Лондоны ЦЭВЭР АГААР тогтоол буюу БУСАД ЖИШЭЭ

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-01-11 11:00 GMT+8

“Ямар ч байшингийн яндангаас хар утаа гаргахыг хориглоно. Хэрэв хар утаа гарвал зөрчилд тооцон шийтгэл оногдуулна” гэж эхлэх 1956 оны Цэвэр агаар тогтоол шийтгэлийг тун хүнд байхаар заажээ. Учир нь хэрэв энэ заалтыг зөрчсөн бол тухайн байрны эзэмшигчийг арав хүртэлх фунтээр, дахин ийм зөрчил гаргавал 100 хүртэлх фунтээр торгоно.

Магадгүй өнөөдөр арван фунт бага сонсогдож болох ч инфляцаар тооцож үзвэл 237 фунттэй тэнцэх бөгөөд тухайн үед сарын дундаж цалин 28 фунт байжээ. Шинэ автомашины үнэ дунджаар 400-500 фунт байв.

Цэвэр агаар тогтоолд үндсэндээ хар утаа гаргадаг түлшийг хориглох, утаагүй бүсийг байгуулах, яндангийн өндрийг тогтоох зэрэг зүйлсийг тусгаж, хэрэв зөрчсөн тохиолдолд өндөр торгууль тавьж, улмаар хорих хүртэл арга хэмжээ авсан аж.

Жишээлбэл Орон нутгийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр барилга дотор зуух байрлуулахыг хориглоно, зөрчсөн тохиолдолд 10 хүртэлх фунтээр торгоно.

Хэрэв иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн нууцтай холбогдуулан Цэвэр агаар тогтоолд дурдсан заалтуудыг зөрчих, түүнийгээ нуун дарагдуулсан бол 100 хүртэлх фунтээр торгох эсвэл гурван сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсвэл 100 хүртэлх фунтээр торгож, гурван сар хүртэл хугацаагаар баривчлана.

Хэрэв иргэн, хуулийн этгээд энэхүү тогтоолд заасан бусад заалтыг зөрчсөн нь тогтоогдвол 100 хүртэлх фунтээр торгоно.

Энэ мэтчилэн хагас сарын цалингаас бүтэн дөрвөн сарын цалинтай дүйх хэмжээний өндөр торгууль тавьж, зөрчлийг хоёр долоо хоногийн хугацаанд арилгахыг даалгаснаар иргэд аргагүй цэвэр түлш ашиглах, тогтоолын заалтад тохируулан амьдрах болжээ.

Агаарын бохирдлын улмаас олон хүний амь насанд хүрсэн олон тохиолдол байснаас дараах жишээнүүдэд төрийн оролцоотойгоор, хууль тогтоогчдын эрс шийдвэрийн үр дүнд асуудлыг хэрхэн шийдэж байсан болохыг харуулав.

МААСЫН ХӨНДИЙН УТАА, 1930

Юу болсон бэ?

1930 оны арван хоёрдугаар сарын 3-ны өдөр Бельги битүү мананд хучигджээ. Харин Льеж хотоос зүүн зүгт орших хүн ам шигүү суурьшсан Маасын хөндийд нөхцөл байдал аймшигтай хэмжээнд хүрсэн юм.

Ган, шил, цайрын үйлдвэрүүдээр дүүрсэн хөндийд хүхрийн хүчил үүсэж агаарт бүтэн өдрийн турш хорт бодис тархсанаас болж 60 хүн амиа алджээ.

Сургамж: Энэ өдрөөс гурван хоногийн дараа Льеж хотын прокурорын газраас иргэдийн үхлийн шалтгааныг тодруулах шинжээчдийн багийг томилж, Бельгийн засгийн газар 250 мянган Бельги франк зарцуулах шийдвэр гаргасан юм. Түүхэнд анх удаа агаарын бохирдол үхлийн аюултай байж болно гэдгийг энэ явдал нотолжээ.

ДОНОРА ДАХЬ УТАА, ПЕНСИЛЬВАН, 1948 ОН

Юу болсон бэ?

