Бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юу. Өндөр уулсын ноён оргилд тэмүүлэх нь таны бага насны хүсэл байв уу?
Бага байхын их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Зун бороо орохоор хөөрч баярлан хувцсаа тайлаад гүйдэг. Өвөлдөө уул өөд гүйж гараад, чаргаар гулгадаг. Дулааны шугамын хоолой дамжин гүйсээр Хараа голд очиж сэлдэг. Байшингийн дээврийн ирмэг дагаж гүйдэг. Ер нь л өдөржин гүйж харайж байдаг өндрөөс, эрсдэлээс айдаггүй хүүхэд байжээ.
Угаасаа Монголчууд бид чинь өндөрт тэмүүлж, уул устайгаа ойрхон амьдардаг ард түмэн шүү дээ. Би ч бас өөрийгөө их уулсын хүн гэж боддог. Багадаа тоглож өссөн нутгийн минь сайхан хайрхан, цэрэгт очоод “Зовлонт хайрхан” хэмээн нэрлэж, хөлсөө урсган мацаж явсан Япон толгой, аав ээжийн минь өвөрт нь төрж өссөн /Аав маань Бурхан Халдун хайрханы өвөрт, ээж минь Сутай хайрханы өвөрт төрж өссөн/ тэнгэрлэг сайхан уулс.
Энэ бүхэн намайг Бурхан Халдунаас дэлхийн ноён оргил Эверестэт хүрэх хүслийг асааж өгсөн болов уу.
Дэлхийн дээвэр Гималайд хүрэх бодол танд хэзээнээс төрөх болсон бэ?
1997 онд ээжийгээ дагуулаад хэдэн хөгшчүүлийн хамт Утай Гүмбэн, Дармасала хүртэл аялсан юм. Буцах замд цасан нуранга бууж, зам хаагдчихсан /бараг бүтэн цасан уул буусан/ байв. Замыг нээх хүртэл хоёр сар болно гэв. Гэтэл хөгшчүүл маань алхаад давчихъя гэцгээв. Хоёр өдөр, нэг шөнө алхаж байж туулсан юмдаг.
Хүмүүс баярлаж байхад би ууланд гүйж, хүмүүс унтаж байхад би бэлтгэл хийж байв. Учир нь надад маш том зорилго байсан юм.
Тэр үед Монгол эмэгтэйчүүдийнхээ зориг тэвчээр, сэтгэлийн тэнхээгээр үнэхээр бахархаж байлаа. Ингэж явахдаа цаст Гималайн ноён оргилд өглөөний нарны шаргал туяа тусч байхыг олж харсан юм. Ямар сайхан харагдаж байсан гэж санана. Үнэхээрийн үгээр хэлшгүй мэдрэмж. Хачин гоё уран зураг шиг үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа.
Тэр сэтгэгдэл намайг хөтөлсөөр дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргил Эверестэт гарах мөрөөдөлтэй болгосон. Тэр мөрөөдлөө 15-н жилийн дараа буюу 2012 онд биелүүлсэн дээ.
Гайхалтай юмаа. Арван таван жил гэдэг багагүй хугацаа ...
Яг Эверестэд гарах бэлтгэлээ 2008 оноос эхэлсэн. Дөрвөн жил тасралтгүй бэлтгэл хийж 2012 онд анхны авиралтаа хийсэн. Хүмүүс баярлаж байхад би ууланд гүйж, хүмүүс унтаж байхад би бэлтгэл хийж байв. Учир нь надад маш том зорилго байсан юм. Түүнийхээ төлөө алхам бүрээ, цаг мөч бүрээ зориулж байлаа.
Бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ өөрийгөө ялах, сэтгэл зүйгээ бэлтгэх олон шалгуурыг давсан. Хамгийн түрүүнд архи уудаг, тамхи татдаг зуршлаасаа бүр мөсөн салахаар шийдэв. Энэ маш их тэсвэр тэвчээр шаардсан. Нуугаад яах вэ. Би нэлээн архи уудаг, тамхи татдаг байлаа. Ийм зуршилтай хүмүүст тохиолддог бүх асуудлуудтай тулгарч байсан.
