Идлэг шонхрын итгэмээргүй их хорогдол

Засгийн газрын мэдээ

2017-03-16 16:20 GMT+8
"Хэдий жигүүртэн ч нисэх явцдаа тодорхой нэг газар сууж, амрах хэрэгтэй болдог. Ингэж амрах таатай газар нь цахилгааны шугам болж байна".

Цахилгаан дамжуулах шугамын оновчгүй шийдлийн улмаас жил бүр манай улсад 64 тэрбум төгрөгтэй дүйцэх идлэг шонхор шувуу устаж байна. Энэ тоо зарим жил бараг хоёр дахин нэмэгддэг. Бүр тодорхой хэлбэл цахилгааны хүчдэлд цохиулж, үрэгдсэн идлэг шонхрын тоо дунджаар 4000 гаруй, идэш тэжээл ихтэй жилд 8000 дөхдөг аж. 

Ингэж үрэгдэж буй идлэг шонхорын дийлэнх нь ангаахай, эсвэл нэг настай залуу шувууд байгааг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид тогтоожээ. Сүхбаатар аймгийн Уулбаян, Мөнххаан сумыг холбосон 15 кВ-ийн 56 км үргэлжлэх эрчим хүчний шугамд хүчдэлд цохиулан үрэгдэж байгаа идлэг шонхрын 90 гаруй хувь нь ангаахай, нэг настай залуу шувуу байжээ.

Энэ бүсэд 2013 оны гуравдугаар сараас 2014 оны наймдугаар сард нийт 402 идлэг шонхор хүчдэлд цохиулсан бөгөөд долоогоос аравдугаар сард хорогдол хамгийн өндөр байсан байна. Энэ нь ангаахай дөнгөж үүрнээсээ гарч нисдэг цаг буюу долдугаар сарын дунд үетэй давхцаж буй аж. Харин аравдугаар сараас идлэг шонхор нүүдэллэдэг тул хорогдол нь мэдэгдэхүйц буурсан ч эргээд дөрөвдүгээр сараас ихэссэн байна.

Идлэг шонхрын зүй бус хорогдол 120 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж байна 

Түүнчлэн хүчдэлд цохиулсан шувууны дийлэнх буюу 63 хувь нь эм идлэг шонхор. Ийн өртөмтгий байдаг нь биеийн хэмжээгээр эрээсээ харьцангуй том байдагтай холбоотой аж. Үүрнээсээ жигүүрлэж буй ангаахай хүйсийн хувьд тэнцвэртэй байдаг ч өндөр хүчдэлийн улмаас эм нь эрээсээ 2.1 дахин олон хорогдож, цаашлаад үржилд нь сөргөөр нөлөөлдөг байна.

Өндөр хүчдэлийн шугам шувууны зүй бус хорогдолд нөлөөлж буй нь үндсэн хоёр шалтгаантайг доктор Б.Нямбаяр хэлсэн юм. Тэрбээр “Хэдий жигүүртэн ч нисэх явцдаа тодорхой нэг газар сууж, амрах хэрэгтэй болдог. Ингэж амрах таатай газар нь цахилгааны шугам болж байна. Шувуу цахилгааны шугам, шон дээр суух нь дэлхийн хаана ч байдаг үзэгдэл. Хүссэн, хүсээгүй шувууд сууна. Тиймээс шувуудын аюулгүй байдлыг хангах үүднээс эрчим хүчний байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Цахилгааны шонгийн хөндлөвч төмөр дээр суусан шувуу бууж, нисэхдээ галтай утсыг далавч, хөлөөрөө хөндөж хүчдэлд цохиулдаг” гэв.

Уг асуудалд байгаль орчин, эрчим хүчний салбарынхан нэлээд хэдэн жилийн өмнө анхаарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн аймагт шувуунд аюулгүй шийдэл эрэлхийлж эхэлсэн байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян–Овоо, Галуут чиглэлийн хүчдэлийн шугамд хамгаалах төхөөрөмж тавьж, шувуудын хорогдлыг хэр зэрэг бууруулсан талаар тодорхой судалгаа ч бий.

Дээрх хоёр сумыг хооронд нь холбосон эрчим хүчний шугам 480 шонтой. Үүнээс санамсаргүй байдлаар сонгосон 250 шонд шувууг хамгаалах үүднээс нэмэлт изолятор суурилуулжээ. Төхөөрөмж суурилуулахаас өмнө нийт 52 махчин шувуу үрэгдсэн байжээ. Харин аюулгүй байдлыг хангасны дараа 39 болж цөөрсөн байна. Гэхдээ үүний 32 нь хамгаалах нэмэлт төхөөрөмжгүй шонгийн дороос олджээ.

