Э.Тэмлүүн: Хог түүдэг хүмүүсийн дунд мундаг эдийн засагч, урлагийнхан ч байсан

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-02-16 13:28 GMT+8
Ерөнхий продюсер Э.Тэмлүүн

Хог түүж амьдралаа залгуулж байсан ч өөрийгөө ялж, нийгмийн доод шатнаас өндийн өдгөө сайн сайхан яваа Д.Хүрэлбаатар хэмээх бодит хүний тухай өгүүлэх нэгэн шинэ бүтээл өнөөдөр мэндлэх гэж байна.

"Space энтертаймент"-ын залуу уран бүтээлчид та бидний гудамжны гэж нэрлээд байдаг хүмүүсийн бодит амьдралын талаар хийсэн “Баатар” нэртэй баримтат киноныхоо нээлтийг өнөөдөр iCinema кино театрт 19:00 цагаас хийх гэж байгаа билээ.

Энэ бүтээлээрээ дамжуулж бусдад сэтгэлийн дэм өгч, урам хайрлахыг хүссэн юм хэмээн тус киноны ерөнхий продюсер Э.Тэмлүүн ярьсан юм.

Онцолж хэлэхэд, "Баатар" баримтат кино олон улсын томоохон кино наадамд уригдаад байгаа ажээ.

"ЭНЭ ГУДАМЖИНД БИ ТАСАРЧ УНААД, НҮҮРЭН ДЭЭГҮҮРЭЭ ГИШГҮҮЛЖ БАЙСАН Ч МАРГААШ НЬ ИНЭЭМСЭГЛЭЭД АЛХАЖ ЯВЛАА"

Д.Хүрэлбаатар нь хог түүдэг хүн байгаад одоо хоёрдогч түүхий эд цуглуулдаг хоёр ч газартай болж, бас 4-5 хүнийг архинаас гаргаж өөр нэг цэг дээр ажиллуулж байна.

-Киноны гол баатрыг хэрхэн олж, яагаад энэ сэдвээр кино хийхээр болсон талаар ярихгүй юу?
-Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан бидэнд хог түүдэг байсан амьдралтай хүн өөрийгөө ялан дийлж, өсөж өндийж одоо сайхан амьдралтай яваа Д.Хүрэлбаатар гэж хүний тухай хэлж, энэ талаар уран бүтээл хийгээч гэсэн санал тавьсан. Ингэж Д.Хүрэлбаатар ахтай анх танилцаад, хувь хүний амьдралын судалгааг хийж, кино зохиолоо бичээд, зураг авалтуудаа хийж эхэлсэн. Д.Хүрэлбаатар нь хог түүдэг хүн байгаад одоо хоёрдогч түүхий эд цуглуулдаг хоёр ч газартай болж, бас 4-5 хүнийг архинаас гаргаж өөр нэг цэг дээр ажиллуулж байна.

-Гэтэл энэ хүмүүсийг нийгэм зүгээр л "арчаагүй" гэж хардаг шүү дээ?
-Энэ бол бидний мэдэхгүй хаягдчихсан ертөнц. Энэ нийгэм рүү ороход бидэнд маш хүнд байсан. Тэр хүмүүсийг харахад элэг эмтэрмээр. Хүмүүс хогоо зүгээр л хаяад явчихдаг. Гэтэл тэд жилийн дөрвөн улиралд улаан гараараа бидний хаясан хогийг ялгаад, тэр хүнд ачааг биеэрээ тээвэрлээд түүхий эдийн цэгүүдэд аваачдаг. Экологид хэрэгтэй ажлыг ямар ч үнэ хөлсгүйгээр хийж байна. Гэтэл тэр том шуудайтай нь их мөнгө ч хүрдэггүй. Ихдээ л 2000 төгрөг хүрэхтэй үгүйтэй шүү дээ. Олсон мөнгөөрөө амьдралаа залгуулаад явж байна.

