Дэлхийд хоёрт ордог том эдийн засгийн гол хүч байснаа хөгжлийн гол саад болж хувирсан төрийн өмчит компаниудаа шинэчлэх адармаатай ажилд Хятадын эрх баригчид ханцуй шамлан орлоо. Хятадын Коммунист нам /ХКН/ үр дүнгүй, бохир үйлдвэрүүдийг хаах, илүүдэл хүчин чадлыг багасгахын зэрэгцээ байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхээр шийдэв.
Саяхныг болтол ХКН эдийн засгаа аажмаар шинэчлэх бодлого барьж байсан бол энэ сарын 5-15 нд болсон Хятадын парламентын ээлжит чуулганаар “шокийн эмчилгээ” хийх шийдвэр гаргасан нь гэнэтийн явдал байлаа.
Өнгөрөгч 2016 онд Хятадын хамгийн том төрийн өмчит 102 компанийн нийлбэр ашиг нь 1.23 их наяд юань /180 тэрбум ам.доллар/ болжээ. Гэтэл 10-хан хувийн компанийн ашиг 2.8 их наяд юаньд /424 тэрбум ам.доллар/ хүрчээ. Ийнхүү төрийн компаниуд үндэсний эдийн засгийн “ноён нуруу” гэсэн өргөмжлөлөө хүн амын 80 хувийг тэжээж буй хувийн хэвшилд алдлаа. Одоогоор аж үйлдвэрийн салбарт хувийн компаниуд 60 хувийг эзэлж байна.
Төрийн хяналтад байх ёстой стратегийн ач холбогдолтой салбаруудад хямд зээл олгох ёстой учраас төрийн компаниудыг дэмжих хэрэгтэй гэж Хятадын эрх баригчид үзэж байсан юм. Тиймээс санхүүгийн үзүүлэлтээс илүү удирдлага, ажилтнуудын намдаа үнэнч байдал, тогтвортой байдлыг чухалчилж байв. Гадаадад хөрөнгө оруулах тохиолдолд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн сонирхол давамгайлдаг байлаа. Дампуурвал төр аварна гэж найдаад төрийн компаниуд эрсдэлтэй алхам хийхээс айдаггүй байсан.
Гэтэл 2016 оны дүнгээр төрийн өмчит корпорациудын өр 87 их наяд юань /13 их наяд ам.доллар/, Хятадын нийт корпоратив өр ДНБ-ий 169 хувьтай тэнцэв. Энэ сарын 10-нд Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын Төвбанкны захирал Жоу Сяочуань компаниудын өрийн ачаалал хэтэрхий их болсон, ойрын ирээдүйд багасах магадлал бага гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Түүний хэлснээр, компаниудын өрийн бүтцийг өөрчлөх, илүүдэл хүчин чадлыг багасгах, үр дүнгүй компанид зээл өгөхөөс татгалзах зэргээр Засгийн газар өрийн өсөлтийг тогтоон барих бодлого явуулах аж. Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян илүүдэл хүчин чадлыг арилгахтай холбоотой олон сая хүн ажилгүй болох магадлалтайг сануулав.
Эндээс харахад, дээрх шинэчлэл нь удахгүй болох ХКН-ын ХIХ Их хурлын өмнөхөн эхэлж буйгаараа нийгмийн тогтвортой байдалд халтай ч Хятадын эрх баригчид “шокийн биш” юмаа гэхэд “өвдөлтийн” эмчилгээ хийхээр шийдсэн бололтой.
Өнгөрөгч 2016 онд Хятадын Төрийн өмчийн удирдлага, хяналтын хороо төрийн компаниудыг шинэчлэх зарчмуудыг тусгасан 38 баримт бичгийг баталсан билээ. Үүний дагуу өрөнд баригдсан, бүтэц нь данхайсан, илүүдэл хүчин чадлаасаа болж зогсонги байдалд орсон “акул компаниуд” 2020 гэхэд удирдлагаа сайжруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол татсан, зах зээлийн нийгмийн чадварлаг тоглогч болсон байх ёстой.
Засгийн газар эхлээд ган болон нүүрсний салбарын илүүдэл хүчин чадлыг арилгахаар төлөвлөв. 2020 он гэхэд эдгээр олборлогч салбарын үр дүнгүй хүчин чадлыг 150 болон 800 сая тонноор хассан байх ёстой. 2016-2017 онд Хятадын төрийн зөвлөл цомхтголд орох ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд 100 тэрбум юань /14.5 тэрбум ам.доллар/ зарцуулна. Ингэхдээ хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарах, мэргэжлээ дээшлүүлэх, эсвэл хувийн бизнес эрхлэх санал тавина. Эдгээрээс хувийн бизнес эрхлэнэ гэдэг нь эргэлзээтэй. Учир нь уурхайчид, гангийн үйлдвэрийн ажилчдад бизнес эрхлэх хөрөнгө, мэдлэг хомс. Цомхтгол хийснээр тэд хамгаалагч, манаач зэрэг ажил хийхээс өөр аргагүй болно.
