Орлогоо нэмж чадахгүй бол зарлагаа танахаас өөр аргагүй

Засгийн газрын мэдээ

2017-03-18 17:00 GMT+8

Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан шинэ бонд болоод шил шилээ даран хүлээгдэж буй төсвийн тодотгол, хөгжлийн хөтөлбөр зэрэг цаг үеийн сэдвээр УИХ- ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Энэ сард ээлжит бус чуулган хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэнэ гэж Сангийн сайд мэдэгдэж байсан ч хаврын чуулган хүртэл хойшиллоо. Үүнтэй зэрэгцээд ОУВС ч хүлээцтэй хандаж буйгаа илэрхийлээд амжив. Төсвийн тодотголд таны байр суурь ямар байна вэ?
- Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар үндсэн нөхцлүүдээ тохирсон учраас төсвийг тодотгох нь зайлшгүй. Тодотгол хэд хэдэн чиглэлээр хийгдэх байх. Нэгдүгээрт, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэнээр манай өрийн хэмжээ нэмэгдэнэ.

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөллийг батлахад Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийг 22.3 их наяд төгрөг байхаар тусгасан. Харин хөтөлбөрийн хүрээнд 5.5 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр буюу зээл орж ирэх учраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаар, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг макро эдийн засгийн дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа.

Нам дотроо ойлголцож нэгдэж, нягтарч ажиллах нь зүйтэй 

Мөн орлогын бааз суурийг долоон төрлийн татвар нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өсгөх зэргээр тооцоолж байгаа учраас эцсийн байдлаар тооцоолсон дүнгээр төсвийн орлогыг нэмэгдүүлж тодотгоно гэсэн үг.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд хэдийгээр нийт өрийн хэмжээ өсөж байгаа ч төлбөрийн тэнцлийн алдагдал болон төсвийн алдагдлыг нөхөх хямд өртөгтэй эх үүсвэртэй болж байгаа. Тиймээс АН-ын бүлэг хөтөлбөрт хамрагдах нь зөв гэсэн байрь суурьтай байна. Эхний ээлжинд 440 сая ам.доллараар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Цаашлаад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ зэрэг орон гурван тэрбум ам.доллар хүртэл санхүүжилт олгохоор байна. Энэ нь бусад улс, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, зээлжих зэрэглэлийг өсгөх таатай орчинг бий болгож байгаа. 

Төсвийн алдагдлыг дотоодын өндөр хүүтэй ЗГ-ын бондын эх үүсвэрээр нөхөж байгаа. Засгийн газрын нэмэгдүүлэх өр, баталгааны дээд хэмжээг 2.4 их наяд төгрөгөөр 2017 оны төсөвт баталж, өрийн үйлчилгээний дотоодын төлбөрт 1,3 их наяд төгрөг төлөхөөр тусгасан. Тиймээс цаг алдалгүй хямд эх үүсвэрээр солих нь эдийн засаг, санхүүгийн хувьд үр ашигтай учраас Валютын сантай тохиролцох, хөтөлбөрт хамрагдах ажлыг маш шуурхай хийх хэрэгтэй гэж сөрөг хүчин үзэж, тодотголыг ээлжит бус чуулганаар яаралтай хийнэ гэж найдаж байсан..

-Тодотгох нь зайлшгүй юм байна. Харин цаг хугацааны хувьд нэлээд давчуу байх нь. Энэ тухайд?
-ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлыг ирэх сарын 10-нд хийхээр төлөвлөж байгаа. Тэр утгаар цаг хугацааны хувьд нэлээн шахуу байгааг суурин төлөөлөгч хэлж байсан. Хаврын чуулган эхэлмэгц энэ бүхнийг амжуулна гэж найдаж байна.

-Төсөвт тодотгол хийхийн тулд долоон төрлийн татвар нэмэхээр байгаа. Магадгүй УИХ улс төрийн шийдвэр гаргаж, татвар нэмэхээс татгалзвал ямар эрсдэл үүсэх бол?
-Хөтөлбөртөө хамрагдаж чадахгүй болно. Улс төрийн намууд сонгуулийн ялалтаа бодолцох нь чухал. Гэхдээ Сангийн сайдын хэлсэнчлэн “Улсаа нэгд, намаа хоёрт” байхаа гэж бодож байна. Зарим нэг татварын хувьд эргэж харах шаардлагатай зүйлүүд байна. Улс орны эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт.