Би  тэр хүний оронд байсан бол ичих байсан

Багш, оюутнууд, улс төрийнхөн гээд бараг бүхий л иргэд жагсаал цуглаан хийж байхад энэ бүлэг хүмүүс огт дуугардаггүй. Гэтэл бид тэр гэм хийгээгүй хүмүүсийг буруутгаж, арчаагүйдээ ингэж яваа гэж хардаг.

Хүмүүс “би хэзээ ч алдахгүй, хэзээ ч ингэж явахгүй” гэж ярьдаг. Гэтэл хүнд юу ч тохиолдож болно. Бид тэр хүмүүст буруу өгөхийн оронд харин ч сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй.

-Киноны гол баатар хэрхэн архинаас гарч, тэр амьдралаас өндийж босч ирэв?
- Д.Хүрэлбаатар ахад хөл дээрээ босоход нь хэн ч шинэ амьдрал бэлдэж, шинэ гэр авч өгөөгүй. Гэхдээ нэг хүн “Архи битгий уу. Чамд энд ажиллах боломж байна” гэсэн итгэл өгсөн. Энэ нь түүнд маш том сэтгэлийн дэм болж, итгэлийг нь хүлээсэн юм билээ.

Д.Хүрэлбаатар ахтай би ярилцаж байхдаа “Та ичихгүй байна уу?” гэж асуусан. Яагаад гэвэл би өөрөө тэр хүний оронд шавартай зууралдаад, гудамжинд хараалгуулаад, нүүр рүүгээ нулимуулаад явж байсан бол ичих байсан. Тэрийгээ больсон ч би тийм амьдралаар явсан гэдгээсээ ичээд ярихгүй  шүү дээ.

Харин тэр хүн “Яг энэ гудамжинд би тасарч унаад, нүүрэн дээрээ гишгүүлж байсан үе бий. Гэхдээ маргааш нь инээмсэглээд алхаж байсан. Яагаад гэвэл би тэр үед ичээгүй байж одоо би хүмүүст урам өгөхийн төлөө ичихгүй” гэсэн юм. Тэр үг надад том цохилт болсон. Хүмүүс бусдад муугаа харуулахгүй гэж их  дардаг.

-Нийгэм энэ хүмүүсийг мартчихсан мэт байдаг?
-Улс төрчид “муу муухай” гэдэг утгаар нь тэдэн рүү харахгүй байна уу, мэдэхгүй. Эсвэл зүгээр л тэдний талаар мэдэхгүй болохоороо өнгийхгүй байгаа юм болов уу.

Цус нь шүүрч байсан ч гараа долоочхоод хогоо ялгаж байгаа хүнийг ч харж байсан.

Улсаас тооллого явуулахад хог түүж амьдардаг 300 орчим хүн байна гэсэн. Магадгүй тэд иргэний үнэмлэхтэй байсан байх. Гэтэл бид хоёрдогч түүхий эд цуглуулдаг цэгүүдээр явж судалгаа хийхэд нэг дүүрэгт л 3000 орчим хүн байна гэсэн албан бус тоо өгсөн. Есөн дүүрэгт үржүүлэхээр дунджаар 20 мянга орчим хүн байна гэсэн тоо гараад байгаа юм. Магадгүй тэд иргэний үнэмлэхгүй болохоор сонгуульд саналаа өгдөггүй байх. Эсвэл “бидний санал байсан байгаагүй хамаагүй” гэж боддог ч юм уу. Гэхдээ 20 мянга бол асар их тоо. Энэ хүмүүс рүү хандаж тэдэнд сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй.

ШУУДАЙ ҮҮРСЭН ХҮМҮҮСИЙН ХУВЬД КАМЕР ЭМЗЭГ АСУУДАЛ ЮМ БИЛЭЭ

-Та бүхэнд бодит байдалтай тулгарч, энэ хүмүүстэй уулзахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Зураг авалтын үед надад эмзэглэх үе их байсан. Эмэгтэйчүүд ч байлаа. Хог түүсээр байгаад гарынх нь арьс хагараад сайртчихсан, цус нь шүүрч байсан хэрнэ долоочхоод хогоо ялгаж байгаа хүнийг ч харж байсан.

