ХАР ТУГАЛГА: Тэд үрсдээ зовниж байна

Сэтгүүлч Г.Одгарав

2017-02-13 12:00 GMT+8
Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Н.Бүрэн-Өлзий

Хавьд өмсөөгүй өдөн куртикээ шүүрээд гэрээс гарав. Тортог үнэртэж байх чинь… Эргэн тойрноо ажихад утаан хөшиг татсан шинж ер алга. Хаврын урь орж байна уу гэлтэй нарны өнгө урьд урьдынхаас илүү шингэрчихэж…

Одоогоос хэд хоногийн өмнө Баянхошуу руу сурвалжлагад явсан юм. Тэндээс л энэ утааны эгшүүн үнэрийг шингээгээд иржээ.

…Хотын баруун хойд зүг рүү чиглэх тусам утаат манан өтгөрч, Баянхошууны эцэс хүрэхэд ойр орчны юм харагдахгүй гэгээн нартай өдөр үдэш орой болсон мэт орчны юм үзэгдэхгүй бүрэлзэнэ.

Энд хүн сохор мэт өмнөхөө тэмтчиж, машинууд давхих бус мөлхөх нь ердийн үзэгдэл. Нүүрсний өмхий утаа хамар, хоолой хорсгон, нүд аргааж “нутгийн агаарт”-т энэ бие дасан зохицох шинжгүй.

Сонгинохайрхан дүүргийн нэгэн иргэнтэй цаг болзчихоод түүний гэрийг зорихдоо хавийн нүүрсний утаанд ийн бөгшүүлж явав.

Миний уулзах хүний нэрийг Б гэдэг. (Өөрийнх нь хүсэлтээр түүний нэрийг нууцлав) Машины хөдөлгөөн тасрах нь ховор Баянхошууны замын урдхан талд тэдний яндан цухуйна.

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Н.Бүрэн-Өлзийгийнх. Эднийх машин замтай хаяа дэрлэн амьдардаг.

Гэрийн баруун талд юуны ч юм зориулалтаар барихаар дутуу орхисон барилга сэрийнэ. Хашаанд хоёр гэр, нэг шавар байшин байх бөгөөд эхнийх нь Б-ийнх.

"ТОЛГОЙ НЬ БАЙНГА ӨВДӨЖ, ДОТОР МУУХАЙ ОРГИЛОО ГЭДЭГ"

“Хар тугалга” сурвалжлагынхаа хүрээнд энэ бүсгүйтэй уулзахыг хүсэхэд тэрбээр татгалзаагүй. Учир нь бүсгүй хүүхдэдээ санаа зовнисон мянга мянган эхийн л нэг.

АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран хийсэн хүүхдийн цусан дахь хар тугалгыг тодорхойлох шинжилгээнд тэрбээр хүүхдээ хамруулсан. Шинжилгээгээр цусанд огт байх ёсгүй хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их гарсан нь бидний уулзах шалтгаан болов.

Тэд энэ бүс нутагт амьдраад багагүй хугацааг өнгөрөөжээ. Б-гийн ярьж буйгаар хүү нь биеийн дархлаа муутай, үргэлж л толгой өвдөж, дотор муухайрлаа гэж ээждээ хэлдэг байна.

“Агаар муутай, бүгчим орчинд сав л хийвэл уначих гээд байдаг. Хамраас нь үе үехэн цус гардаг” хэмээн тэрбээр үргэлжлүүлэн ярив.

Одоогоос хоёр жилийн өмнө энэ айл хүүхдүүдээ дааруулахгүйн тулд хуванцар сав, дугуй гээд гал гаргаж болох бүхий л зүйлийг түлшиндээ ашигладаг байжээ. 

Мөн гэрийн ар талд машины дуун тасрахгүй тул нүүрсний утаанаас гадна машины угаариар уушгилна.

Эднийх 5-13  насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдийн царай цонхигор, хамраас нь нус гоожих бөгөөд ээлжлэн ханиалгаж байв. Хүүхдүүд томуунд дарлуулсан уу, эсвэл зочдоос бишүүрхсэн үү цаанаа л унжгар, цовоо цойлгон байдал үгүй мэт санагдав.