1948 онд Донора хотын иргэд шар утаагаар дүүрэн өглөөг угтжээ. Гэхдээ ган, цайрын үйлдвэрүүд тасралтгүй ажилладаг хотын иргэдийн хувьд тийм ч шинэ зүйл байсангүй. Харин дараагийн таван өдрийн хугацаанд 6000 хүний биеийн байдал муудаж, 20 хүн амиа алдсаны дараа л эрх баригчид арга хэмжээ авах ёстой болсныг ойлгожээ.

Хотын зочид буудал эдгээр өдрүүдэд эмнэлгийн үүрэг гүйцэтгэсэн ч гэсэн бие нь муудсан иргэдийг хэвтүүлэх ор хүрэлцэхгүй байсан гэдэг. Ингээд 1949 онд мужийн захирагчийн албанаас Агаарын бохирдлыг хянах хороо байгуулж Донора хотод байрлах цайрын үйлдвэрийн эсрэг нэг сая ам. долларын гомдол гаргажээ.

Энэ явдлаас есөн жилийн дараа American Steel and Wire компанийн Донора дахь цайрын үйлдвэр хаалгаа барьсан юм.

ЛОС АНЖЕЛЕСЫН УТАА, 1950-1960-ААД ОН

Юу болсон бэ?

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр анх хотод их хэмжээний утаа үзэгдэх болсныг иргэд Япончууд химийн халдлага хийсэн гэж сэтгэж байв. Гэвч 1950, 60, 70-аад онуудад хүртэл байдал хэвээр байсан бөгөөд иргэд агаарын бохирдлын нэг том шалтгаан нь автомашинаас ялгардаг хорт хий гэдэгт итгэхгүй байжээ.

Зарим өдрүүдэд сургуулиуд хаалгаа барьж, спортын арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй болж байсан нь хотын иргэдийг ихээр бухимдуулах болсон юм. Олон жилийн турш тасралтгүй үргэлжилсэн их бохирдол учраас хэчнээн хүний амь хохирсон болохыг баттай тодорхойлох боломжгүй.

Харин 1954 онд 6000 гаруй иргэд агаарын бохирдлын эсрэг жагсаж, 1960-аад онд Калифорни мужаас автомашинаас ялгарах утааны хэмжээг хязгаарлах стандарт гаргах зэргээр шинэ арга хэжмээ авчээ. Үүний үр дүнд хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан юм.

БЭЭЖИНГИЙН ИХ УТАА, 2013 ОН

Юу болсон бэ?

Хятадын олон хотод агаарын чанар тун муу байдаг. Гэхдээ 2013 оны нэгдүгээр сард Бээжингийн агаарын чанарын индекс 993 хүрснээр онц байдал зарлахад хүрч бүр “Airpocalypse” буюу “Агаарын сүйрэл” хэмээн нэрлэх болжээ.

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, бүхэл бүтэн орон сууц харагдахгүй болсон бөгөөд иргэд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй, гарсан тохиолдолд амны хаалт хэрэглэх болсон байна.

Бээжин хотын хүүхдийн эмнэлэг өдөрт 7000 өвчтөн хүлээн авч байв. Хятадад уушгины хорт хавдрын өвчлөл залуужиж, агаарын бохирдлын улмаас төрөл бүрийн өвчний тархалт нэмэгджээ.

Засгийн газар эхний ээлжид Хятадын цагаан сарын үеэр салютын хэрэглээг хязгаарлаж, гадаа хоол хийдэг газруудыг хаасан юм. Түүнчлэн PM2.5 тоосонцрын хэмжээг бууруулах болон агаарын бохирдлоос салахын тулд 277 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөв.

Одоо Бээжин хотод агаарын чанарын индекс дөрвөн өдөр дараалан 200-аас давсан тохиолдолд, 2 болон түүнээс дээш өдөр 300-аас давсан тохиолдолд, 24 цагийн турш 500-аас давсан тохиолдолд түгшүүр зарладаг болжээ.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 236 санал өгсөн байна.

Дээшээ