүдээ эмчлүүлж чадаагүй байв. Уламжлалт ухаанаар бол яах аргагүй элэг нь өвчилсөн байсан учраас элгийг нь эмчилсэн. Монгол ухаан үүгээрээ агуу юм. Хараа нь сайжирсан тохиолдол их. Зөвхөн ганц жишээ нь л энэ.

Орчин үед эмчлэгддэггүй гэх олон өвчин бий. Гэтэл Монгол уламжлалт анагаах ухаанаар цусны өвчнийг эмчилдэг гэх юм билээ?

Орчин үед цусны өвчнийг эмчлэгддэггүй гэж үздэг. Учир нь химийн эмчилгээ чөмгийг гэмтээдэг. Бүр дэлүүг нь авчихна. Гэтэл Монгол эмнэлэг л цусны өвчнийг эмчилдэг. Элэг, дэлүүг нь эмчлэхээр үр дүнгээ өгдөг.

Хүмүүс өөртөө эмч болчихож. Эмийн санч нь хүртэл эмчийн үүрэг гүйцэтгээд дуртай эмээ санал болгож байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Зүрх өвддөг. Өнөөгийн хүмүүс өөрийнхөө мах бодийг мэдэхээ байсан гэж ярьсан даа. Хэрхэн мэдэж болох талаар өөрийнхөө “Эрүүл энх урт наслахын нууц” номондоо дэлгэрэнгүй бичсэн. Хий, бадгана, шартай юу гэдгээ эхнээсээ л мэдчихвэл насан туршдаа аливаа өвчнөөс сэргийлж, сэдрээхгүй байх бүрэн боломжтой. Учир нь биеийн онцлогоосоо шалтгаалж хоол, эмээ зохицуулаад явах юм. Гэтэл өнөөдөр эмийн санд ороход ханиаданд шууд терафлю уухыг санал болгодог. Мэдээж эм үйлчлээд ханиадны шинж тэмдэг багасна. Гэсэн ч уг нь бүрэн эдгээгүй учраас архагшдаг. Харин эм өгөхөөс урьтаж идээ ундаагаар дархлаагаа дэмжих нь чухал. Толгой өвдөж байна гээд насаараа толгойны эм уудаг. Юунаас шалтгаалж байна гэдгээ өөрөө бодох хэрэгтэй. Халуунаас үүдэж байна уу, хөлөөсөө даараад цус нь хөөрөөд байна уу, тархины цус нарийссан эсэхээ тодорхойлох нь чухал.

1 | 2 фото
1
1

Өөх тосыг хэт хорьсноос сүүлийн үед чичиргээ, альцхеймер,
саагийн өвчлөл мэдэгдэхүйц өссөн

Та “Эрүүл энх урт наслахын нууц” номондоо хүн урт наслах, эрүүл байх гол үндэс нь буюу 70-80 хувь нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчноос шалтгаалдаг. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ 80 хувиа эмнэлэгт даатгасан талаар бичсэнийг уншсан?

Тийм ээ. Өнөөдөр толгой өвдөөд байгаа шалтгаанаа хайхгүйгээр л эмнэлэг бараадаж, эм уухыг урьтал болгосон. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд эмнэлгээс татгалзаж, хөдөлгөөн, эрүүл хооллолтыг чухалчилдаг болжээ. Манайхан эрүүл хооллолт гэхээр л цагаан хоол хэмээн эндүүрч өөх тосыг үзэн яддаг. Тийм биш юм. Цаг агаарын уур амьсгалдаа тохируулан хонины махаа идэх хэрэгтэй.

Гэтэл өнөөдөр өөх тосыг холестрин ихтэй, таргалалт, цаашлаад зүрх судасны өвчин хүртэл үүсгэх эрсдэлтэй гэдэг шүү дээ?

Европт эрүүл мэндийн салбарт ажиллаж судалгаа хийж яваа эмч хүний хувьд дэлхий нийтэд энэ хандлага эсрэгээрээ болсон гэдгийг энд онцолмоор байна. Өөх тосыг хэт хорьсноос сүүлийн үед чичиргээ, алцхаймер, саагийн өвчлөл мэдэгдэхүйц ихэссэн. Гол шалтгаан нь өөх тосны хэрэглээг хэт хорьсонтой шууд холбоотой гэж судлаачид үзэж байна. Буцаад хэрэглээ нь өндөрсөхийн сацуу өөх тосны эмчилгээ хүртэл бий болсон. Тэгэхээр уламжлалт идээ будаа бол Монгол хүний онцлогт тохирсон хоол хүнс юм. Сайхан шар тостой халуун цайгаа уух юм бол хий хөдлөхгүй, чийрэгжинэ.

Монголчууд хүйтэнд малаа хариулж явахдаа шар тос өвөртөлж явдаг байсан гэдэг?

Шар тос ой тогтоолт, нүдэнд сайн бөгөөд эрт бууралтахаас сэргийлэх зэрэг олон онцлогтой. 80 настай хэрнээ хараа нь сайн, нягтлан хийж байгаа хүнийг би сайн мэддэг юм. Тэрбээр үргэлж шар тостой хоол идэж, амандаа хүлхдэг.

Өнөөгийн гэр бүлүүдийг харахад сүүтэй цай уухаас илүүтэй кофег чухалчилдаг болсон шүү дээ?

Тансаг хэрэглээ гэж эндүүрч цай биш кофе уудаг болчихож. Гэтэл үүний цаана зүрх нь дэлссэн, стресс ихтэй хүмүүс байдаг. Тэд үүнийхээ шалтгааныг мэдэхгүй кофегоо уусаар байдаг. Кофе бол чийгтэй, хүнд агаартай газар л илүүтэй зохидог.