Ээжийн ярьж буйгаар түүний хүү үргэлж л нурмайж, толгой нь өвддөг байна. Түүгээр ч барахгүй аливааг ойлгох чадвар их удаан хэмээн ярилаа.

Энэ бол Баянхошуунд амьдарч буй нэгэн гэр бүлийн тусгал... Үүнд ямар нэгэн дүгнэлт, тайлбар илүүц.

Б.НАРАНГЭРЭЛ: МИНИЙ ХҮҮГИЙН ХАМРААС ҮРГЭЛЖ ЦУС ГАРДАГ. ЭМНЭЛГЭЭР ЯВААД ОНОШ НЬ ТОГТООГДДОГГҮЙ

Энэ уулзалтын дараа бас нэгэн эхтэй уулзлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Б.Нарангэрэл бөгөөд Баянхошуунд 17 жил амьдарч байна.

-Энд олон жил амьдарч буй оршин суугчийн хувьд амьсгалж буй агаар, хүрээлэн буй орчноо хэрхэн тодорхойлох вэ?
-Манай хороо дүүргийн хувьд хүн амын нягтаршил ихтэй, агаарын бохирдол гэхэд нүдэн баримжаагаар харахад л илт байдаг. Энд өндөрлөг газар болохоор утаа харьцангуй бага. Салхи урд, баруун урдаас чиглэсэн тохиолдолд хойшоо утаатай болчихдог. Сүүлийн 5-6 жил утаа мэдэгдэхүйц их болжээ.

­-Зундаа хөрсний бохирдол хэр вэ?
­-Хөрсний бохирдол их. Энэ нь айлуудын ухамсаргүй үйлдэлтэй шууд холбоотой. Угаадсаа гудамжиндаа асгадаг. Хашаанаас гадна асгавал өөрсдөө цэвэрхэн сууна гэж эндүүрдэг байх.

-Таны хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал ямар бэ?
-Ер нь эрүүл мэндийн хувьд доголдолтой. Хичээлээ ойлгох чадвар их сул. Хоол боловсруулах эрхтэн муу. Байнга хамраас нь цус гарч, хамар битүүрнэ. Дандаа толгой өвдөж байна гэж хэлнэ. Заримдаа ажилдаа түүртэх үедээ “Өвчин хэллээ” гэж хүүхдэдээ уурлана. Хамраас нь цус гараад байхаар нь явж үзүүлсэн. Онош нь тогтоогдоогүй. Манай хүүхэд цус багатай юу гэмээр цонхигор царайтай, ер нь унжгар, сулбагар. 

-Ханиад томуу тусах нь хэр вэ?
-Өвчлөмтгий шүү дээ. Болж л өгвөл өвдчих гээд байдаг. Шүд бас хэвийн бус. Гаж ургачихсан. Тэгээд хүүхдэдээ анхаарч эмнэлгээр явах гэхээр даанч зав олдохгүй юм.

-Хүүхдийн тань аливааг ойлгох чадвар ямар вэ?
-Ер нь сэтгэн бодох чадвар тааруу.

НЯЛХ ХҮҮХДИЙН ЦУСАНД ХАР ТУГАЛГА БАЙНА ГЭХЭЭР ИРЭЭДҮЙД НЬ САНАА ЗОВЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Б.Нарангэрэл-Хүүхдийн дархлааг сэргээх амин дэм хэрэглэж чадаж байна уу?
-Аарц, чацаргана л өгдөг. Түүнээс биш үнэтэй витаминыг тэр бүр авч чадахгүй шүү дээ.

-Ихэвчлэн юу түлж байна?
-Нүүрс түлдэг. Модоор галаа асаагаад нүүрсээр л өнжиж байна.