Энэ хүмүүсийн амьдралыг бид мэдэхгүй. Муу хүн явж байна гэж буруушаахгүйгээр жаахан ч атугай хүн гэдэг өнцгөөс нь харж, бидэнд хэрэгтэй асар их юм хийж, хог, экологийн асуудлыг жаахан ч гэсэн хагасалж байгаа юм болов уу гэж бодсон.

Архийг чи хэрэглэж болох ч өдөр болгон тэр сонголтыг хийхдээ  зөв эсвэл буруу сонголт хийж байна уу гэдгээ маш сайн бодолцох хэрэгтэй.

-Зураг авалтын үед тулгарч байсан бэрхшээлүүд юу байв?
-Шуудай үүрээд явж байгаа хүмүүсийн зургийг авах маш хүнд байсан. Учир нь тэдний хувьд камер их эмзэг асуудал юм билээ. Камераас зугтаад, биднийг хөөж туугаад, багаараа хөөгдөж байлаа. “Ахдаа нэг тамхи өгчих тэгвэл ярья” гэдэг ч юм уу...Ямар нэг байдлаар аргалж байгаад зургаа авсан.

Бас ид хүйтний улиралд ес эхэлж байхад зургаа авсан болохоор камер царцах, уран бүтээлчид маань даарч, гар хөлийнх нь хуруу мэдээгүй болох гэх мэт тохиолдлууд гарч байлаа. Уран бүтээл хийх гэж байгаа хүмүүст тэр бол зүгээр л давах ёстой асуудлуудын нэг. Хүндрэлтэй гэхээсээ илүү хөгжилтэй байсан юм болов уу. Гэхдээ дахиад бид энэ хүмүүсийн тухай бүтээл хийе гэсэн санаа манай уран бүтээлчдийн дунд байна.

-Та бүхэн киногоо “Баатар” гэж нэрлэсэн. Тэгвэл баатар гэж хэн бэ?
-Чи, би, хэн ч баатар байж болно. Сүүлийн үеийн хүүхдүүд баатар гэхээр Marvel-ийн Хүн аалз, Халк гэх мэтээр ойлгох байх. Эсвэл хүмүүс Чингис хаан, Д.Сүхбаатар, олимп, тив дэлхийн аваргуудыг нэрлэх байх. Мэдээж тэд баатрууд. Гэхдээ орчин цагт баатар хэмээх ойлголт манай нийгмээс хөндийрчхөөд байна. Баатар бол ялалт. Бүх баатрууд энгийн амьдралаас үүссэн байдагтай адил бид ч өөрсдийгөө ялж, баатрын хэмжээнд амьдарч болно. Нийгэм өөрөө ороо бусгаа эрээн байгаа учраас жаахан ч гэсэн урам өгөх хэрэгтэй. Урмаар цангачихсан хүмүүст хүргэх гэсэн зорилго байна.

Бид киногоо нээхээс өмнө асрамжийн болон хорих газрууд, цэргийн ангиудаар явж үзүүллээ. Хорих газруудад итгэл нь унтарчихсан амиа хорлох гэсэн оролдлого их байдаг гэнэ. Гэхдээ тэр хүмүүст мянга мянган маргааш бий. Чи алдаж болно. Гэхдээ алдаагаа засаад дахиад амьдарч чадна гэсэн мессеж өгөхийг зорьж байна.

Бусад залуучууд ч гэсэн өөрсдийнхөө амьдралыг өөрчилж баатар байгаасай.