“Үеийн үед Монгол хүнийг хайрлаж яваарай хэмээн захинаа” гэж
хэлсэн үгс одоо болтол сэтгэлд хадаатай байдаг

Уламжлалт эмчилгээ үр дүнтэй ч гам алдвал уламж дорддог хэмээн боддогоос иргэд Монгол эмнэлгээр үйлчлүүлдэггүй байж болох юм?

Зөв асуулт байна. Монгол эмэнд цөөн тооны л гам барих шаардлагатай эм бий. Түүнээс бусад эмэнд ямар ч гам шаардлагагүй. Би 30 орчим жил хүмүүсийг эмчилж байна. Хэзээ ч гам бариарай гэж хэлж үзээгүй. Европ эм тухайн өвчнийг л эдгээдэг бол Монгол эм сууринаас нь буюу таван цул эрхтэн, зургаан сав эрхтнийг эмчлээд, нөхөн сэргээдэг. Тиймээс хавсарсан ч харшилдаггүй. Хүний бие гэдэг нь дархлаа сайн бол өөрөө өөрийгөө эмчилж чадах гайхалтай ертөнц юм. Хүн өөрийгөө эдгээх чадварыг дээшлүүлж чаддаг учраас ямар ч өвчнийг Монгол эмнэлэг эмчилдэг. Хүн надаас “Та ямар өвчнийг эдгээдэг вэ” гэж асуухаар “Би шүдний өвчнөөс бусдыг л эдгээнэ” гэж хошигнодог. Би мундагтаа бус Монгол анагаах ухаан гайхамшигтай учраас л би ингэж хариулдаг. Монгол анагаах ухаан орчин үеийнхээс хэд дахин түрүүлчихсэн байна шүү. Монголчууд хувь заяатай хүмүүс гэдэг нь анагаах ухааны хувьд баттай хэлж чадна. Би номондоо “Энэ олон жилийн туршид хүн эмчлэхдээ Монгол анагаах ухааны гайхамшгийг олж харлаа” гэж бичсэн. 30 жилийн туршлага, ажиглалтаар л би үүнийг бардам хэлж чадаж байна.

Та урт наслахын нууцыг судлахын тулд европын ихэнх орноор явсан гэж сонссон?

Эрүүл энх урт наслах нууцыг судлахын тулд хамгийн эхэнд Япон руу явж байлаа. Дараа нь европын бүх орноор явсан. 2001 онд энэ сэдвээр анхны номоо гаргасан. Тэгэхэд ийм чиглэлийн орчуулгын ном ганц хоёроос хэтрээгүй. Дараа нь олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байв.

Бид өөрсдийгөө үхэр монголчууд гэдэг. Харийн оронд амьдарч, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлж яваа эмчийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

Ази, европ хүүхдүүдийн ухаан огт өөр байдаг. Монгол хүүхдүүд илүү хурц ухаантай. Энийг Монгол хооллолттой холбоотой гэж боддог. Би Монголын хамгийн ухаантай хүмүүсийг малчид гэж боддог. Тэр их ухаан байж хэдэн мянган малыг дөрвөн улиралдаа байгалийн эрс тэс уур амьсгалд зохицуулан маллаж байна. Тэнэг хүн мал маллаж чадахгүй шүү дээ.

Монгол хүн гэдгээрээ хамгийн их бахархсан үе хэзээ байв?

Хүн эдгээд ороод ирэхээр хамгийн их бахархдаг. “Та Монгол эм уусан юм чинь аргагүй шүү дээ” гэнэ. Харин намайг хүн магтахаар “Би Монгол хүн юм чинь” гэж хариулдаг.

Польшийн зүгээс таны энэ үйлсийг хамгийн их урамшуулсан явдал хэзээ болсон бэ?

Монголын уламжлалт анагаах ухааны үзэсгэлэнг Польш улсад гаргаж байхад тухайн үеийн сайд Т.Ганди Монгол эмнэлгээ гадаадын оронд сайн сурталчилсан гээд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цолоор шагнасан нь их урмыг өгсөн. Польшийн эрүүл мэндийн сайд Түвдийн далай багшийн дэргэд байсан мундаг ламтай хамт урьж тусгай ярилцлага зохион байгуулсан нь их том шагнал байв. Монгол эмч Түвд эмчээс юугаараа онцлог юм гээд сонирхсон нь их сайхан санагдсан.

Мөн тус улсын эрдэмтэн профессорууд Монгол эмнэлгийг дэмжих юмсан хэмээн сонирхоод судалгаа шинжилгээнд хамтраад, Монгол эмийг үйлдвэрлэчих юмсан гэж дахин дахин санал тавьдаг нь Монгол хүн гэдгээр бахархах шалтгаан болдог. Гэхдээ би мэдээж зөвшөөрдөггүй.

Монгол хөрсөнд маш их эрдэнэс байна. Монголоор бахархал зүйл арвин бий. Энэ бүхнээс хамгийн сайхан урам бол Монгол эмээр эдгэсэн хүмүүсийн талархлын үгс юм. “Монгол эмнэлгийг шүтэж явна аа”, “Үеийн үед Монгол хүнийг хайрлаж яваарай хэмээн захина аа” гэж хэлсэн үгс одоо болтол сэтгэлд хадаатай байдаг даа.

Ярилцсанд баярлалаа. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!