Тиймээс өнөө, маргаашийн сонгуулийн хожил харалгүй бодит нөхцөл байдлыг тооцоолж, шийдвэрлэх учиртай. Евро бондын хугацааг сунгаж эсвэл нөхцөл өөрчилсөн ч төсөв, эдийн засгийн хүндрэлийг бүрэн шийдвэрлэсэн гэж тайвшрах боломжгүй. Эмзэг байдал хэвээрээ байгаа. Орлогыг нэмэгдүүлэх өөр оновчтой хувилбаруудыг Засгийн газар олох талаар ажиллах хэрэгтэй. 

-Шинэ бонд босгож, Хөгжлийн хөтөлбөрийн тохиролцоонд хүрсний дараа Сангийн сайдын зүгээс дефолтын эрсдэл холдлоо гэж мэдэгдсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
- Өнгөрсөн хэдэн сард улс төржсөн сүржин мэдэгдлүүд их хийсэн. Дефолтын эрсдэлд байсныг “бид” л энэ эрсдэлээс нь гаргалаа гэх жишээтэй. Монгол Улсад 580 сая ам.долларын Евро бондын төлбөрийг төлөх боломж байсан. Бүр дефолт зарлахдаа тулсан нөхцөл байдалд орчихоогүй. Өнгөрсөн хавар гаргасан бондуудын зарцуулаагүй үлдсэн эх үүсвэрүүд, дотоод зардлын хэмнэлт, Хөгжлийн банкны эх үүсвэр гээд бүх нөөц бололцоогоо ашигласан бол Евро бондын зарим хэсгийг төлөх бололцоо байсан гэж бодож байна.

-Зарлага гэж ярьсных тодотгол өргөн барихаар хүлээгдэж энэ үед төсвийн зарлагыг дахин танах боломж хэр байна вэ?
-2017 оны төсвийг батлах үед Ардчилсан намын бүлэг төсвийн урсгал зардлыг бүх салбарт тэгш таван хувиар бууруулах саналыг тавьж байсан. Дэд сайд нар, засаг даргын нэг, хоёрдугаар орлогч, агентлагуудын тэргүүн, дэд дарга гэх мэт өмнө нь байгаагүй албан тушаалуудыг байхгүй болгож, зарим агентлагийг нэгтгэсэн бол таван хувийн урсгал зардлыг хэмнэж болох байсан.

Гол нь барилгын салбарт түгжигдчихээд байгаа мөнгөө гаргаж авах нь чухал 

Үндэсний хэмнэлтийн бодлого хэрэгжүүлнэ гэдэг ч Засгийн газар төрийн данхар бүтцийг багасгах, урсгал зардлыг танах, нийгмийн халамжийн зардлыг бууруулахад хойрго хандлаа Энэ оны төсвийг батлахдаа урсгал зардал бус хөрөнгө оруулалтын зардлыг танасан. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын зардлыг 250 орчим тэрбум төгрөг байхаар тусгаад байгаа. Дээрээс нь төв банк мөнгөний бодлогоо 2017 онд хатуу хэвээр хадгалж, бодлогын хүүг 14 хувиас бууруулахгүй байгаа нь арилжааны банкуудыг зээл олгох сонирхолгүй болгож байна.

Ийм орчинд бодит секторт бүтээн байгуулалт өрнөхгүй. Цаашлаад хувийн хэвшлийн нөхцөл байдал хүндэрч, оршин тогтноход амаргүй болно. Хөтөлбөрийн зарим нөхцөл иргэд, хувийн хэвшилд илүү ачаалал өгч, төрийн байгууллагуудад таатай нөхцөл бүрдүүлсэн байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Хөтөлбөр хэрэгжих явцад холбогдох албаныхан үүнд анхаарч, давхар арга хэмжээ авна гэж найдаж байна. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл, шатахууны татвар нэмэхээр хэрэглээний үнэ нэмэгдэж, зах зээл нь улам хумигдах дүр зураг харагдаж байгаа.

-Манай макро эдийн засаг нэг хувиар өсчихөөд байгаа. Нэгэнт өсөлт нь зогсох дөхсөн эдийн засгийг тэлсэн бодлогоор дэмжих нь зүйтэй гэж шинжээчид хэлдэг. Таны байр суурь ямар байна вэ?
- Оны эцэст эдийн засгийг гурван хувиар өсгөх зорилт тавьсан. Мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол түлхэц үзүүлэх таван том төслөө урагшлуулахаар тооцож, төсвөө баталсан. Гэтэл эдгээр төслөөс зөвхөн Гацуурт л энэ онд хөдөлнө. Бусад нь ирэх он руу шилжинэ гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Тэгэхээр өөр ямар орлогын эх үүсвэрээр гурван хувийн өсөлтийг бий болгох вэ гэдэг нь Засгийн газрын хувьд хүнд асуудал болж байгаа.