Нийгэмд архидалт их бий. Архийг чи хэрэглэж болох ч өдөр болгон тэр сонголтыг хийхдээ  зөв эсвэл буруу сонголт хийж байна уу гэдгээ маш сайн бодолцох хэрэгтэй. Бид архи үйлдвэрлэгчдээ ч юм уу хэн нэгнээс буруу хайдаг. Хэн нэгнийг буруутгаж яллахаас илүүтэй өөрийнхөө хийх гэж байгаа сонголт дээр хариуцлагатай байгаач гэсэн мессеж өгөхийг зорьсон.

Энэ бүрхэг сэдвийг хөндөөд, энэ сэдвээс гэрэл олж харахыг хичээсэн. Ийм хүнд амьдралаас тэр хүн гарчихсан. Энэ хүн үнэхээр Баатар юм. Өөрийнхөө хэрэгцээг хязгаарлаж, олон жил архи уусан, сэтгэлээр унасан амьдралыг  өөрөө өөрийгөө ялан дийлээд гарч ирээд бусдыг ялалтад дагуулж байна гэдэг баатар юм. Хэн нэгний амьдралыг өөрчилж байгаа нь баатар. Бусад залуучууд ч гэсэн өөрсдийнхөө амьдралыг өөрчилж баатар байгаасай. Энэ нь манай уран бүтээлчдийн нийгэм рүү орилж байгаа хашгираан юм.

Ерөнхий продюсер Э.Тэмлүүн

"БИД НИЙГМЭЭС ТУСГААРЛАГДААД БАЙГАА ЮМ БИШ. НИЙГЭМ БИДНИЙГ ТУСГААРЛАДАГ"

Хүн амьдралдаа яаж ч алдаж болно. Гэтэл надад ямар ч хамаагүй хүнийг буруутгаад, яллаад байж болохгүй шүү дээ.

-Хүнийг яриулж, дотоод сэтгэлийг нь нээх маш хэцүү. Ялангуяа бидний “гудамжны” гэж нэрлээд байгаа тэр хүмүүс яагаад ийм амьдрал руу орчихсон юм бэ гэдгийг та бүхэн яриулсан байх. Хүн бүр л янз бүрийн амьдрал туулсан түүхтэй байх л даа?
-Тэр тухай яриулж байсан. Энэ хүмүүсийн дунд урлагийнхан, цагтаа мундаг эдийн засагч байсан хүн ч байсан. Энэ хүмүүс бас л амьдрал дээр бүдэрсэн. Бидэнд асуудлуудаа ярьж байлаа. Эмэгтэй хүмүүсийн хувьд их эмзэг, хүнд сэдвүүд хөндөгдөж байсан. Гэхдээ тухайн үед ярилцаж байхдаа өөр хүнд ярихгүй гээд хэлчихсэн болохоор одоо ярьж болохгүй байна. Тэр олон хүмүүстэй ярилцаж байхад би нэг зүйл ойлгосон. Хүн амьдралдаа яаж ч алдаж болно. Гэтэл надад ямар ч хамаагүй хүнийг буруутгаад, яллаад байж болохгүй шүү дээ. Тэр хүнийг гудамжинд зүгээр явж байхад нь хүмүүс зөрөөд явчихгүй тойрч гардаг.

"Бид хүний нүд рүү эгцэлж харахаас, олон нийтийн газар, Сүхбаатарын талбайгаар явахаас айдаг” гэсэн

“Та нар яагаад нийгмээс тусгаарлагдаад байдаг юм?” гэхэд “Бид нийгмээс тусгаарлагдаад байгаа юм биш. Нийгэм өөрсдөө биднийг тусгаарладаг юм. Биднийг зүгээр л гудамжаар явж байхад хүмүүс тойрч гардаг. Олон нийтийн газар, Сүхбаатарын талбайгаар явахаас айдаг” гэсэн. Яагаад гэвэл нийгмийн хандлага нь тухайн хүмүүст хүнд цохилт болдог юм билээ. Тэдэнд “чиний буруу” гээд хэлчихвэл шууд л “үгүй би буруугүй” гэх мэтээр ямар ч дүн шинжилгээ хийхгүйгээр “миний буруу, миний хохь юм байна” гэж өөрсөд дээрээ тусгаж аваад эвлэрчихсэн байдаг юм билээ.