Гэхдээ хэзээ ч өөрийгөө “архичин” гэж хүлээн зөвшөөрдөггүй байв. Гэтэл хамааралтай болчихсон байж. Олон ч зүйлийг эргэцүүлэн бодож, ээжийгээ дахин зовоохгүй гээд архи, тамхийг бүр мөсөн орхисон доо. Одоо огт хэрэглэхээ больсон. Тэр бүх муу зуршлаасаа салж чадсан болохоор Гималайн ноён оргил намайг хүлээн авсан байх гэж боддог юм. Түүнээс биш хүссэн бүхэн гардаг оргил биш л дээ. Тэр үеэс дахин төрөх шиг л болсон. Ямар их эрч хүч мэдрэгдэж эхэлсэн гээч. Тэгээд ууланд алхаж, харзны усанд орж, цэвэр агаарт гүйдэг болов. Энэ бол том зорилгодоо хүрэх эхлэл маань байлаа.
Таны хоёр дахь авиралт амжилтгүй болсон гэсэн. Юу болсон юм бэ?
Хоёр дахь дайралтын үед сүүлийн 100 жилд гараагүй 6,8 баллийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. Байгаль цаг уурын энэ гамшигт үзэгдлээс шалтгаалан бүх тамирчдыг буцахыг шаардав. Би 6400 м-ийн өндөрт явж байсан ч буцахаас өөр аргагүй болсон. Бууж явах үед гурван ч удаа ойр ойрхон хүчтэй чичирхийлэлт болж, маш их дуу чимээ гарч, том том хад чулуу унаж, цасан нуранга бууж байлаа.
Тухайн үед зорилгынхоо өмнө тун ойрхон ирчихээд буцна гэдэг маш харамсалтай санагдаж байв. Аль болох гарчих юмсан л гэж бодогдоод байлаа. Олон ч байгууллага, хамт олон, найз нөхөддөө өгсөн амлалт байсан. Гэвч сэтгэл дундуур буцсан даа. Буцахаас ч өөр арга байгаагүй. Гэхдээ яах вэ. Уул ямар алга болох биш. Дараа жил дахиад ирье гэж өөртөө хэлээд л буусан.
Тэр хүнд нөхцөлийн дараа та дахиад явсан. Ийм шийдвэр гаргах хэцүү байв уу?
Хүнд байсан. Хамгийн хэцүү зүйл бол гэр бүлээс ирэх эсэргүүцэл байв. Тэгэх ч болов уу гээд дахин явах гэж байгаагаа хэнд ч хэлээгүй. Чимээгүй л бэлдээд байсан. Тэгээд явахаасаа яг долоо хоногийн өмнө зарласан. Гэрийхэнд маань маш хүнд туссан.
Бөөн уйлаан майлаан болов. Аргагүй шүү дээ. Амар хялбар зүйл биш. Эрсдэл ихтэй. Үхэл, амьдралын зааг дундуур амь нас, амьдралаа золиослон явдаг. Үргэлж аюултай тэмцэж, үхэл сүүдэр шиг дагаж байдаг болохоор. Ээжийгээ, гэр бүлээ, хайртай дотны хүмүүсээ айлгаж, түгшүүрт оруулчихаад гурав дахь удаагаа дахин Гималайн оргил өөд зорьсон доо.
Энэ гуравдахь удаагийн авиралт их хүнд болсон гэдэг?
Тийм ээ. Сүүлчийн тэр авиралт өмнөх хоёроос эрс ялгаатай байв. Учир нь аргагүйн эрхэнд хөтөч /шерпа/-гүй явсан. 2012 онд Гималайд хамт авирсан хөтчөө уг нь авсан юм. Гэтэл бааз дээр очоод бие нь муудав. Эмч уушги нь устсан байна гэв. Ингээд ганцаараа авирахаас өөр аргагүй болов. Шерпадаа “Биеэ бод. Эмнэлэгт очиж үзүүл” гэсэн боловч өнөөх маань “Би чамайг 2015 онд гаргаж чадаагүй. Одоо цуг гармаар байна” гээд болдоггүй.
Тэгээд кемп гурав хүртэл хамтдаа явав. Тэндээс үндсэн авиралт шөнө эхлэх байлаа. Гэвч цагтаа сэрж чадалгүй унтаад, бусдаасаа нэлээн хоцорчихсон /энэ нойр их хэрэг болсон гэж боддог/. Тиймээс шерпагаа араас ирээрэй гээд ачаанаас нь хөнгөлж, өөрийн авч явахаас арай илүү баллон хүчилтөрөгч аваад хөдөллөө. Хоцорсон учир ямар ч гэрэлгүй тас харанхуй тал. Замаа огт мэдэхгүй байв. Цаг гаруй яваад хүчилтөрөгч дуусч, запас баллоноо арай л гэж ганцаараа сольж хийв.