-Хар тугалгын шинжилгээний талаар ямар ойлголттой байна вэ?
-Хүүхдээ шинжилгээнд хамруулахаас өмнө ямар ч ойлголтгүй байлаа. Одоо ч хэрхэхээ мэдэхгүй л явна. Нялх хүүхдийн цусанд хар тугалга байна гэхээр ирээдүйг нь их санаа зовниж байна. Өнөөдөр ганц нэг хүүхдийг бус цаана нь байгаа олон хүүхдийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Төр бодлогоороо дэмжиж өгөхгүй бол хэсэг бүлэг хүн яриад байвал бүтэхгүй. Харин дээрээс эрүүл мэндийн байгууллагад нь иргэд үйлчлүүлж шинжилгээ өгөх боломж бололцоог нь бүрдүүлж суулгаж өгөх шаардлагатай. Миний хүүхдэд байгаа юм чинь үүний цаана хэчнээн хүүхдийн цусанд байгаа юм билээ. Иргэдийн хувьд хар тугалгын талаар ямар ч ойлголтгүй байгаа. Үүнийг та бүхэн сөхөж гаргаагүй би мэдэх ч үгүй байсан. Хүүхдийнхээ цусанд хар тугалга байгааг сонсоод их эмзэглэсэн.

­-Та долоон хүүхэдтэй хүн. Өөрийн болоод эргэн тойронд амьдарч байгаа бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг ямар байна гэж хэлэх вэ?
-Сүүлийн үед төрсөн хүүхдүүд дархлаа сул, өвчлөмтгий юм уу гэж хардаг. Зээгээ харахаар цонхийсон цагаан, нүд нь жартайчихсан байдаг. Хар тугалгын талаар мэдээлэл аваад хүүхдүүддээ санаа зовж эхэлсэн. Ер нь боломж байвал шинжилгээ хийлгэж, оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй байна.

Бид хэсэг хугацаанд ийм яриа өрнүүллээ. Хамгийн утаа багатай гэж тодорхойлсон энэ газарт хэсэг саатахад л хоолой ам аргаж, амьсгалахад тун бэрх байв.

С.ОЮУНЦЭЦЭГ: ТОЛГОЙ ӨВДӨХ, НОЙРГҮЙДЭХ, ЯДАРЧ СУЛЬДАХ ЗОВИУРТАЙ ХҮҮХДҮҮД ЦӨӨНГҮЙ ИРЖ БАЙНА

Тус хорооны “Байгаль наран” өрхийн эмнэлгээр орж эмнэлгийн дарга С.Оюунцэцэгтэй ярилцахад "Сүүлийн үед толгой өвдөх, нойргүйдэх, ядарч сульдах зэрэг зовиуртай хүүхдүүд цөөнгүй ирж байна. Бид шаардлагатай эмчилгээгээ зааж өгөөд хоёр дахь шатлалын эмнэлэг болох Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болоод дүүрэг, улсын нэгдсэн эмнэлгүүд рүү явуулж байгаа. Шалтгаан нь агаар орчны бохирдлоос ч болж байгаа байх. 7-14 насныханд дээрх зовиурууд илүүтэй илэрдэг" гэсэн юм.

Түүний ярьж буйгаар хүүхдүүдийн хамраас цус гарах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ дагуу цусны шинжилгээ хийж, хамар салстыг нь чих хамар хоолойн эмчид үзүүлээд ч онош нь тогтоогддоггүй гэлээ.

Хар тугалга нь хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал мэдрэлийн тогтолцоо, шээсний замын өвчлөлийг үүсгэдэг.

Тэгвэл тус хорооны өвчлөлийн статистикаас харвал гурван жилийн дотор хүүхдүүдийн дунд мэдрэлийн тогтолцооны өвчин 50 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 2014 онд 104 байсан бол 2015 онд 162, өнгөрөгч онд 206 болтлоо өссөн байна.

Агаарын бохирдол буюу утаа нь хүний уушги, амьсгалын замын өвчний шууд шалтгаан болдог. Дээрх статистикаас харвал гурван жилд хүүхдүүдийн өвчлөл буурах бус нэмэгдсээр иржээ.

Энэ тоо нь зөвхөн Сонгинохайрхан дүүргийн X хорооны 3000 гаруй хүүхдийг хамарсан л статисик. Гэтэл өмхий утаа, угаадсандаа нэвчсэн хортой орон зайд Монголын мянга мянган хүүхэд торниж байна.

Тэдний төлөө төр юу хийсэн бэ. Хэн санаа тавьж байна. Харамсалтай нь эхчүүдээс өөр зовних хэн ч алга...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Зураг, видеог Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 6 санал өгсөн байна.

Дээшээ