Шувууны хорогдлын эрчим харилцан адилгүй. Хоол тэжээлийнх нь гол эх үүсвэр болсон мэрэгч амьтдын тархалт, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Тийм учраас бүх л шонг шувуунд ээлтэй байдлаар засаж тоноглох шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. 2012 онд МУИС-ийн доктор, профессор С.Гомбобаатараар ахлуулсан шувуу судлаачид яамны захиалгаар, одоо мөрдөж буй стандартаар барьсан эрчим хүчний шугам зэрлэг, махчин шувуудын хорогдолд хэр зэрэг нөлөөлж буй талаар үндэсний хэмжээний судалгаа хийж байсан.

Залуу, эм идлэг шонхрууд цахилгааны хүчдэлд өртөмтгий 

Судалгаагаар эрчим хүчний 15 кВ, 35 кВ-ийн шугамын хийц байгууламж шувуудад аюул учруулдаг бөгөөд шонхор, идлэг болон начин шонхор, шар шувуу илүү өртөмтгий гэсэн дүгнэлт гарсныг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүү хэллээ. Монгол орны хэмжээнд 15 кВ, 35 кВ шугамын 54 км тутамд 52 идлэг шонхор, 30 гаруй шар шувуу, сойр үрэгддэг дүр зураг буусан байна.

2006 оны байдлаар Монгол Улсын нийт сумын 40 орчим хувь нь төвийн эрчим хүчний сүлжээтэй холбогдоогүй байжээ. Үүний улмаас сум хооронд хөгжлийн ялгаа их байсан. Тиймээс эдийн засгийн бололцоондоо тааруулан 15 кВ-ийн цахилгааны шугамаар тэдгээр сумыг төвийн сүлжээнд холбосон билээ. Гэвч сумдын хөгжлийн илт ялгаа багасаж эхэлсэн тэр үеэс л манай улсын үндэсний бахархал болсон идлэг шонхрын тоо толгой зүй бусаар илт хорогдож эхэлсэн байна.

  • Засгийн газар идлэг шонхрын экологи-эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон.
  • Өндөр хүчдэлд цохиулан хорогдож буй зэрлэг шувууны талаас илүү нь идлэг шонхор.
  • 2013 онд үндэсний бахархалт энэ шувууг агнахыг таван жилээр хориглосон.

Хэдийгээр уг асуудалд анхаарч, эрчим хүчний шугам дээр толин сэнс зэрэг шувуу үргээгч төхөөрөмж суулгасан ч үр дүнгүй байна. Энэ талаар Дорнод бүсийн эрчим хүчний системийн Сүхбаатар аймаг дахь салбарын дарга С.Батхүү “Одоо хэрэглэж байгаа шувуу үргээгч Монгол орны уур амьсгалд тохирохгүй байна.

Биднийг шувууны амрах гол цэг болсон шонгийн хөндлөвч төмөрт нэмэлт изолятор суулгах үед шувуу үргээгч сэнс нь механик эвдрэлд орсон байсан. Бид олон улсын туршлагыг үндэслэн хамгийн оновчтой, хямд зардлаар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн мягмар гарагт болсон “Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт зөвлөлгөөний үеэр хэлсэн юм.

Засгийн газрын тогтоолоор экологи-эдийн засгийн үнэлгээг нь 16 сая төгрөгөөр тогтоосон идлэг шонхроо аврахын тулд 4000 км үргэлжлэх эрчим хүчний 15 кВ-ийн шугамыг шувуудад ээлтэй болгохын тулд холбогдох хууль журам, стандартыг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Хэдийгээр оновчтой, үр дүнтэй нь батлагдсан туршилт, судалгаа байгаа хэдий ч эрчим хүчний салбарын стандарт, эрх зүйн хүрээ, техник технологийн шаардлагад нийцэж байх шаардлагатай билээ.

Өнөөдөр улсын хэмжээнд хэчнээн идлэг шонхор байгааг хэн ч хэлж мэдэхгүй байгааг Шувуу судлалын нийгэмлэгийн доктор С.Гомбабаатар өнгөрсөн онд болсон хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Тодорхой хэлж чадах тоо гэвэл 6-18 мянган идлэг шонхор нийт орны хэмжээнд байгааг 11 жилийн өмнө тогтоож байв. Гэвч 2013 онд таван жилийн хугацаатай агнахыг хориглосон эл шувуу жилд олон мянгаараа ийм байдлаар хорогдсоор байна. 

З. Цэлмэг

GoGo Facebook Хуудас
 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 6 санал өгсөн байна.

Дээшээ