“Бид хүний нүд рүү эгцэлж харж чаддаггүй. Энэ хүн над руу харж байхдаа юу бодож байгааг нь би мэдэхгүй ч ойлгомжтой байдаг” гэсэн. “Бид дэлгүүр ороод талх авч чаддаггүй. Олон нийтийн газар орохоор хөөгөөд гаргачихдаг” гэж ярьж байсан. Гэтэл адилхан хүн юм чинь тэдэнд ч бас талхны хэрэгцээ гардаг шүү дээ.

Энд сонирхуулаад ярихад зураг авалт дундуур бид нэг хүнийг дагуулаад эмийн сан ортол хамгаалагч нь “наад гуйлгачин чинь хулгай хийх гэж байна” гээд хөөсөн. Тэр хүнд ч гэсэн эрүүл мэндийн хэрэгцээ байгаа. Бас иймэрхүү байдлаар тэр хүмүүсийг хоолонд оруулах гэхээр наад хүнийг чинь оруулахгүй гэх зэрэг асуудал гарч байсан.

Нийгэм өөрөө энэ хүмүүсийг гадуурхахгүй, аль болох өөрсдөөсөө түлхэхгүй байх юм бол магадгүй тэд дэлгүүр орохоосоо өмнө хувцсаа угаадаг, усанд ордог болох ч юм билүү. Магадгүй тэд “Би энэ хүмүүстэй адилхан амьдарч болох юм байна” гэсэн итгэл авах байх гэсэн бодол төрж байлаа. Хамгийн гол нь нийт нийгмийн энэ ойлголт  нь өөрөө маш том асуудал юм байна гэж бодогдсон.

-Үзэгчид эндээс юу ойлгоосой гэж хүсч байна вэ?
-Үзэгчид асар их урмыг аваасай. Мянга мянган маргаашийг харах итгэлтэй байгаасай. Хэзээ  ч битгий нугарч бууж өгөөсэй. Зоригтой байж, дахин дахин тэмцээсэй гэж хүсч байна.

-Кино тань ашгийн бус гэсэн. Залуу уран бүтээлчдийн хувьд эрсдэлтэй биш үү?
-“Space” энтертайнментийн хувьд энэ бол уран бүтээлчдийн нийгэм рүүгээ хандан хийж байгаа төслүүдийн эхлэл. Кино маань кино театрт нэг л удаа үнэ төлбөргүй гарна. Биднийг ашиггүй юм хийж, баримтат кино хэн үзэх юм гэх зэрэг яриа их гарсан.  Гэхдээ миний бодлоор бид нийгмийн хариуцлагыг бага ч болтугай үүрэх ёстой. Урлаг бол нийгмийг чиглүүлэх, нийгмээ дагуулдаг оюуны хөрөнгө оруулалт хийдэг салбар. Энэ салбарын залуус нийгэм рүүгээ хандаж уран бүтээл хийх нь маш хэрэгтэй зүйл гэж бодсон учраас манай уран бүтээлчид бүгд санал нийлээд энэ сэдэв дээр ажиллая гэж шийдсэн.

Би энд ажиллаж байгаа бүх уран бүтээлчдэдээ баярлаж байна. Учир нь нэг баримтат кинонд ажиллахад 20-40 сая төгрөг гардаг. Гэтэл манай бүх уран бүтээлчид цалингүйгээр, хонон өнжин байж ажиллан, нийгмийн хариуцлагаа хүлээгээд сэтгэл зүрхээрээ ур чадвараа дайчлаад хийсэн. Санаа нийлсэн 40 залуу байлаа. Тэдэндээ маш их баярлаж байна.  Киноны постер дээр видео багийнхны нэр тавигдаж байгаа ч “Space Entertainment”-ын  бүх залуусын бүтээл юм шүү.

