Сүм, хийдийг бүртгэхээс татгалзах нөхцөлийг хуульчилна

Засгийн газрын мэдээ

2017-03-16 10:50 GMT+8
Орон сууцанд бөө бөөлж, хэнгэрэг дэлддэг асуудал хуулиар хориглогдох эрх зүйн орчин үүсэх юм.

Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Үүнийг иш үндэс болгон УИх-аас 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд уг хуульд таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. гэвч энэхүү нэмэлт, өөрчлөлт зарчмын шинжийг агуулаагүй бөгөөд найруулгын шинжтэй байсан аж. 

Тэгвэл өнгөрсөн онд УИх- ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Оюундарь нар Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. хуулийн төслийн зорилго нь төрөөс шашны байгууллагатай харилцах механизмыг нарийвчлан зохицуулж, шашны байгууллагын тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, бүртгэл, хяналтын харилцааг тодорхой болгоход чиглэсэн байна.

Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянана 

Учир нь 1991 оны үед Монгол Улсад 130 гаруй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтөй 800 гаруй, зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Мөн таван монгол хүн тутмын гурав нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь уламжлалт буддын шашныг шүтэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. харин буддын бус шашин шүтэгчдийн тоо хэмжээ тогтвортой гэсэн үзүүлэлттэй боловч тэдгээр шашны сүм, байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нэн шаардлагатай болсныг харуулж байгаа гэдгийг төсөл санаачлагчид онцолсон юм. 

хуулийн төсөлд шашны байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотой нөхцөл байдлыг харгалзан сүм, хийдийг бүртгэхээс татгалзах зарим нөхцлийг хуульчлахаар тусгажээ. Мөн шашны байгууллагын эрх зүйн байдлыг оновчтой байдлаар тодорхойлох шаардлагатай гэж үзсэн байна. Мөн хамба лам, пастор зэрэг тухайн байгууллагыг тэргүүлж буй этгээдэд тавих шаардлагыг хуульчилна.

  • Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтөй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байна.
  • Талаас илүү хувь нь уламжлалт буддын шашныг шүтэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
  • Бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно.  

Тодруулбал, шашны бай- гууллагын хамба лам, пастор, имам, молла зэрэг тэргүүн нь тухайн шашны чиглэлээр зохих боловсрол эзэмшсэн, энэ чиглэлээрээ гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байх ёстой. Үүнээс гадна шашны байгууллагад зөвшөөрөл олгох харилцааг шинэчлэн тогтоохоор төсөлд тусгасан байна. аймаг, нийслэлийн ИТх-ын дэргэд шашны асуудал эрхэлсэн зөвлөл ажиллах аж. 

Тус зөвлөл нь шинээр байгуулагдаж байгаа шашны байгууллагад нэг жилийн хугацаатай, хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа, таваас дээш жил ажилласан шашны байгууллагын ажиллах эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар сунгах зохицуулалт хийнэ. Сүүлийн жилүүдэд бөө, үзмэрч, зурхайч зэрэг иргэдэд үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа боловч тэдгээрийн үйл ажиллагаанд бүртгэл, хяналт тавьдаг тогтолцоо үгүйлэгдэж байгаа юм. Иймд дээр дурдсан хүмүүсийг нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс бүртгэлд хамруулж, ерөнхий хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны байшинд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шашны байгууллагын үйл ажиллагаа, зан үйл явуулахыг хориглохоор тусажээ. Өөрөөр хэлбэл, орон сууцанд бөө бөөлж, хэнгэрэг дэлддэг асуудал хуулиар хориглогдох эрх зүйн орчин үүсэх юм. Онцлоход, бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр сүм, хийд, цуглааны сургалтад оролцуулахыг хоригложээ.

Мөн уул, овоо, ой, усны сан бүхий газарт шашны байгууллага аливаа зан үйл үйлдэхдээ байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна. хуулийн төсөл батлагдснаар лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулах боломж бүрдэх юм. 

Б. Даваатогтох

GoGo Facebook Хуудас
 
 
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сард дуусна. Таны бодлоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ ямар түвшинд биелүүлсэн бэ?
Нийт 3811 санал өгсөн байна.

Дээшээ