Нэг салбарт ажиллаж буй төрийн компаниудыг нэгтгэх болсон нь Засгийн газрын гаргасан бас нэгэн сонирхолтой шийдвэр байв. 2016 онд компани нэгдэх 10 хэлцэл хийгджээ. Жишээ нь, гангийн салбарын аваргууд болох “Baosteel”, “Wuhan Iron and Steel Corporation” хоёр нэгдэж “China Baowu Steel Group Corporation” нэртэй болжээ. Ингэснээр Люксембургийн “ArcelorMittal”-ийн дараа дэлхийд хоёрт орох том компани үүсэв. Нэгтгэх компаниудын жагсаалтад нүүрсний салбарын “China General Nuclear Power Corp” болон Монголын Тавантолгойн консорциумд багтсан “Shenhua Group” оржээ.
Үүнээс гадна, Засгийн газар “China Chengtong Holdings Group” болон “China Reform Holdings Corporation” гэсэн хөрөнгө оруулалтын хоёр компанид аж үйлдвэрийн салбарын активыг удирдах ажил даалгаж, төрийн өмнөөс хөрөнгө оруулах, хувьцаа удирдах эрх олгожээ. Мөн төрийн өмчит компаниудыг шинэчлэхэд зориулж 350 тэрбум юанийн /52.6 тэрбум ам.доллар/ хөрөнгөтэй тусгай сан байгуулжээ.
Сангийн хөрөнгийг голдуу компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэхэд зарцуулах аж. Ойрын ирээдүйд Төрийн өмчийн удирдлага, хяналтын хороо актив удирдах үүргээ хөрөнгө оруулалтын компаниудад шилжүүлж, өөрөө төрийн өмчит компаниудын хөрөнгийг удирдахад төвлөрнө.
Төрийн компаниудын засаглалыг шинэчлэх ажлын хүрээнд захирлуудын зөвлөлийн шийдвэр гаргах эрхийг нэмэгдүүлэх, ажилтнуудад хувьцаа олгох, төрийн өмчит гол компаниудын ажлын үр дүнгийн мэдээллийг ил болгох, зарим салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ багтжээ. Засгийн газар хувийн хэвшлийг татан оруулахдаа төрийн компаниудын хувьцаанаас зарах, хувьцаа солилцох, хөрвөгч үнэт цаас гаргах төлөвлөгөөтэй байна.
Шинэчлэлтэй зэрэгцээд, хөрөнгийн гадагш чиглэсэн урсгалыг зогсоож, юанийн ханшинд ирэх дарамтыг арилгахын тулд гадаадад хийх хөрөнгө оруулалтыг багасгана. Өнгөрөгч 2016 онд юанийн ханш 6.6 хувиар буурсан нь 2014 онд дөрвөн их наяд ам.доллар байсан Хятадын алтны нөөцийг 2017 он гэхэд 2.98 их наяд ам.доллар болтол багасгажээ.
Гадаадад хийх хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллароос илүү, төрийн компанийн худалдан авах үл хөдлөх хөрөнгө нэг сая тэрбум ам.доллараас илүү байхыг хориглох төлөвтэй байна.
ХКН төлөвлөсөн ёсоороо төрийн компаниудаа бүрэн шинэчилж чадна гэж хэлэхэд хэцүү. Олон жилийн хур асуудлыг хэдхэн жилд шийдэхэд их хүчин чармайлт гарна. Хятадын хувьд гол асуудал нь дотоод, гадаад улс төрийн тогтвортой байдал. Си даргын шийдвэр бүх иргэнд таалагдах нь юу л бол. Хэдийгээр хяналт чанга байгаа ч, эдийн засаг муудаж эсэргүүцлийн уур амьсгал хүчтэй болвол тогтоон барихад бэрхшээлтэй. Энэ тохиолдолд Засгийн газар тодорхой хэмжээнд нийгмийн тогтвортой байдлыг золионд гаргахаас өөр аргагүй болно.
Түүнээс гадна, Хятадын энэхүү шинэчлэл гадаад улс төрийн сайнгүй нөхцөлд өрнөнө. Бээжингийн түлхүүр асуудал нь АНУ, Хятадын харилцаа. Дональд Трампын Ази дахь бодлого тодорхойгүй байгаа нь хятадууд аюулгүй байдалдаа нэмэлт зардал гаргахад хүргэж байна. Америкийн Холбооны нөөцийн албаны бодлого Хятадын санхүүгийн тогтолцоонд шууд нөлөөлж байгаа. Дөрөвдүгээр сард Си Зиньпин, Дональд Трамп хоёр уулзахад олон зүйл тодорхой болно гэсэн хүлээлт байгаа ч эерэг үр дүн бага гарна гэж найдахын хэрэггүй.
Ийм нөхцөлд ХКН хүндхэн сонголтын өмнө ирэв. Нэг талаас, шинэчлэлийг хойшлуулах тусам үр дагавар нь хүндэрнэ. Нөгөө талаас, намын их хурал дөхөж буй эмзэг үед дээрх шинэчлэл дотоод улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгох аюултай. Тэгэхээр, Бээжингийн шийдвэр Хятадын эдийн засгаас гадна, дэлхийн эдийн засгийн цаашдын чиг хандлагад мэдрэхүйц нөлөө үзүүлнэ.
Г. Даваадорж