Шерпагаа ирэх болов уу гэж харсаар л байв. Гэвч шерпа маань ирж яваад ухаан алдсан байсныг замд явсан хүн олж буцаасан юм билээ. Ингээд ганцаараа зүтгэж мацсаар өглөө 8 цаг 25 минутад /2016 оны 5-р сарын 21-ны/ Гималайн оргилд гарч эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан даа.
Өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байсан. Тэнд хэн ч надад туслахгүй. Зөвхөн дотор хүнтэйгээ л ярьж байсан.
Уулчид ууланд авирах талаараа их ярьсан байдаг. Буух ямар байдаг вэ?
Буух их хүнд байсан. Сэтгэл нь хөөрч догдолсон олон уулчин бууж явахдаа эндсэн түүх байдаг. Оргилоос буух болоход хүчилтөрөгч маань дуусч байлаа. Нэг баллонтой хүчилтөрөгч 6-8 цаг ажилладаг. Тиймээс маш хурдан буух шаардлагатай байв. Хүчилтөрөгч дуусвал шууд үхэх аюултай.
Заавал амжиж бууна шүү гэж өөрийгөө зоригжуулаад доошилсон. Маш их амьсгаадаж, хамаг бие сульдаж, нозоорч хүндэрч эхэлсэн. Үндсэндээ үхэлтэй тэмцэлдэж байв. Хамаг амьдрал нүдний өмнө үзэгддэг юм билээ. Хамгийн түрүүнд ээж минь, нутаг ус, гэр орон минь бодогдсон. Ингээд бууж өгч болохгүй, ямарч байсан амжиж буух ёстой гээд хүчлэн зүтгэсэн. Бие хүндэрч ядраад, унтаа байдалд шилжиж байв.
“Ингэж болохгүй шүү. Би унтах л юм бол үүрд энд үлдэнэ. Цэвээндашаа сэргээрэй, чи чадна” гэж дотор хүнтэйгээ ярьж өөрөө өөрийгөө хурцалж, сэргээн, хүчлэн зүтгэсэн.
Боксын рингэнд тамирчин өрсөлдөгчтэйгээ тулалддаг бол Гималайн оргилд та өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байжээ?
Яг үнэн. Өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байсан. Тэнд хэн ч надад туслахгүй. Зөвхөн дотор хүнтэйгээ л ярьж байсан. Хүн ээжтэйгээ хүйн холбоотой байдаг гэдэг. “Чи чадна. Босоорой, сэргээрэй” гээд ямар нэгэн далдын нэг хүч намайг зоригжуулан сэргээгээд ч байх шиг мэдрэмж төрж байсан. Их хурдтай буулт хийх гэж зүтгэсний хүчинд кемп гуравт хүрсэн.
Майхнаа хараад маш их баярлаж, шерпагаа нэрээр нь “Анчуу” гээд дуудлаа. Гарч ирэхийг нь хараад баярлах тэр мөчид хамаг биений шөрмөс татаж өөрийн эрхгүй унасан. Шерпа маань маш хурдан хүчилтөрөгчийн аппарат залгаж амийг минь аварсан даа. Сэргэхэд шерпа маань өмнө сөхөрч суугаад “Би чамд тусалж чадсангүй. Чамайг алах дөхлөө” гээд л уйлаад байлаа.
Би ч нөгөөхөө дагаад уйлсан. Шерпагүй, хүчилтөрөгчгүй амжиж бууж чадсан би үнэхээр азтай. Хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүн шууд газар дээрээ нам үхдэг юм билээ. 2012 онд авиралт хийж байхдаа хүчилтөрөгч нь дуусаад газар дээрээ амиа алдсан 11 уулчны хажуугаар маани уншаад л гарч байсан. Ийм л спорт. Ямар ч өрсөлдөгчгүй. Зөвхөн өөрөө өөртэйгөө тэмцэж, өөрөө өөрийгөө ялдгаараа гайхамшигтай.
Амжилт ялалтын тань тухай сонсох сайхан байлаа...
Надад ч бас ярилцах сайхан байлаа. Хүн бүхний зүрх сэтгэлд өөр өөрийн ноён оргил байдаг. Тэр оргилдоо хүрээрэй. Та бүхнийг мөнх цаст уулсын маань босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.
Конрад-Аденауэр-Сангийн сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр,
Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсын оюутан Г.ГАНЦЭЦЭГ