ХАР ТУГАЛГА: Яагаад БАЯНХОШУУНЫ хүүхдүүдийн цусанд ХОРТОЙ металл их илрэв

Сэтгүүлч Г.Одгарав

2017-02-12 15:00 GMT+8

-Тэдэнд ирээдүй бий юу-

Биднийг үмх мах, өдрийн талхны төлөө элдвийг сөхөөрөх завгүй явахад “хар тугалга” бяцхан үрсийг минь чимээгүйхнээр “идээд” эхэлчихэж.

“Идэх” гэдгийн учир юу гэвээс бохир орчин, агаарын бохирдол, баталгаагүй хүнс, чанарын шаардлагагүй тоглоомоор дамжин хүүхдийн тархин дахь мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг нь энэхүү хүнд металлын хамгийн гол занал.

Учир нь тархины мэдрэлийн эс хүүхдийн өсөлтийн явцад нэгэнт үхэжсэн бол дахин хэзээ ч төлжихгүй. Энэ нь оюуны чадамжид шууд нөлөөлнө хэмээн эрдэмтэд ярьж байна.

Иймд GoGo мэдээний агентлаг нийгмийн үүргээ ухамсарлан уг тулгамдаж буй асуудлын мөрөөр АШУҮИС, Орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран Улаанбаатар хотын таван цэгээс дээжлэн хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох шинжилгээг санамсаргүй түүврийн аргаар хийж сонирхолтой дүнг олж харсан юм.

Шинжилгээгээр агаарын болоод орчны бохирдол ихтэй Баянхошуу орчмын хүүхдүүдийн цусанд хар тугалгын хэмжээ их гарсан бол Зайсангаас илрээгүй нь хачирхалтай байв. Бидний сурвалжлага ЯАГААД гэх олон асуултын зангилааг тайлахад чиглэлээ.

ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНД ШУУД НӨЛӨӨЛӨХ ХЭМЖЭЭНД БАЙВ УУ?

Хүүхдийн цусанд хар тугалгыг тодорхойлсон АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийн шинжилгээний хариу

Хүний цусанд хар тугалга огт байх ёсгүй. Нэгэнт цусанд нэвтэрсэн тохиолдолд агуулагдах хэмжээг 1 микрограмм децилитр (мкг/дл) нэгжээр хэмждэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний цусанд 5 мкг/дл-ээс их агуулагдах тохиолдолд тухайн бие организмд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг гэжээ.

Эрдэмтэн Б.Бурмаа, О.Байгаль нарын эрдэм шинжилгээний бүтээл болох “Хар тугалга-Эрүүл мэнд” номонд энэхүү нөлөөллийг дараах байдлаар зурагласан байна.

Эрдэмтэн Б.Бурмаа, О.Байгаль нарын эрдэм шинжилгээний бүтээл болох “Хар тугалга-Эрүүл мэнд” номоос...

Гэтэл манай шинжилгээнд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн X хорооны хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ “15.9-22.6 мкг/дл.

Тэгэхээр энэ үзүүлэлт эдгээр хүүхдийн өсөлт, сонсгол, оюуны чадамжид сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь тодорхой байна.

ЯАГААД БАЯНХОШУУ ГЭЖ?

Агаарын чанарын индекс өнөөдөр өглөөний байдлаар... 2017.02.09

Агаарын чанарын албанаас өдөрт хэд хэдэн давтамжтайгаар нийслэлийн бүх бүсийн агаарын чанарыг мэдээлдэг.

“Монгол улсын стандарт MNS 4585:2016”-д агаарын чанарын индексийг “50” гэх үзүүлэлттэй байвал “хэвийн” буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж үздэг. Харин “500” болон түүнээс дээш бол хүмүүсийн эрүүл мэндэд шууд аюултай. Өөрөөр хэлбэл энэ үзүүлэлтэд 24 цагийн турш байх аваас хүн хүчилтөрөгчийн дутагдалд орно гэсэн үг юм.

Гэтэл Сонгинохайрханы Баянхошуунд үргэлж л "500"-аас дээш "2000" хүртэл зааж байна.

Мөн түүгээр ч барахгүй агаар бохирдуулагч хүчин зүйлүүдээс хамгийн хортой нь болох РМ 2,5 хэмээх нарийн ширхэглэлт тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй хэд дахин их байна.

Уг элементийн стандарт хүлцэх хэмжээ нь 25 мкг/дл. Гэтэл энэ бүс нутагт хамгийн их хэмжээ 1000 гаруй мкг/дл үзүүлэлттэй байгаа юм.

10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино ба урт хугацааны нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог гэжээ.

Өнөөдрийг хүртэл агаарын бохирдол ихтэй, нүүрс түлж амьдардаг айлуудын орчинд хийсэн нөлөөллийн нарийвчилсан судалгаанууд хараахан хийгдээгүй байна.