-Тэгвэл танд эдийн засгийн өсөлтийг тэтгэх ямар гаргалгаа байна вэ?
-Орлогоо дорвитой нэмж чадахгүй тохиолдолд зарлагаа танахаас аргагүй. Улс төрийн сонгуульд зориулаад зардлын бүтэцдээ дорвитой өөрчлөлт хийж чадахгүй л бол эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос сайжрахгүй.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд энэ оны эдийн засгийн өнгө ямар байх бол?
-Мэдээж тогтворжино. Гол нь 5.5 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн зөв, оновчтой зарцуулахаас хамаарч эдийн засгийн төлөв тодорхой болно.

-Эдийн засгийн хүндрэл, бараан мэдээллийн талаар багагүй ярилаа. Тэгвэл Монголын эдийн засагт гэгээтэй зүйл байна уу. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэл ямар шинэ боломжийг бидэнд авчрав?
-Хувийн хэвшил зардлаа танаж, үр ашиггүй зүйлээсээ салж, менежментээ сайжруулж чадаж байна. Төр ч бас ингэж ажилламаар байна. Өнгөрсөн жилүүдийн хэрэгжүүлсэн эдийн засгаа солонгоруулах, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, барилгын салбар, дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтуудын үр өгөөж аажмаар гарч эхэлсэн.

Бондыг муулдаг хэсэг их байдаг ч бодит үр ашгийг нь салбар бүрээр нь гаргаж ярьдаггүй. Импорт үлэмж хэмжээгээр буурсан. Экспортын орлого, бүтээгдэхүүний хэмжээ, төрөл нэмэгдсэн. Энэ бол хувийн хэвшилд бондоос олгосон 1.2 их наяд төгрөгийн үр өгөөж гарч байгаагийн илрэл болов уу. Аливаа юм хоёр талтай. Зөвхөн хэдхэн төслийн үр ашиг, сул талыг нь хэт дөвийлгөж, эдийн засагт ач холбогдолтой төслүүдийн санхүүжилтийг царцааж болохгүй. Монголын эдийн засгийг босгох тэр төслүүдээ өнөөдөр ч санхүүжүүлэх хэрэгтэй.

Эдийн засгийн солонгоруулах чиглэлд сүүлийн жилүүдэд ахиц гарсан

-Ипотекийн тухайд таны байр суурь ямар байна вэ?
-Засгийн газар орон сууцны хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ сайн бодлого. Уул уурхай уруудсан өнөө үед хөдөө аж ахуй, барилгын салбараас өөр түшиглэх салбар алга байна. Одоо орж ирэх санхүүжилтээс тодорхой хувийг ипотекийн хөтөлбөрт зарцуулаасай гэж хүсэж байгаа.

Барилгын салбарт түгжигдчихээд байгаа мөнгөө гаргаж авах нь чухал. Энэ нь барилгын компаниуд ч, урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдэд ч туйлын чухал. Тиймээс холбогдох албаныхан үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Цаашдаа энэ хөтөлбөрийн одоогийн загвар, системийг өөрчлөх шаардлага байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ипотекийн эх үүсвэр болгосон сайн туршлагууд бий.

-Эцэст нь Ардчилсан намын шинэчлэлийн талаар таниас асуумаар байна?
-Ардчилсан намын шинэчлэл үргэлжилж байгаа. Шинэчлэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь манай намын гишүүд намаа шинэчлэх цаг болсныг хүлээн зөвшөөрч, тууштай ажиллаад эхэлсэн. Шинэчлэлийн явцад янз бүрийн асуудал үүсэх нь ойлгомжтой.

Одоогоор намын дотоод сонгуультай холбоотой асуудал нийгэмд шүүмжлэл дагуулж байна. Дотоод сонгуульд аль болох олон гишүүн өрсөлдөх боломжийг хангахыг намын зарим гишүүн сануулж байгаа. Энэ санал, санаачилгыг нь дэмжиж байна. Гэхдээ ямар ч мөнгөгүйгээр сонгууль явуулах боломжгүй.

Тиймээс дэнчингүй сонгууль явуул гэдэг нь өөрөө амьдралгүй шаардлага. Дэнчин бол өмнө нь байсан. Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд жилд сая төгрөгийн хураамж, өрсөлдөхдөө орон нутгийнхаа намд тогтоосон дэнчинг нь төлөөд л явдаг байсан. Тиймээс дотроо ойлголцож, нэгдэж, нягтарч ажиллах нь зүйтэй.

Г. Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3288 санал өгсөн байна.

Дээшээ