-Баримтат кино гэхээр уйтгартай гэсэн ойлголт байдаг. Та бүхний бүтээлийн онцлог юунд оршиж байна вэ?
-Баримтат кино гэхээр л хүмүүс маш уйтгартай, нуршсан гэж ойлгодог. Бүтээл талаасаа ярих юм бол энэ жанрын өнцгийг жаахан эвдэх гэж оролдсон. Баримтат кинонд тайз декорац хийж байсныг би өмнө нь сонсож байгаагүй.  Манай дизайнерууд бүтэн айлыг нэг павильонд босгож, цаад талд нь гурван гэр бий болгосон.

Уран сайхны хэлбэр тавилтуудыг  баримтат киноны жанртай хольж сонирхолтой болгохын тулд ажилласан. Киноны хөгжимд оркестр дуугарах нь цөөхөн байдаг. Яагаад гэвэл ажиллагаа ихтэй. Харин хөгжмийн зохиолч маань маш сайн ажиллаж, бүтэн оркестрын ая бичсэн. Оркестр нь тухайн уран бүтээлчээс маш их хөдөлмөр чадвар шаарддаг юм байна гэдгийг ойлгож авсан.

Баримтат кинонд ч бас уран бүтээлч хандаж болдог юм шүү гэдгийг харуулахыг хүсч байна. Залуу үеийнхний уур амьсгал оруулж, маш их хичээл зүтгэл орсон бүтээл гэдгийг “Баатар” харуулах болов уу гэж найдаж байна.

Уран бүтээлчдээ танилцуулбал:

Найруулагч Чулуундоржийн Билгүүн тайз болон кино найруулагчийн чиглэлээр АНУ-д сургууль төгсөөд, Холливүүдийн бидний сайн мэдэх “Гозилла”, Монгол ТВ-ээр гарсан “Хавай 5:0” зэрэг хэд хэдэн кинонд ажиллаж байсан туршлагатай.

Зураглаач Батмөнхийн Галбадрах Лос Анжелесийн академийг зураглаачийн чиглэлээр сургууль төгссөн. Б.Галбадрах гадагшаа эргээд сурах гээд явчихсан байгаа. Уран бүтээлийн дундуур ирж ажиллана.

Зургийн найруулагч Ганхуягийн Бат-Ирээдүй 48 цаг кино наадмын гранпри шагналтай.
Стилист Болдын Ууганцэцэг дизайнер, DJ, фотомодель гээд олон төрлийн авьяастай бүсгүй.
Гүйцэтгэх продюсерээр DJ Anna  гэдгээр хүмүүс илүү мэддэг Х.Оюунтуяа гээд дандаа мэргэжлийн уран бүтээлчдийг цуглуулж хийсэн бүтээл.

Хөтлөгч жүжигчнээр ажилласан СТА Ц.Төмөрхуяг гуай текстээ цээжлээд л гарч ирээд, бидний хүсч байсан сэтгэл хөдлөлийг хоолой, харц, нүүр царайгаараа гаргаж байгааг харсан. Маш өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Манайх дөнгөж гараагаа эхэлж буй компани. Уг нь анх уран бүтээлчдийн клуб байсан. Гэтэл бидэнтэй ажиллах компаниуд гарч ирээд төрийн бус байгууллага бус НӨАТ төлөгч компанитай хамтарч ажиллана гэсэн шаардлага тавьсан учраас бид компани болсон. Одоогоор манай компани клубын уур амьсгалтай, уран бүтээлчид чөлөөтэй ажилладаг. Гэхдээ бид яг товлосон цагтаа ажлаа хийж, бүтээлээ гаргадаг.

-Баярлалаа. Та бүхний цаашдын уран бүтээлд амжилт хүсье!

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 500 санал өгсөн байна.

Дээшээ