Иймд бид гамшгийн хэмжээний агаар, орчинд амьдарч буй хүүхдүүдийн цусан дахь хар тугалгыг шинжилж үзэхээр шулуудсан билээ.

ЯАГААД ХҮҮХДҮҮДИЙН ЦУСАНД ОГТ БАЙХ ЁСГҮЙ ХАР ТУГАЛГА ИХ ИЛРЭВ?

Үүнд хэд хэдэн гаргалгааг дэвшүүлж болохоор байна.

Баянхошуу орчмын айлууд өвөлдөө нүүрс түлж амьдардаг. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Агаарыг бохирдуулагч тоосонцор, нүүрс төрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, озон бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс үргэлж давж байдаг.

“...РМ  2.5  тоосонцрын  гол шалтгаан нь шаталтын үед үүссэн аэрозол хэлбэрийн  дутуу  шатсан  нүүрс  болон нарийн ширхэгтэй үнс...” хэмээн Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн эрдэмтдийн Б.Даваабал, Б.Батцэцэг, Ц.Золзаяа, Ж.Тэмүүжин нарын “Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрсний үнсний шинж чанар, ашиглах боломжийн урьдчилсан судалгаа”-нд дурджээ.

Эрдэмтдийн ярьж буйгаар агаар дахь тоосонцрын хэмжээ их байх тусам түүнд агуулагдаж буй хар тугалга хүний цусанд нэвтрэх магадлал ихэсдэг байна.

Түүгээр ч барахгүй нүүрс, шаталтын дараа бий болсон үнсэнд хар тугалга агуулагддагийг олон улсад болоод манай судлаачдын судалгаагаар тогтоосон. Тухайлбал,

Б.Бурмаа, О.Байгаль нарын “Хар тугалга-Эрүүл мэнд” судалгааны бүтээлд Монгол орны томоохон нүүрсний орд газруудын нүүрсэнд агуулагдах хар тугалгын хэмжээг дурдсан төдийгүй “З.Цэвээн нарын (2005) судалгаагаар Улаанбаатар хотод жилд хэрэглэх нүүрсний хэмжээг 5 сая тонн гэж үзвэл жилд гадаад орчинд 309 тонн хар тугалга ялгаран гарч болохыг тооцжээ...” хэмээн бичсэн байна.

Мөн Шинжлэх ухааны Академи Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн эрдэмтдийн Б.Даваабал, Б.Батцэцэг, Ц.Золзаяа, Ж.Тэмүүжин нарын “Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрсний үнсний шинж чанар, ашиглах боломжийн урьдчилсан судалгаа”-нд гэр хороололд нийтлэг хэрэглэж буй нүүрсний үнсийг шинжилж түүнд агуулагдах хорт бодисуудыг нарийн тодорхойлжээ. Уг судалгааны төгсгөлд “...Судалгаанд  авсан  ердийн  зууханд шатаасан болон төслийн зууханд шатаасан нүүрсний үнсэнд агуулагдах хүнд, хортой элементүүдийн агууламж,  кларк  хэмжээг бусад орны нүүрсний үнстэй  харьцуулахад Zn, Pb өндөр, Co, Cr, Ni дундаж хэмжээтэй байгаа  нь  харагдлаа...” гэжээ. Хар тугалгын химийн тэмдэглэгээ нь “Pb” бөгөөд дээрх дүгнэлтэд нүүрсний үнсэнд их болохыг тогтоосон байна.

Эндээс харвал нүүрсний хэрэглээ ихтэй Баянхошуу орчмын хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дээрх шалтгаантай ч холбоотой байж мэдэх юм.

ХЭЧНЭЭН ХҮН ХАР ТУГАЛГЫН ХОРДЛОГОД ОРЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА?

Сонгинохайрхан дүүрэг 1200,6 км2 нутаг дэвсгэрийг эзэлдэг бөгөөд нийт 307 224 хүн амын 82 895 өрхтэй.

Ихэнх иргэн нь гэр хороололд суудаг бол ердөө дөрөв хуваасны нэг нь орон сууцанд амьдардаг. Дүүрэг нийт 32 хороотойгоос хамгийн их утаа, орчны бохирдолтой нь 3, 4, 5, 6, 7, 19 хороо.

Тэнд 61440 хүн амьдарч байна. Тэгэхээр нүүрс түлж утааны голомтод амьдрагч эдгээр иргэнийг хар тугалганы хордлогод орж болзошгүй хүн ам гээд нэрлэчихвэл хол зөрөхгүй болов уу.

Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 16507, цэцэрлэгийн насны 31770 хүүхэд байна гэхээр нийт 48 мянга гаруй хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчны асуудал хөндөгдөхөөр байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, инфографикийг О.Сүхбат

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 907 санал өгсөн байна.

Дээшээ